Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд Хүүхдийн хөгжлийн үндэсний стратегитай болох шийдвэр гаргалаа

Монгол Улс хүүхдээ хөгжүүлэх бодлогын шинэчлэл хийх цаг болсныг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд анхааруулж, Хүүхдийн хөгжлийн үндэсний стратегитай болох шийдвэрийг гаргалаа.
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, Ерөнхий сайд, тус зөвлөлийн тэргүүн С.Батболд нээж үг хэлэхдээ “Сүүлийн үед “Хүүхэд хамгаалал, хүүхэд төлөвшил, хүүхдийн хөгжил, хүүхдийн иргэншил” гэж их ярьж байгаа ч бодит амьдрал дээр үр дүн мэдрэгдэхгүй, хүүхдүүд хохирсоор байна” гэж анхааруулсан юм. Тиймээс Засгийн газраас шийдвэртэй алхам хийх болно гэж онцоллоо.
Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэл, тэдний эсрэг гэмт хэрэг ихсэх боллоо. Энэ талаар тодорхой, шуурхай арга хэмжээ авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ХЗДХЯ болон холбогдох байгууллагуудад, хүүхдийн тоглоом, сургууль, цэцэрлэгийн орчимд газар олгохгүй байх үүрэг даалгаврыг хотын удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болгов.
Мөн хөдөө орон нутагт хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөгжлийг хангахад ихээхэн анхаарч, хот хөдөөгийн тэгш бус байдлаас үүдэлтэй ялгааг арилгах, гэр бүл төвтэй хүүхдийн хамгааллын цогц бодлого хэрэгжүүлж эхлүүлэх даалгаврыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдэд өгсөн юм.
Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Бид хүүхдэд 1 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр хүүхдийн хөгжил, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд 2 дахин өсөлт бий болгох тийм үр дүнг хүлээж байна” гэлээ.
Түүнчлэн бичиг баримтгүй хүүхдүүдийг энэ онд багтааж бичиг баримттай болгох, эх орны хувь хишгийг тэргүүн ээлжинд олгоход Засгийн газраас анхаарч ажиллаж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын удирдсан Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөлийн хуралд тус зөвлөлийн гишүүд, ажлын албаны ажилтнууд, “Хүүхэд хамгаалал” хөтөлбөрийн ажлын хэсгийнхнээс гадна хүүхэд багачуудын төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлсэн. 
Саяхан хуралдсан “Монголын хүүхдүүд” үндэсний чуулганы шийдвэрийг чуулганы төлөөлөгч хоёр сурагч танилцууллаа.
Тэд бүх телевизийг дохионы хэлний орчуулгатай болгох, ялангуяа хүүхдийн нэвтрүүлгүүдийг. Сургуулиудийг хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан шат, бие засах газартай болгох, төр засгаас хүнд өвчтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлдэг болгох, нөхөн үржихүйн хичээлийг охид, хөвгүүдээр тусад нь явуулах, хүүхдэд зориулсан тусгай суваг бий болгох зэрэг шийдвэрийг уламжилсан юм.
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хурлаар Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх дунд хугацааны стратеги болон 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хурлыг хааж хэлсэн үгэндээ хэлэлцсэн асуудлууд цаасан дээр буух нэг хэрэг,  үр дүн гарах нь чухал гэдгийг онцлоод Хүүхдийн хөгжлийн үндэсний стратеги болон “Монголын хүүхдүүд” чуулганы шийдвэрийг үндэслэн асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.