Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Сүнжид: Нэгдмэл удирдлагатай байх нь гамшгийн нөхцөл байдлын үед хамгийн чухал

“Ковид-19” цар тахлын үед манай улсад хүний эрхийг дээд зэргээр зөрчиж буй. Төр засгийн удирдлага хийгээд төрийн албан хаагчид ковидтой холбоотойгоор ажил үүрэг хэрэгжүүлэхдээ хүний эрх зөрчсөн тохиолдол бишгүй гарсан. Дөнгөж амаржсан эхийг идэр есийн хүйтэнд нүцгэн шахуу тээвэрлэснээс авхуулаад халдвартай байж болзошгүй иргэнийг эрвээхийний тороор “барьж” хэдэн цаг гудамжинд зогсоон, зарим иргэний үүд хаалганд “Энэ айлд халдвартай иргэн бий” гэж бичсэн бичиг цаас наасан. Олон нийт ч коронавирус туссан гэх иргэдийг ялгаварлан гадуурхаж, нүд үзүүрлэх болов. Үүний нэг жишээ нь Цагаан сарын битүүний урд өдөр Таваншар чиглэлийн автобусанд халдвартай байж болзошгүй иргэн суусны улмаас зорчигчдыг тэнд нь тусгаарласан. Гэтэл зорчигчид халдвартай байж болзошгүй гэх иргэнийг элдвээр хэлж, дайрч, доромжлон, бүр зодох гэж тал талаас нь дайрсан гэх. Улмаар сэтгэл санааны дарамтад орж, айж сандарсан иргэн буланд сөхөрч суугаад дагжтал чичирч уйлсан гэдэг. Тухайн иргэнийг шинжилгээний хариу сөрөг гарсан билээ. ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидээс “Ковид-19” цар тахлын үед  хүний эрх хэрхэн зөрчигдөж буй талаар тодрууллаа.

-Сар шинийн өмнөхөн нийтийн тээврээ үйлчлүүлсэн коронавирустэй байж болзошгүй гэх иргэнийг зорчигчид ад үзэж, гадуурхсан байсан. ХӨСҮТ-ийнхөн ч зүй бус харилцсан гэх. Энэ хүний эрхийг зөрчил мөн үү?

-Шинжилгээний хариунаас болж автобусанд болсон үйл явдлыг харахад хүний эрхийг хязгаарлахдаа хамгийн бага хязгаарлаж тохирсон хариу арга хэмжээ шуурхай аваагүй нь харагдаж байна. ХӨСҮТ болон холбогдох байгууллага хариу арга хэмжээгээ хурдан авсангүй, тодорхой зааварчилгаа өгсөн эсэх нь эргэлзээтэй. Хамт зорчсон иргэдэд нэг талаас бусдын нэр төр, эрхийг хүндэтгэх хуулийн үүрэг бий, нөгөө талаас хүнийг хүн болгодог  үндсэн шинж ёс суртахуун гэж бас ярих учиртай байх. Өнөөдрийн нөхцөл байдалд та бидний хэн ч короновирусийн халдвар авч магадгүй эрсдэлтэй нөхцөлд ажиллаж амьдарч буй. Хавдар, халдвар, ямар ч өвчнийг хүн өөрөө хүсэж тусдаггүй тул ХЭҮК-оос ахин дахин уриалга гаргасаар байна.

-Монголчууд цар тахлыг даван туулахаар дор бүрнээ хичээж байна. Гэхдээ цар тахлаас үүдэлтэйгээр шат шатандаа, бүр төр, засаг нь иргэдийнхээ эрхийг зөрчөөд байх шиг.

-Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хуулиараа ямар нэг шинжээр шууд ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохыг хориглодог.  Короновирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.3-т “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байна” гэж заасан. Халдвартай хүн гэм буруугүй, бидний нэг. Халдварыг илрүүлэх, хязгаарлах, анагаах үйл ажиллагаа нь өвчтөн, түүний гэр бүлийг энэрэх, хамгаалах, туслахад чиглэх ёстой. Өвчтөн, түүний гэр бүл, нийгэмд айдас түгшүүр, үзэл ядалт бий болгох сөрөг үр дагавартай албадлагын арга хэмжээг таслан зогсооё. Цар тахлыг нийтийн хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, итгэлцлээр даван туулна. Хүнийг хүндэтгэх нь итгэлцэл, хамтын ажиллагааны үндэс юм. Хүн бүр дахин давтагдашгүй, үнэ цэнтэй.

-Хатуу хөл хорионы өдрүүдэд төрийн албан хаагч эргүүлд гарч буй. Хотын дарга эмэгтэйчүүдийг эргүүлд гаргахгүй гэсэн ч хотын зарим агентлаг үүнийг үл хэрэгсэж эмэгтэйчүүдийг эргүүлд гаргасан байсан. Үүнд хариулт өгч болох уу?

-Гамшгаас хамгаалах тухай хуулийн 24.2-оор Монгол Улсын харьяат, хөдөлмөрийн чадвартай, 18-60 хүртэлх насны эрэгтэй, 18-55 хүртэлх насны эмэгтэй иргэнээр гамшгийн үед дайчлах боломжтой. Гэхдээ цэргийн жинхэнэ алба хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сургуульд элсэхийн өмнөх насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэй, өрх толгойлсон эх, эцэг гээд дайчилж болохгүй хүмүүс бий. Хоёрдугаар сарын 11-ний өдөр төрийн албан хаагчдыг эргүүлд гаргаснаас хойш суурь өвчтэй, бага насны хүүхэдтэй, гэр бүл хоёул төрийн албан хаагч дайчлагдах, жирэмсэн зэрэг ялгалгүй гаргалаа гэдэг гомдол, мэдээлэл, шүүмж гарсан. Энэ санал гомдолд үндэслээд хоёрдугаар сарын 12-ноос эмэгтэй албан хаагчдыг эргүүлд гаргахгүй байхаар УОК шийдсэн. Цар тахлын үед шуурхай зохион байгуулалт хийхийг шаарддаг, олон талын хүчин зүйлсээ аль болох тооцох хэрэгтэй. Жишээ нь, албан хаагчдын бүртгэл, өвлийн цагт зогсох эргүүл хийх цагийн лимит, 00, хоол зэрэг зүйлийг тооцох ёстой. Гамшгаас хамгаалах тухай хуулиараа гамшгийн үед УОК удирдахаар заасан, энэ дагуу гарсан шийдвэрийг бусад байгууллага дагаж мөрдөх учиртай. Нэгдмэл удирдлагатай байх нь гамшгийн нөхцөл байдлын үед хамгийн чухал байдаг. Нөгөө талаар олон хүчин зүйлсийг тооцож шийдвэр гаргах чухал, зайлшгүй. Тэгж байж шийдвэрийн хэрэгжилт үр дүнтэй байж чадна гэдгийг хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулсан цар тахлын үе дэх шийдвэр гаргах ажиллагаа ба хүний эрх сэдвээр ярьсан. Байнга л сануулахыг хичээж байна. Эцэстээ гаргасан шийдвэр хэний сайн сайхны төлөө, юунд чиглэж байгаа вэ гэдгийг мартахгүй байх нь чухал.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.