Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч мод тарих үндэсний өдөртэй болох саналтай байгаа

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригттой ярилцлаа.

-Ерөнхийлөгч Элбэгдорж уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны чиглэлээр болсон олон улсын хэд хэдэн дээд арга хэмжээнд оролцож, салбар хуралдаан даргалж байсан. Сонгуулийнх нь мөрийн хөтөлбөрийн нэг том зорилт ч байгаль орчинд ээлтэй Ерөнхийлөгч болох тухай байлаа. “Ногоон бодлого”-оо хэрэгжүүлэхийн тулд Төрийн тэргүүн маань юу хийж байна вэ? ‘

Байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн чиглэлээр гадаадад болсон хэд хэдэн арга хэмжээнд оролцож, Монголын дулаарал, усны асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Мальдивт далайн усны түвшин 30 см-ээр нэмэгдсэн юм билээ. Энэ хэвээрээ үргэлжилвэл ойрын хэдэн жилд нэг метрээс доошгүй нэмэгдэж арал усанд автах аж. Түүндээ олон улсын анхаарлыг хандуулахын тулд Засгийн газар нь усан доор, мөн Балбын Засгийн газар Эверэстэд хуралдсан нь олон улсын анхаарал татсан. Монгол Засгийн газрынхаа хуралдааныг говьд хийх бодолтой буйгаа Копенгагенд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийл өгч мэдэгдсэн. Тэр уулзалтын үеэр НҮБ-ын дэргэд Усны байгууллагатай болох санаачилга гаргасан. Дэлхийн орнууд цэвэр усны хомсдолд орох магадлал өнд өр учраас нэгдсэн бодлоготой, түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавьдаг механизмтай болох саналыг Ерөнхийлөгч дэвшүүлсэн. Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа орны тоонд манай улс ордог ч дэлхий нийтийн анхаарал татахгүй байгаа юм. Тэр төвд улсаа оруулахын тулд Төрийн тэргүүн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Х өгжилтэй улсууд Африкийн орнуудад л их анхаарал хандуулж, тусламж дэмжлэг үзүүлдэг. Дэлхийн дулаарал 0.7 хэмээр нэмэгдсэн бол Монголд энэ хэм 2.1-тэй байгаа. Тэгсэн хэрнээ хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд манай улс орж өгөхгүй байгаа юм.

-Уур амьсгалын өөрчлөлтөд өртөмхий улсад ямар тусламж үзүүлж байгаа вэ?

-Дээд хэмжээний уулзалтын үеэр яригдсан нэг чухал зүйл нь хөгжилтэй орнуудын зүгээс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмхий буурай улсуудад хөрөнгийн болоод техникийн тусламж үзүүлэх тухай асуудал байсан. Мөнгө босгочих нь гэдэг. Түүнээ харин яаж зарцуулах, ямар хяналтын доор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх механизмаа тохирч чадахгүй байгаа. 2025 он гэхэд 100 тэрбум доллар босгох боломжтой гэсэн. Энэ мөнгөөрөө хөгжиж байгаа орнуудад цэвэр технологийн тусламж үзүүлэх юм билээ. Тэгж байж хүлэмжийн хийг багасгана. Хөгжингүй орнууд дангаараа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцээд үр дүнгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. НҮБ-ын жижиг арлын орнуудын бүлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулсаны үр дүнд олон улсын анхаарлыг өөртөө татсан. Ирээдүйд хуваарилах мөнгөнөөс хүртэхийн тулд Монгол Улс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байх ёстой гэж Ерөнхийлөгч үзэж байгаа. НҮБ-ын дэргэд усны байгууллагатай болох асуудлаар санал боловсруулах үүргийг Ерөнхийлөгч бидэнд өгсөн. Түүнийг нь Гадаад харилцааны яам дэмжсэн санал ирүүлсэн. НҮБ-ын дэргэд усны том хөтөлбөр байдаг ч тэр нь албан ёсны байгууллага биш юм билээ. Энэ асуудлыг олон улсын төвшинд зохион байгуулахгүй бол уснаас болж зарим оронд дайн гарах хүртэл байдал хурцдаад байгаа. -Засгийн газар хэзээ говьд хуралдаанаа хийх боломжтой вэ? -Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай санал солилцож байна. Швейцарийн хөгжлийн агентлаг Ховдод төсөл хэрэгжүүлдэг. Хуралдаанаа тэнд хийнэ үү гэсэн санал тавьсан.

-Уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж буй буурай орнуудад хөрөнгийн тусламж үзүүлэх нь хэр бодитой зүйл вэ?

-Бодитой гэж үзэж болно. АНУ 10, Япон 15, Европын холбоо 10 тэрбум доллар гаргах бололцоотой гэдгээ мэдэгдсэн. –

-Ерөнхий сайд байхдаа Ерөнхийлөгч “Ногоон хэрэм” төсөл санаачилж байв. Одоо тэр төсөл хэрэгжиж байгаа юу. Түүний санаачлагыг нийтээр дэмжиж байсан ч сүүлийн үед чимээгүй болчихсон…

-Хөтөлбөрийг Ойн газар хэрэгжүүлж байгаа. Жил болгон 300-400 сая төгрөг зарцуулдаг. Түүнийг нь 21 аймагт тараагаад өгчихөөр үр дүн нь сайн харагдаж өгдөггүй. Солонгосчууд “Ногоон хэрэм”-ийг дэмжиж 10 сая долларын төсөл хэрэгжүүлээд гурван жил шахам болж байна.

-Хэрэгжилтэд нь Ерөнхийлөгч санаа тавьдаг уу?

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам хяналт тавьдаг. Миний бодлоор жил бүр төсвөөс 300-400 сая төгрөгийг аймаг бүрт өгч байснаас төвлөрүүлж хэрэгжүүлвэл үр дүнтэй болох байх.

-Мод тарих үндэсний өдөртэй болох тухай Ерөнхийлөгч зарлиг гаргах сураг байсан.

-Зарлигын төсөл бараг бэлэн болсон. Мэргэжлийн байгууллагуудаас санал авч байна. Жил бүрийн тав эсвэл аравдугаар сарын аль нэг бямба гаригийг мод тарих үндэсний өдөр болгох байх. Мод тарих асуудал зөвхөн төр, засаг хэдхэн байгууллагын ажил биш бүх нийтийн хөдөлгөөн болох ёстой гэж Ерөнхийлөгч үздэг.

-Байгаль орчныг сүйдэлж байдаг уул уурхайнхны талаар Төрийн тэргүүн ямар бодолтой байдаг бол…

-Иргэдээс маш их санал гомдол, хүсэлт, шаардлага ирдэг. Иргэдээ ажилтай болгох эдийн засгийн аргаар ажиллах байр суурийг Ерөнхийлөгч баримталж байгаа. Асуудалд хүчээр хандах хувилбар байж таарахгүй гэдэг. Мод тариад түүнээ улсдаа худалддаг Хятадын туршлагыг бид судалж байна. Энэ нь их үр дүнтэй байгаа юм билээ. Хойд Африкийн Алжир, Маракко, Египет, Пакистаны Кашмир муж, Энэтхэгийн хойд хэсгийн нутаг ямаанаас болж л цөлжсөн юм билээ. Хятадад ямааг бэлчээрт оруулахаа одоо болиод хашдаг юм байна. Монголчууд ямаатайгаа цөлд хоцрох уу, байгаль орчноо хамгаалж үлдэх үү гэдгээ шийдэх цаг нь болсон гэж боддог.

-Хөвсгөл далай дахин цаазын тавцанд ирлээ гэж манай сонин сэрэмжлүүлж байгаа. Байгаль орчноо хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээсэн УИХ-ын бүтцийн байгууллагын даргын хүү Хөвсгөлд халтай бизнес хийх гэдэг бололтой. Түүнийгээ л Байнгын хорооны дарга Б.Батбаяр хамгаалж үзээд байдаг шиг байгаа юм. Энэ талаар…

-Ерөнхийлөгч маш сайн мэдээлэлтэй байгаа. Эдийн засгийн хувьд ашигтай мөртлөө байгаль орчинд хортой аливаа төсөл хөтөлбөрийг дэмжихгүй гэдгээ ч хэлсэн. Энэ талаар би хувийн байр сууриа хэлье л дээ. Б и 100 хувь үүний эсрэг бодолтой явдаг. Монгол Улсын хөгжлийн гарц нь уул уурхай гэдэгтэй санал нийлдэггүй. Өндөр боловсролтой монгол хүн л энэ орны хөгжлийн түүчээ нь байх болно гэж үздэг. Уул уурхай хөгжлийн нэг зурвас үе байж мэдэх юм. Уул уурхайн баялаггүй улс хөгжиж л байгаа биз дээ. Сингапур, Япон, Солонгос, Хонконгийг хар. Эдгээр орон хүнээ хөгжүүлсэний дүнд л өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Би мэдэх юм. Сингапурт ус, элс бараг байдаггүй улс шүү дээ. Ийм бүтээгдэхүүнийг импортолдог. Хонконг хэрэглээнийхээ усны 70 хувийг Хятадаас авдаг. Японд эзлэгдсэнийхээ дараахан солонгосчууд модныхоо 90 шахам хувийг ядуурлын улмаас устгасан. Жар, далаад оноос мод тарих үндэсний өдөртэй болсны үр дүнд устгасан модныхоо 80-иад хувийг нөхөн сэргээгээд буй. Н эг үеэ бодвол монголчууд байгаль орчныхоо төлөө тэмцдэг болж. Ерөнхийлөгч ногоон бодлого, Ерөнхий сайд ногоон эдийн засгийн тухай ярьж байгааг олон түмэн дэмжээд байгаа юм. Харин хүмүүсийн амны уншлага болсон уул уурхайн тухай яриаг л больчих хэрэгтэй. Хөвсгөл бол аялал жуулчлалын бүс нутаг. Тийм учраас манай төр, засаг аялал жуулчлалын бодлогод уул уурхайгаас илүү ач холбогдол өгч хөгжүүлэх хэрэгтэй. Эрдэмтдийн судалгаагаар манай орны нийт газар нутгийн 70 орчим хувь нь цөлжих аюулд хүрсэн. НҮБ-аас гаргасан баримт ч үүнийг нотолдог. Байгаа жаахан ой мод, ногоон газартаа уул уурхайн бизнес хийгээд байвал юу болох нь ойлгомжтой. Тэгээд дараа нь яах вэ. Алт, фосфориттой л үлдэх байх. Түүнээ идэж амьдрахгүй шүү дээ, бид.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.