Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.ХҮРЭЛЧУЛУУН: И-баримтын сугалааг болиулсан ч буцаан олголтын хэмжээ өөрчлөгдөхгүй

Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д.Хүрэлчулуунтай Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт болон буцаан олголтын хувь хэмжээг нэмэх, боломжтой, эсэх талаар ярилцлаа.

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд иргэд сэтгэл дундуур байж, аж ахуйн нэгж, айл өрхөд татварын дарамт учруулж, бараа, бүтээгдэхүүний үнийг 10 хувиар өсгөх шалтгаан болсон гэх нь бий. Ер нь и-баримтын сугалаа явуулж эхлүүлсний зорилго, ашиг тус юу байна. Сугалааны хонжворт хэдэн хүнд, хэчнээн төгрөг олгосон бэ?
-Хүмүүс хоёр янзын төлбөрийн баримт авч хэвшсэн. Тодруулбал, нэг баримтаар нь сугалаанд оролцон буцаан олголтын хоёр хувь тооцуулдаг бол нөгөөх нь зөвхөн сугалааны дугаар бүхий баримт юм. Хоёр дахь баримтыг НӨАТ суутган төлөгч биш буюу 50 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдэдээ өгдөг. Татварын албаны тоон мэдээллээс харахад НӨАТ суутган төлөгч болох босго 50 сая төгрөгийн борлуулалтад арай хүрээгүй аж ахуйн нэгжийн тоо маш их байна. Энэ нь бизнес эрхлэгчид НӨАТ төлөгч болох сонирхолгүйг харуулж байгаа хэрэг. Сугалааны дугаартай баримт тогтмол олгосноор борлуулалтын орлогын мэдээлэл нь ил гарч, НӨАТ суутган төлөгч болж хоёр хувийн буцаалттай баримт иргэдэд өгөх үндэс болно. Харин иргэд худалдан авалт бүрээсээ төлбөрийн баримт авч байх нь тухайн бизнес эрхлэгчийн орлогыг үнэн зөв тодорхойлуулах ач холбогдолтой. Өнгөрсөн онд 700 орчим сая баримт хэвлэснээс 87 сая нь сугалааны дугаартай байсан. Хэрвээ сугалаа зохион байгуулаагүй бол эдгээр баримт зүгээр цаас болж, дээр дурдсан 50 саяын борлуулалтад хүрээгүй аж ахуйн нэгжүүдийг НӨАТ суутган төлөгч болох шалгуурт хүргэн, хуулийг тэгш шударга хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэнэ. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 1.01 сая гаруй хүнд 541.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон бол 1.08 сая орчим иргэн, аж ахуйн нэгж НӨАТ-ын сугалааны азтан болж 59.5 тэрбум төгрөг хожсон байна.
-И-баримтын сугалааг цуцлан, 10 хувиа ч тэглэе, эсвэл НӨАТ-ын хэмжээг 3-5 хувьд хүргэе. Ингэснээр татварын орлого одоогийнхоос харьцангуй өснө гэж зарим эдийн засагч ярьж байна. НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах боломж, бодлого бий юү?
-НӨАТ-ын урамшууллын хувь хэмжээг нэмэх, сугалааг болиулах эрх нь хууль тогтоох дээд байгууллагын асуудал. Татварын ерөнхий газрынхан батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавин, НӨАТ-ын урамшууллыг зохион байгуулж буй байгууллага. Иргэд сугалаанд мөнгөө зарцуулахыг болиод буцаан олголтоо нэмэх санал гаргасаар байгаа. 2020 оны НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтод 161 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа бол сугалаанд 16.9 тэрбумыг олгожээ. Хэрэв сугалааг болин, буцаан олголтын хэмжээг өсгөсөн ч энэ нь дөнгөж 0.1 хувиар л нэмэгдэнэ. Тиймээс тэр олон иргэний гарт очих хэмжээнд бараг нөлөө үзүүлэхгүй байх. Дээр дурдсанчлан, НӨАТ суутган төлөгч бус аж ахуйн нэгжүүд сугалаанд оролцох эрхтэй баримт олгохоо больчихвол тэдний орлогыг хянах боломж буурна. Улмаар бизнес эрхлэгч, борлуулагч бүр өөрсдийн хэмжээнд тохирсон татвар төлөх болон суутган төлүүлэх зарчим алдагдана.
-Татварын албанаас нь ийм сугалаа явуулдаг улсууд бий юү. Зарим оронд НӨАТ байдаггүй, ер нь манайх татварын хувь хэмжээ өндөртэй хэмээн шүүмжлэх нь бий.
-Дэлхийн 168 орон НӨАТ, бусад нь худалдааны татвар гэсэн нэрээр эцсийн худалдан авагчид чиглэсэн татварыг ногдуулж, хэрэгжүүлдэг. Өндөр хөгжилтэй Европын Холбооны улсуудад НӨАТ 21, Азид 11.4 хувьтай байгаа бол дунджаар 15.3 хувь хэмээн тооцдог. Манайд эл татвар 10 хувь боловч хоёр хувийг буцаан олгодог нь хувь хэмжээ багатай гэсэн үг. Мөн дотооддоо НӨАТ-аас буцаан олгодог нэг ч орон байхгүй. Зарим улсад тодорхой хугацаагаар аялж, амрахдаа үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нь худалдан авсан гадаадын иргэдэд НӨАТ-ыг нь 100 хувь эргүүлэн олгодог тохиолдол бий. Грек, Португал, Польш, Малта зэрэг улсад НӨАТ-ын ногдуулах хүрээг нэмэх зорилгоор сугалаа зохион байгуулдаг.
-Сугалаа явуулснаар хэн нэгэнд их хэмжээний мөнгө өгөөд байна, эсвэл татварын албаныхан, инженерүүд нь өөрсдөө сугалаанд хождог гэх дам үг байдаг. Ийм боломж бий юү?
-И-баримтын сугалааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн болон Цагдаагийн ерөнхий газрын хяналтад явуулдаг. Иргэдийн дунд үл итгэх байдал их гардагтай холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон төрийн бус байгууллагууд сугалаа зохион байгуулах явцад шалгалт хийсэн. Энэ долоо хоногт нэгдсэн дүгнэлтээ танилцуулна. Сугалаа бол магадлалын онол л юм, хүний оролцоо ер байхгүй. Энгийнээр хэлбэл, машины тусламжтайгаар 1000 баримтын нэгийнх нь гурван орон таарч, азтан болно гэсэн үг.
-Зарим зах, дэлгүүрийн худалдагчид и-баримт өгөхгүйгээр барааны үнийг 10 хувиар хямдруулаад аваарай гэдэг хэвээр. Бизнес эрхэлж буй хүн нэг бүрийг бүртгэлжүүлж, худалдан авалт бүрт и-баримт олгуулах ажил хэдэн хувьтай байна. Цаашид үсчин, гоо сайхан, зочид буудал зэрэг үйлчилгээний төв баримт олгох уу?
-Өнгөрсөн есдүгээр сараас зах, худалдааны төвд лангуу түрээслэгчид, бичил бизнес эрхлэгчдэд зориулан цахим төлбөрийн баримт олгох хялбар шийдлийг танилцуулсан. Одоогоор Улаанбаатарт зах, худалдаа, үйлчилгээний төв 207, орон нутагт 191 байна. Үүнд жижиг, бичил бизнес эрхлэгч 33 000 иргэн ажиллаж буй. Тэд бүгдээрээ QR кодтой болж, иргэдэд цахим төлбөрийн баримт үүсгэн өгөх боломж бүрдүүлсэн. Энэхүү баримтын нэг давуу тал нь үйлчлүүлэгчид өөрсдөө баримтаа үүсгэн авах бөгөөд тухайн бизнес эрхлэгч баталгаажуулах юм. Эл ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо хамгийн чухал.
-НӨАТ-аас төсөвт хэдэн төгрөг төвлөрүүлсэн бэ?
-Хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхлүүлсэн эхний хоёр жилд жил бүр НӨАТ-аас 558 тэрбум гаруй төгрөг төсөвт оруулсан. Харин 2019 онд 1.08, өнгөрсөн жил 1.05 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Нэмж хэлэхэд, татварын орлого өсөн, түүнд НӨАТ-ын эзлэх хувь нэмэгдсээр байгаа нь иргэд худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг 10 хувиар өсгөөд, дарамт учруулаад байгаа хэрэг биш шүү дээ. Татвар төлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэн, бүртгэлийг сайжруулж буй хэрэг юм.
-Коронавирусийн нөлөөгөөр олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тасалдан, хувь хүний орлогын албан татварыг ч хэсэг хугацаанд тэглэсэн. Үүнтэй холбоотойгоор татварын орлого багассан уу. Өнгөрсөн жилийнх 2019 оныхтой харьцуулахад хэдэн хувиар буурав?
-Хувь хүний орлогын албан татварыг (ХХОАТ) зарим салбарыг оролцуулахгүйгээр өнгөрсөн хоёр, гуравдугаар улиралд чөлөөлсөн. Үүнд 500 орчим мянган иргэнийг хамруулж 198.9 тэрбум төгрөгийн татвар чөлөөлжээ. Мөн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан 9368 татвар төлөгч 34 тэрбум гаруй төгрөгийн чөлөөлөлт эдэлсэн. Энэ хэрээр татварын орлого тасарсан гэж болно.
-Сүүлийн үед татварын албанаас хийж, хэрэгжүүлж буй ажлаас сонирхуулаач. Татвар төлөгчдөд ээлтэй орчин бүрдүүлж, цахим систем нэвтрүүлж, иргэдийн цагийг хэмнэн, үйлчилгээний зардлыг бууруулах ажлыг эрчимжүүлнэ гэсэн.
-Энэ оныг “Татварын боловсрол”-ыг дэмжих жил болгон зарлахын зэрэгцээ Хувь хүний орлогын албан татварын хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар ажиллаж байна. Үүний хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд тайлангаа гаргах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг 100 хувь цахимаар авч эхэлсэн. Өмнөх жилүүдэд 10-15 хувьд нь цаасан болон бусад хэлбэрээр баримт бүрдүүлдэг байсныг хялбарчилж төрийн байгууллагуудын ХУР системээс өөрөө автоматаар татан бүрдүүлдэг болсон. Түүнчлэн хуулийн дагуу орлого олсон иргэн бүр татварын тайлан гаргах бөгөөд хувь хүний орлогын татвар төлөлтийн талаар мэдлэг олгох, сурталчилгааны ажлыг түлхүү хийж эхэллээ. Иргэд шагнал, урамшуулал, хадгаламжийн хүүгийн болон хувьцааны ногдол ашиг зэрэг хуульд заасан орлогуудыг олсон л бол татварын тайлангаа заавал гаргаарай гэж уриалж байна.
-Хувь хүний орлогод албан татвар ногдуулах зорилгоор дотоод, гадаадаас мөнгөн шагнал хүртсэн иргэдийн урамшууллаас татвар авдаг. Хэрэв татвар төлөөгүй бол хариуцлага ногдуулж өр үүсгэх үү?
-Өнгөрсөн жилийн татварын тайлан хараахан бүрэн ирээгүй байна. 2019 онд ажил эрхэлдэг, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 300 000 иргэн ХХОАТ төлөхийн зэрэгцээ 90 000 иргэн орлогын албан татвар төлжээ. Гэтэл байнга болон зарим үед орлого олж буй иргэн, бизнес эрхлэгчид эл дүнгээс олон шүү дээ. Тиймээс татварын боловсролыг дээшлүүлж, иргэн бүр зохих татвараа төлж хэвшүүлэх талаар ажил өрнүүлж байгаа юм. Мөн гадаадаас мөнгөн шагнал хүртсэн иргэдийн мэдээллийг бид тухайн улсын татварын байгууллагууд, арилжааны банкаар дамжуулан авдаг учраас нууцлах боломжгүй.
-Эцэст нь лавлахад НӨАТ-аас бүх төрлийн будаа, улаан буудай, ургамлын тос зэргийг чөлөөлсөн. Гэтэл дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд борлуулж буй эдгээр бүтээгдэхүүний үнэд НӨАТ ногдуулсан хэвээр байгаа баримт байна. Зүй нь татвараас чөлөөлсөн бол зохих дүнгээр үнэ нь хямдрах ёстой биз дээ?
-Тийм ээ. НӨАТ-гүй бүтээгдэхүүн борлуулах учиртай. Эл хуулийг 2020 оны гуравдугаар сарын 1-нээс долдугаар сар хүртэл мөрдсөн. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-нөөс ирэх долдугаар сар хүртэл хэрэгжүүлэх юм. Гэхдээ уг татварыг чөлөөлөхөөс өмнө худалдан авсан бараагаа одоо зарж байж болох ч жирийн үеийнхээс 10 хувийн хямд өртгөөр бүтээгдэхүүнээ борлуулах ёстой гэсэн үг. Түүнчлэн импортлогч улсаас тонн тутмыг нь хэдэн төгрөгөөр худалдан авч буйг мэдэх хэрэгтэй болов уу. Хэрэв иргэд татварын хөнгөлөлт эдлээгүй, барааны үнэ буураагүй гэж үзвэл ШӨХТГ-т хандаж болно.

5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

Leave a Reply to Stephan Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 thoughts on “Д.ХҮРЭЛЧУЛУУН: И-баримтын сугалааг болиулсан ч буцаан олголтын хэмжээ өөрчлөгдөхгүй

  • Avatar Anonymous says:

    За болиорой төлсөн татвараа төлснийхөө хэрээр буцааж авмаар байна шүү энэ сугалаа гэж луйвардаад байгаа луйвараа зогсоохыг хүсье.

  • Avatar Anonymous says:

    Khutsvaa ard irged uursdiinhuu mungiig butsaaj avah estoi ta nart luivarduulahgui shuu

  • Avatar Anonymous says:

    10% буцаан олголтоо авъяаа сугалаа бол луйвар

  • Avatar Anonymous says:

    Яагаад.сугалааг зогсоогоод иргэдэд буцаан олголтоо нэмэхгүй өөрсдөө чимээгүй идье гэж үү

  • Avatar иргэд олон түмэн says:

    Чи мэддэг юм уу?тэд өөрсдөө сар бүр хонжвор хүртдэг нь бас зөв үү?

  • Avatar Зочин says:

    Хнн. Давхардсан тоогоор 1 сая гаруй хонжвор хожсон хүмүүсийн дотор багтаж үзээгүй над шиг хүн хэр олон бна. 20к ч үгүй хэдэн жил боллоо. Хожъё гэж нэг их бодоод байх юм алга. Төлж байгаа татварынхаа 50%-ийг авдаг болчихъё.

  • Avatar и баримт says:

    эд нар үнэндээ дээрэлхээд сурчихжээ.хувь нэмэгдэхгүй гэнүү.сугалаа гэх болхоор мөнгө нь болоод ард түмэнд буцаагаал өгөх болхоор хувь нэмэгдэхгүй гэнэ ийм байж болохгүйшдээ шившигүүдээ.

  • Avatar zochi says:

    ene ooroo idehgeed bnuu ain. avahgui yadagiin

  • Avatar zochin says:

    arduudaar toglood l bnuu ovshoo

  • Avatar Зочин says:

    Сугалааг болиод буцаан олголтоо 5 хувь болгох бүрэн боломжтой шүү
    Яагаад буцаан олголт нэмэхгүй гээд бна Бага хуцаарай гөлөг минь

  • Avatar Anonymous says:

    За ажилтан нь ёндоотой,дарга нарын авгай нар ёндоотой,ард иргэд бол азгүй .их доромжилж байгаа юм шүү .Төлсөн татвараа бүрэн авъя л гэж байна,төрөөс мөнгө гуйсангүй .НӨАТ бол татвараас бултагчдыг ард иргэдийн оролцоотой илрүүлж байгаа хэрэг ,тус болоод хохироохгүй байна

  • Avatar 45 says:

    Энэ нэг луйварчин одоо юу вэ

  • Avatar Irgen says:

    Huvi nemegdehgui gj yu yriad bgaan.10 huvia avii.

  • Avatar Stephan says:

    Hi everyone, it’s my first pay a quick visit at this site, and article is in fact fruitful in support of me, keep
    up posting such articles.