Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зогсоолыг зоосны нүхээр харъя

Төв талбайн өмнөх усан оргилуурын доор зогсоол байгуулах боломжтой байв

Улсын нийслэл хэмээх их айлын дотор өдөр бүр түмэн хүн хөлхөж, хэдэн мянган автомашин сүлжилдсээр хорвоогийн нэгэн хоногийг бардаг. Дэлхийн хэмжээний метрополис хотын зиндаанд хүрсэн Улаанбаатарт тулгамдаж буй олон асуудлыг жагсаавал нэн тэргүүнд түгжрэл, замын хэт ачаалал бичигдэх нь лавтай. Өмнөх жилүүдэд утаа байсан нь төр, засгаас зоригтой, шийдэмгий алхам хийсний дүнд жагсаалтын эхэнд бичигдэхээ больсон гэхэд нэг их буруудахгүй болов уу. Улсын минь нийслэлд өдөрт дунджаар 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа гэдэг. Энэ бол хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, дуртай газраа байшин, барилга барьж замаа өргөтгөх боломжгүйд хүрсэн манай нийслэлд ахадсан тоо.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр “Нийслэлийн төвд буюу 20-30 минут алхах зайд 190 мянган иргэн амьдардаг гэсэн судалгаа бий. Тэдний 63 хувь нь тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа нь явган хүний зам, нийтийн тээврийн хүртээмж хангалтгүйтэй холбоотой. Тиймээс түгжрэлийг ойрын хугацаанд бууруулахын тулд гудамж замын сүлжээг хөгжүүлэх, холбоос замыг нээх, авто зогсоолын нэгдсэн системтэй болох хэрэгтэй. Мөн нийтийн тээврийн богино эргэлт бий болгож, 10 орчим нүхэн гарц нэмэх, уулзвар, гэрлэн дохионд инженерчлэл хийх шаардлагатай” хэмээн Улаанбаатар хотын Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр өгүүлсэн юм. Түгжрэлийг бууруулахын тулд олон ажил хийхээр төлөвлөж, энэ тухайгаа мэдээлдэг ч улстөрчдийн өөрсдийнхөө рейтингийг унагахгүй гэсэн аминчхан бодол, иргэдийн хувийн эрх ашгаа бодсон өчүүхэн үзлээс болж ажил хэрэг болдоггүй. С.Энхтөр даргын дээрх шуурхай зөвлөгөөний үеэр хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд түүний ярьсныг эсэргүүцэх хүн их байгаа нь хувийн эрх ашгаа дээгүүрт тавьдаг нийслэлчүүдийн аминчхан үзлийн илэрхийлэл гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Нийслэлийн замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийг бууруулахын тулд үе шаттай олон ажил хэрэгжүүлэх ёстой нь гарцаагүй үнэн. Харин үүнийгээ шийдэмгий, ухарч няцалгүй, ард түмнээсээ асууж байж шийднэ хэмээн халшралгүй хийх цаг болчихоод байна.

УХАМСРЫН ТҮГЖЭЭГЭЭ ТАЙЛЖ УНААНЫ ТҮГЖРЭЛЭЭС ГАРАХ НЬ ЧУХАЛ

Хэдхэн хоногийн өмнө нийслэлд багахан цас ормогц хөдөлгөөний хурд эрс буурч, нийслэлийн автомашинууд зам дээр гацсан. Гудамжинд замын хөдөлгөөн зохицуулдаг хэдэн цагдаагийнхаа хүчээр л тэр үдэш нийслэлчүүд арай гэж гэрийн бараа харсан гэхэд хилсдэхгүй. Ийнхүү зам дээр хонохоо шахсан нь тээврийн хэрэгслийн жолоо мушгигч та, бидэнтэй шууд холбоотой. Хэдийгээр жолооч нарын үүрэг хэмээн хуульчилж, журамлан тусгаагүй ч тээврийн хэрэгсэл жолоодож буй хүн бүрийн ухамсарт “Цаг агаар хүйтэрч байна, өвлийн дугуйгаа тавьчихъя” гэсэн мэдрэмж, бодол байх ёстой. Ингэж ухамсарлаагүйгээс зуны дугуйтай автомашинууд хий эргээд явахгүй, эсвэл гулгаад өөр нэг тээврийн хэрэгсэлтэй “наалдан”, жолоо мушгигчид хэрэлдсээр түгжрэл үүсгэж байв.

Тэгэхээр замын түгжрэлийг бууруулахад юуны түрүүнд автомашин эзэмшигчдийн ухамсрыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Үүнийг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд байнга хэлдэг ч үр дүнд хүрэхгүй байсаар.

Зохиомол түгжрэл бий болоход нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл бол ухаалаг гар утас. Автобус, хувийн унаагаараа такси үйлчилгээнд явж буй “приус”-тнүүдийн олонх нь гар утсаараа фэйсбүүкт орж, элдэв хов жив уншин, эсвэл хэрэгтэй, хэрэггүй бичлэг үзээд өмнөх машинууд нь алсарчихаад байхад л хөдлөлгүй байрандаа зогссоор хоцордог. Араас нь дуут дохиогоо өгмөгц цочсон юм шиг ухасхийгээд туслах замаас гарч ирж тээврийн хэрэгсэлтэй “золгочих” тохиолдол ч нэг бус. Уг нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн “Д” хэсэгт “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглахыг хориглоно” хэмээн заасан. Харамсалтай нь, өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын олонх нь энэ заалтыг үл ойшоосноос болж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширч, зохиомол түгжрэл үүсэж байна. Хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаа ухахгүй, эмэгтэйчүүд нүүр, амаа будахгүй явчихвал хөдөлгөөний эрчим тодорхой хэмжээнд саарахгүй.

Барьж буй “Чингис хаан”-ы музейн хажууд олон давхар зогсоол байгуулах талбай бий

Түүнчлэн гэрэл дохио хүлээж буй жолооч нарын ухамсар ч түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Гэрэл солигдчихоод байхад хөдлөхгүй, зогсоод байдаг нэг хэсэг байхад цөөнгүй нь эгнээ байраа буруу эзэлчихээд бүхэл бүтэн эгнээ хааж зогсдог жишээ нэг бус. Тэр дундаа замын хөдөлгөөнд дээрэнгүй байдлаар оролцдог ачааны автомашины болон автобусны жолооч нарын буруутай үйлдлээс болж түгжрэл үүсэж байна. Үүний хамгийн тод жишээ бол “Эрдэм транс” ХХК-ийн ухамсаргүй жолооч нар. Тус компанийн жолооч нар бүхэл бүтэн нэг эгнээ чөлөөлж, зөвхөн автобус явуулахаар журамлачихаад байхад бусад нийтийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэж баруун гар тийш эргэх эгнээ хааж зогссон нь ч бий. Эсвэл хоёр эгнээтэй замын голд ганцхан автобус эвдэрч унтарснаас болж өглөөний оргил ачааллын үеэр замын хөдөлгөөн түгжрэх явдал ч гарч байна.

Мөн уулзвараас хөдлөхдөө гараанаас гарч байгаа морь мэт дайрдаг жолооч нараас шалтгаалж түгжрэл бий болдог. Дүрэм зөрчин, эгнээ байр буруу эзэлсэн жолооч нарыг дүрмээрээ явж буй нь оруулдаггүй. Аргагүй шүү дээ. Хүн бүр л ажил, сургууль, гэр лүүгээ яарч байгаа учраас дүрэм зөрчигсдийг өөгшүүлж, найр тавих нь зүйд нийцэхгүй. Бас зүүн гар тийш эргэх эгнээнд зогсож байснаа гэрэл солигдмогц чигээрээ явж буй эгнээ рүү дарах, түгжрэл, сааталтай үед уулзварт орохгүй байх үүргээ зөрчин нэвтэрч хөдөлгөөн саатуулдаг жолооч олон. Энэ мэт ухамсаргүй жолоочийн хувиа хичээсэн үйлдлүүдээс болж Улаанбаатарын зам түгжирч буй үндсэн шалтгаан болж байна. Үүнтэй нөгөө л хэдэн зохицуулагч цагдаа нар тэмцэж байгаа ч хүн хүч багатай болохоор хаана нь ч хүрдэггүй нь бодит үнэн.

“ХУЛГАЙЧ” АЧИГЧДЫГ ӨӨГШҮҮЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ БОЛОМЖ БҮРДҮҮЛ

Хувийн болон албаны унаагаа жолоодон хотын төвөөр ажлаа амжуулахаар яваа хүмүүсийг хамгийн их бухимдуулдаг зүйл бол зогсоолын хүртээмж. Улаанбаатар хотын замын түгжрэлийн 30-50 хувь нь зогсоол хайсан жолооч нар хэт удаан явдгаас үүсгэдэг гэсэн судалгаа бий. Хот төлөвлөлт алдагдаж, алд газар ч байсан байшин босгон, худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалтаар ашигладгаас болж тухайн газар луу орох гэсэн хүмүүс ёс юм шиг машинаа гадна нь тавих гэж зүтгэдэг. Айл, саахалтаараа буугаад мордохдоо морио уяанд нь сойхоос “залхуурч”, хаалга үүдэнд нь тулгаж тушдаг, гэрийнх нь бүслүүр, хатавчнаас уяж орхидог нүүдэлчдийн удам гэдгээ гайхуулж буй аятай, аль нэг албан газраар орж ажил хөөцөлдөхдөө заавал гадна нь машинаа байрлуулах зогсоол хайж хэд дахин эргэлдэж түгжрэл үүсгэдэг зан монголчууд бидэнд өнөө хэр байсаар. Уг нь шинээр барьж буй барилга, байгууламжийг автомашины зогсоолтой байх ёстой хэмээн стандарт тогтоосон ч хот төлөвлөлтийн бодлого алдагдсан, хээл хахуулиар барилга барих зөвшөөрөл олгочихдог болохоор гадна талдаа ч, доод давхартаа ч зогсоолгүй нь элбэг. Гаргасан хэдхэн зогсоолыг нь тухайн барилгыг түрээслэгч, өмчлөгч аж ахуйн нэгжийн ажилтнууд дүүргэчихнэ. Эсвэл нөгөө л ухамсаргүй жолооч нар хоёр машин элбэг багтах зайд ганцхан өөрийнхөө унааг орхичихоод алга болдог нь ердийн үзэгдэл. Ингээд ойр хавиар нь зогсоол хайсан жолооч нар эргэлдэж байгаад замын нэгдүгээр эгнээнд машинаа орхино. Үүнээс нь үүдээд түгжрэл үүсдэг. Нэгдүгээр эгнээг сул чөлөөтэй байлгах, тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломж бүрдүүлэхийн тулд тэнд орхисон автомашинуудыг ачиж журамладаг. Гэвч тээврийн хэрэгсэл ачдаг аж ахуйн нэгжийнхэн тав, арван төгрөгийн орлогоо бодоод журмын заалтаа үл ойшоон, хүний машиныг хулгайлж байгаа юм шиг л гялс аваад алга болдгийг өнөө хэр нь олон хүн эсэргүүцэж буй билээ. Зорилго нь аргаа зөвтгөсөөр “хулгайч” ачигчдыг өөгшүүлсээр байгаа юм. Уг нь нийслэлийн удирдлага ачигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг өөгшүүлж, турхиран, иргэдийнхээ халаасыг сэгсрэх ажил хийхээсээ өмнө жолооч нарыг замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ орхихгүй байх боломжийг бүрдүүлэх ёстой. Гэвч албан тушаалтнууд ийм боломжийг бүрдүүлдэггүй нь хачирхалтай. Хууль, дүрэм, журам зөрчөөд нэгдүгээр эгнээнд машинаа орхин эдийн засгаараа хохирохыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Бүгд л зогсоолд тавиад 500 метрээс нэг км хүртэлх зайд алхаад очно гэдэгт итгэлтэй байна.

“Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбайд усан оргилуур бүхий давхар зогсоол ажилладаг

Сэтгэлд гал байхад зууханд цучил олдоно гэдэг дээ. Хотын түгжрэлийг бууруулахын тулд сэтгэл гаргаад зогсоолын асуудлыг шийдэх боломж байсан уу гэвэл тийм. Хотын үнэтэй талбайнуудыг өөрсдийн эзэмшилд авчихаад юу ч хийхгүй олон жил болсон аж ахуйн нэгжүүдээс төр газраа буцаан авсан билээ. Тэдгээрийг нийтийн эзэмшлийн талбай болгож, алхаж, зугаалахад таатай орчин бүрдүүлсэн нь ч сайшаалтай. Усан оргилуур, ил зогсоол, модот гудамж байгуулахдаа доор нь 2-3 давхар зогсоол байгуулчихсан бол түгжрэлийг бууруулахад нэмэртэй байв. Нийслэлийн Автозамын хөгжлийн болон Ерөнхий төлөвлөгөөний газрынхан хамтарч суугаад шийдвэрлэж болох л байсан. Харамсалтай нь, сэтгэл гаргаагүй учраас, эсвэл бүтээн байгуулалт нь удааширч, улс төрийн оноо алдаж мэдэх байснаас 3.2 тэрбумыг зарлагадаж усан оргилуур хийснээс хэтэрсэнгүй. Уг нь доороо хэд хэдэн давхар зогсоолтой, дээрээ усан оргилуур бүтээх боломж байв. Ийм зогсоол хийж, 3.2 биш, таван тэрбумыг зарсан ч мөнгөө нэг их удалгүй буцаагаад олчихно. Түүгээр ч зогсохгүй цаашлаад ашиг хүртэх боломж ч бүрдэх байлаа.

Усан оргилууртай зогсоол байгуулсны жишээ “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбайд бий. Хэдэн жилийн өмнө түүнийг шинэчлэн тохижуулж, доороо хоёр давхар, 160-170-аад автомашин зогсдог, дээр нь усан оргилууртай талбай байгуулсан. Уг зочид буудлын өмнөхөөс илүү том хэмжээтэй Д.Сүхбаатарын талбайн урд хэсэгт багадаа 1000 машин багтаачих зогсоол байгуулчих боломж бий сэн. Даанч ногоон байгууламжийн хэрүүл хийгээд, доор нь зогсоол бий болгож, нийслэлийнхээ төсөвт таван төгрөг оруулчих талаас нь хэн ч хараагүйгүйгээс төв талбайгаа тойрсон байгууллагууд руу орох гэсэн иргэд зогсоолын дажин үүсгэж, түгжрэл бий болгодог нь хэвээрээ.

Нийтийн эзэмшлийн талбай атлаа хувийн аж ахуйн нэгжийн мэдэлд очсон хэд хэдэн газрыг манай сонин ил болгож, улмаар нийслэлийн Засаг даргын шийдвэрээр олон газрыг нийтийн эзэмшилд буцаан авчихаад байгаа. Түүнийгээ тохижуулж амралт зугаалгын бүс болгоно хэмээдэг. Зарим жижиг талбайг тийм байдлаар тохижуулаад буй. Ингэхдээ доороо автомашины зогсоол байгуулбал түгжрэлийг бууруулахад нэмэртэй санагдана.

ХАШСАН ТАЛБАЙДАА ОЛОН ДАВХАР ЗОГСООЛ БАЙГУУЛБАЛ ОРОН СУУЦ, ОФФИСООС ИЛҮҮ АШИГ ОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ

Улаанбаатар хотод автомашины зогсоол нэн шаардлагатай, хэрэгтэй байгааг хэн хүнгүй л хэлж буй. Тиймдээ ч С.Энхтөр дарга “Энэ оноос эхлээд нэгдүгээр бүс, цаашлаад хоёр, гуравдугаар бүс рүү авто зогсоолыг тэлнэ” хэмээсэн. Үүнийг дан ганц нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдэж чадахгүй. Тиймээс барилга барихаар газар авчихаад түүнийгээ зориулалтын дагуу ашиглахгүй, хашаа хатган авто зогсоол болгосон аж ахуйн нэгжүүд тухайн газраа зоосны нүхээр харж, олон давхар зогсоол байгуулбал өнөө, маргаашдаа зардал гаргасан ч насан туршдаа мөнгө олох эх үүсвэртэй болох нь гарцаагүй. Хэдэн давхар зогсоол баривал замын нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьж түгжрэл үүсгэж, ачуулж 70 000 орчим төгрөгийн зарлага гаргаж байхаар цагт 1000-5000, өдөрт 10 000-20 000 төгрөг тушаагаад нар, салхи, бороо, цаснаас хамгаалсан дулаан зогсоолд байрлуулах нь илүү хэмнэлттэй санагдана. Ойрхон зуур алхаад ажлаа амжуулахаас гадна эрүүл мэндэд нь ч тустай шүү дээ.

Хотын А зэрэглэлийн, нэн шаардлагатай бүсэд ийм талбай нэг бус бий. Тухайлбал, хуучнаар Байгалийн түүхийн, удахгүй ашиглалтад оруулах “Чингис хаан”-ы музейн баруун хойд талд нэлээд том талбай хашиж авто зогсоолын зориулалтаар ашиглаж байна. Тэр нь өдөртөө дүүрчихдэг учраас ойр хавьд нь замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ байрлуулах жолооч цөөнгүй. Тэнд олон давхар зогсоол байгуулах шаардлага удахгүй бий болох нь гарцаагүй. Учир нь Монгол Улс цар тахалтай холбоотойгоор хилээ хаасан чигээрээ байхгүй нь лавтай. Дэлхий нийтийг хамарсан энэ өвчний тархалт буурч, жуулчид хэрэн хэсэх цаг ирнэ. Энэ үед ч “Чингис хаан”-ы музейг ашиглалтад оруулж, жуулчид үзэхээр зорих нь гарцаагүй. Тус музейгээр зочлох жуулчдын автобусыг зогсоох газар тэр хавьд байхгүй. Тиймээс хоосон газар хашаад мөнгө олж буй аж ахуйн нэгжийн удирдлага тэндээ газар доор ч, дээшээгээ ч хэдэн давхар зогсоол байгуулчихвал үр хойчдоо ч ашигтай мөнгө олох хэрэгсэл, улс орондоо ч тустай бүтээн байгуулалт болохгүй гэж үү. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөрөнгө гаргавал хотын удирдлага дэмжээд газар ашигласны төлбөрөөс хэдэн жилээр чөлөөлөөд өгвөл түгжрэл бууруулахад үр дүнд хүрмээр л санагдах юм. Нийслэлд өнөөдөр төлбөртэй 70-80 орчим зогсоол бий гэж албаны хүмүүс хэлдэг. Тэдгээрийг эзэмшдэг аж ахуйн нэгжийнхэн нийслэлийн холбогдох байгууллагынхантай хамтраад хэд хэдэн давхар, дулаан, харуул хамгаалалт, хяналтын камертай зогсоол байгуулж, зогсоолыг зоосны нүхээр хараасай. Харуул хамгаалалт сайтай, зогсоолд жолооч нар тээврийн хэрэгслээ сэтгэл амар үлдээгээд төлбөрөө төлөөд гарах нь дамжиггүй. Төлбөртэй, олон давхар зогсоол байгуулснаар жолооч нар халаасан дахь хэдэн төгрөгөө зүй зохистой зарцуулахад ч дөхөм үзүүлэх биз ээ.

Зогсоол олдохгүйг нь мэдсээр байж хэдэнтээ гороолж бухимдан, хий дэмий шатахуун зарцуулж, агаарт хорт утаа цацахын оронд хангалттай зогсоолуудын нэгэнд байрлуулчихаад алхвал ажлаа ч хурдан амжуулна. Улаанбаатарт өдөрт нэг цаг түгжрэхэд хөдөлгөөнд оролцогч бүх машин жилд 62 тэрбум төгрөгийг яндангаараа “үлээдэг” гэх судалгаа бий. Тэгэхээр энэ олон тэрбумыг хийсгэж байхаар зогсоолын асуудлыг шийдчихвэл улс орны эдийн засагт ч, агаар, орчны бохирдлыг бууруулахад ч нэмэртэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.