Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газрын ээлжит 24 дүгээр хуралдаан

•    УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төсөлд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах болон арилжааны банкинд байршуулахаас гадна хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авах зорилгоор ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна. Нийгмийн даатгалын мөнгөн сангийн хөрөнгө нь даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход нь хууль тогтоомжид заасан тэтгэвэр,тэтгэмж, төлбөр өгөхөд чиглэсэн урт хугацааны хуримтлал бүхий сан тул хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, эрх зүйн орчин бүрдэж, уг зах зээлд тавих хяналт, зохицуулах механизм төлөвшсөний дараа дараа хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
•    УИХ-ын гишүүн Х.Жекей, Ц.Баярсайхан, П.Алтангэрэл, Ц.Батбаяр нарын санаачлан боловсруулсан “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн төсөл санаачлагч нарт уламжлахаар тогтов.
•    Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын 2009 оны санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
•    “Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 
•    Хатуу хучилттай зам, орон сууц зэрэг бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гадаадын орнуудын тодорхой тооны инженер, техникийн болон мэргэжлийн ажилчдад 2010 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгч, нэр бүхий компаниудын инженер техникийн болон мэргэжлийн ажилтнуудыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөв. Гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2010 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт даалгав.
•    Иргэдээс 2010 оны нэгдүгээр улиралд Засгийн газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын дүнгийн тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Дээрх хугацаанд Монгол Улсын Ерөнхий  сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 419 өргөдөл, гомдол ирсний 79,2 хувь буюу 332-ыг нь судлан үзэж шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, зохих журмын дагуу хариу өгчээ. 87 иргэний өргөдөл, гомдол, саналд хариу өгөхөөр бэлтгэж байна. Иргэдийн захидалд дурдсан асуудлын 68,4 хувийг эдийн засаг, нийгмийн амьдралтай холбоотой холбогдсон санал, гомдол, хүсэлт эзэлж байна.
•    Засгийн газрын  2010 оны 3 дугаар сарын үйл ажиллагааны товч мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Засгийн газар гуравдугаар сард 5 удаа хуралдан 59 асуудал хэлэлцэж, 20 асуудалтай танилцан, 37 тогтоол, Ерөнхий сайдын 11 захирамж гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
•    “Газрын нэгдмэл сангийн 2009 оны улсын нэгдсэн тайлан”-г Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
•    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдын 2010 оны 3 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Бельгийн Вант Улсад,  2010 оны 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад албан томилолтоор ажилласан тухай дүнтэй танилцав.
•    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цинхай мужид 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь эрсдэн, олон хүн орон байргүй болж, эд материалын үлэмж хэмжээний хохирол учирсантай холбогдуулан 50.0 /тавин/ мянган ам доллартай тэнцэх хэмжээний тусламжийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрөв. Газар хөдлөлтийн улмаас 1706 хүн амь үрэгдэж, 12128 хүн хүнд болон хөнгөн бэртэл авч 256 хүн сураггүй болсонд тооцогдож байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 2010.04.21         

ТОМИЛГОО

 Мядагийн Ганхүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилов.
М.Ганхүү 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй.
М.Ганхүү 1974 онд Нийслэлийн 10 жилийн 17 дугаар дунд сургууль, 1977 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль, 1985 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн.
•    1977-1980 онд Төв аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч
•    1985-1991 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт эрүү, эдийн засгийн ахлах төлөөлөгч
•    1991-1994 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын орлогч дарга
•    1994-1997 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга
•    1997-1999 Төмөр замын Цагдаагийн хэлтсийн дарга
•    1999 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга 
•    1999-2001 Эрүүгийн цагдаагийн газрын дарга
•    2001-2007 Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга
•    2007-2009 Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга
•    2009 оноос Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байна.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.