Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэгжин МОНГОЛ

Далай аварга А.Сүхбат монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг орхих шийдвэр гаргахдаа дэндүү бардам нулимсаа дээлийнхээ ханцуйд тоссон. Эзэн Чингис хаан Дэлүүн Болдогийн оройд морилж, дээд тэнгэрт мөргөхдөө дээлийнхээ хормойг дэвсэн байж дэлхийн өмнө бөхийгөөгүй тэргүүнээ гудайлгасан. Жороо морь, жолоо сунгах агт, ховор үнэт хөөрөг, хошуу алгассан наймааг монгол эрчүүд монгол дээлийн нударган дор хэлэлцэж ирэв. Төрийн сайд мяндагтнууд өмссөн дээл, гоёсон хантааз, эмжсэн эмжээр, товч шилбэний хийц хийгээд залсан малгай, залаа, бүч сэлтээрээ төрийн албаны утга санаа, зорьж ирсэн зорилгоо илэрхийлдэг үе ч байв. Угаас монгол дээл нүүдэлчин түмний зуун зууны нүцгэн түүхийн гоёо, нөмгөн зовлонгийн хань, найман зүгийн салхийг элээсэн гандуу гоёл, ганган омогшил билээ. Дээлээрээ гоёж, дэгжирхэж, гайхуулсан өдрүүд хуучирч байна.

Монгол дээл хэмээх энэ ерөнхий тодотголын дор 28 ястан, үнэдстний төдий тооны янз, хийц бүхий үндэсний гоёл жагсдаг. Зөвхөн бие халхлах хувцас гэдэг утгаар нь монгол дээлийг ойлгомгүй. Үндэсний соёлын тод илэрхийлэл, үе үеийн түүхийн үнэн гаргалгаа, судар бичгийн гол дүр, зарим хууль тогтоомжийн “сүнс” гэж хэлж болно. Чухам тийм ч учраас урд хөршийнхний зүгээс бодисын бус соёлын өвөөр нэрлэн ЮНЕСКО-д бүртгүүлэхээр чармайж буй монгол дээл эдүгээ эмзэг бөгөөд эрхэм сэдэв болж хувирлаа. Үндэсний их баяр болох эрийн гурван наадам, цагаан сар, утсан хөгжим, дээл хувцсыг маань өөрийн болгохоор өврөө дэлгэсэн Хятадын соёлын довтолгоо зөвхөн Монголыг онилоод байгаа хэрэг ч биш аж. Солонгосчууд цагаан будааны боовоо алдчихаад уйлах хэцүү, урвайх амархан байгаа мэдээ чих дэлсэв.

Бүх дэлхийг хятад маягаар глобальчлах Бээжингийн энэхүү нялуун довтолгоонд Азийн орнууд арай илүүтэй өртөж буй аж. Үүний цаана ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг бүртгэн авах шийдвэр зарим талаар олон үндэстний уламжлалт өв, түүнийг өмчлөх асуудлыг хөндсөн нь харагдана. Ялангуяа дорно дахины ард түмнүүдийн хувьд тун эмзэг сэдэв болдог энэхүү өв соёлын нандин хэлхээсийг бүртгэл маягаар тодотгох гэсэн ЮНЕСКО-гийн оролдлого багагүй маргаан дагуулаад байна. Мартагдах шахсан, эдүгээ хэрэглэгддэггүй өв уламжлалын ховор нандин зүйлсийг бүртгэн хүн төрөлхтний биет ба биет бус соёлын өвийг төлөөлөх бүтээлээр зарлах тухай ЮНЕСКО-гийн шийдвэрийг өвөрлөгч хөршүүд зориуд гажуудуулав уу, эсвэл андуурч эндүүрээд байна уу гэдэг сонин. Юутай ч дэлхийд бүртгэлтэй, олон улсад өөрийн гэх овогтой тусгаар Монгол Улсын хувьд эрийн гурван наадам, цагаан сар, монгол дээл хувцас зэрэг өв соёлын уламжлалыг хадгалсан үнэт “үзэгдлүүд” мартагдах нь байтугай “мандан бадрах” шатандаа хөгжиж байгаа гэдгийг бид мэднэ. Морин хуур, хөөмий, утсан хөгжим, овооны тахилга зэргийг мөн энд дурдаж болно. Өв соёлоо хамгаалахаар өндийсөн монголчууд “Дээлтэй Монгол” хөдөлгөөн байгуулж, дунд сургуулиуд дээлтэй өдөр зарлан дэгжирхэж, Үндэсний түүхийн музей дээлээр гоёсон хэн бүхэнд үнэ төлбөргүй үйлчлэн, хүүхэд, хөгшидгүй үнэт өв соёлын төлөөх хөдөлгөөнд орлоо. Энэ бүхний “буянд” монгол дээл захиалгаар оёдог салон, оёдлын газар, оёдолчдын үнэ ханш нэг дахин өсөж, торго дурдан хамгийн эрэлт ихтэй бараанд тооцогдох болов. Зарим талаар монгол дээл улстөржиж, ЮНЕСКО-д захидал бичдэг үндэсний баатруудын эгнээ сайд нараар баяжив.

Монгол даяар өрнөж буй энэхүү үндэсний дээл хувцас, хөөмийг тойрсон “агаар мандлын хэлбэлзэл” хөрсөн дээр буухдаа ямархан үр дүн авчирч байгаа нь сонин. ЮНЕСКО-гийн Монгол дахь суурин төлөөлөгч албанаасаа халагдсанаар өнөөдрийг хүртэл өрнөсөн соёлын өвийн төлөөх тэмцэл тодорхойлогдож байна. Биет бус соёлын өв гэгдээд байгаа хөөмий, үндэсний уламжлалт хувцас гоёл, урлагийн үзүүлбэр тоглолтууд чухам юугаараа ингэтлээ үнэд орох болов оо. Тухайн ард түмний оюун санааны итгэл үнэмшил, сэтгэлгээний өвөрмөц бөгөөд давуу байдлыг илэрхийлж, үүгээрээ дамжуулан үндэсний хэв маяг, үндэсний үзлийг амьдруулах шидтэй. Тийм ч болохоор хүн бүрийн сэтгэлд гал өрдөж, цустай хамт лугшдаг. Энэ утгаараа хятад аав, монгол ээжтэй болж хувирсан уртын дуу, урд хөршөөр овоглосон хөөмийнийхөө араас харамсаж, жолоо сунган нэхэж буй нь байх ёстой үзэгдэл юм. Бар жилийн өнгөн дээр бусдынх болоод явчихаж болзошгүй байгаа монгол дээл, утсан хөгжмөө өмчлөн өөриймсөж, харамлан хайрлах нь ч аргагүй. Гэхдээ, орон даяар өрнөж, ордонд маргалдаж, орондоо хүртэл хэлэлцэж буй энэхүү үндэсний үнэт өв соёлын асуудал зөвхөн хөөрүү сэтгэлийн хөөс болж үлдэх нь утгагүй. Эсвэл цаг зуурын шуугиан, эмзэглэсэн нийгмийн ээдрээт түүх төдий болж үлдэмгүй. Тиймээс хөөмий тойрсон хөх Монголын харуусал, дээлээрээ дэгжирхсэн морьтон түмний бахархлыг бодит ажил хэрэг болгон, тодорхой үр дүнд хүргэх цаг болжээ. ЮНЕСКО-гийн захирлаар япон хүн ажиллаж байх үед Монгол Улс энэ талаар дархлаатай мэт байсан талаар эдүгээ учир мэдэх улс ярьж байна.

Монголын түүх соёлыг мэддэг тэр эрхэм нүүдэлчин ард түмэнд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, энэ мэтийн соёлын луйврыг буцах хаягаар нь илгээж чаддаг байсан гэдэг. Харин Азийн орнуудын талаар төдийлөн өндөр мэдлэггүй польш эмэгтэй ЮНЕСКО-г удирдах болсноор Хятадын соёлын довтолгоо эрчимжиж, ажил хэрэг болох нь амархан болжээ. Тэгэхээр монголчууд бид түүх соёлын үнэт  өв уламжлалдаа эзэн болохын тулд сурталчлан таниулах, ЮНЕСКО-гийн удирдах албаны эрхмүүдийг эх орондоо урьж эрийн гурван наадам, эгэл монгол амьдралтайгаа танилцуулах зэрэг ажлыг санаачлан хийх нь илүү үр дүнтэй болов уу. Нөгөө талаар хүн төрөлхтний соёлын үнэт өвөөр эрийн гурван наадам, утсан хөгжим, монгол дээл зэргийг бүртгүүлэхийн тулд ямар алхам хийж, хэрхэн ямар ажил эхлэх шаардлагатайг судлах нь бодит үр дүн авчрах юм. Монголчууд төрийн тэргүүнээ,итгэл даасан хайртай бөхөө, урлаг соёлын алдартнуудаа, Монголыг дэлхийд төлөөлдөг оюун санааны үнэт төлөөлөгчдөө үндэсний хувцсаараа гоёосой гэж хүсдэг. Үндэсний бахархал болгон дээдэлдэг. Морьтон түмнийг монгол дээл чимэж, монгол дээл омогшуулдаг. Монгол дээлийг Монголд авч үлдэхийн тулд жагсаж, эсвэл бүр Улаанбаатарын гудамжинд бослого зарлаж болно. Өдөр болгоныг дээлтэй шоу болгон тунхаглах амархан.

Гэвч энэ бүхэн хангалтгүй ажээ. Монгол дээл Монголынх, хөөмий ч бас Монголынх, утсан хөгжим эрийн гурван наадам, цагаан сар Монголынх гэдгийг ЮНЕСКО-гоор баталгаажуулахын тулд бичиг баримт солилцох, бийр янтай нийлүүлэхээс эхлээд хийх ажил их байна. Хуурдсаар, хөөмийдсөөр, дээлээрээ дэгжирхсээр атал энэ бүх өв соёлоо алдаж байгаа нь бодлогогүйнх үү, боловсролгүйнх үү? Эсвэл хэтэрхий хэнэггүй монгол занг бас ЮНЕСКО-д үнэт өвөөр бүртгүүлэх шаардлагатай юм болов уу. Бар жилийг угтан түмэн олон монгол дээлээрээ гоёв, дэгжирхэв, гайхуулав. Гоё байна. Үндэсний хувцсаа ном ёсоор нь асаасан Ерөнхийлөгч маань Улс тунхагласны их баяр наадмаа нээж, даян аваргууд маань монгол дээлээрээ гоён наадамчдын нүд хужирлаж, жирийн монгол уяач дээлийн хормой хийсгэн хурдан хүлгээ угтан дарцаглаж, айлын эмээ нар аргал хормойлон гэр рүүгээ алхангаа хэний хүү ямар дээлээр гангарсныг, хэний охин уран гартайг сонжин хэлэлцэхийг зүгээр л харж, мэдэрч, үнэрлэхсэн. Монгол итгэл үнэмшил гэж үүнийг л хэлнэ. Итгэл үнэмшлээ өрөөлд алдчихвал юундаа сүжирч, юугаа дээдэлж амьдрах билээ…

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.