Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар “Петрочайна дачин тамсаг” компанид хайр зарлах ямар шалтгаан байна вэ

Хятад шаахайны мөрөөр Мэнэнгийн талыг тамгалж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” компанид Монголын Засгийн газар “хайр” зарлах ямар нэгэн шалтгаан бий бололтой. Монгол Улсад хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж байгаа гаднын хөрөнгө оруулалттай олон компани бий. Гэтэл Монголын төр хайр халамжаа “Петрочайна Дачин Тамсаг” гэх БНХАУ-ын газрын тосны ганцхан компанид илүүтэй хүртээхийн учир шалтгаан компанидаа байна уу, газрын тосондоо байна уу? Үүнийг өгүүлэхийн өмнө тус компанийн өнгөрсөн гуравхан жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа Мэнэнгийн талыг хятаджуулахынхаа зэрэгцээ монгол хүний ажлын байрыг булааж авсныхаа төлөө, оруулж ирсэн хятад ажилчин бүрийнхээ тоогоор Монголын ард түмэнд төлөх ёстой нийт 25 тэрбум 373 сая 760 мянган төгрөгийн төлбөрөөс чөлөөлөгдсөнийг яагаад гэсэн асуултын хамт дайж уншигчдадаа хүргэе. Тус компани Монголд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагааг 2005 оноос албан ёсоор явуулж эхэлсэн. Энэ хугацаандаа нийт 16237 хятад ажилчныг Монголд оруулж ирэн, ажиллуулсан гэсэн тооцоо байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудад гадаадаас ажиллах хүч авах хязгаарыг Засгийн газраас тогтоон, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгодог. Тус компани дээрх тооны хятад ажилчдыг Засгийн газрын тогтоолын дагуу манай улсад оруулж ирэн, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулжээ. Гэтэл хүрз, жоотуу барьсан Хятадын бүхэл бүтэн “арми” шахуу эдгээр хятад ажилчнаар Мэнэнгийн талыг дүүргэхэд манай улсын төсөвт орох ёстой байсан 25 тэрбум 373 сая 760 мянган төгрөгөөр найр тавьсанд итгэхэд бэрх. Юуны учир тэр вэ. Энэ компани бусад гадна, дотнын компаниас илүү, бүр хэд дахин илүү ийм боломж, эрх эдлэх юу хийв.
Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай Засгийн газрын 96 тоот тогтоол энэ оны дөрөвдүгээр сарын 21- нд гарчээ. Энэ тогтоолоор нэр бүхий таван компанийн гаднаас оруулж ирэх 1652 ажилтныг 356 сая 832 мянган төгрөгийн төлбөрөөс чөлөөлжээ. Гэтэл ганцхан “Петрочайна Дачин Тамсаг” гэх компанийг 2007 онд таван тэрбум 907 сая 840 мянга, 2008-2009 онд 19 тэрбум 465 сая 920 мянган төгрөгийн ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн нь ямар онцгой шалтгаантайг Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудаас асуумаар байна.
Мэнэнгийн талаар дүүрэн “морин толгой” гэх арзгар төмөр зоож, олборлосон газрын тосоо хэдэн тоннын даацтай хүнд машинаар Мэнэнгийн талын хөрс шороог нь эргүүлэн байж Х я т а д руу зөөснөөс өөрөөр Монголын Засгийн газраас ийм хайр хишиг хүртэх юу хийсэн юм бол, “Петрочайна Дачин Тамсаг” компани. Нутгийн иргэдийн ярьдгаар энэ компани “вант улс”-аа тойруулан том хашаа барьж, нутгийн 400 гаруй монгол залууг гар хөлийн үзүүрт зарж, хог шороогоо цэвэрлүүлснээ орон нутагт хөрөнгө оруулж ажлын байр бий болгосон хэмээн сайрхдаг гэсэн. Гэтэл жилд Хятадаас орж ирдэг 3000-4000 хятад ажилчин нь Монголын залуусаас юугаараа илүүг хэлэх хүн байна уу. Засгийн газрын тогтоолд дурдсанаар “Петрочайна Дачин Тамсаг” компанийн оруулж ирдэг дээрх ажилчдыг инженер техникийн, мэргэжлийн ажилтан хэмээн тодорхойлжээ. Гэтэл тэдний дийлэнх нь “хар” ажилчин байдаг гэсэн мэдээлэл байна. Хятадын Засгийн газар нь ч, хувийн компани нь ч хятад хүндээ х а й р т а й , хаа ч явсан тэднийгээ “дагуулдаг” юм байна. Харин манайхан эх орондоо байгаа мөртлөө монгол хүнээ харийнхнаар ийнхүү дутуу үнэлүүлж байгаа нь шударга явдал мөн үү.
Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг манай Засгийн газар жил бүр тогтоодог. 2008 оноос хойших энэ тогтоолуудаар аж ахуйн нэгж компаниудад ажиллах гадаад ажилтан 70-80 хувь, үлдсэн нь монгол ажилтнууд байхаар заажээ. Энэ хувь хэмжээ нь хөрөнгө оруулалтын хэмжээ болон нийт ажиллагсдын тооноос хамаардаг бөгөөд “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хувьд 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэсэн мэдээлэл бий. Тиймээс 2009, 2010 оны Засгийн газрын 59 болон 78 дугаар тогтоолын дагуу тус компанийн нийт ажиллагсдын 20 хувь нь монголчууд байх ёстой юм. Одоогийн байдлаар тус компани хэчнээн хятад ажилчин оруулж ирэх, тэднийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх эсэх нь хараахан т о д о р х о й г ү й байна. Энэ жил тус компани о л б о р л о л т о д шилжиж, манай Засгийн газар тус компанитай байгуулсан“Бү – тээгдэхүүн хуваах гэрээг” өөрчлөн хувь хэмжээ болон бусад асуудлаа шинэчлэн тогтоохоор ярилцаж буй.
Ийм үед тус компанийн нийт ажиллагсдын тоо нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй нь тодорхой. Харин тэдний дунд монгол хүнээ хэрхэн үнэлүүлж чадах, ядахдаа монгол хүний ажлын байрыг хятадуудад “бэлэглэснийхээ” төлөө манай улсын Хөдөлмөр эрхлэлтийн санд орж, ажилгүй монгол иргэний өдрийн хоолыг залгуулдаг ажлын байрны нөхөн төлбөрөөр дахин найр тавихгүй гэдэгт Засгийн газартаа итгэж, хүлээж байна. Монголд өнөөдөр 40 мянга гаруй ажилгүй хүн байгааг эрх мэдэлтнүд эрхбиш мэдэж байгаа биз ээ.


Д.ОЮУН-ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.