Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Хаянхярваа: Энэ бүхэнд улс төрийн нөлөө байгааг шууд хэлнэ

 УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

 

-АН-ын ҮЗХ хуралдаж, Засгийн газраас гарах тухай шийдвэрээ баталгаажууллаа. Хамтарсан Засгийн газарт орохдоо хэсэг хугацааны дараа ийм сонголт хийхээ АН тооцсон гэсэн яриа ч байна. Та ямар бодолтой байна вэ?

-Ийм яриа чих дэлссэн, хэзээ нэгэн цагт АН Засгийн газраас гарах нь ойлгомжтой байсан. Гэхдээ цаг хугацааны хувьд тэд хэтэрхий орой шийдлээ. АН-ынхан “Түүхэн үүргээ гүйцэтгэлээ, одоо хийх зүйл үлдсэнгүй” гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн. Улстөрчид өөр өөрийнхөөрөө энэ бүхнийг дүгнэж байна. Гол нь яавал нэр цэвэр үлдэж, бидний зөв гэсэн ойлголтыг нийгэмд өгөх вэ гэсэн ажил тэд өрнүүллээ. Үүнийг нийгэм харж байгаа. Сонгуульд хамт ороод өрсөлдөөд явсан ч ард түмэн энэ хоёр намд дүгнэлтээ өгнө. Дэлхийн эдийн засаг хямарч буй энэ үед “Та нар ялаа үүр, бид сонгуульдаа бэлтгэлээ. Дараагийн Засгийн газрыг байгуулах ажилдаа орлоо” гэж байна. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Ард түмэн рүүгээ бууддаг намтай хамтрахгүй, ардчилсан Засгийн газар байгуулна” гэх мэтээр лоозогносон мэдэгдэл хийж явна. Бид ардчилсан нийгэмд амьдраагүй юм уу. Ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо гэж АН хэлээд байгаа. Н.Багабанди, П.Очирбат нар ямар Ерөнхийлөгч байсан юм. Энэ мэтээр Ерөнхийлөгч, Засгийн газраа ардчилсан, үгүйгээр ялгаж буй нь бүдүүлэг хэрэг. Ерөөсөө л АН шалтаг хайгаад байна.

-Ард түмэн рүү буудсан гээд буй намтайгаа АН гурван жилийн турш хамтарсан. Бүрэн эрх нь дуусахад хэдхэн сар дутуу байхад Засгийн газраас гарч буй нь улс төрийн тоглолт хийх зорилготой гэж харагдаад байна л даа.

 -Цэвэр улс төрийн шоу шүү дээ. АН анхнаасаа сөрөг хүчний байр суурин дээрээ байна гэсэн бол өөр. Бид 2008 онд хамтарч Засгийн газрыг байгуулах уу гэсэн санал тавьснаас, хүчлээгүй. Одоо төгсгөл дээр босон харайж байгаа нь жудаггүйн шинж.

-Одоо МАН зургаан сайдыг намаасаа томилно. “Санал тавибал хүлээж авахад бэлэн” гэж зарим гишүүн чинь мэдэгдсэн. Танд иймэрхүү санал ирвэл хүлээж авах уу?

-Намын дарга “АН эцсийн шийдвэрээ гаргатал дараагийн сайдын тухай ярихгүй” гэж мэдэгдсэн. Дүрэм журмынхаа дагуу л явна. Миний хувьд Бүлгийнхээ удирдлагуудад “Дараагийн сайд нарыг УИХаас биш, гаднаас сонгооч” гэсэн санал тавьж байгаа. Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтөөс тогтолцоо будлиулсан нэг асуудал нь Засгийн газрын гишүүн УИХын гишүүн байж болох тухай заалт шүү дээ.

-АН-ынхан улс төрийн мэдэгдлээ хийсний дараахнаас шатахууны, улмаар хүнсний бүтээгдэхүүний үнэ өс сөн. Үүний ард улс төрийн нөлөө бий гэсэн хардлага байна?

-Улс төр хийж тоглож болно. Гэвч ингэж тоглож болохгүй. Энэ асуудлаар Бүлэг дээр мэ дээ лэл сонсоод Ажлын хэсэг томилсон. Зай завсар ашиглаж хийсэн улс төрийн санкц гэж үүнийг харж болохоор байна. Эрчим хүчний дэд сайд Үнийн комиссыг ахалдаг. Энэ комиссын хурал дээр дэд сайд Б.Ариунсан “Шатахууны үнийг тэдээс тэдийн хооронд нэмэх боломжтой. Би удахгүй ажлаа өгнө, намайг байгаа дээр үнээ нэмээд ав” гэж хэлээд гарсан тухай Бүлгийн хурал дээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан ярьсан. Энэ тухай протокол өгч гарын үсгээ зураач гэхэд түүнийг нь дэд сайд цүнхэлчихсэн гэж байгаа юм.

Дээрээс нь Д.Амарсайхан дарга өөрөө тэр хуралд суугаагүй, “Манай орлогч байсан” гэж хэлсэн. Салбар хариуцсан сайддаа ч хэлэлгүй ийм шийдвэр гаргасан нь Д.Амарсайхан, Б.Ариунсан нар үнэхээр хариуц лагагүй байгааг харуулсан. Нохой сүүлээ, сүүл хонгорцгоо гэдэг шиг гардаж хариуцах хүнгүй болчихжээ. Төрийн аливаа шийдвэрийг гаргахдаа ард түмэнд ямар нөлөө үзүүлэхийг тооцох ёстой. Засгийн газраас гарсны дуулианыг саармагжуулах гэх мэт улс төрийн зорилго үүний ард байгааг шууд хэлнэ. Хамтраад ажилласан учир АН-ынхан гарын үсгээ зурж, ширээ сандлаа хүлээлгэж өгтлөө хариуцлага хүлээх ёстой.

-Үнийн хөөрөгдлийн эсрэг төр ямар арга хэмжээ авах вэ?

-Эдийн засгийн болзошгүй эрсдэлийн үед яаж ажиллахыг тооцсон цогц бодлого үгүйлэгдэж байна. Боловсруулах үйлдвэр барих тухай ярьж буй ч түүхий нефть байхгүй гээд Засгийн газар баталгаа гаргаагүй. Шатахууны үнэ нэмэгдмэгц нефтийн нийлүүлэлтийг төр хариуцах ёстой гэх мэтээр ярьж байна. Түүхий нефть олох нь Засгийн газрын үүрэг. Гэтэл түүхий нефть байхгүй, олдохгүй гээд баталгаа гаргахгүй байна. Стратегийн чухал түүхий эд дээр төрийн бодлого алга. Ийм бодлоготой болж, асуудлыг ойрын хугацаанд шийдэхгүй бол Оюутолгой, Тавантолгойн асуудал ч хүндэрнэ. Боловсруулах үйлдвэрээ хаана яаж барих вэ, ОХУ, БНХАУ-ын компаниудыг оролцуулж, түүхий нефть нийлүүлэх ямар бололцоо байна гэдгийг ярих ёстой. Шийдлээ зөв гаргах ёстой.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар ажиллахгүй байна. Компаниуд зах зээлийн дүрмээрээ үнэ ханшаа тогтоодог юм байж, гэхдээ үнийн хэт хөөрөгдөл, шударга бус өрсөлдөөн байна уу гэдгийг хянах ёстой. Талх, нефть, барилгын материалын үнэ дээр иж бүрэн дүн шинжилгээ хийдэг зах зээлийн маркетингийн том алба үгүйлэгдэж байна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо үүнийг хариуцах учиртай. Шатахууны үнэ нэмэгдэхэд такси км-ийнхээ үнийг 200-300 төгрөгөөр нэмлээ гэж байна. Мах ч ялгаагүй. Эдийн засагчид шатахууны үнэ өсөхөд махны үнэ 30, таксины үнэ 20 төгрөгөөр нэмэгдэх ёстой гэх мэтээр тооцоо хийгээд мэдээлэх ёстой. ҮХШХ, Засгийн газар энэ бүхэн дээр шоргоолж шиг ажиллах учиртай.

Мөн Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ зэрэг байгууллага төр засаг руу хандаж шаардлага тавихаас гадна үйлдвэрлэл эрхлэгч, үйлчилгээ үзүүлж буй хүмүүст “Та нар үнээ нэмж болох ч хэтэрхий өсгөсөн байна” гэх мэтээр нөгөө тийш хандсан дохиог өгөх ёстой. Ингэж байж нийгмийн тогтвортой байдлыг хангахад аль аль талаасаа анхаарахгүй бол зөвхөн Засгийн газар руу хандан туйлшраад байна. Зах зээлийн нийгэмд хэрэглэж болдог бүх механизмыг зөв ашиглах нь чухал.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.