Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДӨРВӨН ХҮНД ОНООСОН ЯЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар цаазаар авах ял оноосон гурван хэргийг хэлэлцэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цаазаар авах ялаар шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэй гомдол, эсэргүүцэл гарсныг харгалзахгүйгээр заавал хянан хэлэлцдэг журамтай. Энэ хуралдаанаар эхлээд М.Лхагважавт холбогдох хэргийг хянан хэлэлцэж анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон цаазаар авах ялыг хэвээр үлдээв.

М.Лхагважав нь 2008 оны зургадугаар сарын 21-ний шөнө Төв аймгийн Батсүмбэр суманд согтуудаа төрсөн эх Д-г зодож, онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж санаатай хөнөөсөн юм. Мөн хуралдаанаар Л.Батсайхан, Д.Биебаатар нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс тэдэнд ногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн байна. Л.Батсайхан, Д.Биебаатар нар нь 2008 оны арванхоёрдугаар сарын 18-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны ”Баяншанд” тооцооны төвөөс мөнгө хулгайлах зорилгоор, хэргээ хялбарчлах зорилгоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн жижүүр, галчийн үүрэг гүйцэтгэж байсан М-ийг 41 удаа хутгалан хөнөөсөн аж.

Түүнчлэн эл хуралдаанаар нэг гэр бүлийн Д.Баянмөнх, Ю.Ариунболор нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцжээ. Тэд 2009 оны дөрөвдүгээр сарын 30-ны 17 цагийн үед согтуугаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь гэртээ таксины жолооч Л-ийг үйлчилгээний хөлсөө нэхлээ гэсэн шалтгаанаар зодож, улмаар толгойд нь сүхээр олон удаа цохиж, хөнөөжээ. Тэд хүний амь нас хөнөөсөн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэрийнхээ шалан догуур хохирогчийн цогцсыг нууж, “Верна Аксент” маркийн автомашиныг нь Дархан-Уул аймгийн нутагт байдаг хиймэл нуурт живүүлсэн юм. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Баянмөнхөд оноосон цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ. Харин Ю.Ариунболорт ногдуулсан 20 жилийн хорих ялыг 15 жил нэг хоног хорихоор болгож өөрчилсөн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.