Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Европын агаарын замд үнсэн нурам хүндрэл учруулж байна

ПАРИС. /СИНЬХУА/. Исландын нутагт оргилсон галт уулын үнс нурам агаарт таран Европын нийт нутгийн агаарын замд саад учруулснаас олон зуун нислэг хойшилж, зорчигчдыг нисэх онгоцны буудалд саатуулсаар байна.
Францын Засгийн газар өнгөрсөн бямба гарагаас өнөөдрийг хүртэл Парис болон хойд нутгийн нисэх онгоцны буудлуудынхаа үйл ажиллагааг зогсоожээ. Исландад оргилсон галт уулын үнсэн нурам агаарт хуримтлагдан дэлхийн II дайнаас хойш Европын агаарын замын үйл ажиллагаанд хамгийн томоохон саад учруулж байгаа юм. Францаас гадна Их Британийн нисэх онгоцны үйлчилгээг өчигдөр өглөө хүртэл хойшлуулсан байна. Түүнчлэн Герман, Дани, Итали зэрэг орон нислэгийн хуваарьтаа өөрчлөлт оруулан өнөөдрийг хүртэл нислэгүүдээ цуцалжээ. Европын нислэгийн аюулгүй байдлын байгууллагын “Евроконтрол” мэдээлснээр, галт уулын үнс нурмаас болж Европын нийт нутгаар 16 мянга гаруй нислэгийг хойшлуулжээ. Нисэх онгоц газардах үед болон нислэг үйлдэж байхад хөдөлгүүрт нь үнс орж, хөдөлгүүрийг доголдуулна гэсэн шалтгаанаар нислэгүүдийг цуцалсан байна.
Нислэгийг хойшлуулсан нь ням гарагт болсон Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньски, гэргий Мария Качиньскаг нутаглуулах арга хэмжээнд оролцох зочдын төлөвлөгөөнд мөн нөлөөлжээ. Польшийн төрийн тэргүүнийг нутаглуулах арга хэмжээнд 80 гаруй орны төрийн тэргүүн нар оролцоно гэдгээ мэдэгдэж байсан ч байгалийн гамшгийн улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангела Меркель, Их Британийн хунтайж Чарльз зэрэг өндөр албан тушаалтан уг арга хэмжээнд оролцох боломжгүй болжээ.
Исландын галт уул лхагва гарагаас эхлэн оргилж, агаарт үнс нурмаа цацаж эхэлжээ. Энэ галт уул өнгөрсөн сард гурван долоо хоног оргилсон байна. Тухайн үед одоогийнхоос харьцангуй сул оргилж байжээ.
С.Отгонбаяр

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.