Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.БААСАНСҮРЭН: Зудад нэрвэгдсэн малчдад 50 хувийн хөнгөлөлттэй тэжээл олгуулахаар саналаа хүргүүлсэн

Өнгөрсөн өвөл олон аймагт зуд нүүрлэж, хүн, мал туйлдаж байна. Амьжиргаа болсон хэдэн малынхаа цөөнгүйг шуурганд уруудуулсан малчид хахир хаврыг хэрхэн давахаа мэдэхгүй байгаа аж. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, 4-6 сар хүртэл нийт нутгийн тэн хагаст хүйтэн, хүчтэй салхи, шуургатай байх тул тэр хэрээр хаваржилт хүндрэх төлөвтэй. Тиймээс Шадар сайдын 2021 оны 19 дүгээр тушаалаар байгуулсан, УОК-ын Шуурхай бүлгийн ажлын хэсгийнхэн өвөлжилт хүндэрсэн аймаг, орон нутгийн зудын нөхцөл байдал, хохирлыг үнэлэхээр газар дээр нь ажиллаад иржээ. Үүний дүнд зудад нэрвэгдсэн малчид хаврын тарчиг цагийг хэрхэн даван туулах арга эрэлхийлж, төлөвлөгөө боловсруулсан байна. Тус ажлын хэсгийг ахалсан, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнтэй ярилцлаа.

-Шуурхай бүлгийнхэн өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаад иржээ. Нөхцөл байдал газар дээрээ ямар байна вэ?
-Шадар сайдын 19 дүгээр тушаалын удирдамжийн дагуу ХХААХҮЯ, ЭМЯ, ЗТХЯ, ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, холбогдох бусад албаныхнаас бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн сард орон нутагт ажиллалаа. Төв аймгаас эхлэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган аймгаар тойрон, өвөлжилт хүндэрсэн сумуудаар орж 4800 гаруй км зам туулаад ирсэн. Очсон аймаг бүртээ Онцгой комиссынхныг хуралдуулж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, бэлтгэлтэй нь танилцан, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө. Өнгөрсөн зун говийн аймгуудаар зуншлага маш муу, гантай байсан учраас эдгээр бүс нутагт өвөлжилт хүндэрчээ. 2020 оны аравдугаар сард ОБЕГ-ын ажлын хэсэг зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд ч тийм дүр зураг ажиглагдсан. Ялангуяа өнгөрсөн арванхоёрдугаар сард агаарын температур -30 градусаас буурахгүй, ихэнх нутгаар энэ нь 10-30 гаруй хоног үргэлжилсэн тул хөрсөнд цочир хүйтэрч, цас ихтэй байж. Үүний улмаас зуд болж 677 мянга орчим мал хорогдсоны ихэнх нь бог. Улсын хэмжээнд нийт 67 сая мал өвөлжсөн. Зудаар хорогдсон малын 50 гаруй хувь нь буюу 350 мянга орчим нь зөвхөн Баянхонгор аймгийнх байна. Тус аймгийн урд сумуудаар өдгөө хаваржилт маш хүндэрсэн. Мөн өвөрхангайчууд зудаар 60 гаруй мянга, Говь-Алтай, Дундговь зэрэг аймгийнхан тус бүр 30 гаруй мянган малаа алджээ. Өнгөрсөн өвөл 21 мянган малчин өрх аймаг дундын болон тусгай хамгаалалттай, хилийн бүс орчмын аль болох өвсний сөлтэй, газрын шимтэй нутгуудаар 11 сая орчим малаа оторлуулжээ. Гэсэн ч отрын бүс нутгуудаар малын хорогдол ихтэй, сэг зэм бишгүй таарлаа.
-Зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд төр, засгаас болон бусад холбогдох байгууллагынхан хэрхэн дэмжиж, туслах вэ?
-Ажлын хэсгийн бүрэлдэхүүн зудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад холбогдох үнэлгээ, дүгнэлт хийн, зөвлөмж, төлөвлөгөө боловсруулснаа шат шатны байгууллагуудад уламжилсан. Эхлээд бид НҮБ-ын хүмүүнлэгийн багийнхныг хуралдуулж, гамшигт нэрвэгдсэн малчдад хэрхэн туслах талаар санал солилцсон. Тус багийн бүрэлдэхүүнд НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, Улаан загалмай нийгэмлэг, “Дэлхийн зөн” зэрэг олон улсын хандивлагч байгууллагын төлөөлөл багтдаг. Хуралд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч ч оролцсон. Тэд өдгөө Дундговь аймагт болсон байгалийн гамшигт өртсөн айл өрх болон зудад нэрвэгдсэн малчдад тусламж үзүүлж байна. Өмнө нь ч эдгээр байгууллага өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тухайлбал, 300 мянган төгрөгийн өвс, тэжээл, эрүүл мэнд, хүнсний бүтээгдэхүүн, ариун цэврийн багц тусламж үзүүлсэн. Мөн 400 гаруй өрхөд 380 мянган төгрөгийн дэмжлэг өгсөн юм билээ. Цас, зудтай үед малчдад өвс, тэжээл авахад нь бэлэн мөнгөний дэмжлэг маш хэрэгтэй. Малчид хэдийгээр өнгөрсөн намар онд орохооргүй малаа нядалж, эдийн засгийн эргэлтэд оруулсан ч махны үнэ хямд байсан болохоор бэлэн мөнгө төдийлөн хуримтлуулж чадаагүйгээ хэлсэн. Тиймээс зудад нэрвэгдсэн малчдад улсын нөөцөд байгаа өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох тогтоол гаргуулахаар Засгийн газарт хүсэлтээ өгсөн. 2.7 тэрбум төгрөгийн өвс, тэжээлийг ийм нөхцөлтэйгөөр малчдад нийлүүлэхээр төлөвлөж байна.
-Өнгөрсөн өвөл өвс, тэжээлийн үнэ 2-3 дахин нэмэгдэж, аймгууд нөөцгүй болсон гэсэн. Энэ нь хадлан, бэлчээр муу байсантай холбоотой юу, эсвэл өөр шалтгаан бий юү?
-Өвс, тэжээлийн үнэ огцом нэмэгдсэн. Нэг шуудай тэжээл 26 мянга, боодол өвс 15-16 мянган төгрөгт хүрлээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн дүн. Ихэнх нутгаар зуншлага тааруу байснаас малчдад хадлангийн талбай төдийлөн хүрэлцээгүй. Аймгууд аюулгүйн нөөцөө бүрдүүлэхээр нэг шуудай тэжээлийг дунджаар 11 мянган төгрөгөөр худалдан авах тендер зарлахад компаниуд оролцоогүй юм билээ. Өвөлжилт хүндрэх сургаар хувийн компаниуд өвс, тэжээлээ нөөцлөн, нөхцөл байдал хэцүүдсэн үед гаргаж ирэн, өндөр үнээр борлуулсан. Тэд зах зээлийн зарчмаараа ажиллаж байгаа тул буруутгах аргагүй. Үнэ ханшийг нь ч төрөөс тогтоох боломжгүй учраас хэцүү. Тиймээс зудтай аймаг, орон нутгийн малчдад төр, засгаас дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай.
-Малчдыг зунжин энд тэндхийн наадам хэсээд өвс, тэжээлээ нөөцөлдөггүй гэж олон нийт шүүмжилдэг. Энэ удаа тэдний өөрсдийнх нь хариуцлагатай холбоотой зөрчил, дутагдал ажиглагдсан уу?
-Нэг ч малчин малаа онд оруулахгүй, зудад тавиад туучихъя гэж бодохгүй нь ойлгомжтой. Би үүнтэй төдийлөн санал нийлдэггүй. Өнгөрсөн намар малчид чадлынхаа хэрээр өвс, тэжээл нөөцөлсөн ч байгалийн болзошгүй хүчин зүйлийн өмнө хүн, малгүй л туйлдана шүү дээ. Гэхдээ малчдад анхаарах зүйл бас бий. Учир юу гэвэл, малчид малаа тарга тэвээрэг авсных нь дараа нядална гэж хүлээсээр намартай золгочихдог. Тэр үеэр бүгд тохиролцчихсон юм шиг зах зээлд махыг их хэмжээгээр нийлүүлж, үнийг нь унагадгаа болих хэрэгтэй. Тэгэхийн оронд зунаас эхлэн малаа бага багаар борлуулж, өвс, тэжээлээ ч тэр хэрээр нөөцөлж болмоор. Өнгөрсөн намар зуд болох эрсдэлтэй аймгуудад хээрийн бой хүртэл ажиллуулсан. Гэсэн ч малчид орлого төдийлөн хуримтлуулж чадаагүй нь махны үнэ хямд байсантай холбоотой.
-Улсын хэмжээнд бэлчээрийн даац 4-5 дахин хэтэрсэн гэх судалгаа бий. Малчид отор, нүүдэл хийхдээ дунджаар хэчнээн км зам туулж байна вэ?
-Ер нь малчид маш хүнд хэцүүг туулж, хэдэн малаа онд оруулж байна. Монгол орны нийт нутагт бэлчээрийн даац дунджаар 4-5 дахин хэтэрсэн, зарим бүсэд энэ нь 5-7, бүр 10 дахин нэмэгдсэн нь ч бий. Говийн бүс нутгуудад малаа бэлчээрлүүлэх газар ч олдохоо больсон. Тиймээс малчид 3-4 аймаг дамнан, 500-700 км зам туулан оторлодог болж. Ингэхдээ эхнэр, хүүхдүүдээ орхиод 2-3 сараар машиндаа хонон өнжин л амьдарч байна шүү дээ. Гэхдээ ирэх долдугаар сарын 1-нээс Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр малчид эрсдэлийн сан байгуулж, түүгээрээ бэлчээрээ хамгаалахад зарцуулна хэмээн ам сайтай байгаа.
-Малчид малаа даатгалд хамруулах нь нэмэгдсэн гэсэн. Тэгэхээр зудад хорогдсон малынхаа тоогоор нөхөн олговор авна гэсэн үг биз дээ.
-Сангийн яамны харьяа “Үндэсний давхар даатгал” ТӨХК малчны зээлд хамрагдсан өрхийг даатгалд хамруулдаг юм билээ. Энэ нь маш зөв ажил. Малчид ч үүнд ам сайтай байгаа. Гэхдээ Доржийн 200 бог мал зудад хорогдлоо гэхэд тус даатгалаас нөхөн олговор олгох боломжгүй. Нөхөн олговор олгох журам буюу босго оноо нь тухайн сум, орон нутгийн нийт малын зургаан хувь нь хорогдсон тохиолдолд л “ажиллах систем” гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн сумын нийт малын зургаан хувь нь хорогдоогүй л бол нөхөн олговор олгохгүй гэсэн үг. 10 сая малтай сум байлаа гэхэд нэг өвлийн зудаар 600 мянга нь хорогдох боломжгүй. Улсын хэмжээнд л ийм тооны мал үрэгдэж байгаа шүү дээ. Тиймээс малчид даатгалын эл босго оноог доошлуулж, уян хатан болгох талд анхаарахыг хүссэн. Үүний дагуу ажлын хэсгийнхэн малын индексжүүлсэн даатгалын тогтолцоог судлан, босго оноо нь хэт өндөр байгааг тогтоож, малчдад ээлтэй даатгалын бүтээгдэхүүн нийлүүлэх саналаа Сангийн яаманд хүргүүлсэн. Нөгөөтээгүүр, малчид өрх, сумынхаа түвшинд тэжээлийн ургамлууд тариалдаг болжээ. Технологийн сургалтуудыг нь олон улсын байгууллагууд явуулдаг юм байна. Малчид энэ мэт өвс, тэжээлийн нөөцөө бие даан бүрдүүлж эхэлж байгаа нь сайн хэрэг. Цаашлаад малынхаа мах, арьс, шир, бусад дайвар бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн үр ашигтай оруулах талаар сургалт, зөвлөгөө авмаар байгаагаа хэлсэн. Үүнийг бид холбогдох байгууллагад нь ч уламжилсан.
-Зудын дараа үхсэн малын сэг зэмийг зориулалтын дагуу устгаж, зайлуулах том ажил бий. Төрөөс үүнд хэрхэн анхаарах бол?
-Малчдад ариутгалын бодисыг нь өгчихвөл өөрсдөө булчихдаг юм. Гэхдээ өнгөрсөн өвөл олон мал хорогдсон учраас халдвар хамгааллын чанд дэглэмд сэг зэмийг зориулалтын дагуу булшлах шаардлага тулгарсан. “Ковид-19”-тэй холбоотойгоор аймгууд хамаг төсвөө уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажилд зарцуулаад дуусжээ. Эрсдэлийн сангүй учраас нөхцөл байдал нь бүр ч хүндэрсэн. Тиймээс зарим аймгийн удирдлага хорогдсон малын сэг зэмийг устгаж, зайлуулахад шаардлагатай техник, хэрэгсэл, бусад зардлын дэмжлэг хүссэн. Үүний дагуу бид холбогдох тооцоо, судалгааг гаргаад 13 машин, техникийг шийдүүлэхээр Сангийн яаманд саналаа хүргүүллээ. Мөн бусад шатахуун, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодист шаардлагатай 694 сая төгрөгийг Засгийн газраас гаргуулахаар ажиллаж байна. Учир нь их хэмжээний сэг зэмийг зориулалтын дагуу булшилж, зайлуулахгүй бол малын гоц халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй.
-Малчдад тулгамдаж буй өөр ямар асуудал байна вэ?
-Говийн аймгууд болон Архангай, Өвөрхангайд үлийн цагаан оготно асуудал дагуулж байна. Уг нь нисдэг тэргээр хор цацаж устгах арга бий. Гэсэн ч орон нутаг хангалттай төсөв мөнгөгүйгээс үүнтэй тэмцэж чаддаггүй гэнэ. Энэ ажлыг эрчимжүүлэхэд ХХААХҮЯ-ныхан анхаарах шаардлагатай болсон. Мөн хур тунадас бага ордог бүс нутгуудад үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулах ажлыг аль болох эрт эхлүүлэх хэрэгтэй. Аймгуудад тэр боломжийг нь олгоход анхаарах шаардлагатай. Гантай, цөлжилттэй нутагт хур тунадасны гарцыг нэмэгдүүлснээр өвөл нь зуд нүүрлэхээс сэргийлдэг зүй тогтолтой. Түүнчлэн Говийн бүсэд усны хомсдол нүүрлэж, хүн, мал, амьтангүй туйлдах нь. 100 метр гүн худаг ухаад ч ус гарахаа больсон гэнэ. Тиймээс эл асуудлыг яаралтай шийдэхгүй бол говийн малчид, суурин иргэд хүртэл харангадаж мэдэхээр болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.