Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Сүрэнхорыг тойрсон шуугиан

     Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдоод байгаа Д.Сүрэнхорыг цагдаагийнхан Австриас ирэхэд нь баривчлан, цагдан хорьсон нь сүүлийн өдрүүдийн гол сенсаац болоод байгаа. Тиймээс түүнтэй холбоотой элдэв яриа, сэжиг таамаг, бодит байдлыг тоймлон толилуулж байна.


     ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг Австриас авчирч Ганц худагт хорьсноос хойш хэвлэлээр янз бүрийн таамаг дэвшүүлсэн мэдээллүүд цацах болсон. Тэдгээрийн зарим нь илт худал мэдээлэл байна гэж хууль хяналтын байгууллагынхан ярив. Д.Сүрэнхорыг баривчилж, хорьс ноос хойш анхны мэдүүлгийг өнгөрсөн даваа гаригт УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Нямбат авчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр бусдыг залилсан, албаны мөнгө төгрөг завшсанаа хүлээгээд байгаа юм байна. Харин өнгөрсөн мягмар гаригт түүнийг сэжигтнээр тооцон албадан саатуулах хуулийн хугацаа буюу 72 цаг нь дууссан учир мөрдөн байцаагч нь Сүхбаатар дүүргийн прокурорт хэргийг нь танилцуулж, тус дүүргийн шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргуулсан аж.

Улмаар түүнд Эрүүгийн хуулийн 148, 150, 261 дүгээр зүйлд заасны дагуу бусдыг залилан мэхэлсэн, эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн, мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаж буйгаа ч цагдаагийнхан танилцуулсан байна.


Түүгээр үл барам том тоглоомчдын аманд аваачин өгч, өрөнд оруулсан хүний нэг нь Казиногийн тухай хууль өргөн бариад байгаа, “Морин нуур” төслийн нууц ноёнтон Д.Загджавыг гэх юм.


Сэжигтнээр тооцон хорих хугацааг нь сунгаснаас болж Д.Сүрэнхор Ганцхудагийн цагдан хорих төвд өлсгөлөн зарлаж байгаа гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийнхэнд хүрсэн аж. Энэ талаар түүний хэрэгт хяналт тавьж буй Сүхбаатар дүүргийн прокурорын газрын эх сурвалж болон ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын эх сурвалжаас тодруулахад “Өлсгөлөн зарласан гэдэг мэдээлэл ор үндэсгүй” гэсэн юм.

     Бидэнд олдсон мэдээллээр Д.Сүрэнхор 2005 оны аравдугаар сарын 22-нд ҮХЯ-ны барилгын их засварын 73, Олон улсын зах зээл судлалын төвийн 2.5, “Бөөний худалдааны сүлжээ” төслөөс 5.0 саяыг гэх мэтчилэн бэлэн мөнгө болон чекээр нийт 80 сая төгрөг гаргуулж авчээ. Түүнчлэн албан хэрэгцээнд ашиглаж байсан ҮХЯны дансанд бүртгэлтэй хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй нотебүүк, төрийн холбооны 9200… дугаартай 394 болон 510 мянган төгрөгийн үнэлгээтэй гар утас, 232 мянган төгрөгийн үнэтэй иргэний хамгаалалтын хувцас, 10 саяар үнэлэгдсэн “Ланд круйзер-100” маркийн автомашинаа үрэн таран хийж, мөрийтэй тоглоомд зарцуулжээ. Энэ асуудалд нь УМБГаас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан, албан тушаалын байдлаа ашиглан онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Улмаар АТГ байгуулагдахад харьяаллын дагуу тус газарт шилжүүлсэн ч албан тушаалын хэрэг биш, эд хөрөнгө завшсан хэрэг гэж үзээд буцаагаад УМБГт шилжүүлсэн байна. 

     Харин бусдыг залилан мэхэлсэн хэргийн тухайд намын нөхдөө залилан мэхэлсэн гэх ямар ч өргөдөл, гомдол УМБГ-т ирээгүй аж. Харин түүнд мөнгөө залилуулсан гэх гурван иргэн хохирогчоор тогтоогдон, мөрдөн байцаагчид мэдүүлэг өгсөн аж. Бидэнд олдсон мэдээллээр Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны иргэн Б.Энхтулга түүнд 8000 доллар, 3.3 сая төгрөгөө өгөөд алджээ.

     Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн Л.Сахьяагийн 3.0 сая төгрөгийг мэхлэн авсан байна. Түүнчлэн “Капитрон” банкнаас 1.0 сая төгрөг, 1976 доллар зээлж аваад үрэн таран хийжээ.

     Харин албан хэрэгцээнд унаж байсан “Ланд круйзер-100” маркийн 05-60 УБЗ улсын дугаартай автомашинаа ямар ч бичиг баримтгүйгээр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Б.Энхбаярт “Миний машин” гэж хэлээд найман сая төгрөгийн барьцаанд тавьжээ. Эх сурвалжуудын өгүүлснээр хохирогч нар нь түүнийг мөрийтэй тоглож байхад бэлэн мөнгөөр хангаж байсан хүмүүс аж.

     Цагдаагийн ажилтнуудын гаргасан тооцоо болон анх Д.Сүрэнхорд эрүүгийн хэрэг үүсгэсний дараа гаргасан шинжээчийн дүгнэлтээр тэрбээр 108.9 сая төгрөг, 10000 долларын хохирлыг яам, банк, хувь хүмүүст учруулсан байна.

    Хэрэв тэр энэ оны аравдугаар сарын 22-ныг өнгөртөл Австриас албадан гаргуулаагүй, Интерполынхонд баригдалгүй явсан бол хэргийг нь хөөн хэлэлцэх хугацаа дуусах байжээ.

    Түүний хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах эсэх талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд Өршөөл үзүүлэх тухай 2006, 2009 оны хуульд Д.Сүрэнхорд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан завшсан гэх үйлдэл нь хамрагдана. Харин бусдыг залилсан, мөрдөн байцаалтаас оргосон үйлдэл нь дээрх хуульд хамаарахгүй гэлээ.

Д.СҮРЭНХОР “УЛААН САРНАЙ ХӨГЖИЛ” ХӨДӨЛГӨӨНӨӨР ДАМЖИН УЛС ТӨРД ОРЖЭЭ
   Түүнийг гадаад руу оргон зайлсны дараа сөрөг хүчнийхэн МАХН-ын залуучуудын байгууллага болох Монголын ардчилсан социалист залуучуудын холбоотой холбон тус холбооныхон руу давшлах гол “хөзөр” болгож байсан. Үнэндээ бол тэрбээр дээрх холбоонд харьяалагдаж яваагүй юм билээ. Хэл ус сайтай, гайгүй боловсрол эзэмшсэн түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн, нарийн бичгийн дарга У.Барсболд нар өөд нь татаж, МАХНын дэргэд өөрсдийнхөө байгуулсан “Улаан сарнай хөгжил” хөдөлгөөний удирдагчдын нэгээр томилсон гэх. Энэ хөдөлгөөн нь УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхийн байгуулсан Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны үйл ажиллагааг саармагжуулах зорилготой байсан гэж олон хүн ярьдаг юм билээ. Д.Сүрэнхор бизнест ч нөлөө бүхий нэгнээр татуулан орж иржээ. Тухайлбал, Төрийн өмчийн хорооны дарга асан, өдгөө УИХ-ын гишүүн З.Энхболд түүнийг “Булигаар” ХК-ийн дэд захирлаар тавьж байсан гэнэ. Улс төрд нэр нөлөө бүхий хүмүүсээр “тэтгүүлсэн” тэрбээр албан тушаалын шатаар тун хурдан өгсөж МАХН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогдсон байна. Энэ албанд хүрэхэд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Идэвхтэн ихэд нөлөөлжээ. Ер нь түүнийг албан тушаал ахихад гараас нь хөтөлсөн хүний нэг бол яах аргагүй Д.Идэвхтэнийг гэх яриа байна. Дашрамд дурдахад, Д.Сүрэнхорыг баривчлуулах, нутагт нь авчрах ажиллагааг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг зохион байгуулсан хэмээн гадуур яригдаж байлаа. Нэгэн их мэдэгч энэ яриаг МАХН-ын төв байраар тарааж явжээ. Харин цагдаагийн эрх бүхий нэгэн албан тушаалтны өгүүлснээр “Гадаадад бүгж байгаа гэмт хэрэгтнийг баривчлах ажиллагааг хэн нэгэн улстөрчийн хүсэл сонирхлоор хийх ямар ч боломжгүй, ийм ажлыг зөвхөн Интерполын шугамаар зохион байгуулдаг” гэв.

Д.СҮРЭНХОРЫН ТОГЛООМЫН “БАГШ” НЬ УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЗАГДЖАВ УУ
Чамгүй боловсролтой Д.Сүрэнхорыг ганц балласан зүйл бол мөрийтэй тоглоом гэдгийг хүмүүс андахгүй. Тиймээс ч байр орон сууц, төрийн мөнгө, албаны машинаа хүртэл тоглоомын мөрийд тавьж, эцэст нь хэрэгтний ширээнд суусан. Эрүүгийн хэд хэдэн хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Д.Сүрэнхорыг УИХ-ын гишүүн Д.Загджавтай ихэд дотно байсан гэж олон хүн баталж байна. Тэр ч бүү хэл эрхэм гишүүнийг түүний мөрийтэй тоглоомын “багш” нь байсан гэж ярих хүн тааралдав. Тэд Монголд төдийгүй БНСУ руу явж тоглодог байсан гэнэ. Түүгээр үл барам том тоглоомчдын аманд аваачин өгч, өрөнд оруулсан хүний нэг нь Казиногийн тухай хууль өргөн бариад байгаа, “Морин нуур” төслийн нууц ноёнтон Д.Загджавыг гэх юм.

ГАВЬЯАТ ХУУЛЬЧИЙГ ӨМГӨӨЛӨГЧӨӨРӨӨ АВАХ БОЛОЛТОЙ
Ганцхудагт тав хонож буй Д.Сүрэнхор өмгөөлөгчөөрөө гавьяат хуульч Г.Оюунцэцэгийг авах бодолтой байгаа гэнэ. Гэсэн ч өмгөөлөгчтэйгээ өнөөг хүртэл уулзаагүй байгаа аж. Тэрбээр мөрдөн байцаагчид анхны мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй байсан байж таарах нь. Түүнийг Ганцхудагт хоригдохоос өмнө ар гэрийнхэн нь дулаан хувцас өгч амжсан байна. Ганцхудагт хоригдож буй сэжигтнүүдэд долоо хоногийн лхагва гаригт ар гэрээс нь эргэлт оруулдаг журамтай. Д.Сүрэнхорын ар гэрийнхэн өчигдөр мөрдөн байцаагчаас нь түүнд эргэлт оруулах зөвшөөрөл өгчээ.

Г.РАВЖАА, Д.ДАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.