Гамшигт өртөн малгүй болсон иргэдийг малжуулах, орлогын эх үүсвэртэй болгох зэрэгт зориулж Дэлхийн банк 1 сая ам долларын туслалцаа үзүүлэх боллоо. Энэ хөрөнгийг Тогтвортой амьжиргаа төсөл хэрэгжиж байгаа, гамшигт өртсөн 12 аймгийн малчдад зарцуулах юм.
Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс, Монгол, Хятадын Тогтвортой хөгжлийн газрын секторын менежер Эдэ Ижжас 2010 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболтой уулзахдаа ингэж хэлэв.
Дэлхийн банк манай улсын 4 аймагт хэрэгжүүлж байгаа “Малын индексжүүлсэн даатгал” төслөө өргөтгөн улсын хэмжээнд болгохоор 10 сая ам долларын санхүүжилтийг баталжээ.
Мөн Япон Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд 3 сая ам доллар авахаар тус улсын Засгийн газарт хандсан бөгөөд 2 сарын дараа хариу нь гарах юм байна.
Хэрвээ хүссэн мөнгө батлагдвал гамшгаас урьдчилан сэргийлэх, аль болох хохирол багатай даван туулах зэрэг чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтран үе шаттай ажил хийхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.







0 Сэтгэгдэл