Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жинлүүрийн ордныхны ерөнхий шинж

Махбодь: Агаар
Эзэн гариг:Венера
Бэлгэ тэмдэг:Ном, жинлүүр, зүрх
Өнгө:Цайвар ягаан, номин ногоон, хар хөх
Чулуу:Болор, сувд, шүр, опал, сапфир
Төмөрлөг:Бронз
Сайн өдөр:Баасан, Бямба
Муу өдөр:Мягмар, Ням
Азын тоо:2,6,7,8,9,15
 

Зан байдал
Энэ ордод төрсөн хүмүүс гоёмсог аятайхан төрхтэй, хөнгөн саруул ухаантай. Тэр бусдыг хайрлах чадвартай. Жинлүүр маш хүчтэй сэтгэлийн хөөрөлд автдаг. Гутрал гуниг, баяр баясгалан тохиолдоход ихээхэн нухацтай ханддаг тул асуудлыг зөв шийдэж  чаддаг. Бүр түүнд өвчин зовлон ирсэн ч амьдралаа зохицуулдаг.
Жинлүүр нь агаар махбодьтой бөгөөд энэхүү агаар нь хүйтэн, тайван төвлөрсөн ба ямагт учиртай, үнэмшилтэй. Тэр ухаантай мөртлөө гайхалтай гэнэн. Олон цагаар ярьж чадна, бусдыг ч сонсоно. Жинлүүр бол идэвхтэй яаруу ч биш. Тэр жинлүүр учраас байнга тэнцвэрээ олохыг тэмүүлнэ. Тэр ямагт тэнцвэр, зөв газар, хэрэгтэй үг зэргийг хайдаг. Жинлүүр бол хэмжээний тэмдэг учраас цаг хугацааг сайн мэдэрдэг.

Аливаа зүйлд алтан дундыг баримтлахыг тэмүүлдэг ч дунд зэргийн байх дургүй. Буулт хийхдээ, үзэл бодлоо өөрчлөхдөө амархан. Тэр сэтгэлийн тэнхээ багатай, түүнд “үгүй” гэж хэлэх нь хэцүү байдаг. Шунал, дур хүсэлд амархан автагддаг.

Тогтсон үзлийнхээ төлөө тэмцэх нь ховор. Ухрах нь амархан, үүрэг хариуцлага хүлээх их дургүй.
Хариуцлагагүй байсны улмаас гэмших явдалд хүрдэг.

Азгүйтэлдээ их шаналдаг. Шийдвэр гаргаж мөн өөрийн идэвхгүй байдалтайгаа тэмцэж сурах хэрэгтэй. Орчин тойрноосоо хамаардаг. Тэр бүх амьдралынхаа турш хүмүүсийг байлдан дагуулахыг оролддог.

Магтаал, гайхан бишрэлт, хайр, дассан сэтгэл зэрэг түүнд маш хэрэгтэй. Хайрлуулахгүйгээр амьдарч чадахгүй. Үүний тулд тэр өөрийн сэтгэл татам, бялдууч , уян  зөөлөн, өгөөмөр, сайхан сэтгэл зэрэг бүгдийг гаргадаг. Бусдад дуртайяа тус хүргэдэг, бусдын үзэл бодлыг хуваалцаж, ойлгохыг хичээдэг. Хүмүүсийн толгойг яаж эргүүлэхээ ч мэддэг.
Жинлүүрийн зан аашинд бас сайхан сэтгэл, цэвэр ариун сэтгэл, эелдэг зөөлөн шударга ёс, шалтгааныг ил  тод тодорхойлох чадвар зэрэг байдаг. Бууж өгөх, найр тавих туйлын дургүй. Хэрсүү, мэргэн тэрбээр хүмүүсийн зөрчилдөөнтэй байдалд зохицуулагч болдог.

Дайсантай байх нь ховор. Бусдад нөлөө үзүүлж чаддаг. Гэхдээ бас найзууддаа атаархуу ханддаг, ялангуяа амжилтанд хүрсэн найздаа бүр их атаархах болно.

Дуу хөгжим, яруу найргийг үнэлдэг. Гоё хувцас, гоё тавилга болон нүд баясгах юм бүхэнд дуртай, уран сэтгэмж сайтай. Бүгчим, гэрэл муутай өрөөнд байх дургүй, харанхуйг үзэн яддаг. Тэнцвэрээ алдвал өөдрөг сэтгэл нь унтарч дарамтанд орж тэвддэг. Сонголтын өмнө шийдэмгий бус байдалд орж болно. Гэхдээ тэнцвэртэй байгаа бол түүний ухаан зүрх хоорондоо зохицдог.

Жинлүүр эрэгтэй

Энэ  хүн танд ямагт зөвлөгөө өгнө. Таны бүх асуудлыг шийднэ. Аливаа зүйлд хайр дурлалд  ч гэсэн зүй зохистой ханддаг зуршил нь хэнийг ч галзууруулахад хүргэж чадна. Эхний алхмыг эмэгтэйгээс хүлээдэг. Хэрвээ эмэгтэй нь түрүүлж эхний алхам хийхгүй бол, өөртөө итгэлгүй болдог, бүр өөрөөс нь татгалзаж байна гэж боддог. Ийм үед хамтдаа аз жаргалтай байх өөр хүн хайдаг. Хэрвээ эмэгтэйд таалагдаж байгаагаа ойлговол бүх сэтгэл татам сайхан зангаа  харуулж эхэлнэ.

Жинлүүр эрэгтэй сайхан сэтгэл татам байдлаа харуулангуут та түүнээс харилцаагаа таслах амаргүй болно.Түүнээс явахыг оролдвол тэр таныг санал нийлэхээс өөр аргагүй баримтын тусламжтайгаар буцаана. Тантай маш эелдэг харьцана.

Та бүр түүний уур хүргэмээр сул талуудыг нь мартана. Энэ мөчөөс хойш таны тэмцэл дуусна. Түүний мөрөөдөл таны мөрөөдөл болно. Мөн түүнийг аз жаргалтай, инээмсэглэлтэй байлгахын тулд та бүхнхийг хийнэ. Түүнийг инээмсэглэхэд эсэргүүцэж чадах хүн маш цөөн. Тэр гайхалтай дасан зохицох чадвартай. Амжилтад хүрэхдээ эмэгтэйдээ найддаг. Түүний сэтгэл булаасан байдал нь бодит ба үүнд илүү ямар ч хуурамч юм байхгүй.
Жинлүүртэй амьдрал тайван байхгүй л болов уу. Ааш зан муутай байх үедээ хүнийг санаандгүй гомдоох нь цөөнгүй. Бодлогоширсон үед нь түүний анхаарлыг татахын тулд хашхирах, бүр толгой дээрээ зогсох ч шаардлага гарч магадгүй.

Шийдвэр арай гэж гаргадаг гэхдээ бүр гаргасан хойноо ч алдаа хийжээ гэж бодож магадгүй.
Хайр дурлалын арга ухаанд тэр арслан, хилэнц, үхэр зэргийг давах төгс төгөлдөрт хүрсэн билээ. Ямар ч эмэгтэйг өөрийн болгож чаддаг. Өөрийн болгосны дараа яахаа тэр бүр мэддэггүй. Эмэгтэйн сэтгэлийг булаасны дараа энэхүү харилцаагаа түр зуурын шохоорхол гэж бодох уу эсвэл чухал уу? Хайр дурлал гэж бодох уу? Аль нь чухал юм бол?

Эсвэл аль нь ч биш юм болов уу? гэж боддог. Хэдий хөгширсөн ч эмэгтэй хүнийг сонирхох сонирхол нь буурдаггүй. Хайр дурлалаас хэзээ ч залхахгүй. Хайр дурлалын явдалд эрт ордог. Мөн үүндээ их амжилттай байдаг. Эмэгтэйчүүдийн хүрээнд байх нь олонтаа. Амьдралынхаа турш тэр эмэгтэй хүнтэй байх номхоршгүй дур хүсэл болон сексийн хүсэлтэй байдаг.

Юу ч түүний дориун золбоотой занг дарахгүй. Нийцтэй, зохицсон байдалд хүрмэгцээ заавал алдуурч буцаад таашаал авах дур хүсэлд автагддаг. Энэхүү зовлонтой ба нууцлаг сексийн дур хүсэл нь түүний мэдрэлд муугаар нөлөөлж, өвдөхөд хүргэдэг.

Түүний хувьд сексээс өөр чухал юм юу ч байхгүй. Үүний төлөө бүхнийг хаяна, ажлаа ч , гэр бүлээ ч. Янаг харилцаандаа аминч, эмэгтэйнхээ сэтгэлийг үл бодон, өөрөө л таашаал авахыг тэмүүлдэг.

Тэр эмэгтэйгээ анхаардаг ч үгүй. Түүнд өөрийнхөө оргилуун хүслийг л хангах хэрэгтэй. Жинлүүр эрэгтэй нь өөртэйгөө адилхан зантай эмэгтэйтэй учирсан энэ үед л нийцсэн харилцаа ба тайван байдлыг олж авна. Эмэгтэй хүнд татгалзах дургүй, янаг хайрын харилцаагаа сунжруулах нь үнэнчээр таслахаас илүү хэрцгий гэдгийг ойлгох нь ховор. Тэр “үгүй” гэж хэлэх нь ховор байдаг.

Хэн нэгэнтэй шударга бус хандаж байгаагаа мэдэрмэгц эргэлзэж эхэлдэг. Түүний хувьд шударга бус байх нь аллагатай л адилхан. Түүний хэрцгий, ширүүн байх дургүй зан нь бүтэлгүй гэрлэлтэд хүргэдэг. Өөрийн шийдэмгий бус байдлаасаа болж жинхэнэ хайр дурлалаа өнгөрөөж тун магадгүй. Бараг эмэгтэй хүн бүрийг өөрийн цорын ганц хань гэж үнэлэхэд ч бэлэн байдаг. Түүний нөхөрлөл ба хайр дурлал нь тохиромжгүй байх нь олонтаа.

Бүтэлгүй хайр нь түүнийг багахан зовоодог ба үүнийгээ гайхмаар хурдан мартаж чаддаг. Өнгөрсөн хайрынхаа төлөө харамсах нь бусад ордын эрэгтэйчүүдээс илүү бага. Шийдэмгий, өөрийг нь хаявал том нүгэл болно гэж итгүүлж чадсан эмэгтэй л зөөлөн зүрхтэй жинлүүрийг гартаа атгаж чадна.
Ийм урхинд орсон тэрбээр азгүй хоригдол болж  хувирна.

Гэхдээ энэ нь түүний хувьд туйлдаа хүрсэн явдал юм. Тэр ихэвчлэн янаг хайрын явдлаас таашаал авч чадахаар эрх чөлөөтэй байдаг. Гоонь эр байх нь түүнд маш их таашаалтай. Хэдий энэхүү эрэгтэйг анх харахад танд хамаатай юм бүхнийг сонирхож байгаа мэт үнэхээр санагдах ч таны нууцыг сонирхох нь юу л бол.

Түүнийг ажаарай, хамар дор нь юу болж байгааг ч тэр анзаардаггүйг та олж харна. Тэр ухаалгаар шүүмжлэн ярилцана гэхдээ энэ нь нөгөө хүнийгээ ойлгох гэсэндээ биш харин тухайн сэдвийн хийсвэр яриа юм.
Болох болохгүй бүгдийг харьцуулан, ухаалаг ,зүйд нийцсэн ярина. Түүний дүгнэлт нь шударга, нарийн ашигтай сайн байна. Гэхдээ тэр таны асуудал болон мэдрэхүйд гүн орохыг хүсэхгүй.
Сэтгэл судлах нь түүний зан биш. Жинлүүр бол шүүгч. Хийсвэрээр хэрэгт дурлаж маргалддаг гэдгийг нь ямагт санаж байгаарай.

Хов жив ярьдаг хүн юм шиг санагдана. Гэвч үгүй юм. Чалчаа хүн ч биш. Бусдын нууцыг бараг ярьдаггүй. Тиймээс итгэж болно. Түүнд бүх сэтгэлээ нээж болно. Гэвч энэ нь түүнийг хөндөхгүй. Жинлүүрд эрэгтэйд тохиолддог таагүй явдлын эх үүсвэр нь ихэвчлэн хамтрагчийнхаа сэтгэлийг ойлгоогүйгээс болдог. Гэтэл маш сайн зөн билэгтэй, саруул ухаантай хүн. Энэ эрэгтэй харамч биш ч мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг. Цуглаан болсон  газарт дургүй тул олон хүнтэй газар түүнийг дагуулах хэрэггүй.

Шуугиантай, хэрүүл, таагүй явдал, хүндрэл зэрэгт туйлын дургүй. Зөвхөн тайван байдлыг л юунаас илүүд тооцдог.
Жинлүүр эрэгтэй моод их дагадаг, язгууртан маягаар хувцасладаг, авгай мэт харагдах нь олонтаа байдаг. Тэр хувь заяатай хүн. Хамт олон нь түүнд дуртай, учир нь эелдэг найрсаг ая зантай, хөгжилтэй, сайхан сэтгэлтэй. Хэрвээ та өөрийгөө болон гэр орноо эмх замбараатай байлгавал таны нөхөр гайхамшигтай сайхан хүн гэдгийг та хэзээ нэгэн цагт ойлгоно.

Жинлүүр эмэгтэй

Энэ эмэгтэй нь заль мэхтэй эелдэг зөөлөн ба олон ааштай. Чихэр жимс, гоёл чимэглэлд бас унтах дуртай. Амьдралд хамгийн чухал нь түүний хувьд хайр юм. Тэр уян нялуу, мэдрэмтгий. Хэрвээ өөрийг нь хайрлахгүй байгааг мэдэрвэл аз жаргалаа өөр хүнээс хайдаг.
Бүтэлгүй хайрын дараа тэр хурдан тайвширдаг. Энэ ордны эмэгтэй ямар ч эрэгтэйтэй таарч тохирно. Жинлүүр эмэгтэй хайр дурлалдаа их мэдрэмтгий.

Хэдий секс амьдралд нь чухал байр суурь эзэлдэг ч түүний зорилго бол биш юм. Тийм болохоор л түүнд эрчүүд олон байдаг. Зөвхөн сексийн тухай яригдаж байвал бүрэн дотносож чаддаггүй. Тэр бол амархан зохицдог эмэгтэйчүүдийн нэг. Сул дорой эрэгтэйтэй тэрбээр нөхцөл байдлын эзэн болно. Харин хүчтэй чадалтай эрэгтэйтэй дуулгавартай болж юм бүхэнд хүссэнийг нь дагана.

Жинхэнэ хайр л түүнийг төгс өөрчилнө. Хэрвээ түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байгааг ойлгож мэдэрвэл, тэр хамгийн сэтгэл татам, аятайхан хөгжилтэй эмэгтэй болно.
Гэрлэсэн тохиолдолд түүний зан байдал өөрчлөгдөж илүү ухаалаг болдог. Таагүй байдлыг намсгаж чаддаг мөн таныг бодлогогүй үйлдэл, шийдвэр гаргахаас чинь сэрэмжилж хамгаална.
Жинлүүр эмэгтэй таны хүзүүн дээр том чулуу мэт зүүгдээд байхгүй. Харин бүр таны зам  дээр байгаа бэрхшээлийг зайлуулахыг тэмүүлнэ.

Гэхдээ өөрийн санаа бодлоо тулгахгүй бөгөөд дараа нь хариуцлага хүлээх болно гэдгээ бас мэднэ. Буруу алхам хийхээс чинь хамгаалан зөвлөхдөө маш зөөлөн ханддаг тул бараг буруу алхмаа өөрөө олж ойлгосон мэт санагдана. Энэ эмэгтэй ухаантай ба  нягтлан судлах чадвартай. Ажил хэргийн асуудал дээр чинь туслаж чадна. Асуудлын үндсэн учрыг ойлгохдоо маш хурдан.

Шийдвэр гаргахдаа элдэв хөөрлөөс чөлөөлөгдөн  хамгийн сайн зөвлөгөө өгнө. Энэ нь түүний олон дутагдлыг нуудаг. Үүнээс гадна тэр өөрийнхөө дутагдлыг сайн ойлгодог ба үүнийгээ чин үнэнчээр хэлдэг мөн түүний инээмсэглэл, үнсэлт, эелдэг ялдам тэврэх зэрэг нь дутагдлуудыг нь нөхдөг. Нэг дутагдал нь гэрийн ажлаас төвөгшөөдөг. Эрх чөлөөг их өндрөөр үнэлдэг тэгэхдээ ганцаардлыг тэвчдэггүй. Шинэ найз нөхөдтэй хурдан болдог, оршин суух газраа солихдоо амархан. Хонь, хилэнц, үхэр, арслан зэрэг ордуудын эрэгтэйчүүд ийм эмэгтэйг шүтэн биширч индэр дээр гаргана. Энэ нь түүнд ч их таалагдана.

Ингэсэн нь шударга явдал болно.
Учир нь тэр ч гэсэн эрчүүдийг шүтэн биширнэ.
Тэр хэзээ ч бусдын захиаг уншихгүй. Энэ нь бүр толгойд нь ч орохгүй. Таны нууцыг задлахгүй. Мөн эвгүй байдалд оруулахгүй.

Таны даргыг өөрийнхөө инээмсэглэлээр татна. Тэр ямагт аргатай. Ийм эмэгтэйн гэр орон нь диваажингийн цэцэрлэг мэт байж болно. Энэ эмэгтэйчүүдийн ихэнх нь гэртээ үнэт эдлэлүүдтэй. Дарс ,аятайхан хөгжим зэрэг жижиг чимэглэлүүдэд анхаардаг.

Энэ ордны эмэгтэйчүүд бол тэр чигээрээ өөрөө гоёмсог, чамин. Моодыг гайхалтай сайн мэдэрнэ, хувцасны хэв маягт их анхаарна. Хөх саарал, цайвар ногоон ба зөөлөн өнгөнд дуртай. Хурц үнэртэй ус сонгодоггүй. Эмэгтэй хүн байх нь түүний гол тавилан, үүний дээр тэр төгс төгөлдөрт тэмүүлнэ.
Харин түүний эршүүд ухаан нь түүнийг илүү сэтгэл татам болгодог. Тэр ярих дуртайгаас гадна маш сайн сонсож чаддаг.

Жинлүүр эмэгтэй зөөлөн бас үүний зэрэгцээ чадалтай. Бүх эмэгтэйчүүд тэнцвэрээ ингэж хадгалж чаддаггүй. Тэр зөөлөн зан аалиар хурц асуудлыг намдаах чадвартай. Аливаа аюулд өөрийгөө хамгаалж чадахгүй зөөлөн бүсгүй гэж бодогдуулна гэвч та эндүүрч байна. Хэцүү бэрхшээлтэй мөчид тэр ган төмрийн аравны ес шиг л болно.
Хэцүү цаг тулгарвал таныг хэн аврахаар ирэхийг хараарай. Таны үүргийг ч хомстгохгүй, үүнийх нь төлөө түүнд талархаарай.

Түүнд ямагт итгэж, найдаж болно. Хааяа тэр туйлдаа хүрдэг. Хэтэрхий их идэх ба уух эсвэл бүр урт удаан дуугүй байх. Түүний тэнцвэр алдагдсан үед ийм болдог. Гэхдээ тэнцвэрээ алдсан ч эрт орой хэзээ нэгэн цагт буцаад зохицсон байдалдаа ордог. Ийм үе нь их удаан сунжирдаггүй. Тэнцвэр нь өөрөө бий болдог бөгөөд та ч үүнд нь туслаж болно.

Түүний үнэлүүштэй чанаруудын нэг нь гоо үзэмжнийхээ цаана өөрийн ухаанаа нууж чаддаг.
Тэр хүүхдүүдээ хайрлана, санаа тавина гэхдээ эрэгтэй хүнийг ямагт нэгдүгээрт тавьдаг.
Түүний хүүхдүүд ч арчаатай, анхаарал халамжаар дутдаггүй. Гэхдээ тэд таны тайван байдлыг алдагдуулбал жинлүүр шууд хөндлөнгөөс оролцоно.
Учир нь зөвхөн таныг илүү аз жаргалтай байлгахын тулд л хүүхэдтэй болж байгаа юм.

Эрүүл мэнд

Эрүүл биетэй. Саруул ухаантай. Эрчүүд нь өндөр, эмэгтэйчүүд нь цэх нуруутай, долгиолсон үстэй, том амтай, том нүдтэй байдаг. Гэвч гадаад төрх нь ихэвчлэн худлаа бөгөөд эрүүл мэндийн толь нь түүний арьс билээ.  Нүд нь түүний бие ямар байгаа хэлнэ. Биеийн эсэргүүцэл  нь сул. Түүнийг өвдсөн үед нь санаа тавьж, ойлгох хэрэгтэй. Өөртөө анхаарал шаардан өвдсөн болж баашилж чаддаг.

Түүний эрүүл мэндэд хамгийн аюултай нь хоол, согтууруулах ундаа, хайр зэргийг зүй бус ашигладагт оршино. Ялангуяа согтууруулах ундаанд эсэргүүцэл нь их сул, ер нь үүнээс шууд татгалзсан нь дээр. Давс, хүчил, цуу зэргийг хязгаартай хэрэглэх нь зүйтэй. Түүнд чийгтэй хүйтэн газар муугаар нөлөөлдөг учир нурууны өвчнөөр өвдөх нь бий.
Биеийн эмзэг газрууд нь цээж, хөл, бөөр. Жинлүүрийн мэдрэлийн тогтолцоо сул учраас амрахаа мартаж болохгүй. Мөн хүмүүстэй тэвчээртэй харилцах нь зүйтэй. Саарал дунд зэргийн байдлыг тэр үздэггүй тул ихэвчлэн хүч нь байх ёстойгоосоо доогуур байдаг тул гар хөлөө дулаан байлгах хэрэгтэй. Жинлүүр эрүүл мэндээ хамгаалахын тулд төрөл бүрийн өвчинд нэрвэгдэхгүй байх , жигд уур амьсгалд амьдрах, спортоор хичээллэх, химийн бодисоос хол байх хэрэгтэй.

Ажил мэргэжил

Шууд шийдвэр гаргаж чаддаггүй тул мэргэжлээ сонгоход амаргүй. Түүнд олон боломж саналууд байдаг. Түүнийг сонголтоо хийхэд нь битгий яаруул. Хэрэгтэй зүйлээ ойлгохын тулд эрч хүч болон цаг хугацаа зарцуулдаг. Улмаар амархан ядардаг. Түүнд туслах хэрэгтэй гэхдээ эелдгээр.
Урт удаан, шаргуу их ажиллах чадвартай ч дараа нь залхуу нь хүрч амархан ядардаг.
Идэвхтэй үеэ амралттайгаа ээлжлэх хэрэгтэй гэдгээ тэр сайн мэдэрдэг. Хамт олны дунд сайн ажилладаг, бусадтай эвтэй. Гэхдээ эргэн тойрны байдал түүнд маш их нөлөөлдөг. Эгэл жирийн, эв дүйгүй, бохир,  хийрхэг байдлыг тэвчдэггүй.

Ийм байдалд байснаараа их зовж шаналдаг. Удирдах чадвартай, тушаал өгөхдөө хөнгөн, албадаггүй. Хариуцлагатай ажил хэргийн сайн чанаруудтай. Жинлүүр будсын бодол санаагаар гүйцэтгэхийг шаардсан ажлыг маш сайн хийдэг. Ажлын сүүлчийн зураасыг хийх нь түүнд илүү сайн тохирдог. Юуг ч засаж сайжруулж чадна. Хэрэгцээтэй мөч цаг хугацааны мэдрэмж нь гайхалтай сайн.

Гэхдээ бусдын санааг сайжруулснаар сонирхогч болох аюултай. Мэдлэгийг өндрөөр үнэлдэг, төрөл бүрийн мэдээлэл, мэдээ баримт цуглуулах хандлагатай. Түүнээс аливаа зүйлийг нуухыг тэвчдэггүй. Хэцүү,бэрх, хүнд ажлаас тэр айж эмээдэг, ажлаасаа шууд ухардаг. Энэ ордод олон зураач, жүжигчид төрсөн юм. Гоо үзэсгэлэн, зохицол, хөг аялгуу зэрэг нь түүний амьдралд маш том үүрэг гүйцэтгэдэг. Эдгээрийн дунд олон дипломатч , хуульч, өмгөөлөгч, эрхзүйчид бий.

Мөнгөтэй болгоомжтой харьцдаг, төсвөө бодож чаддаг. Ингэснээр мөнгөний боол болдоггүй. Тооцоогоо шалгах, өрөө нэхэх, цалингаа нэмүүлэхийг шаардах зан байдаггүй. Жинлүүрт тохирох илүү сайн үйл ажиллагааны хүрээ бол зугаа цэнэг болон загвар.

Тэр  гайхалтай загвар зохион бүтээгч, чимэглэгч, урлагийн эд зүйлсийн худалдагч, эртний эд зүйлс цуглуулагч, шоу бизнесийн ажилтан эсвэл шүүгч өмгөөлөгч болж чадна.
Хайр дурлал ба гэр бүл

Жинлүүр агаарт харьяалагддаг тул хайрт хүн болон найз нөхдөө энэ махбодиос эсвэл галаас сонгох хэрэгтэй. Зарчмын хувьд ус нь салхинаас айхгүй бол агаар нь устай мөн газар нь салхины эсрэг биш бол нийцнэ.
Жинлүүрт хайртай хүн хэрэгтэй эс бөгөөс тэр өөрийн төгс төгөлдөрийг мэдрэхээ болино. Жинлүүрийн орд охин болон хилэнцийн дунд оршдог. Охины- оюун ухаандаа захирагддаг, хилэнцийн хүсэлдээ захирагддаг зан чанарын аль аль нь түүнд бий.
Хүчтэй, оргилуун хүсэлд автагдах нь ховор. Хүчтэй сэтгэлийн хөөрөл эрч хүч болон биеийн тэнхээ багатай. Түүний хүсэл нь хэт зөөлөн.

Тэд мэдрэмжийнхээ боол нь байх нь ховор. Анхны харцаар дурладаггүй. Хайр дурлалын явдлууд нь олон биш, харин өөрт нь анхны харцаар дурлаж болмоор. Тэр их өндөр шаардлагатай, нэгэн зэрэг хайр, анхаарал, тайван байдлыг шаарддаг. Түүний мэдрэмж, сэтгэлийг үнэлбэл жаргалтай байдаг. Жинлүүр шийдвэр гаргахдаа сэтгэл зүрхээ чагнах мөн хүмүүсийг хайрлаж сурах хэрэгтэй. Ихэвчлэн ганцаараа үлдэхээс айсандаа л гэрлэдэг. Хүмүүстэй эвтэй, найртай харьцаж, таалагдаж чаддаг.

Гэвч түүнд хүчтэй мэдрэхүй, сэтгэлийн золбоолог зан дутагддаг. Тэр хамтрагчийнхаа ашигтай тал, гадаад гоо үзэмж зэргээс илүү дотоод гоо үзэсгэлэн, чин үнэнч зан, мэдрэмж зэргийг эрхэмлэнэ. Тэр том хотод амьдрах, найз нөхөдтэйтэйгээ харилцах, зочид хүлээн авах дуртай. Түүний гэр нь маш гоёмсог, дотор нь зөндөө олон гоё эд зүйлтэй, цэцгүүдтэй. Наргиж цэнгэх, мөн амьдралаас таашаал авах дуртай. Тэр уран зураг, театр, дуурь зэрэгт татагддаг.

Жинлүүр эмэгтэй гоё хувцас цуглуулан өдөржингөө дэлгүүрээр явж чадна. Жинлүүр гэр бүлдээ сэтгэл нийцсэн харьцаа бий болгохыг тэмүүлдэг. Гэр бүлийн гишүүд олон байх нь ховор. Хүүхдээ хүндэлдэг, мөн хүмүүсийг ч хүндлэхийг сургадаг. Хүүхэдтэйгээ үеийн юм шиг ярихыг хичээдэг. Хүүхэд нь өөрийг нь ойлгоно, зөвлөнө, дэмжинэ гэдэгт найдаж болно. Учир нь тэр хүүхдийн хүндэтгэлийг хүлээж, итгүүлж үнэмшүүлэх авьяастай тул хүүхдүүдтэй харилцаж чаддаг.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.