Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗОГСОЛТГҮЙ ЭРГЭЛДЭХ ХҮРД БУЮУ ГЭРЭЛ НЬ УНТАРДАГГҮЙ ӨРӨӨ

“Өнөөдөр” сонин “Нэг өдөр” хэмээх уламжлалт булангаа сэргээхээр шийдэв. Уншигч та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, аймгийн Засаг дарга, төрийн албан хаагч, дунд сургуулийн багш, мэс заслын эмч, автобусны жолооч, замын цагдаа, гудамж талбайн цэвэрлэгч гээд төрөл бүрийн мэргэжлийн, янз бүрийн алба тушаалын эрхмүүдийн “Нэг өдөр”-өөр бидэнтэй хамт аялах болно. Тэд эх орныхоо хөгжил цэцэглэлт, эрхэлсэн ажил албаныхаа төлөө хэрхэн зүтгэж, хөдөл мөрлөж байгаатай энэ булангаар дамжуулан танилцана. Тэдний ажил албаны онцлог, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, санаа бодол гээд олон өнгийн ертөнцтэй чухамхүү энэ булангаар дамжуулан танилцах боломжтой. Бид “Нэг өдөр”-ийнхөө эхний зочноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Гомбосүрэнгийн Мөнхбаярыг сонголоо. Цаг завгүй их хотын ямагт ундармал их ажилд дарагдаж байдаг тэрбээр бидний саналыг дуртайяа хүлээн авч, 2010 оны аравдугаар сарын 4-ний даваа гаригт уулзахаар товлосон юм.

08.35 Нийслэлийн нэгэн шинэ өдөр эхлэв. Намрын шар нар таатайяа ээсэн, тунгалаг дулаахан өглөө Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны үүдэнд очлоо. Тамгын газрын өмнөх автомашины зогсоол аль хэдийнэ дүүрчээ. Машинаа тавих зогсоол хайх зуур Улаанбаатарын нэгэн эмзэг асуудал энэ болж байгааг дахин нэг санаж, Засаг даргаас заавал асуух юм шүү гэж бодож амжлаа. Болж бүтэж байгаагаас илүү болохгүй бүтэхгүй бүхний түрүүнд Г.Мөнхбаярыг санаж, “Энэ хотын дарга юу хийж байна аа” гэж бухимддаг Улаанбаатарын сая гаруй иргэдийн нэг нь би мөн учраас тэр биз ээ.

08.45 Ямар ч байсан машинаа зогсоолд байрлуулчихлаа. Жаахан хол юм даа. Хотын даргатай бүтэн өдрийг хамт өнгөрөөх болохоор орой гэхэд машин маань байдаг л байгаа даа, толь сэлт ч дүүрчээ гэсэн эргэлзээ төрж байх чинь. Тамгын газрын өмнөх зам машинаар пиг дүүрчээ. Нээрэн Төв шуудангийн уулзвараас Энхтайвны гүүр хүртэлх зам засвартай байгаа л даа. Хагас, бүтэн сайнд багтаагаад дуусгачих бололтой юм ярьсан, амжаагүй байгаа юм байна. Энэ жилийн замын засварын ажил бас ч гайгүй боллоо шүү. Энэ бараг сүүлчийн ажил байх хэмээн бодож, эрхэм хотын даргыг машинаасаа буух зуур зургийг нь авах санаатай аппаратаа бэлдэв.

08.50 “За, залуу сайн байна уу” гэх дуунаар эргэж харвал Г.Мөнхбаяр дарга ард зогсож байна. “Хэдийд, хаана буучихав аа” гэсэн бодол гялсхийх зуур мэнд усаа мэдэлцэж, Тамгын газрын байрны шатаар өгслөө. Засаг даргын өрөө өнөө л байдагтаа. Миний л мэдэхийн 1990-ээд оноос хойших бүх дарга нар гуравдугаар давхрын урд үзүүр дэх Сүхбаатарын талбай руу харсан өрөөнд суудаг байсан. Шавар шохой үнэртэж, даргын өрөөний цаадтайх хэсэгт засвар хийж байгаа бололтой.

08.55 Даргын өрөө. Хаалгаа нээх завсраа Мөнхбаяр дарга туслах Гэрлээтэйгээ өнөөдөр эхний ээлжинд хийх ажил, уулзах хүнийхээ талаар лавлаж, зарим нэгийг сануулж амжив. Өрөөндөө орлоо.

-Та хаана буучихав аа. Би харж амжсангүй.

– Дулааны улиралд би болж өгвөл ажилдаа явган ирж, очдог юм. Манайх энүүхэн хойно Хүүхдийн урлан бүтээх төвийн тэнд л дээ. Замдаа хотынхоо өнгө төрхийг ажиглаж, ойрын үеийн ажил төрлөө эргэцүүлж, яах ийхээ төлөвлөж явахад зүгээр шүү. Ер нь тэгээд явган явахад бодол сайн төвлөрдөг. Машинаар бол ямар нэг юм бодож эргэцүүлэхийн завгүй шурдхийгээд л буучихна. Түүртүүлж, сэтгэл зовоосон асуудал багатай, төлөвлөсөн ажил төрөл бүтэж яваа үед алхах сайхан.

-Замд янз бүрийн хүмүүс тааралдаж, ямар нэг юм гуйж, нэхэж, эсвэл улстөржиж зовоохгүй юу?

-Гайгүй шүү. Тийм ч юм өг, ийм ч юм олгоод аль гэж нэхдэг сэтгэлгээ алхам алхмаар холдож байна. За тэгээд, Улаанбаатарт газар дууссан, байр сууц олгохоо больсон болохоор нэхээд байх юм ч бараг байхгүй болоо биз дээ.

Таних, танихгүй хүмүүс мэндэлж, жаахан зайтай өнгөрч байгаа нь гараа даллаж, толгой дохин өнгөрч байхад сэтгэл тэнэгэр л байдаг юм. Хааяа ганц нэг хүн зориуд зам тосож уулзаад санал бодлоо хэлэх нь бий. Хийж бүтээх дэм өгсөн, санаагүйг сануулсан тийм яриа сайхан байдаг юм гэснээ утсаа авч залгалаа.

-За юу болж байна. Цагтаа амжих нь уу. 10-20 минутын өмнө ч гэсэн нээмээр байна шүү. Наана чинь машины бөглөрөл болохоо байлаа. Материал саатаагүй биз?

Яг 12.00 цагт шүү гэж байна. Мөнөөх замын засварынхантай ярилцав бололтой. Дарга утсаа салгасныхаа дараа “Авто замын газрын Одтой ярилаа. Маш богино хугацаанд шахуу ажиллаж байгаа, манайхан. Хоёр шөнө нойргүй хонолоо. Өнөөдөр эртхэн дуусгачих санаатай, хөөрхий хэд маань үзэж тарж л байна. Үнэндээ бол 12.00 цагт яагаад ч дуусахгүй л дээ. Яс хийхэд гурав хоногт арай чүү дуусах ажил. Гэхдээ шахаж байхгүй бол болохгүй” гэлээ. 09.00 Туслах нь орж ирж, өдрийн ажлын хуваарь, төлөвл өсөн уулзалтуудынх нь талаар танилцуулав. Бас хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зуруулаад хэвлэлийг нь өгөөд гарлаа. Засаг дарга аягандаа хар цай хийлгэж аваад оочлох зуураа сонин гарчиглаж эхлэв.

-Хотын даргыг Засгийн газрын гишүүн болгоё гэнэ ээ. Засгийн газрын гишүүн байхдаа асуудлын гол байгаа юм биш шүү дээ. Түүгээр асуудал ший дэгдэхгүй. Хот биеэ даах л чухал. Хөрөнгөө босгож, татвараа хурааж, олсноороо бүтээн байгуулалтаа хийдэг, төсөв, санх үүгийн эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүй өөрөө шийддэг байх л чухал. Тэрнээс нэг их том нэр зүүж Засгийн газрын гишүүн болчихоод, өдөржин хуралдаж хамаг цагаа барж байх сонирхол алга гэж байна. Сониноо уншиж дуусав бололтой, “За хотын амьдрал ердийн, хэвийн л байгаа юм байна. Бидэнтэй адил, заримдаа биднээс ч илүү манай ажилд санаа тавьж байдаг танайханд би баярладаг шүү. Өглөө сонин гарчиглахад хотын өчигдөр, өнөөдрийн дүр төрх ерөнхийдөө гараад ирдэг юм” гэлээ.

09.15 Нийтлэг үйлчилгээний газрын дарга Т.Дашням орж ирэв. Ахмадын өдрөөр тэднийгээ хүлээн авч, санал бодлыг нь сонссон, хүмүүс сэтгэг дэл өндөртэй харь сан гэж танилцууллаа. Энэ жи лийн уул залтын нэг онцлог нь ахма – дууд МАХН-ын нэр, үзэл баримтлалын асуудал хөндөж, баа хан “улстөржсөн” гэнэ.

Дийлэнх нь МАН гэсэн уугуул нэрээ авахыг дэмжиж байгаа дүр зураг харагдсан гэлээ.

-Дарга аа, нийслэлийн өдр өөр хаана цэцэг өргөх вэ? Сүхбаатарын хөшөө байхгүй. Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж болох болов уу. Миний бодоход нийслэлийнхээ гал го ломтыг бэлгэдсэн Мэлхийтэй хөшөөндөө цэ цэг өргөж, хүндэт гэл үзүүлбэл ямар вэ? гэж Т.Даш ням дарга асуулаа.

-Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх нь төрийн хэрэг. Бид хутгалдаж болохгүй ээ. Харин таны Мэлхийтэй хөшөөндөө цэцэг өргөе гэдэг чинь сонирхолтой, бас зөв санаа байна. Хотынхоо суурийг тавьсан тэр газарт ер нь байнга хүндэтгэл үзүүлж байх ёстой болов уу гэснээ

-Өвөрхангайн Бүрд рүү очих ажлаа сайн төлөвлөсөн биз? Монголын нийслэлийн анхны буурь учраас нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийг дагуулж очоорой. Хөшөө, цогцолбор маань эвдэрч, сэвтсэн байх вий. Засаж, тохижуулах юм байвал ирээд танилцуулаарай гээд гаргалаа. Бас мөнөөх гуравдугаар давхрын шавар шохойны ажлаа түргэн дуусгахыг үүрэг болгов. Т.Дашням дарга “Өнөөдөр 15.00 цагаас өмнө дуусгана” гэж амлалаа.

 

09.20 ЗДТГ-ын Гадаад харил цаа, хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан Б.Жанчивтай уулзлаа. Хот ын гадаад харилцааны чиг лэлээр сар шахам гадаадад сур галт хийсэн тэрбээр явсан газар, уулзсан хүмүүс, төрсөн сэтгэгдэл, санал бодлоо товчхон танилцуулав.

Ярианыхаа дунд тэрбээр АНУ-ын Сан-Франциско хотын бие даасан статусын талаар судалж, суралцах, цаашид хэлхээ холбоо тогтоож, хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлоод Таны нэр дээр тус хотын менежерийг уривал ямар вэ гэсэн санал тавихад зөвшөөрлөө.

-Нөгөөх гэрэлтүүлэг нийл үү лэх ажил яагаад удаашраад байна? Нийслэлийн өдрөөс өмнө амжуулна шүү. Цаад харилцагчдаа сайн ойлгуул. Эхний ээлжинд ядаж төв талбайгаа шинэ гэрлээр чимэглэмээр байна. Гэрлийн загвар 15-нд ирээд, дараа нь үлдсэн гэрлүүд ачигдана гэдэг чинь хэтэрхий оройтох нь. Угсарч, суурилуулах ажил гэж юм бий шүү. Ширээний гэрэл хананд залгаад асаачих шиг юм бодоод байна уу, үгүй юү. Хурдал, хурдал гэж шавдуулав. Жанчивыг гарсны дараа

-Алийн болгон Эрээнээс хотын хоо гэрлийг зөөж байхав. Одоо жаахан чанартай, дэлхийн хэрэг лээний юм хэрэглэх цаг болсон. Хотын гэрэл ер нь гудамжны, гоёлын гэсэн хоёр төрөлтэй байдаг юм байна. Ийм чиглэлээр эхний ээлжийн арга хэмжээг авч хэрэгжүүлье гэж тө лөвлөөд олон улсын тендер зарлаж, шалгаруулсан.

Техникийн төдийгүй технологийн өөрчлөлт хиймээр байна. Сингапураас гэрэл нь өнөө маргаашгүй ирэх юм. Хотоо жаахан гоёмоор байна шүү дээ гэж надад тайлбарлав. 09.25 Утсаа аваад тагтан дээрээ гарлаа. Араас нь гарах гэсэн боловч бид хоёр багтахааргүй жижигхэн юм. Энхтайвны гүүр тийш хараад зогсчихсон “Цагтаа дуусгаж чадах нь уу?

Асфальтын чанарт асуудал байхгүй биз. Яагаад 16.00 цаг гэж! Чи наашаа хар даа. Энэ олон хүний ажлыг цалгардуулж, бухимдуулж байгаагаа мэдэж байна уу. Хурдан дуусга. Хэцүү байгааг чинь мэдэж байна. Дараа нь явган хүний замыг удааж, хойш нь тавихгүй шүү” гэж байгаа нь нөгөө замынхаа ажлаар ярив бололтой. 09.30 Нэг давхрын уулзалтын танхимд Өвөрмонголын Хөлөн буйр хотын даргатай уулзлаа.

Сүхбаатар дүүргийнхэн тус хот той шууд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах гэж байгаа аж. Г.Мөнхбаяр дарга Улаанбаатар хотын хувьд хөрш болон хамтын ажиллагаа тогтоосон хо туудаасаа суралцах зүйл их бий. Орчин үеийн хотуудад байгаль орчноо хамгаалах, оршин суугчдын тав тухтай амьдрах нөх цөлийг бүрдүүлэх асуудал хамгийн чухал нь болж байна. Энэ талаар та бүхэнтэй хамтран ажиллах зүйл бидэнд бий гэж онцоллоо. Хөлөнбуйр хотын дарга Цао Жинхай боловсрол, соёл урлаг, уламжлалт эм, эмчилгээ, аялал жуулчлалын салбарт хамтрах зорилго өвөрлөж буйгаа танилцууллаа. Андын харилцаа тогтоосон дүүрэг, хотын удирдлагуудын гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцож, оргилуун дарс өргөн амжилт хүслээ.

Тэрбээр уулзалтад орохоосоо өмнө “20 минут л уулзана шүү” гэж ёс лолын албаныхандаа са нуул сан бо ловч өвөр монгол зо чин бараг 20 минут ярьсан тул яалт ч үгүй 30 минут болчихлоо. 10.00 Өрөөндөө орж ирээд туслахдаа хандан “Нөгөө хүмүүс яагаад ирээгүй байна вэ. Дандаа хожимдоно шүү. Зам түгжрэлтэй гэдгийг мэдсээр байж цагаа зохицуулж болдоггүй юм байх даа” хэмээн бяцхан бухимдаад авав.

Ер нь Г.Мөнхбаяр дарга цагандаа их харам, цаг барихыг их чухалчилдаг хүн юм байна. Арга ч үгүй биз ээ. Түүний ажил цаг, хором бүхэнтэй уралдахаас өөр аргагүй, яаруу давчуу аж. -Дэмий хүлээж байхаар Ч.Бат даргатай эхлээд уулзаадахъя. Дууд даа гэснээр Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат орж ирлээ. Түүнтэй үдээс хойш шахмал түлшний борлуулалтын цэг, үйлдвэрүүд, Амгалан хавийн дулааны хангамжийн байдалтай танилцах талаар тохиролцож, хол богдох албаны хүмүүсийг байл цуулах үүрэг өгөв. 10.10 Тэр нэг их даргархаг хүн биш бололтой. Албан ажлын бус үедээ хэнтэй ч гэсэн энгийн харилцаж, албаны биш ардын ярианы эгэл боргил үг хэлэн хөө- рөлддөг нь анзаарагдлаа. “Би жаахан адгуу” гэж өөрийгөө тодор хойлж байна.

Тэрбээр ширээн дээрээ байсан бичиг цаасыг авч туслах дээрээ очоод “Энийг ингээрэй. Тэрийг тэрэнд өгөөрэй” гэх нь дуулдав. Ширээн дээр нь туслахаа дуудах хонх байх боловч бүтэн өдрийн турш ганц л удаа хэрэглэнэ лээ. 10.17 Хотын гэрэлтүүлгийн асуудлаар товлосон хурал сая л нэг юм эхлэв. Хотын ерөнхий менежер Ч.Бат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Эрдэнэбат, “Гэрэлтүүлэг чимэглэл” компанийн захирал Ж.Амгаабазар нар иржээ.

-Улаанбаатар хотын гудамж талбай дахь гэрэлтүүлгийн асалт хэдэн хувьтай байна вэ гэсэн Г.Мөнхбаяр даргын асуултаар хурал эхэллээ. Ж.Амгаабазар дарга “90 орчим хувьтай байгаа” гэж хариулаад буруудав.

-Худлаа ярьж болохгүй шүү. Хаа байна тэр 90 хувь чинь. Ер нь та нар ажлаа хийж байна уу, үгүй юү?

Ер нь өөрсдөө явж гэрлээ үздэг үү. Амгаабазар дарга, Эрдэнэбат нар жишээлбэл хамгийн сүүлд хэзээ хотын гудамж талбайгаар явав? Хаана харанхуй байна? Юунаас бо лоод байгааг хэлээд аль гэсэн тул гуухан асуултад өртлөө. Нэр дурдагдсан хоёр эрхэм дор бүрдээ өөрс дийн хариултыг хэлсэн боловч хангалттай санагдсангүй бололтой. -Та нар явахгүй байна. Орой үдэш яв л даа. Ярьж хэлж байгаа чинь бодит байдлаас хол зөрж байна. Дэнжийн мянга, Баянбүрд, Цайз, Шархадны зам, Дарь-Эхэд харанхуй гудамж олон байгаа.

Энүүхэн хойно Засгийн газрын ордны арын гудамж таг харанхуй болоод удаж байхад яагаад хардаггүй, арга хэмжээ авдаггүй юм бэ гэж ширүүллээ. Амгаабазар дарга хөрөнгө санхүүгийн боломж муу, боловсон хүчний хүрэлцээ хангамж тааруухан байна гэсэн шалтгаан хэлээд бас л буруудав. -Та жишээ нь энэ онд 100 сая төгрөг авсан байна. Түүнийхээ 20 саяар ядаж нэг гудамжийг үлгэр жишээ гэрэлтүүлчихсэн бол би тантай юу ч ярихгүй байх байсан. Гэтэл юу ч хийгээгүй байж шалтаг тоочоод сууж байдаг. Гэрэлт үүлгийн чанарт өөрчлөлт гаргая. Хотынхоо гудамжийг 100 хувь гэрэлтүүлье гэж ярьж, шийдвэр гаргаснаас хойш хэчнээн хугацаа өнгөрч байна! Гэтэл одоо байж байгаагаа хар.

Өдөр бүр өргөжиж тэлж байгаа энэ том хотын гэрэлт үүлгийн ажлыг хоёрхон компани дийлэхгүй нь тодорхой боллоо. Хувийн хэвшлийнхэнтэй хамтарч, гэрээ байгуулан хамтарч ажиллая гэсэн шийдвэрийн хэрэгжилт хаачив. Орон тоо, хүн хүчээ зөв хуваа рилах ёстой. Инженерийн байгууламжийн хэлтэст хэрэгтэй хэрэггүй баахан захиргааны орон тоо байгаа. Тэнд уг нь инженерүүд ажиллах ёстой газар шүү гэх мэтээр ширүүхэн өрнөсөн хурлын эцэст Хотын дарга тодорхой хуга цаатай үүрэг даалгавар өгч, Амгаабазар, Эрдэнэбат нарт цалин бууруулах арга хэмжээ ав гэлээ.

Хуралд ирэх ёстой байсан “Цахилгаан тээвэр” компанийн захи рал Д.Жаргалсайханыг байн байн сураглаж, яагаад цагтаа ирж чаддаггүй нөхөр вэ, надтай заавал уулзуулаарай хэмээн сануулж байсан. Тэднийг гарсны дараа “Манай Захирагчийн ажлын албанд хурд дутаж байна. Ажил хариуцсан хүмүүс сэтгэл гаргахгүй байна” хэмээн толгой сэгсэрч суув. Дарга байтугай хөндлөнгөөс ажиглаж суусан миний хүртэл зүрхний цохилт түргэсээд ирснийг сая анзаарахдаа “Хэцүү ч ажил юмаа даа” гэсэн бодол төрлөө.

Дарга “Өдөр бүр л ийм юм болно шүү дээ. Ажил юм чинь одоо яахав. Манай хэд уг нь ажлаа мэддэг, чадвартай, сайн мэргэжилтнүүд. Санаснаар болохгүй юм зөндөө байна аа. Зовлон их бий. Тэрийг нь мэдэж байгаа хэрнээ мэдэхгүй царайлчихаад ингээд загнаад гаргадаг юм. Нөхцөл боломж нь бүрдээд шар хор нь гозойгоод ирэхээрээ манайхан бас урамтай. Гялалзуулна шүү дээ.

Ингэж хэрэлдэж уралцсаар нэгэн цагт үр дүн гарна. Их ажлын ард гарчихаад бид дээр доргүй л баяр хөөр болдог гэж өнөө хэдийгээ загнасан гэмээ цайруулах гэсэн мэт ярив. 10.50 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан орж ирлээ. Нийс лэлийн өдрийг тэмдэглэх хөтөлбөрт гарын үсэг зуруулав.

Завсар нь ажил төрлийн ойр зуурын яриа өрнөх зуур Болдсайхан дарга өчигдөр Ю.Лужковын тухай телевизийн нэвтрүүлэг үзсэнээ сонирхуулж, Г.Мөнхбаяр дарга “Өвгөн уг нь монголчуудад элэгтэй, манай хотыг гэсэн сэтгэлтэй хүн байсан даа. Бидэнд ярьж тохирсон юм ч байсан юм. Цаст уулын арслан цагаа болохоор талд бууна гэдэг л болж. Одоо яана гэхэв” гэсэн хүн ёсны яриа хөврөөдөхөв.

 10.55 Нийслэлийн нутгийн захиргааны болон аж ахуйн зарим байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд оролцохоор “Хангарьд” ордон руу явав. Хуралд оролцох ёс той байсан “Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайхан шатан дээр тааралдчихав. “Чи яагаад хуралд ирсэнгүй вэ” гэж асуухад нь “Зам түгжрээд” гэсэн хариулт өгсөн Жаргалсайхан захирал бяцхан зэмлэл хүртлээ.

Цааш явах зуураа “Уг нь толгой сайтай, мундаг инженер шүү дээ” гэж байна. 11.00 Шуурхай зөвлөлгөөн эхэллээ. Албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явц, “Явган хүний зам” нэгдсэн арга хэмжээ, цахилгааны кабель солих ажлын явц, үр дүн, өвлийн бэлтгэл, Засаг даргын 05 тоот албан даалгаврын хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүн, Боловсролын салбарын төсвийн өнөөгийн байдал гэх мэт асуудлаар танилцуулга хийж, харилцан асуулт, хариулт өрнүүлэх хэлбэрээр хоёр цаг үргэлжилсэн зөвлөлгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр

-Албан даалгаврын хэрэг жилтэд шалгалт хийхэд 55 шатахуун түгээх станц улсын комисс хүлээн аваагүй байхад үйл ажиллагаа явуулж байна гэлээ. Тэдэнд арга хэмжээ ав. Хэн цахилгаан, дулаан өгснийг тогтоож, хариуцлага ногдуул.

-Хүн ам, орон сууцны тоол лого эхэлж байна. Бидэнд хуулиар хүлээсэн үүрэг бий. Бэлтгэлээ сайн хангаж, зардал, зохион байгуулалтаа сайтар нягтал. -“Явган хүний зам” арга хэмжээ, тохижилтын ажлыг хүйтрэхээс өмнө бүрэн дуусгаж, дүүрэг тус бүр үр дүнгээ тооцон, ирэх жил хийх ажлаа төлөвлө.

-Нийслэлийн өдрөөр зохион байгуулах арга хэмжээгээ дүү рэг, байгууллага бүр сайтар төлөвлө. Бид биш, иргэд баярлах ёстой шүү.

Тиймээс “Иргэдийн талархал”- ын өдөрт онцгой анхаараарай. -Нийслэлийн гэр хороололд түүхий нүүрс түлүүлэхгүй байх бодлогоосоо хотын захиргаа ухрахгүй. Энэ жил гурван дүүргийн 12 хороонд энэ ажлыг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн. Шахмал түлшний хүрэлцээ, хангамжид анхаар гэх мэт үүрэг даалгавар өглөө. 13.05 Өрөөндөө ирлээ. “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн ажилтан нэгэн залуу хүлээгээд сууж байв. Бие нь тааруу, гадагшаа явж эмчилгээ хийлгэх шаардлагатай бололтой. Биеийн байдал, эм, эмчилгээ нийх нь талаар асууж лавлаж, бас зөвлөж, эцэст нь оны сүүлчээр гадагшаа явахдаа дагуулан очиж үзүүлэхээр амлалаа. 13.25 Засаг даргын нэг дүгээр орлогч Б.Баатарзориг орж ирлээ. Амарч байгаа ч дуусгалгүй ажилдаа ирж бай гаа гэнэ. Г.Мөнхбаяр дарга түүнд нөхөрсгөөр талархал илэрхийлээд энэ долоо хоногт багтаан нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүдтэй уулзалт хийх бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө. Тэдэнтэй хийх уулзалт өнөөх хотын төсвийн асуудалд чиглэх аж.

-Хотоос 35.0 тэрбум төгрө гийг улсын нэгдсэн төсөвт татна гэж төсвийн төсөлд суусан. Засгийн газрын түвшинд олон хүнтэй уулзаж, байдлаа танилцуулсан.

Тэд ойлгож байгаа. Одоо цаад хэдээсээ дэмжлэг авч байгаад УИХ дээр 35.0 тэрбу маа авч үлдэх шийдвэр гаргуулмаар байна. Нэг үеэ бодвол улсын төсөв хөрөнгө овоо болж байна. Нийслэлд хийх ажилд хөрөнгө мөнгөний гачигдал их байгааг хаана хаанаа ойлгож байгаа. Бодлого зорилтоо, 35 тэрбумаар юу хийхээ сайн ойлгуулах ёстой юм шүү гэж ихэд хичээнгүйлэн захилаа. 13.40 Туслах нь үдийн хоол бэлэн болоод бараг хөрч байгааг дуулгаснаар бид хоёр арынх нь өрөөнд орлоо. Бид мөөгний зутан шөл, төмстэй хуурга зооглолоо.

Хотын даргын үдийн хоолны цэс даруухан аж. Миний асуух гээд байгааг юмыг гадарласан бололтой, “Би уг нь нэгдүгээр давхарт Тамгын газрын ажилтнуудтайгаа л хооллочихдог юм. Гэртээ очих цаг олдохгүй ээ. Зарим өдөр хоол ч үгүй, хар цайтайгаа л өнжинө. Харин өнөөдөр таныг морилж ирсэн болохоор манай туслах өөрөө гарын хоолоо хийсэн байна шүү дээ гэлээ. 14.00 Амгалан дахь “УС-15” халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын төвийг зорин хөдөллөө. Машиндаа суунгуутаа дахиад л Д.Од руу залгав. Өнөөх замын ажил дуусахад тун багахан газар үлдээд байгаа бололтой. “Удахгүй ажил тарах цаг болж, наад замын түгжрэл чинь замбараагаа алдана шүү. Чи ярих бол гонд л цагаа сунгаад байх юм. 17.00 цаг гэхэд хөдөлгөөн хэвийн болсон байх ёстой шүү” гэлээ.

Замын түгжрэлээс болоод Баянзүрх дүүргийн Цагдаагийн академи хүрэх замыг 50 минутад тууллаа. Нэгэн халаалтын зуухыг ДЦС болгож өргөтгөх гэж байгаа юм байна. Зуух хөлдөж, төвөг чирэгдэл учруулж байсан нь нэг биш гэнэ. Үйл ажиллагааг нь хариуцаж, технологийн шинэчлэл хийх үүрэг хүлээсэн “RVR” компани хотын хөрөнгөнөөс нэлээд хэдэн сая төгрөг зарсан ч, юу ч бүтээсэнгүй. Тэгсэн хэрнээ манайх алдагдал хүлээсэн гээд шүүхээр заргалдаж байгаа гэнэ. “Аягүй л бол хот буруутай гэсэн шийдвэр гарч, өдий төдий мөнгө төл гэнэ дээ” гэж байна, хотын дарга. Халаалтын зуухны шинэ эзэд сэтгэл гаргаж, хичээн зүтгэж байгаа юм байна.

-Хүйтрэхээс өмнө эдний ажлыг дуусгачих юмсан. Тэгвэл энэ хавийн байгууллага тэр чигээрээ, 16-р хороо бүхэлдээ төвлөрсөн дулааны хангамжид холбогдчих юм шүү дээ. Байдал ийм байхад улс хотын жаахан мөнгийг хурааж авах гээд бай даг хэцүү шүү гэж бидэнд учир ла сан эрхэм дарга тус төвийнхөнд

-Жилийн алдагдал 100 орчим сая төгрөгөө тал хувиар ч бол багасгахыг бод. Хотоос та нарыг дэмжинэ ээ гэлээ. 15.15 “УС-15”-аас Гандан хүрэ хээр хөдөллөө. Бидний урд явсан орлогч дарга Д.Ганболдын жолооч Сансрын арын замаар биш, төв замаар орчихсон нь гай болж, бид II эмнэлгийн өмнөх замд таг зогслоо. Гараад гүйлтэй биш, “буу халж” эхэллээ. Гэхдээ зөвхөн хотын сэдвээр. Мөнөөхөн зог соолынхоо тухай асуухад “Зураг төсөл нь гарчихсан. Тун удахгүй хэрэгжүүлж эхэлнэ” гэв. Зам нэг үеэ бодвол сайжирч байгаа ч ачааллаа даахгүй байна. Түгжрэлийг багасгах цорын ганц арга бол давхар буюу гүү рэн зам тавих явдал мөн. Но гоон байгууламжийг нэмэгдүүлэ хийн хамт аль болох олон газар усан оргилуур байгуулах нь агаар цэвэршүүлэх, чийгшүүлэх, тохижилт, иргэдийн ая тухад чухал гэх мэтэд бидний санал яв цав нийцэж байна. Мэдээж хэрэг, бас улс төрийн сэдвийг ч хөндөв.

-Манай хотын ажилд улс төр огт хэрэггүй юм шүү дээ. Хэн сайн ажил хийж чадаж байна, тэр хүн л ажиллах ёстой. Ямар намынх байх нь падлийгүй. Би саяхан нэг хүнийг нэлээд чухал албанд томилсон. Сайн инженер, ажлаа мэддэг, хотын ажилтай цөөнгүй жил зууралдсан, яам тамгын газар ч ажиллаж байсан, хэрэгтэй залуу. “Наранцацралт даргын хүн шүү дээ. Манай намынх биш” гэсэн яриа гарсаан. Гэхдээ би түүнд итгэж байна. Нарийн яривал нам бус юм билээ. Миний дараа “Наадах чинь Мөнхбаяртай ажиллаж байсан хүн. Ажлаас нь хал” гэх нь байна шүү дээ. Ингэж яаж болох вэ гэж дотор бодлоо хуваалцлаа. Арайхийн түгжрэлээс мул тарч, хойд зам руугаа буцан нийлж, наагуур цаагуур сүлжин давхисаар Ганданд ирлээ. Дээр дурдсан түүхий нүүрс хэрэглэхгүйгээр шахмал түлш түлэх гурван дүүргийн нэг нь Баянгол аж. 12 хорооны нэг нь энэ Гандангийн 16-р хороо юм байна.

Гандангийн дааман хаалганы өмнө шахмал түлшний сурталчилгааны цэг, хорооны хэд хэдэн айлын хашаанд бөө ний цэг нь байгаа аж. Иргэдтэй уулзлаа. Хаа очиж тэд шахмал түлшинд ам сайтай байна. Шаталт сайтай, ямар ч утаагүй, дулаан ялгаруулалт нь нүүрснээс дутахааргүй, цэвэр хэн гэх мэтээр орчин үеийн түлшээ тэд магтав. Гэхдээ үнийг нь жаахан хямдруулж, шуудайг нь томсгооч гэх мэт санал хэлж байна. Хүрэлцээ муу байна шүү. Эртхэн түлшээ базааж авмаар байна гэх хүн цөөнгүй байв. Ганц нэг хүн гудамжаар явж, гэрт хүргэж өгвөл сайн байна гэх нь дуулдав. Хотын дарга та манайд очоод гал түлээд өг гээгүй нь их юм. “Арай ч дэндэнэ ээ. Хэтэрхий бэлэнчилдгээ болимоор байна” гэсэн яриа бас хажуугаар нь дуулдав. Түлшийг 10 кг-аар савлажээ. Нэг шуудай үртсэн шахмал түлшний үнэ 1200, нэг тонн нь 120 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Үнийн хувьд түүхий нүүрстэй өрсөлдөхүйц байх ёстой гэж хотын захиргаа үзэж байгаа аж. Түүхий нүүрс түлж, хот орчноо бохирдуулахгүй байх шийдвэрийг иргэд бүрэн дэмжиж байсан нь Хотын даргад ихээхэн урам өгөв бололтой. -Та нар маань ойлгож дэмжиж байгаад их баярлалаа.

Хүргэлт, түгээлт, сонголт, үнэ гэх мэт асуудал үүний чинь дэргэд хэтэрхий жижигхэн сонсогдож байна. Хэдүүлээ хамтраад шийднэ ээ хэмээв. Харин “Улаанбаатар биз нес хөгжлийн төв”-ийн дар га М.Ганбаатарт хандан түлш нийхээ татан авалтыг нэмэг дүүлэх, борлуулалтыг оновч той болгох, сонголт олонтой байхуйцаар савлах үүрэг өглөө. 16.30 “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”, “Өлзийт” ком панийн агуулах дээр очихоор Сонгинохайрхан дүүргийг зорин хөдөллөө. Төв зам руу орж ирээд дахиад л түгжрэл.

Гэхдээ зүүн талаа бодвол арай гайгүй. “Москва” хорооллын өмнөх хос гүүрийг засварлаж, нэг урс галыг хаасан нь хөдөлгөөний хурдыг сааруулж байгаа юм байна. Харин нэг зүйлийг тэмдэглэхэд Г.Мөнхбаяр даргын жолооч түгжрэл дундуур бараг л нисэх юм. Үүгээр ч түүгээр ч сүлжиж, ухасхийн хурдалж, тасхийтэл тооромсолж, над мэтийн хүнд бол “Би бууя аа” гэмээр. Мөнхбаяр дарга түүнд нь дасчихсан бололтой, утсаар байнга ярьж, огт тоосон шинжгүй явах. Үнэнийг хэлэхэд Хотын даргад ч бас аюулгүй байдлын хэм хэмжээ баймаар санагдсан шүү.

Тэрбээр машин дотор явахдаа хотын гудамж талбай руу байнга нүд бэлчээж, утсаа шүүрэн газрын алба, барилга хот байгуулалтынхан, дүүргийн Засаг дарга гэх мэт өдий төдий хүн рүү утасдаж, “Энд ингэчихсэн байна шүү, засаарай”, “Чиний хийсэн энэ хайс нэг л биш ээ”, “Хөөе, энд зам руу тулгаад дугуй засварын газар байгуулчихаж. Яаралтай буулгуул” гэх мэтээр үүрэг даалгавар өгч, сануулж зөвлөж явах аж. 17.00 “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”, “Өлзийт” ком панийн агуулах түлшээр хомс хон байв. “Өлзийт”-ийнхөн тог тоосон үнийг нь зөвшөөрөхгүй байгаа гэсэн яриа худлаа болж таарч, тэднийхэн хотынхны тогтоосон үнийг мөрдөнө өө гэдгээ илэрхийлэв. Аль алинд нь түлшний нөөцөө нэмэгдүүлэх, хэрэглэгч рүүгээ ахиухан гаргах үүрэг өгөв.

Утаагүй түлшний зургаан үйлдвэрийн заримаар орлогч дарга Д.Ганболд орж танилцахаар болов. 17.20 Агуулахаас ажлаа зорилоо. 17.50 Өрөөндөө орж ирэв. Туслах нь өнөөдрийн ирсэн бичиг баримтыг танилцуулж, баахан шийдвэрт гарын үсэг зурууллаа. Маргаашийн ажлын төлөвлөгөөгөө тохирлоо.

-Цэрэг татлага эхлэх нь. Ерөнхий сайд XI сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа. Хоттой холбоотой асуудал байвал танилцуул гэжээ. Энд ч харин их асуудал бий дээ. Маргааш боксын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт дээр очих ёстой юм байна. Зохион байгуулах хорооны орлогч дарга очихгүй бол болохгүй байх аа. Францын Худалдааны сайдыг дагалдаж ирэх хүмүүстэй уулзах хүсэлт ирж.

Уулзъя аа. Ц.Мөнх-Оргил гишүүн хороодод хамт ажиллаач гэнэ ээ. Болж л байна гэх мэтээр бичиг цаастайгаа танилцах зуураа өөртөө ч юмуу, надад ч юм уу хандан ярих аж. 18.00 Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Сайнбаярыг дуудаж мэдээлэл, сурталчил гааны талаар санал солилцон, хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. 18.10 Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Амарсанаа орж ирлээ. Хо тын даргыг Екате рин – бург дэх Ура лын Политехни кийн их сургуулийн ойд урьжээ. Г.Мөнхбаяр тэдний “бүтээгдэхүүн аж. “Уг нь оччихвол зүгээрсэн” гэж байна.

Ханой хотын 1000 жил, Вьен тяны 450 жилийн ойд ИТХ-ын дарга Т.Билэгтийг оролцуулах бэлт гэлийг сайн хангаарай. Унгарт болсон соёлын өдрүү дийн дүнгээ Ц.Цогзолмаа даргатай ярилцаад Зөвлөлийн хуралд оруулаарай. Дажгүй болсон шүү. Та нарт хурал дээр баяр хүргэнэ ээ гэлээ. 18.20 Улаанбаатарт морилон ирээд буй жүжигчин Жэки Чанд хүндэтгэл үзүүлэхээр явах болов. “Холливудын од. Монголын шинэ үеийн багачууд Холливудын ододтой түүгээр дамжуулж танилцсан юм. Өчигдөр хотын агаарын бохирдлын эсрэг гүйсэн” гэж очих гэж байгаа шалтгаанаа тайлбарлав. Тэрбээр бүтэн нэг өдрийг хамтдаа өнгөрөөж, үйл ажил лагааг нь сурвалжилсан надад талархал илэрхийлээд “Одоо харьж амар даа” гэв.

-Манай ажил 21.00 цагаас наана дуусахгүй шүү дээ. Би ажил руугаа явлаа гэхэд -Би ч гэсэн эргэж ирж жаахан сууна аа. Болдсайхан даргатай уулзах ёстой. Гишүүдтэй хийх уулзалтын төлөвл ө гөөтэй танилцахгүй бол болохгүй. Би өөрөөс чинь өмнө түрүүлж харьж амжихгүй л байх. Бидний ажил оройтдогоороо ойролцоо юм байна даа гээд үүд рүү зүглэв. 18.30 Гадаа гарахад од түгж, хот шөнийн гэрлээ асаажээ.

Өнөө Энхтайвны гүүрний наадах замын ажил дууссан бололтой, зам саадгүй, гэр лүүгээ яарсан хүмүүс хажуугаар машинтайгаа сүнгэнүүлэн өнгөрч байх аж. Машиндаа суугаад нийслэлийн ЗДТГ-ын өмнүүр өнгөрөхдөө Хотын даргын өрөө рүү харлаа. Гэрэлтэй харагдав. Энэ цонхны цаана өдөр бүр өнөөдрийнх шиг их ажил ундарч байдаг гэж бодохоор албан тасалгаа биш,үйлдвэрийн цех мэт санагдав. Хотын даргын ажил тэгэхээр зогсолтгүй эргэлдэх нэгэн том хүрд ажээ.

Хотын даргын “Нэг өдөр”-ийг
сурвалжилсан С.БАТБААТАР


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.