Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.ГҮРРАГЧАА:Атаархуу, нэгнийгээ хайрладаггүй зангаасаа болж бид жаргаж чадахгүй байна

“Хүн гэдэг үндэсний бахархал, баялаг юм” хэмээн ярих энэ эрхмийг Монголд төдийгүй дэлхийд танина. Тэрбээр үндэснийхээ баялаг нь, дэлхийн бахархал нь болсон нэгэн. Монгол хүний мөр гараагүй газар нутаг гэж энэ дэлхийд бараг байхгүй гэж ярьдаг. Дэлхийн талыг эзэлсэн их түүхтэй түмэн болохоор арга ч үгүй биз. Тэр ч бүү хэл дэлхийгээсээ тасран тэнгэр огторгуйд дүүлсэн баатартай улс билээ, Монгол. Та бүхнийг Монгол Улс, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай уулзуулъя.


-Саяхан унасан сансрын хогны талаар ярилцлагаа эхэлье. Сансрын хог гэж чухам юуг хэлээд байна вэ. Тэрхүү хог дээрээ байгаад байх боломжгүй, заавал газарт унах ёстой эд үү?
-Бидний толгой дээр хэдийд ч унаж мэдэх хэрэгтэй, хэрэггүй өч төчнөөн зүйл дэлхий орчмын тойрог замд бий. Тэдгээрийн нэг хэсэг нь сансрын тээвэрлэгч хөлгөөс гардаг. Сансрын хөлөг болон ямар нэгэн биетийг тойрог замд гаргах тоолонд сансрын зөөгч пуужингийн гуравдугаар хэсэг буюу угсраа нь тойрог замд үлддэг юм. Зөөгч пуужингийн зориулалт нь тухайн ачааг сансрын тойрог замд гаргаж өгөх явдал. Үүргээ гүйцэтгэсэн зөөгч пуужин салж, тойрог замд үлдээд, тодорхой хугацааны дараа газарт унадаг юм. Тэр нь сансрын хогт тооцогдож байгаа. Сансрын хог хэзээ нэгэн цагт зайлшгүй газарт унах ёстой. Үүний нэг нь өнгөрсөн сард Монголын нутагт унасан зүйл. Тэр бол 2009 онд АНУ-ын хөөргөсөн “Дельта-2” зөөгч пуужингийн нэг хэсэг болох нь тодорхой болсон.
Учир нь өөрийн дугаартай, олон улсын тэмдэглэгээтэй эд шүү дээ. Тэрхүү биет Монголын нутаг дэвсгэрийг чиглэж байгааг тогтоож, манай атмосферийн нэвт рэх хэсэгт орохыг нь ОХУ сансрын биетүүдийг ажигладаг багаж хэрэгслээр тогтоосон байгаа юм. Танай сонин тэр биетийн талаар шуурхай, үнэн зөв тодорхойлж, нийтэлсэн байна билээ. Бид өнөөдөр хоёр, гурван хэсэг төмрийн тухай ярьж байгаа. Хавар цас ханзарсны дараа өөр хэсэг олдохыг ч үгүйсгэхгүй.
-Оросуудын хянаад байгаа зүйлийг манайхан хянах боломжгүй юм уу?
-Манайд одоогоор тийм багаж, төхөөрөмж алга. Сансрын биетүүдийг хянадаг тусгай станц болон байгууллагууд Орост бий. Сансрын биетүүдийн зам болон тойрог замаасаа гарч, хэзээ дэлхий рүү чиглэхийг нь харж, хянаж чаддаг. Жижиг зүйлүүдийг залж, жолоодох боломжгүй. Харин томоохон станцууд, зарим том биетийн баллистик тооцоог нь гаргаж, залаад хүн амьтан суурьшдаггүй бүс нутагт унагадаг. Тухайлбал, сансрын тойрог замд 15 жил ажилласан “Мир” станцыг оросууд тийм замаар л унагасан.
 -Тэгэхээр сансар судлал өндөр хөгжсөн АНУ манайд унасан сансрын хогоо хянаж, мэдэж байсан нь гарцаагүй. -Мэдээж энэ талаар АНУ мэдэж л байгаа.
Зөөвөрлөгч пуужингийн сансарт орхигдсон хэсэг хаана, ямар өндөрт, ямар хурдтай явна гэдгийг хянах төхөөрөмжтэй улсууд хэзээ, хаана унах талаар барагцаалсан тооцоо гаргасан л байгаа.
 -Тийм бол манайхантай мэдээлэл солилцох боломжгүй байсан хэрэг үү. Оросууд тэр биет Монголын нутагт унах нь гэдгийг мэдсэн хэрнээ яагаад урьдчилан мэдээлээгүй юм бол?
-Сансар огторгуйтай холбоотой асуудлыг олон улсын эрхзүйн талаар судалж, хэрэгжүүлдэг байгууллага Монгол Улсад алга. Бусад улс энэ асуудлыг хариуцсан агентлагтай байна. Тийм байгууллага зайлшгүй хэрэгтэйг саяын явдал харууллаа. Манайх уг нь Ази, Номхон далайн бүс нутгийн сансрын холбооны гишүүн орон шүү дээ. Сансрын агентлаг гэж том ярьдаггүй юм гэхэд, сансар судлалын үндэсний төвтэй байх хэрэгтэй гэж боддог.
-Манай улсын нутагт унасан зүйлийн талаар бид АНУ-аас хариу шаардаж болно биз дээ?
-Болно гэж үзэж байгаа. “Ийм зүйл манай нутагт уналаа. Цаашид ч унахгүй гэх баталгаа алга. Ийм зүйл болох талаар манайд яагаад урьдчилан мэдээлээгүй вэ” гэх мэтийн олон асуудлыг Гадаад харилцааны яам шугамынхаа дагуу АНУ-д тавьж болно.
 -Сансрын нисгэгч дахин бэлтгэх талаар сүүлийн үед яригдаж байгаа гэж сонссон.
-Сансрын нисгэгч бэлтгэх бол хэцүү асуудал биш. Хамгийн гол зорилго нь сансрын тойрог замд гараад улс орондоо хэрэгтэй ямар ажиглалт, сорилт, туршилт хийх вэ гэдэг асуудлыг шинжлэх ухааны үүднээс бэлэн болгох хэрэгтэй. Тэр үед нисгэгч бэлтгэж болно. Ерөнхийлөгч саяхан энэ асуудлаар мэргэжлийн хүмүүсээс асууж, тодруулсан гэсэн. Ер нь энэ чиглэлээр төрийн бодлого хэрэгтэй.
 -Сансрын хог гэж нэрлээд байгаа биетүүд огторгуйд энд тэндгүй л явж байдаг гэсэн. Таныг сансарт байх хугацаанд тийм хог таарч байв уу. Сансрын станцтай, хөлгүүдтэй мөргөлдөхгүй гэх баталгаа бий юу?
 -Сансарт байгаа зүйлийг олж харахад үнэндээ хэцүү. Асар хурдтай зүйлс зөрж өнгөрнө гэсэн үг шүү дээ. Станц доторх илүүдэл, хаягдлаа хурааж байгаад савтай нь буудаад гадагш гаргачихдаг хэрэгсэл байдаг юм. Тэгж гаргасан хог хэрэв ойрхон байвал хоромхон зуур харагдаж болох талтай. Гадагшилж байгаа зүйл бүр тодорхой жинтэй байгаа. Тэр хэрээрээ хурдаа аваад, цаашлаад алга болдог юм. Ер нь сансарт ямар нэгэн биет үзэгдэж, харагдах явдал бараг байхгүйтэй адил.
-Сансарт бие засахад хүндрэлтэй юү?
 -Сансарт жингүйдлийн орчинд хийж байгаа бүхэн амаргүй. Хоол ундаа залгихад хүртэл хэцүү шүү. Дэлхийдээ байхад идэж, унтах шиг амархан зүйл байхгүй ч сансарт бол хүнд асуудал.

-Монгол хүн сансарт нислээ гэж хүн бүр бахархаж, хүүхэд багачууд Ж.Гүррагчаа шиг сансрын нисгэгч болох мөрөөдөлд автан, нийгэм бүхэлдээ тэр сайхан агшнаар амьсгалж байсан үед Танд зориулан дуу, шүлэг бичиж, захидлаар дардаг байсан. Сүүлийн үед хүүхэд, залуучуудад тэрхүү түүхэн явдлын ач холбогдлыг таниулах тал дээр хангалтгүй байх шиг санагддаг. Хүүхдүүдээс Танд захиа ирж байна уу?
 -Хамтарсан нислэгээс хойш 29 жил өнгөрчээ. Ирэх оны гуравдугаар сарын 22-нд монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой тохионо. 30 жил гэдэг хүний амьдралын нэлээд цаг хугацаа юм. Тэр үед энэ үйл явдлыг хэрхэн хүлээн авч, яаж догдолж байсныг гэрчлэх, тэр агшинг бие, сэтгэлээрээ мэдэрч, харж байсан хүмүүс одоо 40-өөс дээш насныхан. Тийм болохоор сүүлийн үеийн хүүхэд, залуучууд мэдээлэл багатай байгааг үгүйсгэхгүй. Зөвхөн энэ явдлын тухай ч биш, ер нь манайхан өөрсдөөрөө омогшиж, дэргэдэх сайхнаараа бахархаж чадахгүй байх шиг санагддаг. Монголыг Монголоор нь байлгахын төлөө тэмцэж, эх орноо дуурсгасан олон сайхан хүн байна шүү дээ.

Дэлхийн шилдэг Гёте, Шиллер гээд олон хүний тухай байнга л ярьж байна. Тэдэн шиг монгол хүн олон бий. Д.Нацагдоржийг бид дэлхийн хэмжээнд ярьж, магтан дуулдаг бил үү. Бид л дуугарахгүй юм бол гаднынхан дуугарах юм уу. Хойч үедээ мэдүүлэхийн тулд хэлж, ярьж байх хэрэгтэй. Сүүлийн үед зарим сургуулийн багш нар сансар огторгуйн тухай, Монголын сансрын нисгэгчдийн тухай хүүхдүүддээ ярьж, таниулж байна аа. Саяхан 18, 38 дугаар сургууль, герман хэлний сургалттай хэд хэдэн сургуулийн багш нар долоо хоногийн турш сансрын тухай хичээл зааж, өдөрлөг зохион байгуулж, “Найрамдал” зусланд амарсан юм. Тэр хичээлийнхээ хүрээнд намайг урьсан. Хүүхдүүдтэй уулзаж байхад, сансар огторгуйн талаар илүү их мэдээлэл авахыг тэд хүсэж байгаагаа дуулгаж, өөрсдийн олж мэдсэнээ ярьж, сансарт ямар байсан талаар асууж байсан. Олон хүүхэд надад захиа илгээсэн шүү. Тэр дундаас гурван захиа сонгоод та бүхэнд үзүүлэхийг хүслээ. Хүүхдийн бодол, ухаан их сонин, гайхмаар, мундаг юм. Тухайлбал, Г.Анударь гэдэг охиныг би онцолмоор байна. Энэ захиаг сониндоо нийтлээд өгөөрэй.

Бас нэг хүүхэд надад “даалгавар” өгсөн. Биелэлтийг нь ч шалгана гэсэн шүү. Юу гэхээр, Монголын сансрын нисгэгчдийн талаар мэдээлэл олж ир гэсэн гэрийн даалгавраа хийх гэж янз бүрийн мэдээллийн хэрэгслээс хайгаад дорвитой зүйл олоогүй юм байна. Тэгээд надад хандаж,
“Энэ талаар интернэтэд мэдээлэл суулгаж, хүүхэд, залуучуудад ойлгуулж, таниулах хэрэгтэй байна. Эс бөгөөс бид сансрын нисгэгчдийнхээ тухай хаанаас уншиж, мэдэх болж байна аа. Алдаагаа засаад, мэдээллээ заавал тавиарай” гэсэн. Бодоод байх нь ээ, үнэхээр бид энэ тал дээр ажиллаагүй, бодоогүй байж. “Монгол Улс сансарт нисгэгчээ илгээсэн 10 дахь орон. Монголын сансрын нисгэгч дэлхийн 101 дэх нь” гэж ярьдаг. Ярихаас хэтрээгүй байна гэдгээ ойлголоо. Урьд нь хүлээж авсан хэдэн авдар дүүрэн захидлаа өдий хүртэл хадгалдаг юм. Ер нь өдөр бүр захиа авдаг. 30 жилийн турш захидал, илгээмжээр тасарсангүй.
 -Бид өөрсдөөрөө бахархаж чадахгүй байна гэлээ. Энэ юутай холбоотой бол. Үндэсний бахархалгүй болчихсон юм болов уу?
-Юу гээч, миний талаар орос сайтуудад мэдээлэл байдаг юм. Монголынхоо сайтуудаас мэдээлэл хайхаар дандаа муу муухай үгээр дайрсан, доромжилсон сэтгэгдэл байдаг. Энэ бол хүний мөс чанартай холбоотой байх. Бид бие биенээсээ хар, толботой зүйл л хайгаад байх юм. Энэ их буруу шүү. Хар буруу санаанаас олигтой зүйл гарахгүй. Наанадаж, хүн гомдооно. Цаашлаад хөгжлийн саад. Монгол хүний хувь заяа, сайхан амьдрал өөрсдийнх нь гарт байна. Тэгэхээр бие биенээ хүндэлж, өөрийгөө хөгжүүлж байж, сайхан ирээдүй рүү явна. Түүнээс биш орд газрын баялаг байгаад яах юм бэ, тэр бол хэзээ нэгэн цагт дуусчих л эд. Ер нь сайхан орон гэдэг сайхан хүнээс эхэлнэ. Сайхан иргэн нь эх орныхоо нэрийг дэлхийд гаргана шүү дээ.
-Тэгвэл иргэнээ хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Ирээдүйнхээ төлөө хүн өөрийгөө хөгжүүлэх нь чухал. Түүнээс биш ямар нэгэн зарлиг, хууль тогтоолоор шийддэг асуудал биш. Зөв иргэн төлөвшүүлэхийн тулд өрх гэрээсээ эхэлж, аав, ээж, өвөө, эмээ нар нь анхаарах хэрэгтэй. Тэгээд хөршүүд, багш, хүрээлэн байгаа найз нөхөд гээд нийгмийг бүхэлд нь хамарна. Хүүхэд гадаа гараад янз бүрийн л юм харж байгаа. Хэн нэгэн цэр нусаа хаяж байна. Гадаа бие засаж байна. Хог ухаж байгаа хүнийг харж байна. Энэ бүхнээс иргэний төлөвшил хамаарна. Ирээдүйн монголчуудын хувь заяа та биднээс хамаарч байгааг ухаарч, өөрийгөө зөв авч яваасай. Төр, засгийн буруугаас болж бүх зүйл бүтэхгүй, болохгүй байна гэдэг хандлага манайханд бий болчихож.

Үнэн хэрэгтээ бол нийгэмд тулгарч байгаа бүхэнд хүн бүрийн оролцоо, ухамсар чухал. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг дээ. Ядуу, дутуу амьдралтай байж болно. Тэглээ гээд өөрийгөө зөнд нь орхиж болохгүй биз дээ. “Танайд хоноъё” нэвтрүүлэгт оролцсон, хоёр хүүтэй залуухан эмэгтэйг би биширч, хүндэлсэн. Тэр их ухаантай, зөв хандлагатай иргэн байж. “Хэдий ядуу ч ганц ширхэг барааны саван олдохгүй байна гээд бохир заваан амьдарч болохгүй” гэсэн нь хэчнээн үнэн. Хүн бүр л тэгж бодож, ажлаа сэтгэлээсээ хийж чадвал улс орон хөгжинө дөө. Иргэний ухамсраас нийгэм бүрэлдэнэ. Амьдралд юм юм л тохиолдоно. Хүн гундаж гандах үе байх. Ажил хэрэг нь бүтэхгүй байна гээд өөрийгөө сул хаяхгүй байх хэрэгтэй. Өнөөдөр, маргааш болохгүй ч нөгөөдөр болно.
 -“Сайн яваад ирээрэй гээд ээж тань 10 төгрөг өгч байсан. Тэр мөнгө одоо танд бий юү?
-Ээжийнхээ өгсөн 10 төгрөг, аавынхаа барьдаг хөөргийг өвөртлөөд би сансарт ниссэн. Тэр нандин эдийг насан туршдаа хадгална. Тэр бол миний талисман юм.
-Монголын чацаргана, борц сансрын нөхцөлд тохирсон сайн хүнс байсан гэдэг.

-Чацарганатай сүү хүн бүрт таалагдсан сайн бүтээгдэхүүн байсан. Зөвхөн хоол биш, аминдэм тэй, эрч хүч сэргээсэн ундаа гэж дүгнэсэн юм. Сүүлийн үед манайхан тэр жимсийг ашиглаж сурчээ. Айхтар ханиадны үед чацаргана үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байгаа шүү. Харамсалтай нь, манайхан үнийг нь хөөргөдөөд, зохиомлоор хомсдол үүсгээд жаахан тусгүй аашилсан.

-Батлан хамгаалахад туслах нийгэмлэг болон БХЯ-ыг нэг хэсэг удирдаж байсан хүний хувьд цэрэг эрсийн тухай, тэднийг бэлтгэх ажлын талаарх бодлыг тань сонсохыг хүссэн юм. Одоо яриад байгаа “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг тухайн үедээ Батлан хамгаалахад туслах нийгэмлэг хэрэгжүүлж, эрүүл иргэдийг бэлтгэдэг байсан гэж ярьдаг. Дээрээс нь сүүлийн үеийн цэрэг эрс хатуужилгүй, сэтгэлийн тэнхээгүй байна. Бие, сэтгэлийн ямар ч бэлтгэлг үй “нялцгай, нусгай” жаалууд цэргийн албанд ирэх болсон талаар байнга ярих болж.
-Цэрэг арми том байх үед БХТН-ээр армийн жолооч, шүхэр, десантын албаныхан, мэргэн буучдыг бэлтгэдэг байлаа. Тэр үед хойч үеэ цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлнэ гэдэг байсан нь хүмүүжлийн эерэг нөлөөтэй байсан гэж Монголын ардын армид 40 жил алба хаасан хүний хувьд би боддог. Сүүлийн үед цэрэг эрсийн тухай янз бүрийн юм дуулдах болсон гэж байна. Муу мэдээг нь түлхүү мэдээлээд байх шиг санагддаг юм. Гэгээлэг мэдээ бага дуулгаж, хар бараан талаас нь ярьж, цэрэгт нэг жил “хатаагаад, борцлоод” хаях мэт сэтгэгдэл төрүүлэхээр ямар хүн цэрэгт явах дуртай байх юм бэ, эх орноо манаж, хамгаалахаар явж байна гэж хэн бахархах болж байна. Анхнаасаа л сайхан сэтгэгдэлтэй очихгүй шүү дээ. Үүнээс гадна бие, сэтгэлийн ямар ч бэлтгэлгүй хүүхдүүд цэргийн албанд очиж байгаа нь үнэн. Цэргийн алба бол эр хүний зайлшгүй давах даваа гэж ойлгуулж, цэрэг байснаараа бахархах сэтгэлийг бий болгох ажил дутаад байна. Цэргийн алба хаасан хүн тодорхой боловсролтой, бие даах чадвартай болдог гээд бидний үед их л бахархаж, үлгэр дуурайл болгодог байсан.
-Та одоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Сансрын хиймэл дагуул ашиглаад мэдээллийн сүлжээ бий болгож, Монголын 20 телевизийг орон даяар цацаж байна. Туршилтын шатандаа амжилттай явж байгаа шүү.
-Жаргал, зовлон хоёрыг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл та юу гэх вэ?
 -Жаргалтай амьдралыг хүн өөрөө бий болгодог шигээ зовлонгоо ч өөрөө “хийдэг” шиг байна аа. Хүн өөртөө болон өрөөлд зовлон тариад байдаг учраас дүүрэн жаргал гэж байдаггүй болов уу. “Сэтгэл тэнүүн, дүүрэн жаргалтай байна” гэж монгол хүний хувьд би яаж хэлэх юм бэ. Надтай адил монгол хүн хог ухаад, гудамжинд сууж байна. Тийм үед бүтэн жаргалын тухай ярьж боломгүй. Яах вэ, хувийн амьдрал талаасаа бодоход, жаргалтай сайхан байна гэж болмоор санагдавч хажуугийн хэн нэгэн “дугуй дор хадаас ивээд” байвал бас л зовлон. Хүн жаргах дүүрэн боломжтой. Тийм хувийг бидэнд бурхан олгосон. Гэвч бид атаархуу, нэгнийгээ хайрладаггүй зангаасаа болж жаргаж чадахгүй байна. Нийгэм эмгэнэлтэй байхад хувь хүний жаргалын тухай ярих нь учир дутагдалтай юм.
-“Дугуй дор хадаас ивээд байна” гэлээ. Монголчууд тийм атаархуу гэж үү?
 -Манайхан их атаархуу. Улам атаархуу, мөс чанар муутай болж байна. “Тамын тогооны үлгэр” гэдэг зүгээр л гарсан үг биш байх аа. Бид бахархах ёстой зүйлээ харж чадахгүй, тоохгүй байгаа нь харамсмаар. Хүний хөлөөс нь зуурах шалтгаан л хайгаад байгаа болохоор яаж өөдлөх вэ дээ. Тэр бол атаархал, хүн чанар юм. Өөдрөгөөр харвал хажууханд чинь Монголын бахархал, Монголын баялаг болсон хүн олон байна. Тухайлбал, Н.Жанцанноровыг билиг, авьяас төгөлдөр сайхан монгол хүн гэж би хэлнэ. Б.Лхагвасүрэн байна. Ингээд нэрлээд байвал олон шүү. Тэднийг бид яаж дэмжиж байна аа. Алдрыг нь цуурайтуулж, дэлхийн хэмжээнд гаргаж чадаж байна уу. Бие биенээ дэмжээд явдаг бол монголчууд хэнээс ч дутахгүй сэргэлэн, амьдрах чадвартай түмэн. Бас нэг хэлмээр юм байна. Өнөөдөр бүтээсэн, ирээдүйд бүтээх зүйлээрээ бахархаж чадахгүй, өнгөрсөн түүхээ л яриад байвал бид хол явахгүй. Уг нь тэр сайхан бахархалт түүхээ баталж, илүү ихийг хийсэн, тэр үеийн гүрнийг өнөөдөр ийм түвшинд гаргасан гээд харуулах ёстой юм даа. Өнөөдрийн түүхийг бид бичиж, хойч үедээ үлдээнэ гэдгээ санаж, өөрийгөө гололгүй амьдраасай. “Номын номноос хүний ном” гэдэг үг бий. Юу гэхээр мундаг боловсролтой байгаад ч хүнийг дээдлэх хүмүүжилгүй бол их хүн болж чадахгүй гэсэн үг. Хүний ном гэдэг нь хүний хүмүүжлийг хэлж байгаа хэрэг. Амьдралын ухаан ямар чухлыг л ойлгуулсан үг. Ном эрдмийг сургуулиас авна. Хүмүүжлийг амьдралаас сурна шүү.
Ж.Гүррагчаа гуайн өрөөнд орох доо бага зэрэг эмээж, “баатар” гэдэг цолноос нь сүрдэж байсан ч түүний энгийн яриа, элэгсэг байдалд нь уусч, тайвширсан юм. “Их хүн энгийн” гэдэг. Дэлхийн сая, живаа хүний мөрөөдөөд ч хүрээгүй их оргилд гарч, нар сар, одтой “уулзаад” ирсэн хэдхэн хүний нэг тэрбээр өөрийгөө, “Синосат Монголиа” компанийн захи рал гэж даруухан танилцуулсан.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.