Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Оюунбаяр: Зорчих эрхийг хязгаарлаж, цахим бугуйвч зүүсэн 10 ялтанд хяналт тавьж байна

Засгийн газрын хуралдаанаар хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүст цахимаар хяналт тавих, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, гэр бүлтэй нь хамт байлгаж, нийгэмшүүлэх тогтоол баталсан. Үүний дагуу 2021 оны нэгдүгээр сараас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд цахим бугуйвч зүүх шийтгэл ногдуулахаар болсон. Зорчих эрхийг хязгаарлах ял авч, цахим бугуйвч зүүсэн этгээд оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, зөвхөн тогтоосон чиглэлээр зорчихоос бусад газарт зорчихийг хориглох хэлбэрээр хэрэгжүүлнэ. Уг тогтоолын хэрэгжилтийн талаар ШШГЕГ-ын Цахим хяналт, удирдлагын төвийн дарга, хошууч Д.Оюунбаяраас тодрууллаа.

-Тогтоол хэрэгжиж эхэлснээр хэчнээн хүн цахим бугуйвч зүүсэн бэ?

-Улсын хэмжээнд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн буюу цахим бугуйвчтай ялтан Говь-Алтайд хоёр, Орхонд гурав, Баянхонгорт нэг, Завханд нэг, Хэнтийд нэг, Төв аймагт нэг, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт хоёр, Чингэлтэй дүүрэгт нэг бий. Нийт 12 ялтан хяналтад байснаас Төв аймгийн нэг ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаа дууссан. Мөн нэг хүн цахим гаваа эвдсэн тул түүнд биеэр эдлэх ял оноосон. Зорчих эрхийг хязгаарлах ял авч, цахим бугуйвч зүүсэн эхний хүнийг 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Цахим хяналт, удирдлагын төвийн Цахим бүртгэл, хяналтын системд бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн буюу цахим бугуйвчтай 10 ялтанд Цахим хяналт, удирдлагын төвийн хяналт тавьж байна.

-Голчлон ямар зүйл ангиар шийтгүүлсэн хүмүүст энэ төрлийн ялыг оноодог вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хоёр хүнд цахим бугуйвч зүүлгэсэн. Мөн хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гурав, зам тээврийн осол гаргасан хоёр, байгалийн ургамал хууль бусаар бэлтгэсэн хоёр, залилангийн гэмт хэрэг үйлдсэн нэг хүнд цахим бугуйвч хэрэглэсэн. Голчлон гэр бүлийн хүчирхийлэл болон хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, зам тээврийн аюулгүй байдлын дүрэм зөрчсөн тохиолдлуудад шүүхээс Зорчих эрхийг хязгаарлах ялж,  ногдуулж, цахим бугуйвч зүүдэг.  

-Цахим бугуйвч зүүгээд маршрут зөрчсөн тохиолдол байна уу. Сөрөг болон сайн тал нь юу юм?

-Цахим бугуйвч зүүсэн, хяналтад байгаа ялтнуудаас өнөөдрийн байдлаар шүүхээс тогтоосон хязгаарлалаас гарсан, маршрут зөрчсөн хуульд заасан зөрчил гаргаагүй, хэвийн байна. Энэ төрлийн ял шийтгүүлсэн ялтан гэр бүл хамт олныхоо дунд байж, нийгмээс тусгаарлагдахгүйгээр албан үүргээ гүйцэтгэж ялаа эдлэх боломжтойгоороо давуу талтай.

ргэн цахим бугуйвчаа биеэсээ салгахаар оролдсон тохиолдол гарсан уу. Эвдэлсэн бол хэдэн төгрөг төлөх вэ?

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өсвөр насны 17 настай ялтан есөн сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, Цахим хяналт, удирдлагын төвийн хяналтын системд хяналтад байх хугацаандаа цахим бугуйвчийг гараасаа салгаж, эвдсэн тул хуульд заасны дагуу эдлээгүй үлдсэн ялыг биечлэн эдлүүлэхээр болсон. Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд ашиглагдах гарын цахим бугуйвч, тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэж, гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ. Цахим бугуйвчийн төлбөр  ойролцоогоор 750 000-1 000 000 төгрөг байдаг.

Ташрамд дурдахад, цахим бугуйвч зүүлгэх ялыг Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, залилах, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших, эд хөрөнгө устгах, гэмтээх, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, хууль бусаар мод бэлтгэх, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэх мэт хөнгөн гэмт хэргийг үйлдсэн хүнд  сонголттойгоор оногдуулах бөгөөд “хүн амь, хүч хэрэглэж дээрэм хийх, хүчиндэх” гэх мэт хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдэд хэрэглэхгүй.

Цахим бугуйвчийг анх Америкийн Нэгдсэн Улсад 1983 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд Европ тивд Англи улс 1989 онд анх нэвтрүүлж, түүнээс хойш Швед, Голланд, Франц, Бельги 1994-1998 онуудад, Канад 1987, Австри 1997, Швейцарь 1999, Герман 2000, Португал 2002, Итали 2003, Израиль 2005 Эстон, Оросын Холбооны Улс 2009, Ази тивд Бүгд Найрамдах Солонгос, Турк, Сингапур 2007 оноос тус тус хэрэглэх болсон. Энэхүү ялыг дэлхийн 40 гаруй оронд хэрэглэдэг бөгөөд Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Швейцар, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн долоон төрлийн цахим бугуйвчийг судалж  амжилттай туршаад байна. Цахим бугуйвч нь хүний биед харшил өгөхгүй, хүний гар болон хөлөнд зүүхээр тохируулсан, хөнгөн жинтэй, ус, доргио, шорооны хамгаалалттай, халуун хүйтэнд тэсвэртэй, таслах, тайлах, оролдох үед анхааруулга өгөх бөгөөд зөрчил гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу хорих ялаар солино.  

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Д.Оюунбаяр: Зорчих эрхийг хязгаарлаж, цахим бугуйвч зүүсэн 10 ялтанд хяналт тавьж байна

  • Avatar Зочин says:

    Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг яагаад эргээд гэр бүлтэй нь байлгаж байгааг ойлгохгүй юм эргээд бугуйвч зүүсэн хэргээ үргэлжлүүлэх боломжийг нь олгож байгаа юм уу. Уг нь энэ бугуйвч зүүсэн этгээд ганцаараа тусдаа байх нөхцлөө хангасан тохиолдолд л гэрийн хорионд орж зорчих эрхээ хязгаарлуулдаг ш дээ.