Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зарим салбарынхан цалинг хоёр дахин нэмэхийг шаардав

Зарим салбарынхан цалинг хоёр дахин нэмэхийг шаардав
…“Чанартай боловсролын төлөө цалин хөлсийг нэмэгдүүл”, “Орлогоос давсан зарлагаа зээлээр төлж, өдөр хоногийг өнгөрөөсөөр байх уу?”, “Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлье” зэрэг янз бүрийн лоозон барьсан иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагслаа. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар МҮЭХ-ныхон Засгийн газарт удаа дараа хүсэлт тавьж, гурван талт хэлэлцээр хийсэн ч тодорхой шийдвэрт хүрч чадаагүй билээ. Тиймээс авто зам, шинжлэх ухаан, эдийн засаг, урлаг соёл, эмрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн олон салбарын үйлдвэрчний эвлэлүүд жагсаал хийхэд хүрсэн юм.
 

“Монголчуудын 60 хувь нь ядуу. Монгол орныг бүтээн байгуулж, бүхий л амьдралаа төрдөө зориулсан ахмад буурлууд өнөөдөр амьдралын доод түвшний орлогоос доогуур буюу 90 мянган төгрөгийн тэтгэвэр авч, ядуучуудын эгнээг 400 мянгаар нэмэгдүүлж байна. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн 7.1 триллионд хүрчихээд байхад нийт албан хаагчдын цалин 1.5 триллион буюу ердөө л 21 хувьд нь байна. Цалин хөлсийг нэмэхэд инфляц хөөрөгдөнө гэж Засгийн газар үзэж байна. Тэгвэл бараа бүтээгдэхүүний хомсдлоос л инфляц өсдөг. Тиймээс энэ бүхэн боломжгүй асуудал биш” гэсэн үгээр МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар жагсаалыг нээв. Үйлдвэрчний эвлэлийнхний үзэж буйгаар цалинг хоёр дахин нэмэх бүрэн боломжтой гэнэ. 2008 онд манай төсөв 1.1 их наяд төгрөг  байсан бол 2010 онд 2.7-д хүрчээ. Өөрөөр хэлбэл улсын төсөв ч, засгийн газрын зардал ч хоёр дахин ихэссэн гэнэ. Гэтэл дээрх салбарын  ажилчдын цалин өөрчлөгдөөгүй аж.    
 Энэ үеэр салбар салбарын төлөөллүүд үзэл бодлоо илэрхийлсэн. Тухайлбал  урлагийн салбарыг төлөөлж, Ардын жүжигчин Мягмарнаран “Бид энэ олон жил ард олныхоо төлөө зүтгэж байхдаа төрөөс нэг ч удаа мөнгө гуйж байгаагүй. Юмны үнэ өсчихөөд  байхад бид 230 мянган төгрөгөөр амьдрах гэж өрнөөс өрний хооронд явна” гэсэн бол МУИС-ын ҮЭНХ-ы дарга Чойсамба “Өнгөрсөн хоёр жилд багш нарын цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. 2008 онд бол ялгавартай нэмэгдсэн. МУИС-ийн хувьд цалин нэмэх бүрэн боломжтой. Сургалтын төлбөр нэмэгдэж, нэмэлт элсэлтээр олон хүүхэд орж байгаа. Манай сэтгүүлийн анги л гэхэд 30 оюутан суух ангид 70 хүүхэд байна. Бид сургуулийн захиргаанд цалин нэмүүлэх хүсэлтээ удаа дараа гаргасан. Гэтэл БСШУЯ, Сангийн яамнаас цалинг нэг ч төгрөгөөр нэмж болохгүй гэсэн чиг үүрэг өгсөн гэсэн. Бид мөнгө нь байхгүй байхад нэм гэж шаардаагүй шүү дээ” гэв.
Ийнхүү жагсагчид үзэл бодлоо илэрхийлсний дараа МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар салбарын дарга нарын хамт Засгийн газарт шаардлагаа өгөхөөр ордныг зорьсон юм. Уг шаардлагад  “Төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэх, тэтгэвэр тэтгэмжийг энэ онд  60, 2011 онд 50-аас доошгүй хувиар нэмэх, хөдөлмөрийн доод хэмжээг ирэх сарын 1-ний дотор 80-аас доошгүй хувиар нэмэх ” гэжээ.
Ерөнхий сайд С.Батболд, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Арвин нар тэднийг хүлээн авч уулзаад энэ долоо хоногтоо багтаан нягталж, яаралтай хариу өгөхөөр болсон байна. МҮЭХ-ыхон үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэйгээ байгаа бөгөөд хэрэв шийдвэрлэж чадахгүй бол тэмцлээ үргэлжлүүлж, ажил хаялт зарлахаа мэдэгдэв. 

Р.Оюунцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.