Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗАЛХУУГИЙН ГАДАА ТҮЛЭЭГҮЙ, ЗАЛГИДГИЙН ГЭРТ ХООЛГҮЙ ГЭДЭГСЭН…

Монгол орон 2009-2010 оны өвөл зудад нэрвэгдэв. Энэ оны эх гэхэд нийт нутгийн 90 орчим хувь битүү цастай байлаа. 18 аймгийн 200 гаруй сум өвлийг тун зүдэрч давлаа. Одоо хавар гэж өвлөөсөө аюултай байх магадлалтай улирал бараг бүтнээрээ хүлээж байна. Малчид маань энэ өвөл үнэхээр ядрав. Их олон малчин отор хийж буй нь гэж аймаг сум алгасан нүүдэллэж, хүний нутгийн хүмүүст гадуурхагдаж, заримд нь малаараа татвар төлж, заримд нь архи өгч, заримд нь зодуулж нүдүүлж ч үзэв. Тэглээ гээд хэдэн малаасаа хороолгүй байж урин цагийн эхтэй золгож ихэнх нь чадсангүй. 400-500 малтай байгаад хотоо бараг харлуулсан айл олон. 1000 малынхаа тэн хагасынх нь ясыг бусдын нутагт тавиад нутгаа бараадсан айл ч цөөнгүй. Бүр нутагтаа шөлний хоньгүй буцаж ирсэн малчин ч бий гэх сураг дуулдана.
Гэхдээ ийм байдалд хүрсэн малчдад буруу их байна. Өвөл хатуухан байх нь их эрт мэдрэгдсэн шүү дээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын 20-д гэхэд нийт нутгийн 40 орчим хувь нь гандуу, 20 орчим хувь нь буюу зургаан аймгийн 34 сум гантай байсан. Мөн үед бэлчээрийн даацын хувьд нутгийн 40 орчим хувьд өвөл, хавартаа хэвийн байхаар, Дундговь, Өмнөговь аймгийн нийт, Баянхонгор, Говь-Алтайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Увс, Өвөрхангай, Дорноговийн зарим нутагт бэлчээрийн даац үлэмж хэтэрсэн тул цагийн хатууд байдал нэн түвэгтэй болно хэмээн цаг уурын байгууллага халуун намраар сэрэмжлүүлээд л байв.
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнд “таарц” гэж нэг үзүүлэлт, мэргэжлийн хэллэг байдаг. Энэ нь хар үгээр бол цаг уурчид хэр үнэн хийгээд худлаа хэлж буйг илтгэнэ. Тэгвэл энэ үзүүлэлт өнөө цагт байгалийн онц аюултай үзэгдлийн тухайд 70, өдөр тутмын мэдээний хувьд 90 хувьтай байдаг юм билээ. Тэгэхлээр цаг уурчид маань тун гайгүй “бууддаг” болсон байх нь. Тэгээд ч зуншлага муу байсан газар өвөл хэцүү байх нь ойлгомжтой. Зун нь гандсан бол намаржаа ч тааруу байх нь мэдээж. Гандуу байсан газар өвөл өнжинө гэж байх биш. Тийм болохоор ямар өвөл болохыг малчид маань зун л мэдчих боломжтой шүү дээ. Биднийг багад зун жаахан гандах янзтай болохоор л аав, ээж, нутаг нугынхан маань өвлийн тухай сэтгэл зовинон яриад, өвс тоос бэлтгэх, нүүх суух ажилд ханцуй шамлан дэвэлзээд эхэлдэг байсансан. Говийнхон хангай газар очиж хадлан авдаг байв.

Одоо тийм малчин нүдний гэм болж байх шиг. Тэгээд л залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй гэгч болоод байна. Залхуу малчны хотонд мал байх учиргүй. Зуд болж, мал хиарч буйг сонсоод гайхаж буй малчин сая Ерөнхийлөгчийг орон нутгаар явахад нь зөндөөн тааралдсан байна лээ. Малч хүн тийм л байдаг.
Уг нь одооны малчдын нэлээд хувь нь нэгдлийг мэдэхг үй баймаар. Нэгдэл байх үед малчдад төрөөс ихээхэн тусалдаг, малчид ч малаа өөрийн юм гэж үздэггүй, ямар сайндаа л “ялтай мал” гэж байх вэ дээ. Аргагүй шүү дээ, үхүүлчихвэл төлдөг, хариуцлага хүлээдэг байсан юм чинь. Малыг хувьчилснаар малчид өөрийн хөрөнгөтэй, амьжиргааны эх үүсвэртэй болсон. Тэр хэрээр малаа өөрсдөө хариуцах үүрэг хүлээсэн. Гэлээ ч мал төрийн хамгаалалтад байна гэдгээр түрий барьж дээшээ харж алгаа тосдог сэтгэлгээ байсаар.
Монголд энэ жил л зуд болж буй юм биш. Сүүлийн 30 жилийн байдлаар ихээхэн газар нутгийг хамарсан зуд байн байн болж байв. Тухайлбал 1986-1987 оны өвөл 16 аймгийн 161 сум, 1996- 1997 онд 14 аймгийн 60 сум, 1999-2000 оны өвөл 12 аймгийн 58 сум, 2000-2001 онд 17 аймгийн 98 сум, 2001-2002 оны өвөл есөн аймгийн 119 сумын нутгийг хамарч зуд болж байлаа. Зуд гэдэг ерөөс малчдаас хурмастын авч буй шалгалт юм. Тэгэхлээр мал нь ч, хүн нь ч унах, цочирдох учиргүй.
Энэ өвөл яггүй хүйтэн байлаа. Тэгэхдээ гунын эвэр хугармаар гурван есийн хүйтэн гэдэг чинь бас л байсан эд Үхрийн сүүл хуга хөлдөж байсан гээд л хууччуул ярьдаг. Социализмын сүүлч үеэр Увс аймагт явж байхад ачааны машины дугуйны гадуур хаймар хөлдөөд эдэлгээ даахаа больчихдог юм гэж нэгэн ахмад жолооч ярьж байхыг сонсож л байлаа. Хасах 50 хэм хүртэл хүйтэрдэг байсан тухай ардын багш, гавьяат хуульч Б.Чимид ярьж байна лээ. Албан баримт сөхвөл 1966 оны арванхоёрдугаар сард ихэнх нутагт -40-52.5 хэм хүртэл хүйтэрч, Увсын Зүүн говьд бүр – 55.7 хэм, хамгийн дулаан байдаг гэгддэг Баянхонгор аймгийн Эхийн голд -34-7 хэм хүрч байжээ. 1938, 1944, 1966, 1969, 1977, 1984, 1990, 1996, 2000, 2001, 2008, 2009 онуудад өвөл нийт нутгаар сүрхий хүйтэрч, баруун зүгийн нутгаар нэгдүгээр сард 16-31, хоёрдугаар сард 16-24, төвийн нутгаар нэгдүгээр сард 21-28, хоёрдугаар сард 16-24, говийн нутгаар арванхоёрдугаар сард 14-27, нэгдүгээр сард 10- 23, хоёрдугаар сард 5-25, зүүн зүгийн нутгаар нэгдүгээр сард 14-28, хоёрдугаар сард 10-21 хоног хүйтэн үргэлжилж байсан байна.
Энэ өвөл дэлхий дахины анхаарал Монгол руу чиглэлээ гэж хэлж болно. Хөрсөн доорх баялаг төдийгүй хөрсөн дээрх зуд маань тэднийг бидэн рүү хандуулав. Манай төр, засаг ч нэлээд сүржигнэв. Монгол Улс сөнөх гэж буй мэтээр зарлалаа. “Зуд” гэдэг үг дэлхийн олон хэлэнд байдаггүй бололтой юм. Тэгээд “зуд” гэдэг бол байгалийн гамшиг гээд ойлгуулчихтай зэрэг газар хөдөлснөөс болж сүйрсэн Гайтийг орхиод, газрынх нь хөрс эргэчих гахсан Чилиг ч хайхралгүй биднийг л гэцгээв. Тусламжийн гараа сунгацгаав. Хандив, хөрөнгө явуулцгаав. Монголчууд бид ч мэдээж юу гэж зүгээр суухав. Сум, аймгийн нутгийн зөвлөл, сургууль цэцэрлэгийнхэн ч хөдөллөө. Ёстой эрвийх дэрвийхээрээ бужигнав. Холбогдох байгууллагаас гаргасан мэдээгээр бол гадаад орнуудаас Орос, Хятад, Турк улсууд гол хандив тусламж үзүүлсэн байна. Энэхүү хандив, тусламж мөнгө хийгээд эд бараа гэсэн хоёр хэлбэртэй байгаа аж. Мөн тухайн улсын Засгийн газар хийгээд муж, олон нийтийн байгууллага гэсэн бас хоёр эх үүсвэртэй байна. ОХУаас 345.1 сая, Хятад 2.1 тэрбум, Турк 194.0 сая төгрөгийн тусламж үзүүлжээ. Гадаадын орнуудын тусламж нийтдээ 2.6 тэрбум төгрөг болжээ. Олон улсын байгууллагаас 30.8 сая төгрөгийн хандив ирүүлжээ. Дотоодын төрийн болон олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс 800 орчим сая төгрөг хуримтлуулсан байна. Энэ бүхэн нийлээд 3.7 тэрбум төгрөг болсон бөгөөд 140 мянган малчин өрхөд хуваавал 25.000 төгрөг болж байна. Ингээд бодохоор хандив тусламжаас нэг өрхөд ногдох хэмжээ тийм их биш ч бидний гуйх сэтгэлгээг энэ ган, зуд гээч улам дэврээж буй нь харагдана. Зуд илүүтэй байгаа гэсэн 12 аймаг тус бүрт 230 сая төгрөг олгохыг УИХын чуулган хоёрдугаар сарын эхээр зөвшөөрсөн. Ерөнхий сайд маань Австри, Унгарт айлчлах замдаа Москвад түр саатахдаа л умард их хөршөөсөө 50 гаруй тонн буудай “салгаж” орхилоо.
Сүүлийн үед манай томчууд гадагшаа зүглэхэд хэн нь хэдий хэр хөрөнгө тэндээс олж ирэв гэдгээр айлчлалын ач холбогдол, үр дүнг тодорхойлдог болсон гэхэд хилсдэхгүй. Манай дарга нарыг хүлээж авсан орны удирдлагууд “Энэ нөхөр юу гуйх бол” гэж халширдаг ч байж мэдмээр. Бид ийнхүү төр, засгийн тэргүүнүүдээ ч “гуйлгачин” болгож орхих юм. Авах хүн бөхгөр, өгөх хүн гэдгэр гэж үг бий ч, “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн тусламжийг тэндхийн хэвлэлийн төлөөлөгч бүсгүй нь хүргэж ирэхэд манай Засгийн газрын хоёрдугаар хүн угтаж авч байхад нь харамсах сэтгэл төрж л байлаа. Аливаад зиндаа, зэрэг дэв гэж байдаг. Хандив тусламжийг яаж хуваарилж байгаа бол, хэн нэг эрх мэдэлтний халаас руу түүнээс орчихвий гэх сэрэмж хардлага манай зарим хүний дотор төрөөд эхэлчихжээ. Говьсүмбэр аймаг руу ачуулсан өвс замдаа алга болчихсон гэх мэдээ ч хэвлэлд гарав. Тэгвэл МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, Хэрэг лэгчдийн эрх ашгийг хам гаалах нийгэмлэгүүдийн үндэс ний холбооны ерөнхийл өгч С.Ганболд, дэд ерөнхийл өгч Б.Бас-Оргил, МҮЭ- үүдийн холбооны Бодлого зохицуулалтын газрын дарга Г.Төмөрбат нараас бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, хандив тусламжаар ирж байгаа бараа, бүтээгдэхүүн, бэлэн мөнгийг хэрхэн хуваарилж, зарцуулж буй, малчдад хүргэж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавих үүрэг хүлээлгэснийг дуулгая.
Эцэст нь Улсын онцгой комиссын талаар хэдхэн үг хэлье. Энэ комиссыг Засгийн газрын Шадар сайд М.Энхболд тэргүүлдэг. Хаана хэцүү бэрх болсон тэр газар энэ комиссынхон явж байдаг юм. Зуд эхлэхээс аваад бэлэн байдалд, уртасгасан цагаар ажиллаж буй М.Энхболд бараг л хөдөө “өвөлжсөн” байх. Сая ч тус комиссын нарийн бичгийн дарга, дээд дэслэгч М.Энх-Амараар ахлуулсан баг Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллахаар гарлаа. Багийн бүрэлдэхүүнд ЭМЯ, МХЕГ, ХХААХҮЯ-ны ажилтнууд оролцож буй бөгөөд малчид хэрхэн хаваржиж буйтай танилцаж, газар дээр нь шийдвэр гаргах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах даалгавартай юм билээ.
Тус комиссын зохион байгуулсан тусламжийн эхний цувааг цагаан сарын өмнө орон нутаг руу явуулсан. Хоёр дахь ээлжийг нь өнөөдөр явуулна. Тусламжийн бараа бүтээгдэхүүнийг аймаг бүрт нь хүргэж өгөх юм.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.