Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗАНГИАТАЙ “ХУВЬСГАЛ” ба ШААЗГАЙ ШАГШРАХ ЦАГААР

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ардчилсан хүчний холбооны З.Энхболд нар зангиатай “хувьсгал” хийхээр “зуузай холбон” хурдалж байна. Н.Энхбаяр үе үе төрөлх нам руугаа чулуу шидэж эхэлсэн бол З.Энхболд сөрөг хүчний эрэлд мордон, АН-ын хойморт түймэр дэгдээхээр идэвхийлэх болов. Тэдний харвасан сум аль ч утгаараа С.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрыг чиглэж байгаа нь анхаарал татаж буй юм.

Н.ЭНХБАЯРЫН УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХ ОРОЛДЛОГО
Нэгэн үе энэ эрхэмтэй нэр холбогдсон залуучууд улс төрд ногоон гэрлээр өндрөө авч, уулын оройд салхи залгилан, уруудахыг мэдэхгүй давхидаг байв. Н.Энхбаярыг тойрон хүрээлэгчид улс төр, бизнесийн бүлэглэлд ил, далд нэгдэж, түүнийг туг далбаа, зарим утгаараа золиос болгон “золигтож” байсан үе хуучраагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээн, Чингэлтэйн нөхөн сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулсан тэрбээр улс төрөөс ангид байж чадахгүй гэдгээ бүх талаар илэрхийлэх боллоо. Түүний улс төрд эргэн ирэх гэсэн оролдлого МАХН-ын өнөөгийн нөхцөл байдалд нөлөөлөх хэмжээнд идэвхжиж байгаа талаар ойрын хүрээнийхэн нь ам алдаж байна. С.Баяр эзгүй, Удирдах зөвлөл толгойгүй, С.Батболд эрх мэдлийн хуваагдал дунд хүч алдаж буй үед Н.Энхбаяр ийнхүү “солгой дуугарах” болсон нь МАХН-д нэгэнт бий болсон сүүдрийн орон зайг хөдөлгөөнд оруулж эхэллээ.

МАХН-Д ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?
МАХН одоогийн байдлаар эрх ашгийн дөрвөн ч бүлэглэлд хуваагдаад байгаа нь үнэн юм. Ерөнхий сайд С.Батболд ба намын дарга С.Баярыг дэмжигчид, Н.Энхбаярын үнэнч фэнүүд, албан тушаалын ээлжээ хүлээсэн залуу үеийнхэн буюу У.Хүрэлсүхийн холбоотнууд гэсэн гурван өөр хуваагдал нэгэнт бий болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хотын фракцаар дамжин хүчирхэг болсон М.Энхболдыг тойрон хүрээлэгчид У.Хүрэлсүхтэй хэл амаа амархан ололцдог болсон нь нэгийг хэлнэ. Ялангуяа боловсон хүчний бодлого М.Энхболд, У.Хүрэлсүх нарыг тойрон одоохондоо эргэлдэж байна. Ц.Нямдорж нарын хал үзэж халуун чулуу долоосон тулхтай эрхмүүд хэн нэгнийг дагаж далдаганахаас татгалзаж, байдлыг “энх тайванч” байдлаар ажиглан дуугаа хураагаад байгаа. Ерөнхий сайд, намын даргын албыг хоёр өөр хүн хариуцах болсон нь тоглолтыг илүү амттай, ээдрээтэй болгож буй нь нууц биш. Намын даргын албаа авч үлдэхдээ С.Баяр чухам энэ мэтийн улс төрийн эвгүй тоглолт, магадгүй Н.Энхбаярын довтолгоо, У.Хүрэлсүхийн байр суурийн баталгаагүй байдлаас эмээсэн гэж хэлж болно. Гэхдээ түүний энэ болгоомжлол тоглолтоо эрчимжүүлэх томоос том боломж, шалтгаан болж хувираад байгааг МАХН-ын өнөөгийн байдал баталж байна. Шагшрахыг хүссэн шаазгайн нүдэнд овоо болон харагдаж буй тал ч бий.

С.БАЯР, С.БАТБОЛД НАРЫН ДУНДУУР ХАР МУУР ГҮЙЛГЭХ САНААРХАЛ
Ийнхүү МАХН-д зангиагүй “хувьсгал” өрнөж эхэллээ. Хамтарсан Засгийн газрыг анхнаасаа дэмжээгүй залуучууд бий болсон нөхцөл байдлыг өөрсөддөө ашигтайгаар эргүүлэхийг эрмэлзэх болов. Сайд болохоор ээлжээ хүлээн дараалалд зогссон МАХН-ын залуус хамтарсан Засгийн газрыг хадрахаас буцахгүй. Тиймээс ч 1.5 саяын амлалтыг сануулах, хариуцлагаа дангаараа үүрэх талаар асуудал хөндөх болжээ. Зарим нь сэм сэмхэн албан тушаалын хуваарилалт хийж, мөрөөдөлдөө умбаж яваа сураг ч бий. Нэгэн цагт Н.Энхбаярын нэрийг “барьсан” хүн албан тушаалын шатаар сансрын хурдаар өгсдөг байсан бол эдүгээ түүнийг хар муур болгон ашигладаг явдал энэ намд моод болох янзтай.
 Ялангуяа Америкт байгаа С.Баяр, Австри, Унгарт айлчилж яваа С.Батболд нарын дундуур хар муур гүйлгэх оролдлого улам бүр сэргэх болжээ. “С.Батболд бол Н.Энхбаярын хүн” гэсэн эндүү мессэжийг энгийн гишүүдийн дунд гэрлийн хурдаар түгээж, Ерөнхий сайдын байр суурийг ганхуулахаар улайрах болсон гэх. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр ба түүнээс бусад хэмээн улс төрийн хүрээнийхний томъёолж байсан “харьяаллын сүлжээ” дахин үйлчилж эхэллээ гэсэн үг. МАХН-д өрнөж буй энэ мэтийн ил, далд тоглолт МАХН-ын дарга С.Баярыг Монголд хөл тавих өдрийг хүртэл өнгө өнгөөр хувирах нь тодорхой. Ерөнхий сайд, намын даргын албыг салган, дундуур нь шаазгай, бор шувуу мэтхэн байтугай албан тушаал, аваа өгөө багтах зай завсар гаргасан нь МАХН-д ийнхүү сөрөг байдлаар үйлчлэн, нэгнийхээ араас “буу тулгах” хэмжээнд ширүүсэж байна. Сиймхий л гарвал “сэлэм эргүүлчих” гээд байдаг албан тушаалын хэнээтнүүдийн алсын санаа АН-ыг хамтарсан Засгийн газраас шахан, төрийн төвшинд бий болсон эв нэгдлийг үгүй хийхэд чиглэж буй нь тодорхой билээ.

Ж.БАТЗАНДАН, О.МАГНАЙ… ТЭГЭЭД З.ЭНХБОЛД
МАХН-д өрнөж буй зангиагүй “хувьсгалын” чимээ АН-д зангиатай “хувьсгал” болон үргэлжилж байна. Хоёр “хувьсгалын” дунд хожоо хайсан нэг хүн зогсож байгаа мэдээ бий. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн илүү боловсон, соёлтой, бас зангиатай байдалд шилжээд байна хэмээн шууд хэлж болно. Зангиатай “хувьсгал” хамтарсан Засгийн газарт алба хашиж буй нөхдөө буруутгахад хүч хаяж байгаа. Сөрөг хүчнийг үгүйлэн санагалзсан тэдний энэ зорилго улс төрд эргэн ирэхээр шуударсан Н.Энхбаярын оролдлого, МАХН дахь эрх мэдлийн эрэмбэ дагасан эвгүй тоглолттой давхцаж байгаагаараа онцлог. Улс орны шинэчлэл, төмөр замын стратегийн бодлого, эдийн засгийн өнөөгийн байдал зэрэг амин чухал сэдвүүдийг хөндөж байгааг нь харахад зангиатай “хувьсгалын” зангараг том ажээ. Нам дамжин навс худалдагдаж, олон нийтийн дунд нэр хүндээ нэвт унагасан Ж.Батзандан, О.Магнай нарыг “томруулаад” байгааг нь харахаар жижиг сонирхолд хөтлөгдөөд байх шиг. Ямартай ч АН-ын удирдлагууд албан тушаалын хохирогчдын нэгдэл хэмээн тодорхойлогдож буй Ардчилсан хүчний холбоондоо найр тавихыг эрхэмлэсэн нь зөөлөн нь хатуугаа элээхийн үлгэр болов. Ардчилсан хүчний холбоо, АН хоёрын дундаас гал авалцахыг хүлээж байсан улс төрийн тодорхой зорилготой хүлээлт талаар боллоо. АН дахь фракцуудын тоо нэгээр нэмэгдэж, Ардчилсан хүчний холбооны санал болгосон намын шинэчлэл, улс орны өөрчлөлтийг дэмжин хүлээж авснаар өнөөхөндөө тайз эзгүйрч, тоглолт завсарлав. Нөгөө талаар АН Монголын улс төрд төлөвшлөөрөө гайхууллаа. Үгийн зөрүүгүй нударга зангидаж, энгэр заамаа уралцдаг асан АНынхан улс төрийн соёлтой, хүлээцтэй, нээлттэй байдлаа харуулж чадлаа. Хөшигний ард харин АНын дарга Н.Алтанхуяг Алтангадаст харьяалагдаж, генсек Д.Эрдэнэбат Ардчилсан хүчний холбоог сонгосон мэтээр чулуу хаях, талцуулах аргачлал ажил хэрэг болж байх шиг. Үүнээс гадна нам доторх зөрчил, үйл ажиллагааны доголдлоо хамтарсан Засгийн газарт нялзаан томруулах санаархал газар авч байгааг хэлэх хэрэгтэй.

ШИНЭ НАМЫН СУРАГ БА ЖАГСААЛ ХУУЧРАХ ЦАГААР
 Иргэний хөдөлгөөний нэгдсэн холбооныхон жагсав. Өнөө жагсдаг хэд өргөх бичгээ барьсаар иржээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Засгийн газрын нэр бүхий сайд нарыг огцруулахыг шаардлаа. Өвлийн хүрэм, үстэй гутлаа сольж, ганган зангиа, гялгар шаахай, үнэтэй хар пальтогоор гоёжээ. Жагсагчид өнгөтэй, мөнгөтэй болсон нь энэ мэтийн өөрчлөлтөөс илэрхий харагдана. Тэд одоо амьдрал ядуу, халаас хоосон ард түмний нэг хэсэг байхаа больж, хэдийнэ хол “тасарч”, ходоодны чинээгээрээ ялгарах болжээ. Жагсах завтай хүн XXI зууны Монголоос хайгаад олоход хэцүү болсныг эл жагсаал дахин баталлаа. Жагсаалаар юу ч шийдэхгүй гэдгийг бас л харууллаа. Шуудхан хэлэхэд иргэний хөдөлгөөнүүдийн нэр хүнд, жагсаалын сүр хүч хоёр Ж.Батзандан, О.Магнай нартай хамт моодноос гарчээ. Иргэний хөдөлгөөн ийнхүү хуучин цагийн аялгуу мэт алсарч ахуйд бас нэгэн шинэ намын сураг чих дэлсэв. Ерөн хийлөгч асан Н.Энхбаяр ирэх сард болох МАХН-ын Бага хурлын уур амьсгалаас шалтгаалан шинэ нам байгуулж магадгүй байгаа тухай мэдээ хаврын синдромд хачир нэмэрлэж байна.
НАМ ТӨВТЭЙ ТӨР БА ТӨӨРДӨГ БАЙШИН
 Нам төвтэй төрийн шуурганд Монголын нийгэм 20 жил зутрав. Итгэлээ гээв. Эрэмбээ алдав. АН, МАХН-д салхи дэгдэхэд төр ганхаж, огцорсон огцроогүй Засгийн газруудын улиг болсон мэдээ сэтгэлгээний ядаргаа, сульдаа авчирдаг асан түүх саяхных. Сөрөг хүчин хэмээх улс төрийн нэр томъёо буруу талаасаа нийгэмд хэвшиж, сөрөг хүчний талаарх ойлголт хэрүүл шуугиан, албан тушаал тойрсон уралдаан төдийгөөр төсөөлөгдөх болсон нь үнэн юм. Чухам энэхүү нам даган ханарч, фракц даган шогшиж, холбоо даган хошгирч, бүлэглэл даган талцдаг, дайтдаг эрүүл бус байдал хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар цэгцэрсэн.
Улс төрд эрүүл уур амьсгал, эрүүл эв нэгдэл авчирсан төдийгүй энэ нь ямар өгөөжтэй байж болохыг олон талаар харуулсан гэж хэлж болно. Гэвч сонгуулийн амлалтын 1.5 сая төгрөг тойрсон бүжиг ид хурдаа авч, хамтарсан Засгийн газрыг чиглэж байна. Эл амлалтыг олон нийтийн сэтгэхүйд нөлөөлөх түлхүүр болгох сонирхол улс төрийн нам хүчнүүдэд бий боллоо. Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгож эхэлсэн 70 мянган төгрөг үнийн өсөлтийг хөөрөгдөж, инфляц өсгөсөн талаар шүүмжилж буй атлаа дахин 1.5 саяыг бэлнээр нэхэмжилж байгаа нь өөрөө үзэл бодлын, үйл ажиллагааны зөрчил юм. МАХН, АН-д эдүгээ өрнөж буй зангиатай, зангиагүй “хувьсгалууд” тэрхүү нам төвтэй төрийг нэхэн санагалзаж, намын нэрээр Засагт халдан дураараа дургидаг байдлаа үгүйлж буйн бяцхан илрэл ч байж болох. Улс төрийн намаар дамжин албан тушаалд амархан хүрдэг тогтолцоог ашиглах гэсэн ээлжит оролдлого хэмээн тайлбарлаж болно. Нам төвтэй төр бол ганц хүний хязгааргүй ноёрхлыг бий болгох хамгийн аятайхан хөрс суурь гэдгийг Н.Энхбаярын үед хангалттай нотолсон. Тогтворгүй, насгүй, үр дүнгүй төрийн эхлэл нь улс төрийн нам дахь зөрчил байдгийг бид мэдэх болсон.
Дахиад төөрөлдмөөргүй л байх юм. Төөрдөг байшингаас гарах эхний зарчмын алхам нь хамтарсан Засгийн газар байсан. Гэтэл төөрдөг байшинг улам бүр өндөрлөн, дотор нь улам хол төөрөх сонирхолтой хүмүүс тоосго зөөж овоолсоор байгааг юу гэж ойлгох вэ?

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.