Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДЭЛХИЙН КИНОЧИД МОНГОЛД ИРЛЭЭ

Өнгөрсөн жилийн өдийд Монголд олон улсын баримтат ки ноны наадмыг Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан би лээ.

Тэгвэл энэ удаа Улаанбаатар хотод маргаашаас эхлэн гурав хоно гийн турш “Өрнө Дорнын уулзалт” нэртэй кино урлагийн форумнаадам хийх гэж байна. Ази, Европ сан, Соросын сангийн Нээлттэй нийгэм хүрээлэн, Соёл урлагийн бүсийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол болон Ази, Америк, Европын киноны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус арга хэмжээ манайд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог.

Наадмын үеэр олон улсын уран сайхны болон баримтат киноны үзвэр болж, туршлага солилцох уулзалт ярилцлага, залуу уран бүтээлчдэд зориулсан “Амжилтын гарц” хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөжээ. “Энэхүү форум-наадмын хүрээнд Монгол, ХБНГУ, Казахстан, Кыргызстан, Тайланд, Словени, Польш, Франц, АНУ, БНСУын уран бүтээлчид цуглаж, тухайн улсын сүүлийн үед бүтээсэн кино үзүү- лэхээс гадна энэ салбарын хөгжлийн талаар санал бодлоо солилцож, олон улсын киноны төсөл хэрэгжүүлэх болон Монголын киног гадаад зах зээл, олон улсын наадамд хамруулах арга зам хайж, судлах боломжтой” гэж МУЗ-ийн тэргүүн Н.Жанцанноров онцолсон юм.

“Өрнө Дорнын уулзалт”-ын үеэр сонирхуулах 15 бүтээлийг “Тэнгис” кино театрт үнэ төлбөргүй гаргана. Ямар кино үзэх сонголтод тань дөхөм болгон зарим бүтээлээс товч танилцуулъя. Киноны төгсгөлд уран бүтээлчидтэй уулзаж, дотно яриа өрнүүлэх боломжтойг дуулгая.

Татар ажиллагаа

 90 минут үргэлжлэх уг киноны найруулагчаар Б.Баатар ажиллаж, гол дүрд Б.Амархүү тоглосон. Банкны ажилтан Тайван хүнд өвчтэй охиноо асрахын хажуугаар амьдралаа залгуулахын тулд цаг наргүй ажиллана. Охиных нь биеийн байдал улам дордож, хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай тулгардаг. Цалингаас цалингийн хооронд амьдардаг түүний хувьд мэс заслын өртөг дэндүү өндөр байлаа. Гэвч ганц үрийнхээ төлөө тэрбээр мөнгө олохоос өөр аргагүй. Энэ их ажил, сэтгэлийн зовлонгийн хажуугаар гэнэтийн нэг зүйл тохиолдож, түүнийг ажлаас нь халчихав.

 

Амьдрал нь ийнхүү орвонгоороо эргэсэн ч тэрбээр энэ талаар эхнэртээ хэлэхгүй байхаар шийдэж, найз Өлзийдөө хандан тусламж хүснэ. Багын найз Өлзий нь цагтаа цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, сэргэлэн эр. Адал явдалтай кино, зохиол түүний сонирхол. Уншсан, үзсэн шигээ адал явдалд оролцохоос ч буцахгүй түүний хувьд Тайван сайхан боломж олгох шиг. Ингээд л тэрбээр найзынхаа төлөө банк дээрэмдэх “Татар ажиллагаа”-гаа боловсруулна. Маш нарийн төлөвлөгөө гарган, хийгүй хөдөллөө гэтэл хэрэг өөр тийш эргэж, төсөөлөө ч үгүй адал явдал тэднийг угтав. “Hero еntertainment”- ийн “Татар ажиллагаа” уран сайхны кино маргааш 18.30 цагт эхэлнэ. Өмнө нь номоос уншиж, дэлгэцээс л харж байсан бүхэн нь өөрт тохиолдохоор Өлзий яах бол? Тайван хэрхэх нь сонин.

Үнэт эдлэл

Охидыг өмнүүрээ өнгөрүүлдэггүй Жин Хю Ок баян аав, ээжийнхээ гараас гарч өөрийн бизнесийг эхлүүлэхээр шийднэ. Нарийн боовны дэлгүүр нээх түүний төлөвлөгөөний гол зорилго нь царайлаг охидыг татах явдал байв. Тэднийг татахад тогоочийн ур чадвар юу юунаас чухал тул дунд сургуулийн найз Со Ун Вуг хамтрагчаараа сонгов. Тэрбээр мэргэжилдээ чадварлагаас гадна царайлаг нэгэн. Гэвч Жин Хю Ок шиг охидыг бус эрчүүдийг сонирхдог нь олон асуудал үүсгэдэг байна. Тэрбээр ижил хүйстэн. Жирийн эрчүүд ч түүнд эрхгүй татагддаг нэг увидастай. Жин Хю Ок ч түүнд нууцхан татагдах болсноо мэдэрч, үүнээс хол байх арга бодож, олон бие хамгаалагч хөлсөлдөг. Тэр ижил хүйстэн залуугаас өөрийгөө хамгаалж, охидыг хайрласаар байх уу, үгүй юү гэдгийг найруулагч Мин Кү Дон хэрхэн шийдсэнийг 19.00 цагаас сонирхоорой.

"Словен охин"

Словенийн жижигхэн тосгоноос Любляна хотод ирсэн 23 настай оюутан Александра нууцлаг амьдралтай нэгэн. Тэрбээр тансаг байр хөлслөн суудаг. Тосгоны охин яаж ийм түвшинд хүрснийг том хотынхон тэр бүр анзаарахгүй. Хотын шуугиант амьдрал түүний халхавч болжээ. Үнэндээ тэр биеэ үнэлж, хууль зөрчдөг аж. Буруу замаар будаа тээж байгаа нь нэг л өдөр илчлэгдэхэд хүрнэ. Нууцлаг, нам гүм байдал тийм ч удаан үргэлжлэхгүй. Түүнээр үйлчлүүлсэн нэг эр цус харван нас барж, Александра зугтлаа. Түүнийг орон даяар мөрдөх тэр үед тосгоны охин гэмшиж, харуусна. Словени, Германы хамтарсан уг бүтээлийн найруулагчаар Дамьян Козоле ажиллсан байна. Тосгоны охин хаашаа зугтаж, хэрхэхийг мэдэхийг хүсвэл “Тэнгис”-т ирэх сарын пүрэв гаригт очоорой.

"Гэрлийн хулгайч"

Энэ өдрийн 20.00 цагаас Кыргызийн найруулагч Актан Арым Күбатын “Гэрлийн хулгайч” уран сайхны киног толилуулах юм. “Ноён гэрэл” хэмээн олонд алдаршиж, хүндэтгэл хүлээсэн цахилгаанчин шидтэй нэгэн. Цахилгааны хүчдэл буурсан үед, хэн нэгний сэтгэлийн хүч алдарч тусламж хэрэгтэй болсон үед ч тэр хүнийг л дуудна. Тэрбээр баян, ядуу хэнийг ч, өөртөө дэнгийн эрвээхэй мэт татдаг.

Тусламж хэрэгтэй, ядарсан хүний төлөө тэрбээр хууль зөрчихөөс ч айхгүй. Цахилгааныхаа мөнгийг дийлэхгүй байгаа хөгшчүүлийн тоолуурыг тэрбээр “зохицуулж” дөнгөнө. Ингэснээр тэд бус, улс тэдэнд өртэй болох аж. 80 минут үргэлжлэх уг киноноос хүн хүнээ хайрлах ухаан, амьдрал гэдэг бие биенээ түших ухаан гэдгийг мэдэрч болно. Хүний сэтгэлийн гэрлийг хэн хулгайлаад байгааг цахилгаанчаас асуугаарай.

"Сургууль"

Францын “Arte” телевизийн баримтат киноны хөтөлбөрийн ерөнхий редактор Даниель Хамданов дэлхийн өнцөг булан бүрийн сургуулийн амьдралыг харуулахыг зорьжээ. Тэрбээр дурандаа туссан цуглуулгаа өвөрмөц байдлаар холбож, зарим үед огцом шилжилтүүд хийсэн нь сонирхолтой болж. Ялангуяа баримтат киноны олон арга, хэлбэрийг сонгож 41 минутын турш үзэгчдийг уйдаахгүй бүтээл хийсэн нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан байна.

Мал нядалгааны арга заадаг багшаас эхлээд хөгжмийн сургуулийн оюутны амьдралын мөчүүдийг тусгасан эл бүтээл Францын “Arte” телевизийн тодорхой сэдвээр, цуврал болгон хийсэн бүтээл юм байна. Манайд UBS телевизийн “Гэртээ харих замд” цуврал нэвтрүүлэгтэй утга нэг гэсэн үг. Энэ сарын 6 буюу лхагва гаригийн 18.00 цагт “Сургууль” эхэлнэ. Хичээлээсээ хоцрохгүй байхыг үзэгчдэдээ багш нар анхааруулсныг дамжуулъя.

“ТАЙЛБАР ШААРДЛАГАГҮЙ: ЛАСЛО+ВИЛЬМОШ”

Америкийн найруулагч Жеймс Крэссантис энэхүү баримтат бүтээлдээ Холливудын нэрт зураглаач Ласло Ковач, Вильмош Зигмондын амьдралыг харуулжээ. 1956 онд Унгар улсад халдсан Зөвлөлтийн армийн довтолгоог тухайн үед нь буулган авсан Будапештийн Киноны сургуулийн оюутнууд хил даван зугтаж, Америкт дүрвэдэг. Энэ бол бодит амьдрал байлаа. Энэ тухай сонирхохыг хүссэн үзэгч ирэх баасан гаригийн 17.00 цагт гарах эл бүтээлийг үзээрэй. Танд сонирхолтой байх болов уу.

“ЭГЭЛ ЖИРИЙН ТҮҮХ”

Тайландын уран сайхны уг кинонд ослоос болж бүсэлхийнээс доош мэдээгүй болсон Акэ хэмээх залуугийн тухай өгүүлнэ. Тэрбээр баян айлын хүү бөгөөд хуучны том харшид амьдардаг. Өвчтэй хүүгээ асруулахаар аав нь Пүн гэдэг залууг хөлсөлж байгаагаар үйл явдал өрнөнө. Амьдралын өдөр тутмын энгийн явдал, хүмүүсийн харилцааг харуулсан уг киноны өрнөлийн явцад хуучны харшийн бат бэх ханын цаана юу нуугдаж байгааг тайлна. Акэгийн гэрт ажилладаг хөлсний ажилчид хэнээс юу нуун шивнэлдэнэ вэ?

“ЗАГАЛМАЙН ТУРШИЛТ”

Казахстаны найруулагч В.Тюлькин, Т.Полов нар бүтээлээ бодит амьдралд тулгуурлажээ. Т.Полов Казахстаны хөвгүүдийн шоронд 10 гаруй жил сэтгэл зүйчээр ажилласан нэгэн бөгөөд тэр үед өөрт нь сэтгэлээ нээсэн хүүхдүүдийн тухай кино хийхээр зориглосон аж. Сонирхогчийн камертаа буулгасан олон зураг уг киноны үндэс болсон байна. Нийгмээс тусгаарлагдсан хөвг үүдийн бараан ч гэсэн бодит амьдралыг харуулсан уг бүтээл АНУ-ын “60 хором” нэвтрүүлгээр цацагдаж байжээ.

 

“ХИМИ”

Польшийн найруулагч П.Ложински энэхүү баримтат кинондоо хорт хавдар туссан хүмүүсийн ертөнцийг харуулахыг зорьжээ. Ийм өвчин туссан хүмүүийг хими эмчилгээнд оруулахдаа хоёр хоёроор нь байлгаж, тэдэнтэй яриа өрнүүлж, хэцүү үеийг хамтдаа өнгөрүүлэх боломжийг олгодог Варшавын эмнэлгээс хийсэн уг бүтээлд хүн хүнээ хайрлах, амьдралын хором бүрийн үнэ цэнийг өгүүлнэ.

Ж.Эрдэнэ

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.