Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Заяа төөрөг минь” шинэ сэтгүүлчдийг хөтөлнө

Оренбургийн талаар алхаж, Днеприйн домогт ган хоолойгоор орох дөхөж, Узбекийн говийн заган ойд төөрөх шахаж, Казахстаны атарчидтай шинэ талх таллаж, сансрын нислэгийн удирдах төвд тухалж, үлгэрт ч баймгүй үнэнийг үзэж, Улаанбаатар-Бээжин чиглэлийн анхны галт тэргийг Зөвлөлтийн нийслэлд тосолцож, мөсөн далайд өвөлжсөн монгол туйлчдыг Ленинградад угтаж, тэр бүхнийг мянга мянган уншигчдын нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдтол бичиж явсан ахмад сэтгүүлч бол Д.Дорждулам гуай.

Малын эмч мэргэжилтэй байсан тэрбээр хэрхэн сэтгүүлч болж, Монголын ууган хэвлэл болох “Үнэн” сонинд 30 жил ажилласнаа, энэ хугацаанд бичиж, нийтэлсэн бүтээлүүдээ түүх болгон үлдээж, сониныхоо 90 жилийн ойд бэлэг барьж “Заяа төөрөг минь” номоо өлгийдөн авчээ. Сониныхоо “Өндөр ээж” хэмээн нэрлэгдэж, шинэ залуу сэтгүүлчдийг төрөн гарч, зүг чигээ олоход нь дэмжиж, өмгөөлж явсан Д.Дорждулам гуайн номын хуримд Х.Цэвлээ, Ж.Пүрэв, Д.Цэнджав, Р.Чулуун зэрэг “Үнэн” сонины үе үеийн мундагчуудаас гадна “цэргүүд” нь ч иржээ. Түүний туулсан амьдрал, бичсэн нийтлэл, сурвалжлагууд нь залуу сэтгүүлч бидэнд бүхэлдээ сургамж, сургууль билээ.

Төрж өссөн Баянхонгор нутгийг нь илэрхийлэх “Заяа төөрөг минь” номын хонгор шаргал хавтас, хийц, дизайн номын соёлыг нэвт шингээснийг зочид ярьж байлаа. Түүнчлэн “Заяа төөрөг минь” номын Д.Дорждулам гэж хэн бэ хэмээх дөтгөөр бүлэгт Л.Түдэв, Х.Цэвлээ, Д.Цэнджав, Ж.Пүрэв нарын алдартай, ахмад сэтгүүлчид “Өндөр ээж”-ийг өөр өөрийн үгээр илэрхийлжээ. Тэрбээр энэ бүлгээс татгалзсан боловч номыг нь хянан тохиолдуулсан сэтгүүлч Н.Шүр “Та ямар өдөр бүр ном бичих биш. Жил болгон ном гаргах биш.

Таныг мэдэхээсээ мэдэхгүй хүн олширсон” хэмээн ятгаж байж багтаасан гэнэ. Нэгэн цагт түүний эрхлэгчээр ажиллаж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтг үүлч Х.Цэвлээ гуай “Д.Дорждуламаас, түүний бү тээлүүдээс нэг л зүйл үнэртдэг. Тэр бол эхийн сүү. Ямар ч нийтлэл, сурвалжлага бичсэн эхийн сүүг ивэлгэж бичсэн байдаг.

Дорждулам бол Говийн аарцаг толгодоос ургасан цагаан лян хуа цэцэг юм” хэмээн тодорхойлов. Харин түүний номыг хянан тохиолдуулж, өөрт нь ч үлдээгүй нийтлэлүүдийг шарласан сонины хуудаснаас түүн шигтгэж өгсөн соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун “Эрхэм сэтгүүлчийн “Дивизийн хүү”, “Атрын баатар”, “Үүлс дээрх хоньчин” найруулал, “Даалимба тусгай захиалгат бараа” тэмдэглэл, “Ардчиллын салхийг манайх хагалсан” дурсамж зэрэг нь хэдийгээр бичигдээд 10-30 жил өнгөрсөн ч өчигдөр бичээд өнөөдөр сонинд нийтлэгдэж байгаа мэт сонирхолтой, танин мэдүүлэх, ухаарч гэгээрэх өгөөжтэй” гэсэн юм.


Р.ОЮУНЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.