Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Засгийн газрын гишүүдэд тавих квотыг л хэлэлцье”

 Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Д.Энхбат, Д.Дамба-Очир болон Н.Батбаяр нарын хэсэг гишүүний боловсруулсан гурван өөр төслийг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр ярив. Энэ үеэр гишүүдийн олонх нь сумдыг орон нутгийн олигархиудын гарт өгч болохгүй гэсэн байр суурьтай байлаа. Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг цуцлах тухай Д.Энхбатын, зарим томоохон аймаг, сумыг хотын статустай болгох тухай Д.Дамба-Очирын төслийг Ажлын хэсэг нэгтгээд Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХын гишүүн байж болох, мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой асуудлыг онцлон бас нэг төсөл боловсруулсан юм.

2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болох зохицуулалт оруулснаас эрх мэдлийн хуваарилалт алдагдаж, Гүйцэтгэх засаглал нь хууль тогтоохынхоо дээр гарах гол шалтгаан болсон гэх шүүмжлэл бий. Үүнд хязгаар тавих тухай удаан ярьж буй учир гишүүд гуравны нэгийн босгыг дэмжиж байлаа. Ингэхдээ үндсэн чиг үүргийн яаманд давхар албатай сайд байх эсэхийг бодолцох саналыг Э.Бат-Үүл гаргасан. Үндсэн хуулийн 60.2, 60.3 дахь заалт дээр нэлээд маргаан өрнөв. Сумын Засаг даргыг нийт иргэний шууд саналаар нууцаар сонгодог байх, аймгийнхны ИТХ-тай зөвшилцөн Ерөнхий сайд томилохоор төсөлд тусгажээ. Сумын Засаг даргыг ИТХ-ын 20 гаруйхан хүний саналаар сонгосноор тэдний эрх ашгийн төлөө үйлчлэгч болж ард түмнийг “мартахад” хүрээд буй гэнэ.

Иргэд нь сонгодог болсноор Засаг дарга ийм барьцаанаас гарч, төрийн ажлыг зөв явуулах хууль эрх зүйн боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Мөн багийн Засаг даргыг иргэд шууд сонгодгийг сумын Засаг дарга нь томилдог болгохоор зохицуулсан байна.

Су.Батболд: -Одоо иргэдийн шууд болон ИТХ-ын саналаар гэх мэт олон янзын статустай Засаг даргатай болох нь. Иргэд Засаг даргаа шууд сонгосноор төрийн төлөөлөгч байх зарчмыг яаж хангах вэ. Уул уурхай хөгжиж, эдийн засаг өсөж буй үед орон нутагт төрийн төлөөллийг бууруулах нь зөв үү?

Н.Батбаяр: -Хот, хөдөөгийн байдал өөр. Нийслэлийн хүн ам их, нутаг дэвсгэр бага. Тэгвэл орон нутагт хүн ам бага, газар нутаг их. Тиймээс сумдад иргэд Засаг даргаа шууд сонгож, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж үзсэн. Сум дунджаар 4000-5000 хүнтэй, бүгд нэгнээ мэддэг учир зөв хүнийг сонгож чадна. ИТХ-ын 21 гишүүн нэр дэвшүүлж сонгосон Засаг дарга төрийг төлөөлнө, иргэд сонговол тэгж чадахгүй гэж үзэж болохгүй. Д.Энхбат: -Төр, иргэн гэсэн тусдаа ойлголт байхгүй. Тиймээс иргэдийн шууд оролцоог нэмж, хяналтыг сайжруулъя гэж байгаа юм. Шууд, төлөөллийн ардчилал ялгаагүй төрийг бэхжүүлэхэд чиглэдэг.

Э.Бат-Үүл: -Багийн Засаг даргыг иргэд нь шууд томилдог Үндсэн хуулийн сувд болсон зохицуулалтыг өөрчлөх гэж байна. Нөгөө талаар сумын Засаг даргыг сонгоход нам оролцохгүй болсон чинь эвлэлдэн нэгдэх эрхийг хаасан хэрэг. Нам гэдэг институцийг суманд устгаж болох ч зөрүүлээд бүр орон нутгийн олигархийн шинжтэй фракц бий болно АН, МАН хоёр түүхийн дуудлагаар байгуулагдсан, түүхийн тусгал. Тэднийг үгүй болговол компанийн нам байгуулагдаж л таарна шүү дээ. Уул уурхай хөгжиж байхад ийм зохицуулалт хийвэл орон нутгийн олигархийн гарт сумд орох аюултай.

Н.Батбаяр: -Багийн иргэд асуудлаа шийдэхэд оролцдог зарчмыг өөрчлөөгүй. Ер нь намаар талцаад монголчууд хожсоноосоо алдсан нь их. Сумдад намаар талцахыг зогсоохыг хүссэн хүн олон.

Э.Бат-Үүл: -Нам байгаагүй бол энэ олон үндэстэн, ястан одоогийн зохион байгуулалтад орохгүй байсан. Намгүй бол үндэстэн, ястнаараа хагарна.

Д.Энхбат: -Үзэл сурталжсан нийгэмд үнэхээр улс орныг нам нэгтгэдэг байсан. Одоо нөхцөл өөр болсон. Сум, тосгоны сонгуульд Парламентад суудалтай нам оролцдог жишиг дэлхийн аль ч улсад байхгүй. Гэхдээ таны ярьсан шиг асуудал үүсэж болно. Үүнийг зөвөөр зохицуулах аргыг олох ёстой.

Ц.Мөнх-Оргил: Улстөрчдийн үйл ажиллагааны сул талыг Үндсэн хуульдаа гар дүрж засахаас өөр гарц байгаа шүү дээ. Засаг дарга сонгох, томилох одоогийн тогтолцоо Монгол Улсад хамгийн нийцтэй нь. Хэрэв иргэд нь сонгоно гэвэл Улаанбаатарт ч адил байх хэрэгтэй.

Д.Дамба-Очир: -Орхон аймгийн төв Баян-Өндөр сум 110 мянган хүн амтай. Энэ төслийн дагуу бол иргэд хотын даргаа л шууд санал хураалтаар сонгох нь. Орхон, Дархан-Уул аймгийн тухайд наад зохицуулалт чинь өөр байгаа юм.

Х.Тэмүүжин: -Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болох заалтаа салгаад хэлэлцье. Бусдыг нь сайн судалж, нухацтай ярих ёстой. Ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх цаг хугацаа тохиромжгүй байна. Сонгууль дөхчихсөн байхад Үндсэн хуулиа өөрчлөх нь улсаараа тоглож буй хэрэг. Одоо байгаа гишүүд дараа нь сонгогдохгүй бол хариуцлагаас бултаад л өнгөрнө. Тиймээс гуравны нэгийн босгыг энэ УИХ батлаад бусдыг нь дараагийн парламентад үлдээх хэрэгтэй.

Г.Баярсайхан: -Асуудлыг олон талаас нь харах ёстой. Уул уурхайн баялгаа ашиглахын хэрээр олигарх бүлэглэл бий болж буй нь үнэн. Сэлэнгэ аймагт иргэдийн бууцыг нэг л өдөр гаднын компанид өгчихсөн явдал гарсан. Уг төслийг дэмжиж байна. Намын тухайд бол цаашдаа гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй. Энэ мэтээр гишүүд ярив. Сэтгэлийн хөөрлөөр Үндсэн хуульд гар дүрж болохгүй гэсэн болгоомжлол их байгаа аж. Юутай ч гурван төслийг нэгтгээд чуулганы хуралдаанд танилцуулахаар санал нэгдлээ.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.