Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.БОЛДБААТАР: Албан тушаалын наймааг гэмт хэрэг гэж үзэх цаг болсон

Монгол Улсын Эрүүгийн хууль, түүний хэрэгжилтийн талаар хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Жигжидсүрэнгийн Болдбаатартай ярилцлаа.

УИХ-аас 2015 онд баталж, 2017 оноос хэрэгжүүлсэн Эрүүгийн хуулийг хэтэрхий хөнгөн, гэмт хэрэгтнүүдийн толгойг илсэн хууль болсон гэж үзэх хүн олон. Таны бодлоор энэ хууль ямар болсон бол?

-Эрүүгийн хуулийн ихэнх зүйлд ял хөнгөрсөн. Хорих ялын хугацаа багассанаас гадна дийлэнх хэрэгт хорихоос өөр төрлийн ялын сонголттой болсон. Хар тамхи, гэр бүлийн хүчирхийлэл, зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэрэг, албан тушаал, авлигын хэрэг гэх мэт нийгмийг түгшээсэн, анхаарал татсан гэмт хэргийн ял чанга хэвээр байгаа. Гэхдээ бүхэлд нь аваад үзэхэд 80 хувьд нь ялын бодлого хөнгөрсөн. Хүнийг шоронд хорьж хүмүүжүүлэх нь тийм ч үр дүнтэй арга биш болох нь өнгөрсөн хугацаанд харагдсан. Олон жил хоригдсон хүмүүс нийгэмшиж чадахгүй байна. Манайд нийгэмшүүлэх үйлчилгээ байхгүй учраас тэр. Тиймээс хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх арга хайх хэрэгтэй болсон. Хүнийг албадан сургалтад хамруулах, тэнсээд үүрэг хүлээлгэх зэргээр хуулийн хариуцлага ногдуулж нийгэмшүүлэхийг зорьж байгаа юм.

-Энэ хуулийн дутагдалтай тал гэх юм уу, шүүмжлэлтэй хандвал зохих ямар зүйл байна вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангид хууль тогтоогч эрх, ашиг сонирхлыг эрэмбэлсэн байдлаар төрөл, гэмт хэргүүдийг байршуулдаг. Манай улсын үндэсний аюулгүй байдал хамгийн дээд үнэт зүйл, ашиг сонирхол учраас тусгай ангийн хамгийн эхэнд байх ёстой гэж судлаачийн хувьд үздэг. Ийм байр сууриас хандаагүйгээс болж үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэгт хамаарах зарим хэргийн бүрэлдэхүүнийг буруу тодорхойлсон, орхигдуулсан явдал гарсан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 19.1 дүгээр зүйл буюу “Эх орноосоо урвах” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо объектив талын нэмэгдэл шинж болох цаг хугацааг (дайны үед гэх мэт) заавал байх шинжээр зааснаас болж уг зүйлээр урван тэрслэх үйлдлийг зүйлчлэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, эх орноосоо урвах гэмт хэргийг энхийн цагт алга болгосон гэсэн үг. Уг нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулсан аливаа үйлдлийг эх орноосоо урвах гэмт хэргээр зүйлчлэх ёстой.

Өөр нэг жишээ бол хорлон саатуулах гэмт хэрэг үгүй болсон явдал. Уг гэмт хэргийг өмнөх Эрүүгийн хуулиудад төрийн эсрэг буюу үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн бүлэгт ямагт тусгасаар ирсэн. Тэгвэл амьдралд хорлон саатуулах шинжтэй үзэгдэл бий юү гэвэл хаа сайгүй байна шүү дээ. Тухайлбал, царцаасан зам, гүүр, барилга, байгууламж гэх зэргийг нэрлэж болно.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр хүчиндэх гэмт хэргийн зүйлчлэл, томьёоллыг нэлээд шүүмжилдэг. Энэ мэтээр хувь хүний эсрэг гэмт хэргийн тухайд дутагдалтай зүйл бий юү?

-Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл буюу “Хүчиндэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний найруулгыг учир дутагдалтай хийсэн гэж үздэг. Энэ гэмт хэргийн халдлагын объект нь эмэгтэй хүний бэлгийн халдашгүй байдал, эрх чөлөө юм. Энд жендерийн тэгш эрх огт хамаагүй. Харин ч эмэгтэй хүний эрхийг Эрүүгийн хуулиар илүү хамгаалах учиртай байсан юм. Гэтэл уг хэм хэмжээний тайлбарт хохирогч нь эрэгтэй хүн байж болохоор заасан. Сүүлийн 10 жилийн болон түүнээс өмнөх криминологийн судалгаанаас үзэхэд эрэгтэй хүн хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон нэг ч тохиолдол байхгүй. Энэ зүйлийг гадаадын аль нэг улсын Эрүүгийн хуулиас хуулбарласан нь манай амьдралын хөрсөнд буугаагүй нь харагдаж байна. Харин эрэгтэй хүн бэлгийн халдлагад өртсөн бол зүйлчилж болох гэмт хэргүүд бий шүү дээ. Тухайлбал, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэх зэрэг зүйлчлэл хуульд байгаа.

-Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт өмнөх хуулиудад байсан зарим зүйлийг хассан байдаг шүү дээ. Тухайлбал, булаах гэмт хэргийг дээрэмтэй нэгтгэсэн ч гэх юм уу. Энэ ер нь зөв үү?

-Энд өмнөх хуулиудад байсан булаах гэмт хэргийг алга болгож, дээрэмдэх гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн маягаар оруулсан нь хэлбэрийн хувьд ч, агуулгын хувьд ч алдаа болсон. Дээрх хоёр хэрэг, түүнийг үйлдэж буй хүний нийгмийн хор аюул нь тэс ондоо шүү дээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл буюу “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн объектив талын үйлдлийг нэмж өгөх хэрэгтэй. Одоо үед шууд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлдэг гэмт хэрэгтэн байдаг нь юу л бол. Тэд битүү утгатай хэл яриа, дохио зангаа, биеийн хэл зэргийг л ашиглан гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлдэг болсон нь нууц биш.

-АТГ-ынхан мөрдөн шалгасан, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтны үйлдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхүүд өнгөрсөн зургаа, долоо, наймдугаар сард шийдвэрлэсэн нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан. Шүүх төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг хэлэлцэн шийдсэнд та ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь аливаа гэмт хэргийг, тэр дундаа авлига, албан тушаалынхыг эрх мэдэлтэн үйлдвэл түүний нийгмийн хор аюул асар их нэмэгдэж, илрүүлж нотлоход маш төвөгтэй. Тийм ч учраас улс орнуудад сүүлийн 10 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн төрийн өндөр албан тушаалтнуудыг эрүүгийн хариуцлагад татан, ял оноох үйл явц эрчимтэй өрнөж байгаагийн илрэл манайд ажиглагдаж байна. Нэгэн эрдэмтэн “Жирийн хулгайч галт тэргэнд хүний юм хулгайлна. Харин эрх мэдэлтэй хулгайч тэр галт тэргийг төмөр замтай нь хулгайлна” гэсэн байдаг.

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэл ам гарч, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж намжих шиг боллоо. Энэ талаар та ямар бодолтой байгаа бол?

-Хөөн хэлэлцэх хугацааг ямар учиртайг эхлээд тайлбарлая. Гэмт хэрэг үйлдсэн үеэс гэм буруутан болон төрийн хооронд эрүүгийн эрх зүйн харилцаа үүсдэг. Гэмт хэргийн хөнгөн, хүндээс шалтгаалж хөөн хэлэлцэх хугацааг янз бүрээр тогтооно. Дунджаар ялын хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэхүйц хугацаагаар тогтоодог практик бий. Төрд өөрт нь гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах, шүүн таслах бүхэл бүтэн механизм байгаа учраас дээрх хугацаанд багтаан гэм буруутныг тогтоож чадна гэж нэг ёсондоо амлалт авч байна гэсэн үг. 2015 оны хуульд хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тооцно гэсэн байдаг. Үүнийг механикаар ойлгон тоолж авлига, албан тушаалын нэлээд олон хэргийг хэрэгсэхгүй болгосноо дахин сэргээн шалгаж байна. Эрүүгийн эрх зүйд хөөн хэлэлцэх хугацаа тасрах, түүнийг зогсоох гэсэн ойлголт бий. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татсанаар хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд уг этгээд оргон зайлсан бол түүнийг зогсоодог журамтай. Гэмт хэрэг үйлдсэн хүнээ барьчихаад хугацаа өнгөрөхийг нь хүлээж, хэргийг нааш цааш шидэлцэх нь утгагүй биз дээ. Өөрөөр хэлбэл, хуулийг буруу хэрэглэж байсан тал бий. Харин одоо хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэгтнийг эрүүгийн хариуцлагад татах хүртэл тоолох болсон нь сайн хэрэг.

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнд оноож буй ял харьцангуй хөнгөн байна гэж олон нийт үзээд байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хатуу чанга хууль тогтоомжтой улс орнуудтай харьцуулахад манайд оноож буй ял хөнгөн талдаа. Жишээлбэл, БНХАУ-ын Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял гол төлөв хэрэглэдэг. Хорих ялын хугацааны урт, богиноор тооцвол манайх тийм ч хөнгөн биш. Энд нэг зүйлийг тодруулж хэлье. Албан тушаалтан голчлон хэд хэдэн гэмт хэргийг нийлмэл байдлаар үйлддэг онцлогтой. Жишээлбэл, хахууль авах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг давхар явж байдаг гэсэн үг. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, борлуулах, барилга байгууламж барихад хөрөнгө оруулалт хийх гэх мэт хэрэг давхар орж байдаг. Тиймээс эдгээр гэмт хэрэг бүрийг илрүүлэн нотолж чадвал оноох ялын хэмжээ багадахгүй.

Харин энэ төрлийн гэмт хэрэгт хөрөнгө хураах ял хэрэглэх хэрэгтэй. Манай улс хар тамхины, мөнгө угаах, авлигатай тэмцэх тухай олон улсын хэд хэдэн конвенцын дагуу уг ялыг хэрэглэх талаар үүрэг хүлээсэн боловч Эрүүгийн хуульдаа ялын төрөл болгон заагаагүй, зөвхөн албадлагын арга хэмжээ болгосон. Хууль бусаар олсон мөнгө, хөрөнгийг хураах нь зүй ёсны хэрэг. Хөрөнгө хураах ялын утга нь хууль ёсны хөрөнгөд ч халдаж хэрэглэхэд оршино.

-Авлига, албан тушаалын гэмт хэргийн илрүүлэлт ямар түвшинд байна гэж үздэг вэ?

-Ихэнх гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгддэг бол энэ төрлийн гэмт хэргийг АТГ санаачилгаараа өөрийн хүч, арга, хэрэгслийн тусламжтайгаар ухаж илрүүлэн, нотолдог тул хэргийн илрүүлэлтийн хувийг тогтоох боломжгүй.

АТГ нэг үеэ бодвол цохилт хийх объектоо зөв тодорхойлж, үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаагийн үр дүн эхнээсээ гарч байна. Өмнө нь эргүүлийн цагдаа, эмч, багш төдийхнийг гоочилдог байсан бол одоо төрийн өндөр албан тушаалтнуудыг онилох болсныг зөв зүйтэй чиглэл гэж үздэг.

-Эрүүгийн хуулийн албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой бүлэгт нэмж тусгах шаардлагатай зүйл бий болов уу?

-Хууль зүйн эрдэмтэн, судлаачдын нэг чухал үүрэг бол нийгэмд бий болсон, оршиж буй хорт үзэгдлийг судлан тогтоож, хууль тогтоох байгууллагад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тодорхой санал боловсруулах явдал байдаг. Албан тушаалын наймаа гэсэн нэр томьёо олон нийтэд нэгэнт танил болсон. Энэ хорт үзэгдлийг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгон хуульчлах цаг нь болсон гэж үздэг. Үүний улмаас төрийн албаны нэр хүндэд хор уршиг учраад зогсохгүй төрийн албаны хэвийн үйл ажиллагаа алдагддаг учир түүнийг бие даасан гэмт хэрэг гэж үзэж болох бүрэн үндэслэлтэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Ж.БОЛДБААТАР: Албан тушаалын наймааг гэмт хэрэг гэж үзэх цаг болсон

  • Avatar Зочин says:

    Албан тушаалын наймааг эруугийн гэмт хэрэг мон гэж узэх нь зуйтэй.

  • Албан тушаалын наймаа төрийн албыг дээр, доороос нь хэмлэх нь ихэслээ. Дунд шатанд халдах нь арай гайгүй байх. Мөнгө төгрөгөөр наймаалцахаас гадна өөрт давуу байдал олж авах зорилгоор хийж байна. Мөнгөөр илэрхийлэх боломжгүй ийм хэлцлийг ч зүйлчлэх ёстой. Төрийн өндөр албан тушаалтан хэн нэгнийг ажилд томилуулахаар гуйх, нөгөө талаас түүнийг нь биелүүлэх явдал аль аль нь гэмт хэрэгт тооцогддог баймаар юм.

  • Монгол улсын ХЗДХЯ-ыг үл бүтэх этгээд олон жил өмчлөн зайдагнаж дэндүү хариуцлагагүй байсаны хар гай,нэн даруй энэ асуудлыг авч үзэх болсон,төрд сүүлийн жилүүдэд олон тооны гэмт хэрэгтэнүүд үүрлэж,гишүүний халдашгүй байдлын тухай хууль гэж үндсэн хууль зөрчсөн нэг хачин юм гаргаж олон жил дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэлээдээ

  • Avatar Зочин says:

    Нэг нам ноёрхсоноор өөрийн мэдлэггүй, чадваргүй хүмүүсийг нэг баг нэрээр төрийн албаны өндөр албан тушаалд томилож , улс орны эрх ашгийг хохироож байна . Мөн цагдаа прокурор шүүхийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд нь Төрийн эрх баригч нартай үгсэн тохиролцож хэрэг үүсгэж бусдыг хохироодог шинэ гажуудал үүсч байна .Төрд жинхэнэ мэдлэг чадвартай хүн ажиллуулах дургүй , нөгөө цүнх баригч нэртэй нөхдүүд шургалж ордог тийм л нийгэм болсон . Одоо шинэ хууль санаачлагч нар жинхэнэ хуулийн чадамжтай гишүүн УИХ д байхгүй байгаа нь ямар хууль гаргах нь ойлгомжтой . Энэ бол МАН ы бохир бодлого .

  • Avatar Zochin says:

    Яриад л байдаг! Гэмт хэрэгтнүүдтэй хатуу тэмцээчээ!

  • Avatar Зочин says:

    Маш цаг уеэ олсон ярилцлага байна. Албан тушаалын наймаа Монголд арай гэмээр болсон

  • Үнэхээр цаг нь аль хэдийнээ болсон. Ийм хууль гарвал намдаа “хандив” нэрээр авилгал өгч албан тушаал наймаалцдаг бусармаг явдлыг таслан зогсоох хууль эрх зүйн үндэс бий болж, ямар нэг албан тушаалд мөнгөөр бус тухайн боловсон хүчний чадвар, боловсрол мэдлэгийг харгалзан томилдог шударга зарчим тогтож, төр тунгалагших бас нэг алхам болно гэж бодож байна. Албан тушаалын наймааг МАН, АН хоёр хоёулаа хийдэг. Хамгийн наад захын жишээ гэхэд МАН-ын 60 тэрбумын хэрэг байна.

  • Avatar Иргэн says:

    Ирээдүйн болон өнөөдрийн үр хүүхэд хэрэглэх ёстой уул уурхайн баялгаас олсон ашгийг гадаадад нууж офшорт гаргадаг их хурлын гишүүн хүртэл байна. Иймээс офшорчдыг эдийн засгийн хорлон сүйтгэгч, эсвэл улс орны эдийн засгаас урвагч гэж үзэж ялын бодлогор хатуу шийтгэл оногдуудаг болмоор байна.