Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жижиг гэлтгүй ямар ч асуудалд анхааръя

Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд” ордонд нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзав. 
Төр, засгийн хэмжээнд нийслэл хотын хөгжлийн талаар авч хэрэгжүүлэх бодлогын шинжтэй асуудлаас гадна цаг үеийн ажлын талаар Ерөнхий сайд үүрэг, даалгавар өглөө.
Зам засвар зэрэг бүтээн байгуулалтын ажлын сонгон шалгаруулалтыг ил тод болгон хугацаанд нь зарлаж байх, аливаа ажлын стандарт, гүйцэтгэлийн хяналтыг хэвшүүлж, мөрдүүлэхийг онцгойлон анхааруулав. 
Мөн тэрбээр “Төрийн байгууллагын дунд шатныхны ажлыг дүгнэхдээ иргэдэд хөнгөн шуурхай үйлчилж, аливаа гомдол, саналыг  хэрхэн шийдвэрлэсэн зэргийг гол үзүүлэлт болгоё. Хяналтын байгууллагуудын давхардсан ажил, үүргийг авч үзэх, дүрэм, журмаа ойлгомжтой, нээлттэй, хяналт, шалгалт, бүртгэлийн системээ боловсронгуй болгож хялбаршуулах, нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр ямар ажил хийхээ Засгийн газарт танилцуулах хэрэгтэй.
Нийслэлийн хамгийн том асуудал ажилгүйдлийг шийдвэрлэх ямар арга хэмжээ авч байгаа талаар нийслэл, дүүрэг, хорооны хэмжээнд авч үзэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого Засгийн газар, нийслэлийн хэмжээнд хэрхэн уялдаж байгааг ч авч үзэх ёстой. Хувиараа бизнес эрхлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хийж байгаа ажлаа улам өргөжүүлье.  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нийслэлд ажилчин бэлтгэх ажил эхэлсэн. Үүнийг бүх шатандаа өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэв.
Тэрбээр цааш нь “Амьжиргааны түвшинг сайжруулах чиглэлээр хийх ажил багагүй байна. Эм, эмийн чанар, түүнд тавих хяналт, шалгалтыг сайжруулъя. Хүнсний хангамж, тухайлбал мах зэргийг Улаанбаатар хот руу хэрхэн оруулж нийлүүлж байх, түүнд тавих хяналтаа хялбаршуулахад анхаарах хэрэгтэй.
Хот тохижилтын чиглэлээр багагүй ажил хийж байна. Нийслэлийн хэмжээнд ногоон бүс, ногоон байгууламж гэж байнга ярьдаг байх ёстой. Газар олгочихоод дараа нь тохижилт, ногоон байгууламжийн ажилд нь шаардлага тавихгүй  байна. Дүүрэг, хороо бүр хог цэвэрлэгээ, тохижилтын талаар системтэй болох хэрэгтэй. 
Арга ядахад л хүн олноор очдог Хийморийн овоогоо цэвэрлэж, тохижуулчихвал нийслэлчүүдийн сүлд хийморь нь ч өөдөө байна шүү дээ. Энэчлэн  жижиг гэлтгүй ажилд анхааръя.
Хөрсний усыг ашиглах аливаа санал, санаачилгыг дэмжиж ажиллах шаардлагатай. Иргэдийг бухимдуулж байгаа автомашины түгжрэлийг хэрхэн оновчтой шийдэх, цагийн хуваарийг хэтрүүлэн ажилладаг баар, цэнгээний газрууд, архидан согтууралт зэрэгтэй хэрхэн тэмцэх юм.  Төвлөрлийг сааруулах зорилгоор хийж байгаа ажлууд тухайлбал, оюутны хотхоныг хотоос  зайдуу байгуулах төлөвлөлтийг нийслэлийн удирдлагууд шуурхай боловсруулж оруулж ирэхэд анхаарах хэрэгтэй байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.