Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Оюунсүрэн: Сэтгэл санаа өөдрөг, тогтвортой байснаар дархлаа сайжирч, сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалж чадна

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн ахлах багш, сэтгэцийн тэргүүлэх зэргийн эмч, сэтгэл засалч, доктор Д.Оюунсүрэнтэй “КОВИД-19” цар тахлын үеийн стрессийг хэрхэн даван туулах талаар ярилцлаа.

-Дэлхий нийтээрээ сүрдэж буй цар тахал Монголд ч гэсэн голомтлон халдварлачихлаа. Манайхан дээр, дооргүй л сандарч айж байна. Мэргэжлийн сэтгэлзүйчийн хувьд та юу хэлэх вэ?

-Монгол улсын “Гамшгаас хамгаалах хууль”-д зааснаар “Нэгэн зэрэг олон хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй аюултай, хувь хүний үнэт зүйлсийг сүйрүүлэн хүнд гарз хохирол учруулах нөлөөтэй, цаг бусын, гэнэтийн сүйрүүлэх хүчтэй стрессийг ГАМШИГ” гэж үздэг. Өөрөөр хэлбэл, гэнэтийн урьдчилан тааварлах боломж хомс олон хүний эрүүл мэнд аюулгүй байдалд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг нөхцөл байдлуудыг гамшигтай зүйрлэж ойлгож болно. Гамшгийн олон төрөл байдгийн нэг нь халдварт өвчний цар тахал хэлбэрийн дэгдэлт юм. “Ковид-19” цар тахал нь хүмүүсийн сэтгэлзүй, сэтгэцийн эрүүл мэндэд хүчтэй нөлөөлж сэтгэлийг гэмтээж байгааг олон улсын судлаач эрдэмтдийн судлан тогтоогоод байна.

-Энэ үед бид сэтгэл зүйгээ хэрхэн тайван байлгах вэ. Хямралыг хэрхэн даван туулахын тулд юу хийх вэ?

-Нэн тэргүүнд коронавирусийн халдвар авсан юм уу, халдварт өртөх вий хэмээн санаа зовж байгаа бол албан ёсны баталгаатай эх сурвалжийн мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. “Ковид-19”-ийг дур мэдэж эмчлэх гэж оролдохоос урьтаж эрүүл мэндийн ажилтан, эмчид заавал хандмаар байна. Мөн сэтгэл хөдлөлөө хянаж, аль болох тайван хүлээцтэй байхыг хичээгээрэй. Хий хоосон тэвдэж сандрахаас аль болох зайлсхийж, сэтгэл хөдлөлөө эерэг, өөдрөг байлгахыг хичээх нь өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад тустай. Хэрвээ бухимдаж, таагүй бодол төрж, зовуур шаналгааг мэдэрч байгаа бол та итгэж болох хэн нэгэнтэй ярьж, бодол санаа, мэдрэмжээ хуваалцах дээр. Бидний сэтгэл санаа өөдрөг, тогтвортой байснаар дархлаа маань сайжирч, биеэ эрүүлжүүлэх, элдэв халдвар сөрөг нөлөөллөөс хамгаалах чадвар маань нэмэгддэг.

-Тусгаарлагдсан иргэдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Олон улс орны судлаачдын судлан тогтоосноор уг халдварын улмаас эмчлүүлсэн, тусгаарлагдсан тохиолдлууд төдийгүй тэдэнд тусламж үзүүлсэн эрүүл мэндийн ажилтнууд сэтгэлзүйн дарамтад ордог. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн ажилтнууд болон иргэд хөл хорионд олон хоногоор ороход сэтгэл зүйн дарамт үүсдэг. Тухайлбал, хөл хорионд удаан хугацаагаар байгаа хэн бүхэнд стресс, түгшүүр, айдас, нойргүйдэл, будилуу болох гэх зэрэг шинжүүд илэрч байна. Үүнээс гадна нийгмээс ялгаварлан гадуурхагдах байдал тохиолдож байгааг судлаачид онцгойлж анхааруулсан хэвээр байна. Ямар ч гамшгийн үед санаа зовинох, түгших, айн сандрах эсвэл бухимдах, уур хүрэх зэргээр сэтгэл санааны тогтвортой байдал алдагдах нь хэвийн илрэл. Аль ч нас, хүйсийн эрүүл саруул, эсвэл өвчин эмгэгтэй хэнд ч гэсэн энэхүү шинэ өвчин эмгэгийн үед юу ч тохиолдож болзошгүй. Гэхдээ тусгаарлалт, хөл хорионы арга хэмжээ нь халдварын тархалтаас сэргийлэх, хязгаарлахад чухал ач холбогдолтой учраас дээр дурдсан сэтгэл санааны хямралын шинж тэмдгүүд илэрч байгаад хүлээцтэй хандаж, бие биендээ сэтгэлийн дэм өгөөрэй. Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллага, эмч мэргэжилтнүүдэд хандах, тухайлбал 1800-0119, 1800-2000 гэх мэт утсанд хандаж тусламж хүсэж болно.

-Халдварт өвчний дэгдэлтийн үеийн хямралын ямар шинж тэмдгүүд зонхилон илэрч болох вэ?

-Өөрийн болон дотнын хүмүүсийн эрүүл мэнд, санхүүгийн байдал, ажил төрөл, ахуй амьжиргаандаа санаа зовж эхэлдэг. Цаашлаад өдөр тутмын энгийн амьдралын хэмнэл алдагдан, амьжиргаагаа хэрхэн залгуулах вэ гэсэн  зовнил нь халдварт өртөхөөс илүү санааг зовоож эхэлнэ. Ажил албаны итгэл хүлээлгэсэн хүмүүсийн урмыг хугалахаас айж, санаа зовиноно. Ийм үед нойр, хоолны дэглэм, хэмнэл өөрчлөгдөх, унтах эсвэл анхаарал төвлөрөхөд хэцүү болно. Болсон, болоогүй олон зүйлд хэт санаа зовж, голдуу таагүй муу бодол бодогдох нь элбэг. Үүний улмаас муу бодлоо мартах, сэтгэл түгшилтээ намжаах гэж тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэмээр санагддаг.

-Та түрүүнд мэдээллийн хөтөлбөр бага үз гэсэн. Мэдээлэлгүй байх нь илүү аюултай биш үү?

-Одоогийн нөхцөлд иргэд хэт олон мэдээллийн эх сурвалжаас үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг ямар ч шүүлтүүргүй сонсож, алинд нь итгэхээ мэдэхгүй төөрөлдөж, сэтгэл санаагаа улам хямрааж байна. Одоогийнх шиг олныг хамарсан цар тахлын үед цуурхал, хуурамч мэдээлэлд итгэн сэтгэлийн хийрхэлд автах нь бие сэтгэлийн дархлааг бууруулах эрсдэлтэй. Мөн хэт зовнил, нотолгоогүй, эх сурвалж тодорхой бус элдэв мэдээлэл нь тархи мэдрэлийг ядраан сульдаадаг. Түүнчлэн халдвартай байж болзошгүй тохиолдлууд болон халдвараар өвчилсөн хүмүүсийн талаар үнэн худал нь тодорхойгүй мэдээлэлд хэт сэтгэл хөдлөлөөр хандан бусдын талаар элдэв зохисгүй үг хэллэг, үйлдэл гаргах нь ялгаварлан гадуурхалт үүсгэх нөхцөлийг бүрдүүлж хүний эрхийг ноцтой зөрчил гаргаж байна. Ялгаварлан гадуурхалтын ямар ч хэлбэр хүний сэтгэлзүй, сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой сөргөөр нөлөөлдөг, сэтгэлийг гэмтээдэг. Тиймээс эх сурвалж тодорхой бус, буруу ташаа, хуурамч мэдээллээс ангид байж, албан ёсны баталгаатай эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авахыг эрмэлзэх хэрэгтэй. Сэтгэлийн тогтвортой байдлаа хадгалахын тулд нийгмийн цахим сүлжээнд зарцуулах цаг заваа хязгаарлах нь чухал. Тогтмол цагт унтаж, нойроо хангалттай авах нь тархийг амраан, эрүүлээр сэтгэж эерэг хандлага төрүүлдэг.

 -Мэргэжлийн байгууллагаас хүн хоорондын зай барь, гэртээ бай хэмээн зөвлөж буй. Энэ нь хэр үр ашигтай вэ?

-“Ковид-19” 19 цар тахлын үед уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг болох нийгмээс зай барих, тусгаарлагдах, гэртээ байх зэрэг нь хүмүүсийг халдвараас сэргийлэхэд тустай. Гэхдээ эдгээр нь эргээд хүмүүсийг ганцаардуулж, стресс, сэтгэлийн түгшүүрийг нэмэгдүүлж байна. Ялангуяа сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн өвчин эмгэгийг сэдрээн, шинж тэмдгийг улам даамжруулахад хүргэдэг. Гэсэн хэдий ч эдгээр арга хэмжээ нь халдварын тархалтыг багасгахад зайлшгүй шаардлагатай юм.

-Цар тахлыг олон улсад гамшиг гэж нэрлэдэг гэлээ. Тэгвэл гамшигт ямар хүмүүс хамгийн түрүүнд өртдөг вэ?

-Сэтгэлийн хямралтай, аливаа мэдээллийг түгшиж хүлээж авдаг хүмүүс илүү хурдан өртөх магадлалтай. Сэтгэл гутрах, солиорох эмгэг нь хүний ​​бодол санаа, мэдрэмж, сэтгэл хөдлөл, зан авир, бусадтай харьцах, ажиллах болон  өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлдөг. Эдгээр эмгэг нь богино хугацааны эсвэл удаан хугацааны архаг өвчин ч байж болно. Урьд өмнө үүссэн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, эмгэгтэй хүмүүс эмчилгээгээ үргэлжлүүлж, шинээр илэрч байгаа эсвэл улам бүр дордож буй шинж тэмдгүүдээ анхаарах хэрэгтэй. Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрсэн гэж бодож байвал эмчид хандаарай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.