Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Есдүгээр сарын 11-ны халдлага зохиомол зүйл гэв

Ираны Ерөнхийлөгч Ахмединежад “Есдүгээр сарын 11-ны халдлага бол Афганистан руу цөмрөн орохын тулд АНУ-ын тусгай албаны найруулан тоглосон удиртгал хөгжим. Зохиомол зүйл” гэж мэдэгдсэн байна. Өмнө нь тэрбээр нэг бус удаа иймэрхүү утгатай мэдэгдэл хийж байв. Нью-Йоркт 2007 онд тавьсан илтгэлдээ халдлага болсон шалтгаан, нөхцөл байдлыг сайтар шалгахын зэрэгцээ хэн зохион байгуулсныг нь тогтоох нь чухал хэмээн хэлсэн.

Хариуд нь Нью-Йорк хотын захиргаа түүний Дэлхийн худалдааны төвийн буйрыг үзэх гэсэн хүсэлтийг нь хүлээн аваагүй юм. Иранд очсоныхоо дараа тэрбээр “Есдүгээр сарын 11-ны халдлага бол АНУ дэлхийг хүмүүн бусаар удирдан залсаны үр дүн агаад тэд үүнийг бусад улс руу халдах шалтаг болгосон” хэмээн Ираны телевизээр мэдэгдэж байв. Энэ удаа АНУ-ын тусгай албад халдлагыг зохион байгуулсан хэмээн хэлсэн шалтгаанаа “Халдлагын үеэр амь үрэгдсэн 3000 орчим хүний нэрсийг олон нийтэд мэдэгдэхгүй байгаа явдал” хэмээн тайлбарлав.

Амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол 2007 онд Нью-Йоркод болж, бүх хүний нэрсийг олон нийтэд зарласан юм. Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах бодолгүй байгаа Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг чангатгахыг АНУ тэргүүтэй Өрнөдийн орнууд хичээж байгаа энэ үед дээрх мэдэгдлийг хийсэн нь Тегеран мөчөөгөө өгөх бодолгүй байгаагаа харуулж байна гэж шинжээчид дүгнэв.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.