Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газрын ээлжит 34 дүгээр хуралдаан 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр

•    Улсын Их хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Батбаяр, Р.Гончигдорж нарын санаачлан боловсруулсан “Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай” хуулийн төсөл болон “Мөнгөн тэтгэмжийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг төсөл санаачлагч нарт уламжлахаар тогтов.
Тухайлбал 1.0-18 насны хүүхэд бүрт сар тутам 20000 төгрөг олгох тохиолдолд 2009 оны статистик гүйцэтгэлээр нийт  981,6 мянган хүүхдэд жилдээ 235,6 тэрбум төгрөг шаардагдахаар байна. Энэхүү нэмэлт зардлыг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх нь тодорхойгүй байна.
Улсын Их Хурал Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлахдаа хүүхдийн, шинэ гэр бүлийн, шинээр төрсөн хүүхдийн зэрэг нийгмийн халамжийн чиглэлийн арга хэмжээнүүдийг зохицуулж байсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон. Ийм шийдвэр гараад хагас жил болоогүй байх тул төслийг дэмжих боломжгүй байна гэж Засгийн газрын хуралдаанаас үзэж төсөл санаачлагчдад уламжлахаар боллоо. Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө аль алийг нь давхардуулалгүй нэг цонхоор явуулах нь зүйтэй гэсэн байр сууринаас Засгийн газар хандаж байна.

•    Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хооронд байгуулах “Терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцээд “Гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай” Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.

•    “Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

•    “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-д нэмэлт оруулах тухай, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль-”д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

•    Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторийн барилга барих, техникийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд монголын талаас шаардагдах хөрөнгийг хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо.

•    Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын 2010 оны 6 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад хийх айлчлалын үеэр баримтлах удирдамжийг зүйтэй гэж үзэн Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.

•    Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг АНУ-ын Нью-Иорк хотноо болох НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн үндсэн чуулганд 2010 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар оролцохыг зөвшөөрөв.

•    ОХУ-ын Москва хотноо 2010 оны 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд “ОХУ болон Тусгаар улсын хамтын нийгэмлэгийн орнууд-Глобалчлалын эринд” сэдэвт 14 дэх удаагийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцохыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод зөвшөөрөв.

•    Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болсон Дэлхийн эрүүл мэндийн 63 дугаар ассамблейд оролцсон тухай Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Засгийн газрын гишүүдэд танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.