Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

З.Баянзул: Шилдэг залуу уран бүтээлчийн шагналыг ивээн тэтгэдэг

БСШУЯ “Гэгээн Муза” наадамтай хамтран ажилладаг билээ. Тус яамны соёл урлагийн хэлтсийн мэргэжилтэн З.Баянзултай уулзлаа. Тэрбээр энэ албандаа 13 жил ажиллаж байгаа юм.

-Драмын мэргэжлийн жүжигчдийн төв гээд жүжигчдийн үйл ажиллагааг дэмжих олон нийтийн байгууллага манайд хамтран ажиллах санал тавьсан. Урлаг, соёлын шилдгийг шалгаруулах наадмууд дундаас “Гэгээн Муза” хамгийн өргөн цар хүрээтэй. Тухайн жилдээ ноогдсон үйл ажиллагааг дэлгэн үзүүлэхээс гадна, өөрийнхөө бүтээсэн дүрийг бусадтай харьцуулах том боломж юм даа. Энэ жилийн хувьд гурван орон нутгийн байгууллага оролцож байгаа нь сайшаалтай. 2008 онд 195 дугаар тогтоол гаргаж, урлагийн долоон төрлөөр шилдгийг шалгаруулах болсон.

-Хамтран ажиллана гэхээрээ яадаг юм?

-Ямар нэг уралдаан наадам зохион байгуулахад тодорхой хэмжээний төсөв гардаг. Манай БСШУЯ-ны соёл, урлагийн хэлтэс шилдэг залуу уран бүтээлчийн шагналыг ивээн тэтгэдэг юм. Тэрнээс биш, “Гэгээн Муза” наадамд зориулсан төсөв гэж байдаггүй.

-Хэчнээн төгрөг зарцуулдаг юм бэ?

-550 мянган төгрөг.

-Сая төгрөг гэж сонссон юм байна. Яагаад 550 мянга болчихов оо?

-Драмын мэргэжлийн урлагийн төвөөс драмын жүжигчдийн ур чад варыг сайжруулахын тулд шилдэг залуу уран бүтээлчдийн шагнал бий болгож өгөх санал тавьсан юм. 2008 онд энэ шагналыг үүсгээд, Засгийн газрын тогтоолоор 3.0 сая төгрөгийн мөнгөн шагнал болон 300 мянган төгрөгийн үнэтэй цом өгдөг байлаа.

-Одоо больчихсон юм уу?

-Манай БСШУЯ-ны дарга солигдоод, Б.Наранзун томилогдон ирсэн. Ингээд 550.000 төгрөгийн төсөв хуваарилсан. Энэ бол цом болон багахан мөнгөн шагнал гэсэн үг. Саяхнаас Драмын мэргэжлийн урлагийн төвөөс ахмад уран бүтээлч нарт шагнал олгох санал дэвшүүлээд байгаа. Энэ саналыг хүлээж авах эсэхийг хэлэлцсэн. Боломжгүй тийшээгээ хандсан. Бид нар халааснаасаа мөнгө гаргаад өгч байна гэсэн үг биш шүү дээ. Улсын мөнгө гэдэг чинь цаанаасаа тоо хэмжээтэй байгаа. Татвар төллөгчдийн мөнгийг дураараа зарж болохгүй. Тэгэхээр мөнгөний хэмжээ багасч байгаа нь нүүрээ буруулсан хэрэг огт биш.

-Орон нутгийн театрын хөгжлийн тухайд ямар ажил явуулдаг вэ?

-Дөрвөн жилд нэг удаа зөвхөн орон нутгийн театруудын дунд тэмцээн зохиодог. Энэ тэмцээнд хотын театрын бүтээл ордоггүйгээрээ онцлогтой. Хоорондоо өрсөлдөх тусам ур чадвар нэмэгдэнэ. Шат шатандаа сайжраад явж байгаа гэж боддог.

-Хэчнээн удаа зохиогдсон юм бэ?

-Намайг ажилд орсноос хойш гурван удаа зохиогдоод байгаа. Урьд нь нэг зохиосон юм билээ.

-“Гэгээн Муза” наадамд танд таалагдсан дүр нэр дэвшиж үү. Шүүгчдийн бүрэлдэхүүн хэр шударга ажилладаг юм бол?

Мэдээж уран бүтээлчид маань өөр өөрийн түвшиндээ сайжирч, сайн дүр бүтээсний үндсэн дээр энэ наадамд нэр дэвшиж байгаа байх.

-Та зүгээр л хувийнхаа бодлыг илэрхийлж болно ш дээ.

-П.Цэрэндагва гуайн Проло ламын дүр, “Би эр хүнд хайртай” жүжигт бүтээсэн У.Уранчимэгийн дүр нэр дэвшсэн байсан. Энэ наадам шударга болдог гэдэгт би итгэдэг. Энэ жил ч мөн адил шагналууд нүдээ олно байх аа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.