Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд С.Батболд Гонконгийн хөрөнгийн биржид зочилж илтгэл тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Гонконгийн Хөрөнгийн биржийн дарга Роналд Аркуллитай уулзлаа. Тэрээр Монголын хөрөнгийн биржийг Олон улсын менежментийн багаар удирдуулах, Гонконгийн хөрөнгийн зах зээлд Монголын компаниудын хувьцааг гаргах, уул уурхайн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож худалдаалахад хөрөнгийн биржийг ашиглахыг чухалчилж байгаагаа дурдав.
Гонконгийн Хөрөнгийн биржийн захирал Роналд Аркули хөрөнгө оруулалтын туршлага, үйл ажиллагаагаа танилцуулан Монголын үнэт цаасыг өөрийн биржээр дамжуулан худалдаалах хүсэлтэйгээ илэрхийлж, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх зорилт тавьж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын ажилд амжилт хүслээ.
Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын Засгийн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Гонконгийн хөрөнгийн биржээс хамтран зохион байгуулсан “Гонконгийн хөрөнгийн зах зээлд Монгол Улсын компаниудын гарах гарц” сэдэвт  бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтанд оролцож илтгэл тавилаа. Тэрээр уул уурхайгаа хөгжүүлэхийн тулд хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх шаардлага тулгарч буйг дурдаж улс орныхоо хөрөнгийн зах зээлээ шинэчлэх бодлого явуулах, хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэхээ өгүүлж, олон улсын хөрөнгө оруулагчидтай санал солилцлоо.
Ажлын айлчлалын үр дүнд Гонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах сонирхолтой Монголын компаниудын хувьцааг гаргах, уул уурхайн томоохон төслүүдийг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилтийг хөрөнгийн биржээр дамжуулан олох, хэрэгжүүлэх гэж буй төслүүдээ хөрөнгө оруулагчдад зөв таниулах, Гонконгийн хөрөнгийн биржтэй хамтран хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэрийг бүрдүүлэх, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэнд туслах, хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр болов.
Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Чойжилсүрэн, ГХ-ны дэд сайд Б.Болор болон Монгол банк, Төрийн өмчийн хороо, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгчид, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцов. Гонконгийн талаас хөрөнгийн биржийн удирдлагууд, банк санхүүгийнхэн, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг хуулийн, бүртгэлийн, зөвлөх болон үнэлгээ тогтоодог компаниуд, хөрөнгө оруулагчид ихээхэн ач холбогдол өгч олноороо оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.