Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зуун айлын 100 ЗОВЛОН

“Хөрсөн дороос нь ус шүүрдэг учраас жорлон, муу усны нүх ухаж болдоггүй. Тиймээс гудамжиндаа угаадсаа асгадаг. Үер болохоор жорлонгийн бохир хальж, гэрт нь орж ирдэг. Хавар газар гэсэхээр шал нь доош сууж, өвөл газар хөлдөхөөр хотойдог. Элдэв халдварт өвчин байнга дэгддэг…” гээд Зуун айл 100 зовлонтой газар.

Эндхийн айлуудыг энэ олон зовлонгоос нь салгах ганц гарц нь барилга барих. Зуун айл орчмыг орон сууцны VII хороолол болгох төлөвлөгөө аль хэдийнэ батлагдаж, ажил эхлүүлээд дөрөв дэх жилийн нүүр үзэж байна. Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байгуулах орон сууцны VII хорооллын “Г” хэсэгт барилга барих тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 146 тоот захирамж 2008 оны гуравдугаар сарын 27-ны өдөр гарчээ. Уг захирамжийн дагуу Орон сууцны санхүүжилтийн корпораци 2008 оны тавдугаар сараас “Төслийн нэгж” байгуулан, газар чөлөөлүүлэх ажлаа эхэлсэн. Тус корпорацийн хоёр ажилтан үүнээс хойш бараг хоёр жил зарцуулан байж 20 гаруй айлыг нүүлгэсэн.

Ганцхан айл нүүлгэхийн тулд бүтэн сар ухуулга хийж, урд хойно нь орж бөндөгнөсөн гэхээр “Арай ч дээ. Хэний төлөө тэгж үнэд ороод байгаа юм бэ” гэж загнамаар. “Энэ газар дээр чинь орчин үеийн орон сууц бариад танайхыг оруулъя. Угаадсан дээгүүрээ алхаж, ундны ус авахаар худагт дугаарлах шаардлагагүй болно шүү дээ, та нар” гэж гуйгаад байхад улам гэдийдэг хүмүүс дэндүү олон. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг дээрд үзэх хүмүүс одоо ч тэндээ утаа уугиулж, угаадсан дээгүүр гишгэж яваа. Түмэн зовлон тоочиж, төр засагт хандан, байр орон сууц гуйх хэрнээ газраа чөлөөлчих гэсэн ганцхан шаардлага тавихад өндөр үнэ хэлж, ихэрхэж суух нь хачин.

Уг нь нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2008 оны дөрөвдүгээр сарын 10-ны 47 дугаар тогтоолоор батласан тус хорооллын хэсэгчилсэн ерөнхий тө лөвл өгөөнд тусгаснаар 2020 он гэхэд Сүхбаатар дүүргийн IX, X, XI, XII хорооны нутаг дэвсгэрийн 210 га талбайд 10956 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулсан байх ёстой. Гэтэл “Г” хэсэгтээ 1288 айлын орон сууц барихаас дөнгөж 120 айлын, 12 давхар орон сууц, өөр хоёр газарт “Чин удам” ХХК-ийн 320, Сангийн яамны 72 айлын орон сууц барьж байна. “Чин удам”, “Анд интернэшнл”, “Бэрэн констракшн энд автомэшн”ХХК, иргэн Т.Хандсүрэн, А.Хүрэлшагай нарын эзэмшлийн 1.08 га газарт нэгдүгээр давхартаа үйлчилгээний газартай орон сууц барихаар техникийн төсөл, ажлын зураг батлагджээ.

Мөн 350-аад иргэний зарим нь газраа орон сууцаар солих нөхцөлтэйгээр чөлөөлж, үлдсэн нь зах зээлийн үнээр худалджээ. Дөрвөн хорооны нутаг дамжуулан барих бүхэл бүтэн хорооллын хувьд энэ бол тун хангалтгүй тоо. Газар чөлөөлөх ажил яст мэлхийний хурдаар явж байхад энд нэмж суурьшигсдын тоо дууны хурдаар нэмэгдэж байгааг дараах баримт харуулна. Тус хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвл өгөөг боловсруулж байх үед Зуун айлд барилгажаагүй 85.99 га газарт 2500 өрхийн 7350 хүн оршин сууж байсан бол одоо 6499 өрхийн 26521 хүн амьдарч байна. Тэгэхээр дөрвөн жилд эндээс 370 айл нүүлгэсэн. Харин энэ хойгуур өмнө нь байсан хүн ам нь гурав дахин өсчихөж.

10956 айлын орон сууц, 9200 сурагчтай сургууль, 4600 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 1610 хүн үзэх өрхийн эмнэлэг, 4500 ажлын байр бүхий албан газрын барилга, 3600 шахам хүн ажиллах худалдаа, үйлчилгээний барилга байгууламж, 1110 суудалтай соёлын төв, 1680 ам метр талбайтай спорт цогцолбор барьж, “Ногоон нуур”-ын одоогийн тогтоцыг түшиглэн хотын чанартай хүрээлэн, амралт, зугаалгын ногоон бүс байгуулан, Зуун айлыг эко хотхон болгон хөгжүүлэх төлөвлөгөөгөө баллуулахгүйн тулд яах ёстой вэ. VII хороолол дундуур 4.5 км урт зам тавина гэж байгаа. 32-ын тойргийг Их сургуулийн гудамжтай холбосон авто зам тавих ажлыг гурван айл хоёр гурван жил хойш чангааж чадсаныг мартамгүй. Амин хувиа хичээсэн арчаагүй зан VII хороолол барих сайхан төлөвлөгөөг доройтуулж мэднэ. Дорвитойхон арга хэмжээ авч, төрийн төмөр нүүр гаргахгүй бол Зуун айлынхан эргээд 100 зовлон тарьж мэдэх нь.

Х.БОЛОРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.