Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЖАГСААЛ, ЦУГЛААНЫ ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАНА

Эрх баригчдыг шүүх иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн их хурал энэ сарын 11-нд МҮЭСТО-нд болно. Энэ үеэр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Баруун дөрвөн замаас Засгийн газрын ордон хүртэл жагсахаар төлөвлөж байгаа мэдээ бий. Энэ жагсаал цуглааны үеэр цагдаагийн байгууллага ямар зохион байгуулалттай ажиллах талаар НЦГ-ын дэд дарга, хурандаа С.Отгонбаатараас тодрууллаа.

-Маргааш иргэний хөдөлгөөнүүд нэгдэж жагсаал цуглаан зохион байгууллахаар төлөвлөсөн. Танайханд энэ талаар мэдэгдэл өгсөн үү?

-Эрх баригчдыг шүүх иргэний хөдөлгөөнүүдийн нэгдсэн их хурал МҮЭСТО-нд болж үүний дараа тэд жагсаалаар явж Засгийн газарт шаардлага хүргүүлж, Төрийн ордныг гурван удаа тойрно гэсэн мэдэгдэл НЗДТГ-т ирүүлж, зөвшөөрөл авсан.Энэ үеэр цагдаагийн байгууллага хамгаалалт зохион байгуулахаар болсон.

-2008 он долдугаар сарын 1-нийх шиг нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болох вий гэсэн болгоомжлол бий. Үүнээс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бид иргэний хөдөлгөөнүүдийн удирдлага, зохион байгуулагчидтай уулзаж байр суурийг нь сонсон, жагсаал цуглаанаа хуулийн хүрээнд, иргэдийг хүндэтгэн, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд саад учруулахгүй, автозамын хөдөлгөөнийг хаахгүйгээр зохион байгуулах талаар ярилцсан. Мөн жагсаал цуглаан зохион байгуулагчид өөрсдөө дотоод зохион байгуулалт хийж, хүмүүсээ удирдах хэрэгтэй. Тэгэхгүйгээр олон хүн цуглуулчихаад, хаяад зугтаж болохгүй талаар ч харилцан ойлголцсон. Эмх замбараагүй байдал бий болгохгүйгээр жагсаал цуглаанаа зохион байгуулах талаар үүнийг зохион байгуулагчдад мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн. Хууль зөрчвөл хуулийн дагуу арга хэмжээ авна. 2008 оны долдугаар сарын 1-нийх шиг эмх замбараагүй байдал бий болголгүй хуулийн хүрээнд л ажиллах ёстой. Энэ талаар ч цагдаагийн байгууллага арга хэмжээ авч байна.

-Хэрэв эмх замбараагүй байдал бий болвол цагдаагийн байгууллага бэлэн байж чадах уу?

-Цагдаагийн байгууллага эмх замбараагүй байдал бий болгохгүйн тулд бэлтгэлтэй байгаа. Тэр үеэр Нийслэлийн хүрээний цагдаагийн бүх газар хэлтэс бэлэн байдалд ажиллана. Тухайн нөхцөл байдалтай уялдуулж бэлэн байдлыг хэрхэн зохион байгуулахаа шийднэ. Цагдаагийн байгууллага жагсаал цуглааны үеэр хэв журам зохицуулах үүрэгтэй ажиллана. Бид жагсаал цуглаан хийхийг хориглож байгаа юм биш, зохион байгуулагчид нь хүнээ хариуцах ёстой шүү гэдгийг энэ дашрамд анхааруулъя.

-Жагсаал цуглааны үеэр согтуу хүмүүс өдөөн турхирсан үйл ажиллагаа явуулбал яах вэ?

-Согтуу, хутга, шөвөгтэй гээд ямар ч хүмүүс жагсаал цуглааны үеэр орж ирж болзошгүй. Цагдаагийн байгууллага үүнээс урьдчилан сэргийлж гаднаас нь ажиглана.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.