Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал гаргахыг санаархвал төрийн бүх илд, бамбайг хөдөлгөнө

Манай редакцын уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, дэд сайд В.Удвал, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, ХХЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Сэргэлэн, ШШГЕГ-ын дарга, хурандаа М.Ганхүү, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга, хурандаа Ч.Алтанхишиг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, бригадын генерал Д.Батжаргал, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөн, Архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч, хошууч Т.Нарантуяа нар уригдлаа. Сайд Ц.Нямдорж салбарынхаа өнөөгийн байдлын талаар ярилцлагын эхэнд танилцуулав.

Түүний өгүүлснээр гэмт хэрэгтэй тэмцэх ажил нэлээд хүндрэлтэй байгаа аж. Гэхдээ сүүлийн 20 жилийн өнцгөөс авч үзвэл 1990-2000 онд гэмт хэрэг жил дараалан өссөн, 2005 он хүртэл гэмт хэрэг жил дараалан багассан, 2006- 2007 онд өссөн, 2008 онд 1.6 хувиар буурсан, 2009 онд гурав орчим хувиар, өнгөрсөн онд 1.6 хувиар буурсан байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг ерөнхийдөө нэг түвшинд байгаа. Хуучнаас өөр болсон нэг юм бол авлига, албан тушаалын холбогдолтой бүх хэрэг АТГ-ын харьяанд очиж, тагнуулын байгууллагад харьяалагддагаас бусад бүх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, шийдвэрлэж ирсэн. Цагдаагийн алба хаагчдыг орон сууцжуулахад нэлээд анхаарч байгаа. 2008 оны сүүлчээр шавыг нь тавьж, БНСУ-ын төслөөр Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийг ашиглалтад оруулж, түүнд цагдаа, яаралтай тусламж, гал түймэртэй тэмцэх, ОБЕГ-ын Шуурхай бүлэг-105- ын удирдлагын алба хаагчид орж, өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Дархан-Уул аймаг гудамж замын хөдөлгөөнөө бүхэлд нь телекамераар хянадаг болж. “2005-2006 оны үед цагдаагийн кобан байрыг анх Төв аймгийн Баянчандмань суманд эхлүүлсэн. 330 суманд ажиллаж байгаа цагдаа нараа бүгдийг нь ийм байртай болгох зорилт тавьж буй. Энд албан контор, амьдрах байр, машины гарааш зэрэг нь хамт байдаг юм. Ийм байр 40-өөдийг барьчихаад байгаа. Энэ жил мөн тооныхыг барихаар улсын төсөвт хөрөнгө нь тусгагдсан.

Энэ ажлыг дуусгана гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан. Гэхдээ 4-5-хан жилийн дотор 330 суманд ийм байр бий болгоно гэдэг хүндрэлтэй. Онц хүнд гэмт хэргийн илрүүлэлт гайгүй байгаа. Санаа зовоож буй гол зүйл бол малын хулгай болон хулгайн гэмт хэрэг. Улаанбаатар хотын байдал хүнд байна. Улсын хэмжээнд нэг жилд бүртгэгдэж буй 20 шахам мянган хэргийн 54 хувь нь Улаанбаатарт гардаг. Хил хамгаалах байгууллагын ажил ерөнхийдөө хэвийн. Сүүлийн үед гэрээт хилчний зохион байгуулалтад шилжиж байна.

Цаашдаа хугацаат цэргээр хил мануулаад байх нь нэг талаас зохистой бус, нөгөө талаас эрсдэл ихтэй. Тиймээс Хилийн талаар баримтлах төрийн бодлого гэдэг баримт бичгийг 2004 онд батлуулж цаашдаа мэргэжлийн чиглэлтэй болгоно гээд, Хилийн цэргийн удирдах газар гэж байсныг Хил хамгаалах ерөнхий газар болгож, аажмаар хилийг мэргэжлийн хамгаалалтад шилжүүлэх ажлын эхлэлийг тавьсан.

Улаан-Уулын хилийн отряд энэ жил бүхэлдээ гэрээт хилчнээр хил хамгаалалтаа зохион байгуулж байна. Мөн хилчдийн орон байрны асуудлыг шийдэх зорилгоор зарим ажил эхэлсэн. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас 500 орчим алба хаагчийн орон сууц барьж байна. Найман сарын хугацаанд 300 алба хаагчийн орон сууцыг ашиглалтад хүлээн авлаа.

Ирэх жил үлдсэнийг нь барина. Техник хэрэгсэл, автомашин нь шинэчлэгдэж, нэг үеийг бодвол харьцангуй гайгүй боллоо. 1990 оныг хүртэл урд хил хамгаалалт сайтай, хойд хилийг найрамдалд даатгаад үлдээчихсэн байсан шүү дээ. Ялангуяа, Увс, Завхан, Хөвсгөлийн чиглэлээр хамгаалалтгүй байсан.

Энэ чиглэлд сүүлийн 20 шахам жилийн хугацаанд хамгаалалтын нягтралыг сайжруулах, шинээр хилийн отряд, застав байгуулах ажил хийж, ерөнхийдөө дууслаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагааг шинэчилж байна. УИХ-аас 2006 онд хуулийн байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай 37 дугаар тогтоол гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон бусад байгууллагуудын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр нэлээд том зорилт дэвшүүлсэн юм. Одоогоор баривчлах арга хэмжээ авсан болон урьдчилан хорих төвд байгаа хүмүүсийг оролцуулаад 7500 орчим хүн шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын харьяанд ял эдлэх юм уу, урьдчилан хоригдож байгаа” гэж Ц.Нямдорж сайд ярилаа.

-УИХ-аар хэлэлцэх хуулиудад өгөх саналыг ХЗДХЯ нягталж үздэг. Гэтэл яамны нягталсан саналыг УИХ тэр бүр дэмжээд байдаггүй. Энэ нь юутай холбоотой вэ. Яамны боловсруулсан санал гологдоод байна уу. Эсвэл УИХ-ын гишүүд тухайн саналыг ойлгохгүй байна уу?

Ц.Нямдорж: -УИХ-ын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль болгонд манайхаас санал өгдөг. Манай яамаар орж гардаггүй хууль гэж байхгүй. Иймээс монгол төрийн хууль боловсруулах ажлын ерөнхий гал тогоо гэж ойлгож болно. Манайхаас өгч байгаа дийлэнх саналыг авдаг. Бас авдаггүй явдал ч цөөнгүй. Мэдээж хэрэг бидний боловсруулсан санал дутуу байхын зэрэгцээгээр хамгийн гол нь манайхаас оруулж байгаа саналыг хүлээж авах улс төрийн хүсэл зориг байхгүйтэй холбоотой.

Жишээ нь, Хуулийн төсөл өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санал оруулсан. Энд хуулийн төсөл боловсруулахдаа нухацтай хандая, эхлээд судалгаа хийдэг, олон нийтийн саналыг авдаг, тооцоог нь хийдэг, хяналт шинжилгээ хийдэг байя гэсэн юм. Гэтэл УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдах гэж байна хэмээн хий хардаад унагачихсан.

Ер нь аливаа хуулийг дутуу, мөчид, түргэн түүхий боловсруулж байгаа нь тодорхой хугацааны дараа шаварт суух үндсэн эх сурвалж болдог. 2006 онд Хүүхдийн мөнгө өгөх эрх ашигт хөтлөгдөж Гэнэтийн ашгийн татварын тухай хууль гэж гэнэт орж ирээд батлагдсан. Баахан шуугиан тарьж байгаад энэ оноос хүчингүй болголоо. Гэхдээ энэ бол том аюул биш. Аахар шаахар ийм зүйл байдаг.

Ерөнхийдөө Монголд хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа учраас энэ бол хүнд асуудал биш. УИХ-ын гишүүдийн олонх нь нэг сонгуулиар шинэчлэгддэг учраас “ногооноороо” явсаар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгадаг.

Өөрөөр хэлбэл, Парламентын чадавхийг сайжруулах явдал бол энэ төр барьж буй намуудын зүгээс туйлын болгоомжтой хандаж, зөв дүгнэлт хийх нь чухал. Зөв хүмүүсийг нэр дэвшүүлэх, дэвш үүлсэн хүмүүс нь гарч ирдэг ийм журмыг бий болгох талаар ялангуяа МАН, АН гэсэн төрд гол үүрэг гүйцэтгэдэг намууд боловсон хүчнийхээ бодлогод эрс шинэчлэлт хийхгүй бол Парламентыг дагасан шүүмжлэл нэг хэсэгтээ салахгүй шүү.

Миний хатуу бодол бол төрд алба хаасан, 5-10 жил ажилласан, нарийнаар яривал яаманд газрын даргаас дээш албан тушаалд ажилласан, дөрөө даах боловсон хүчнийг намууд нэр дэвшүүлдэг болох юм бол Парламентыг дагасан шүүмжлэл, хууль гаргахад учирдаг бэрхшээлүүд аяндаа арилна. Одоогийнх шиг өм цөм, энд тэндээс хэнийг ч хамаагүй нэр дэвшүүлдэг энэ байдлаар Монгол Улс цаашдаа явах юм бол бүтэхгүй.

 -Саяын асуулттай холбоотой юм даа. Энэ Парламентад хуульч 13 гишүүн байгаа нь чамлалттай байна уу?

-Миний мэдэхийн сүүлийн 18 жилийн түүхэнд, андуураагүй бол 7-10 орчим хуульч УИХ-д сонгогддог. Цаашдаа энэ тоо нэг их өсөхгүй байх. Асуудал үүнд биш. Хамгийн гол нь шийдвэр гаргах, боловсруулах чадавхид байгаа юм. Энэ зөвхөн УИХ-ын асуудал биш. Монгол төрийн шүдний өвчин болчихсон асуудал шүү. Яамдын түвшинд боловсруулж буй хуулийн төсөл дутуу дулимаг байдаг. Хуулийн төсөл боловсруулах аргачлал гаргаж, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, бүх яам, тамгын газар, аймаг, НЗДТГ-т хүргүүлсэн.

 -Одоо мөрдөгдөж буй 416 хуулиас хэдэд нь хийдэл, давхардал гарсан зөрчил байна вэ. Огт хэрэгждэггүй хууль гэж байна уу?

-Манай яамныхан одоо мөрдөгдөж байгаа 416 хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалсан. 101 хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Энэ нь эдийн засгийн холбогдолтой юм. Үүнийг хурдан хэлэлцүүлэхийн тулд Багц хуулийн төсөл хэлэлцүүлэх дэглэмд оруулж, хурдан шийдвэрлэе гэтэл сая УИХ-аас хуулийн төслийг буцаачихлаа.

Одоо Багц хуулийн төслөө дахин Засгийн газраар дамжуулж, УИХ-д оруулаад ирэх хаврын чуулганаар эдийн засгийн холбогдолтой 101 хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нэг тийш болгоё гэсэн бодолтой байна. Ер нь хууль гурван төрөл байдаг. Яс хэрэгждэг хууль гэж байна. Сонгох хариуцлагатай хууль гэж бий. Консервацид тавигддаг хууль гэж байна. Консервацид тавигддаг хууль гэдэг маань жишээлбэл Дайны болон дайн бүхий байдлын тухай хууль. Энэ хууль бол асуудал үүсвэл үйлчлээд эхэлдэг, байхгүй бол төмөр шүүгээнд хэвтэж байдаг хууль.

Яс хэрэгждэг гэдэгт нийгмийн халамжийн чиглэлийн хуулиуд багтдаг. Олон түмний шүүмжлэлд өртөж байдаг хууль бол Эрүүгийн хууль. Эрүүгийн хуулиас үүдэлтэй хууль хэрэгжихгүй байна гэдэг шүүмжлэл иргэдийн дунд байдаг. Нэг хэрэг байлаа гэхэд дотроо 3-4 төрлийн ялтай, бүр цаашилбал, тэнсэж, торгож болдог санкцтай байдаг.

Шүүх хэргийн өнгийг харж байгаад торгочихвол торгуулийг манайхан ял гэж үздэггүй. Тэнсэхийг ч мөн адил. Тэгээд нөгөө хулгай хийсэн хүн торгуулаад давхиад очвол “Энэ хуулийнхан хуйвалдаж байгаад суллаад тавьчихлаа” гэдэг шүүмжлэлд өртдөг. Дэлхийд байдаг хуулийн хоёрхон тогтолцоо байдаг. Нэг нь далайн буюу Англи-Саксоны, эх газрын буюу Ром-Германы систем. Ром-Германы систем бол манай хуулийн систем шүү дээ.

Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хууль, Иргэний хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг энэ системээр голлох орон болдог ХБНГУ-ын эрдэмтэдтэй хамтран боловсруулсан. Хууль хэрэгждэггүй, цоорхойтой байна гэдэг бол үндсэндээ үүнээс үүдэлтэй.

Хууль хэрэгжүүлэх ажилд нэг зовлон байдаг нь гомдол, баяр хоёр 50, 50 хувиар хуваагддаг. Нэг нь ялдаг, нөгөө нь үлддэг. Ялагдсан нь “Хуулийнхан нөлөөнд автлаа, хахууль авлаа” гэдэг сэтгэлийн сэвтэй гардаг. Ялсан нь би заргаа авчихлаа гээд явдаг. Үүнээс үүдэлтэйгээр хэзээ ч хуулийн байгууллагын ажилд эцсийн дүгнэлт хийж, муу байна, сайн байна гэсэн судалгаа хийж болдоггүй.

Шүүх хараат бус байна гэдгийн цаад нарийн учир энэ л дээ. Үүнийг манайхан ойлгодоггүйд л асуудал оршиж байгаа юм.

-Уншигчдын тавьж буй гол асуудал бол хууль тэгш бус үйлчлээд байгаа явдал. Хоёр мянган төгрөг хулгайлсан хүн 10 жилийн ял авч байхад улсын хөрөнгийг хэдэн тэрбумаар нь идсэн хүмүүс бага ял авдаг, тэр байтугай төрийн түшээ болчихсон явж байна гэж ярьдаг шүү дээ. Албан тушаалтнуудад хууль үйлчилдэггүй гэж үзэх хүмүүс олон бий. Үүнийг яаж залруулах ёстой вэ?

-Энэ байдлыг арилгахын тулд АТГ-ыг байгуулж, албан тушаалтан, авлигатай холбоотой хэргийг хамааруулсан. Цагдаагийн байгууллагыг ХЗДХЯ, Засгийн газрын байгууллага гэж шүүмжилдэг. Тиймээс шүүхийг бие даалгасан. Прокурорыг УИХ, Засгийн газраас ямар ч хамааралгүй болгож, АТГ-ыг Засгийн газраас ямар нэгэн хараат бус ажиллах бүх нөхцөлийг бүрдүүлсэн.

Үндсэн хөшүүрэг нь энэ . Дээрээс нь Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчилсэн. Энэ хуулиуд бол хуулийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгддэг, та нарынхаар бол үзэг чинь гэсэн үг шүү дээ.

Хуулийн таван гол байгууллага болох шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаах, шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг зохицуулдаг юм. Гараад байгаа шүүмжлэл нэгдүгээрт миний түрүүчийн ярьсан 50:50 хувийн ялалт, ялагдалд байдаг. Хоёрдугаарт зарим хэргийг хэтэрхий удаан шалгадаг, эсвэл дарчихдаг.

Тэгсээр байгаад замхруулаад дуусгадаг. Ийм хэргүүд олны нүдэн дээр байж л байгаа шүү дээ. Монголбанкнаас 250 сая долларын залилан хийсэн хэргийг түргэн шуурхай шалгаж, холбогдох арга хэмжээ авалгүй байсаар байгаад эцсийн дүндээ уг хэрэгт холбогдсон гадаадын хүнийг тавиад туучихсан шүү дээ. Ийм шүүмжлэлүүдийг бодитойгоор хүлээж авахаас өөр арга байхгүй. Энэ асуудлаар би холбогдох прокурор, шалгаж байгаа газрынхантай нь ярьсан.

Та нар яахаараа бүтэн жилийн хөрөнгө оруулалттай тэнцэх хэмжээний мөнгө залилж луйвардсан хэргийг шалгаж шийдвэрлэж дуусгадаггүй юм бэ гэсэн.

-Эндээс манай хууль хяналтын байгууллагуудын уялдаа холбоогүй нь харагдаж байна бус уу. Мөрдөн байцаах газраас тэр хүнийг хилээр гаргахыг хориглоод, тэр тухайгаа холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байж таарна. Аль нэг боомтод тухайн хүний мэдээлэл очиход тийм уддаг юм уу?

Ц.Сэргэлэн (ХХЕГ-ын дарга, бригадын генерал):

-Монгол Улсын хилээр нэвтрэх зорчигчдын паспорт, хориг тавьсан хүний нэрийг хяналтын нэгдсэн сүлжээнд төвөөс шивж оруулдаг. Үндсэндээ цаг хугацааны хувьд тийм удаан очдог зүйл биш. Шивлээ л бол боомтуудад тэр дороо хүрнэ. Цагдаагийн байгууллагаас өгсөн регистр, паспортын дугаар, хаягаар хэрэв тухайн хүн улсын хилээр нэвтрэхээр очих юм бол хувь хүнээс шалтгаалахгүйгээр илэрдэг.

2010 онд 10259 иргэнийг хилээр гаргахыг хориглосон бүртгэл манайх авсан. Үүнээс 478 хүн улсын хилээр нэвтрэх гэж аль нэг боомтод очиход нь саатуулан, холбогдох байгууллагад нь хүлээлгэж өгчээ. Ямар нэгэн байдлаар өртөхгүйгээр гарах тохиолдол бас байна.

Жишээлбэл, Ж.Чайлмерс гэдэг хүн. Нийгэмд шуугиан тарьсан томоохон гэмт хэрэгт холбогдсон түүнийг Монгол Улсын хилээр гарсан байж болзошгүй гэдэг мэдээллийг авсан цагаас эхлэн маш нарийвчлан шалгасан. ЭЦГ, ТЕГ, Хилийн тагнуулын алба энэ асуудлыг шалгасан. ОХУ, БНХАУ-ын хилийн албадтай дээд төвшинд нь мэдээлэл солилцсон.

Түүгээр зогсохгүй зорчигчдын тийзийг нь хүртэл шалгасан. Онгоцонд зорчсон иргэдийн нэрээр хүртэл шалгасан. Тэгэхэд Ж.Чайлмерс өөрийнхөө нэрээр гарсан гэх ямар ч үндэслэл байгаагүй. Байж болох хувилбар нь өөр нэрээр бичиг баримт авсан байж болзошгүй.

-Монголын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэдэд хяналт тавьж чадаж байна уу. Тайландын Ерөнхий сайд асан Т.Чинаватыг орж ирэхэд мэдээгүй гэсэн яриа гарч байсан.

Д.Мөрөн (ГИХАЭГ-ын дарга): -Таксин Чинават Тайланд, Монтенегро улсын иргэншилтэй. Энэ хүн Жүдо бөхийн холбоо, МИАТ-ийн урилгаар манай оронд дөрвөн удаа ирсэн. ГИХАЭГ Т.Чинаватын талаар холбогдох байгууллагуудаас тодруулахад Интерполоор эрэн сурвалжлаагүй байсан.

ГХЯ болон холбогдох хууль хяналтын байгууллагынхан түүнийг Монголд орохыг хориглосон шийдвэр гаргаагүй. Тухайн үед орж ирэхэд нь ГХЯ-ны Консулын газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагаас лавлагаа авсны дараа нэвтрүүлсэн.

-Гэрч, хохирогч, мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо Монголд байхгүйгээс тэд дарамт шахалтын улмаас мэдүүлгээсээ буцах тохиолдол цөөнгүй байдаг. Ө.Хэрлэнчимэг нарт холбогдох шүүх хурлын явц энэ байдлын тод жишээ боллоо. Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо хэрэгтэй байгааг олон түмэн ярьж байгаа?

Д.Сандаг-Очир (ЦЕГ-ын дарга):

-Цагдаагийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс байнга мэдээлэл авч байгаа. 2010 онд гэхэд л иргэд байгууллагаас 99104 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан. Мэдээлэл авах эрх зүйн орчин, үйл ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээ авч байна. Авсан мэдээллийн дагуу холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилладаг.

Ядарсан, хохирсон, гомдсон иргэд цагдаагийн байгуулагад мэдээллээ өгөх нь нээлттэй. Түүний дагуу асуудлыг шалгаж шийдвэрлэдэг. Цагдаагийн байгууллага энэ онд хохирсон иргэдийн эрхийг хангах хөтөлбөр боловсруулан баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид хуульд гэрч хохирогчийн эрхийг хамгаалах талаар боловсронгуй зүйл заалт оруулах шаардлагатай.

Ц.Нямдорж: -Ирж байгаа гомдлыг нягталдаг. Энэ нь эрүүгийн хэрэг, тэр нь захиргааны асуудал байна зэргээр ялгаж салгаад холбогдох байгууллагад нь шилжүүлдэг. Иргэдээс өгдөг мэдээлэл буураагүй. Хуулийн байгууллагад бүртгэгдсэн хэрэг замаасаа гээгдэнэ гэж бараг байдаггүй юм.

Г.Баясгалан (ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга):

-Гэрч, хохирогчдоос мэдүүлэг авахдаа хууль сануулдаг. Өнөөдөр зөвхөн энэ харилцаагаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй учраас хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн төсөл боловсруулж байна. Сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулсан.

Туршлага судалж байна. Гэрч хохирогчийг хамгаалах олон арга бий. Тусгай байранд байлгах, тусгай хэрэгсэл олгох, дүр төрхийг нь өөрчлөх, хамгаалах байр ямар байх гээд олон асуудал байдаг юм билээ. Эдгээрээс аль нь Монголд тохирохыг эхлээд судалж үзнэ. Гэрч, хохирогч бүрийг хамгаалах боломжгүй байх. Хөрөнгө мөнгө их шаардагдах юм байна. Зохицуулалтыг маш нарийн хийж өгөх хэрэгтэй. Гэрч, хохирогчийг төр хамгаалалтад авах ёстой гэж яам үзэж байгаа.

Ц.Нямдорж:

-Төсөл батлагдвал чамгүй зардал гарна. Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох тухай хууль баталсан. Хүнд гэмт хэргийн улмаас нас барсан болон хүнд гэмтсэн тохиолдолд холбогдогч нь хохирлыг төлж чадахгүй бол эхний ээлжинд 2-3 сая төгрөгийн хохирлыг төрөөс гаргуулах юм. Дараа нь гэмт хэрэг үйлдсэн хүнээр уг хохирлыг барагдуулах ёстой. Энэ жилээс мөрдөж эхэлнэ. Хохирогч, гэрчийн эрх ашгийг хамгаалах асуудал Монголд үнэхээр хоцрогдсон.

Гэмт хэрэг үйлдээд ял шийтгүүлсэн хүний тухай бид ярьж, өмөөрч өхөөрдөөд л байдаг болохоос биш гэрч, хохирогчийн эрх ашгийн тухай бараг ярьдаггүй шүү дээ. Ял эдэлж байгаа хүмүүс үнэгүй байранд, өдрийн гурван хоол идэж, аюулгүй орчин гээд мундаг хамгаалалтад амьдарч байгаа. Тэгвэл гудамжинд алхаж яваа жирийн иргэдэд тийм хамгаалалт байхгүй.

Эрүүгийн хууль, гэмт хэрэгтний тухай ярихаар нь би зөрүүлээд хохирогчийн тухай хэлдэг юм. Гар утас хулгайлсны төлөө олон жилийн ялаар шийтгэлээ гээд нэг нөхрийг өхөөрдөөд байна аа даа. Тэр хүн чинь дөрөв дэхээ шийтгүүлсэн байхгүй юу.

Монголын Эрүүгийн хуулиар давтан гэмт хэрэг үйлдсэн бол ял нь хүндэрдэг. Тэр нөхөр засаршгүй этгээд юм шүү дээ. Тийм этгээдүүдийг Ерөнхийлөгчийн өршөөлөөр гаргаж ирээд “пиарддаг”. Гэмт хэргийн хохирогч болоод үр хүүхдээ алдсан, эрэмдэг зэрэмдэг болсон хүмүүсийг тэгвэл хэн хамгаалж байгаа юм. Ийм хүмүүсийнхээ асуудлыг хэн ч ярихгүй байна.

Ялангуяа манай өмгөөлөгчид. Тэдэнд их асуудал бий. Шулуухан хэлье. Яадаг вэ гэхээр хэдэн төгрөг олохын төлөө хуулийг завхруулахаас буцдаггүй л байхгүй юу.

Эрүүгийн хуульд хүнийг хүндээр гэмтээсэн бол тэнсэн харгалзах ял ногдуулдаг байсан юм. Тэгснээр ардын хүүхэд ялаа эдлээд дарга, баячуудын хүүхдүүд тэнсэн авчихдаг үзэгдэл гарах болсон. Гэмт хэрэгтэн бусдад учруулсан хохирлоо барагдуулаагүй байж суллагдах явдал ч байв.

Үүнийг хуульд өөрчлөлт оруулаад бүрмөсөн хориглосон. Хүнийг хүндээр гэмтээсэн бол заавал ял эдэлдэг, бусдад хохирол учруулсан бол ядаж л гуравны хоёрыг нь барагдуулсан тохиолдолд суллаж болохоор хуульд өөрчлөлт оруулсан байгаа. Хохирогчийн эрх ашгийг хамгаалсан өөрчлөлт ингэж оруулсан.

Гэтэл өмгөөлөгчид яг энэ хоёр заалтын эсрэг дайрдаг. Цаана нь мөнгө олох сонирхол нь дийлж байгаа байхгүй юу.

-Д.Энхбатыг авчирсныхаа төлөө ҮАБЗийн Ажлын албаны дарга Б.Хурц Лондонд шүүгдэж байна. Энэ хүн хариуцлага хүлээх ёстой юу. Тухайн үед үүрэг өгсөн албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой юм уу?

-Манай улстай ялтан солилцох гэрээгүй оронд Монголын иргэн баригдсан тохиолдолд Интерполоор дамжуулан тухайн улсын холбогдох байгууллагатай харилцаж байж хүнээ авах ганцхан боломж бий. Яагаад ийм хэрэг болсныг Ерөнхий прокурор холбогдох газрууд нь шалгаад учрыг нь олох хэрэгтэй. Д.Энхбатыг миний даалгавраар авчирсан гэж зарим нь харддаг юм. Би энэ талаар мэдэхгүй. Тагнуулын байгууллага надад юу ч танилцуулдаггүй.

Цагдаагийн байгууллагыг оролцсон гэдэг юм. Дахиад хэлье. Түүнд цагдаагийнхан оролцоогүй шүү. Харин тусгай үүрэг гүйцэтгэсэн хүнээ илчилсэн асуудал бий. Хэн, ямар зорилгоор илчлэв гэдгийг холбогдох байгууллага шалгах ёстой. Албан тушаалын хэргээр зүйлчлэгдэх учраас Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллага шалгах байх.

Би өөрийнхөө системийн байгууллагаас асуудлыг булзааруулж байгаа юм биш шүү. Монголын хуулийн орчин ийм юм. Тусгай үүрэг авахдаа татгалзах эрх нь Хурцад байсан. Би ийм хэрэг гүйцэтгэхээс татгалзаж байна гэвэл болох байсан.

-Д.Энхбат агсны ар гэрийнхэн болон өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан Л.Санжаасүрэн одоо хүртэл гомдолтой байдаг. Өмгөөлүүлэх эрхээ сэргээлгэхээр Л.Санжаасүрэн танд хандсан ч сэргээж өгөхгүй байгаа гэсэн.

-Л.Санжаасүрэн гэдэг хүн өмгөөлөх эрхээ сэргээлгэхээр надад өргөдөл гаргаагүй. Талийгаачтай холбоотой асуудлыг эрх бүхий байгууллага шалгаж, прокурор хяналтаа тавьж нэг тийш нь болгох ёстой. Үнэнийг олон нийтэд хэлэх хэрэгтэй. Далимд хэлье, Монголын эрүүгийн хэргийг эхнээс нь шүүхэд шилжих хүртэл нь бүгдийг прокурор хянадаг.

Хуулийн байгууллагуудыг найрал хөгжмийн хамтлаг хэмээн төсөөлөх юм бол удирдаач нь прокурор юм шүү дээ. Гэтэл манай иргэд хуулийн нарийн үйл явцыг мэдэхгүй, юм л бол Нямдорж гээд байдаг. Байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцох хумсын чинээ эрх надад байдаггүй юм.

-Мөрдөн байцаах алба яам, цагдаагийнхаа удирдлагад байдаг нь зөв үү. Салбарын сайд нь улс төрийн албан тушаалтан болохоор эрх мэдэлтэй хүмүүстэй холбогдох хэрэг замхардаг гэсэн ойлголт олны дунд байдаг. Энэ тал дээр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх цаг болсон уу. Ийм байдлаар улс төрийн нөлөөнөөс хол хөндий байлгах боломж бий юү?

Ц.Нямдорж:-Эд нараас асуу. Би та нарыг хэрхэн дарамталж байгааг хэлээд өг дөө (Инээв).

Д.Сандаг-Очир:- Цагдаагийн байгууллага улс төрийн дарамт шахалтад ажилладаггүй. Ажиллах ч учиргүй. Учиргүй гэдэг нь цагдаагийн байгууллага, түүний алба хаагчид үүргээ хуульд заасны дагуу шударгаар биелүүлэх үүрэгтэй. Түүнийхээ л дагуу ажилладаг.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга оролцдоггүй. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хуулийн дагуу өөрөө хэргээ шалгаж, хариуцлагаа хүлээдэг. Түүнд хуулийн дагуу мөрдөн байцаах албаны дарга нь хяналт тавьдаг. ЦЕГ-ын даргын хувьд Засгийн газраас томилогддог. Энэ утгаар нь улстөрждөг гэж ойлгодог байх.

Улс төрийн нөлөөллөөс болж эрүүгийн хэрэг будилаантах ёсгүй. Ц.Нямдорж: -Хууль хяналтын байгууллагад улс төрийн нөлөө үзүүлэх гэсэн оролдлого нэг бус удаа гарч байна. Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө солилоо.

Түүнийг анхнаас нь эсэргүүцсэн хүний нэг нь би. Ерөнхий прокурор, шүүгч, хууль хяналтын байгууллагын удирдлага ирээдүйд Ерөнхийл өгчөөс хамааралтай болох юм биш байгаа гэж энэ халаа сэлгээг хүлээн авсан. Үндсэн хуульд зааснаар эдгээр албан тушаалтны бүрэн эрх зургаан жил. Гэтэл түүнээс нь өмнө сольж байгааг улс төрийн учир шалтгаантай гэж үзэх үндэстэй.

Ерөнхий прокурор, шүүгчийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгахын тулд сонгуулийн мөчлөгөөс зөрүүлсэн юм. Тэр тусмаа шүүхийн ажил муу байна гэж хэлэх эрх надад байхгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ч байх ёсгүй. Гэтэл хугацаанаас нь өмнө сольдог ажил одоо эхэлж байна. 2013 онд дахиад нэг Ерөнхийлөгч сонгогдоно.

Тэр хүн “Чиний ажил болохгүй байна” гээд одоогийн ерөнхий шүүгч, прокурорыг солих оролдлого хийхийг үгүйсгэхгүй. Уг нь “алтан зарчим” дээрээ тэвчих ёстой юм. Гэтэл чадсангүй. “Алтан зарчим” алдагдаж эхэллээ. Энэ бол аюултай үзэгдэл шүү.

Хууль, хяналтын байгууллага улс төрийн захиалгаар ажиллаад эхэлбэл маш аюултай, хэлмэгдүүлэлт гарна л гэсэн үг. Миний дараа Монгол Улс ямар болох вэ гэдгээ бодож төрийн толгойд байгаа хүмүүс шийдвэрээ гаргаж байхгүй бол ноцтой үзэгдэл болно.

Долдугаар сарын 1-ний хэрэг явдал гээд хууль хяналтын байгууллагынхныг УИХ-д дуудаж авчраад баахан асууж, байцаасан. Тэр хороонд тийм эрх байхгүй, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажлыг цагдаа, шийдвэрлэхийг нь шүүх, хяналт тавихыг прокурор хариуцна гэсэн гуравхан зарчим хуулийн дагуу Монголд үйлчилдэг.

-Тэгэхээр улс төрийн дарамт шахалт байгаа гэсэн үг үү?

-Дарамт шахалт үзүүлж эхэлж байгаа явдал мөн. Чи буруу, зөв шийдсэн, чи ингэж асуугаагүй байна. Дүгнэлт чинь буруу гээд улстөрч хүн шахаж шаардаад байгаа явдал бол улс төрийн дарамт шахалтын эхлэл мөн. Тийм явдал байсан учраас тэр асуудлаас би хорин метр хол явсан даа.

-Ц.Нямдорж сайд рекэтүүдтэй “дайн” зарласнаа мэдэгдэж байсан. Өнөөдөр Монголын улс төр, эдийн засагт гэмт хэргийн бүлэглэл байна уу.

-Төр замбараагүй болоод ирэнгүүт тийм үзэгдэл гаардаг байхгүй юу. 1996-2000 онд төр замбарааг үй байсан шүү. Үр дүнд нь тэр үзэгдэл гаарч. Одоо гайгүй болсон. Холбогдох хүмүүс нь ял авсан, суллагдсан. Түүнээсээ сургамж авсан байж таарна. Зөвхөн тэд сургамж аваад зогсоогүй. Тийм юм хийх гэж байсан хүмүүс бас сургамж авсан. Одоо Монголын төрд нүүрлэсэн хамгийн хэцүү юм бол төрийн дотор байгаа шантааж.

Би “Өнөөдөр” сонины эрхлэгч Ц.Балдоржид ярилцлага өгөхдөө нэг хатуу үг хэлсэн юм. Би “хүн буудна” гэж хэлээгүй л дээ. Үзэгдлийнх нь хувьд “дорбинкдох” юмсан л гэсэн. Түүнээсээ болж баахан боорлуулсан.

Тэгэхэд манай жигүүрийнхэн гарч ирж байсан. Айлгаж, үнэрхэж байж баахан албан тушаал авдаг. Түүнийг нь өгөхгүй болохоор айлгадаг. Нэг нам өгөхгүй болохоор нөгөө намд очиж авах гэдэг. Ийм нэг албан тушаалын шантааж Монголын төрд ёстой нэг гаарч байна аа. Хогийн ургамал шиг дэлгэрч байна. Үүнтэй тэмцэх ёстой.

-Таны бас нэг мэдэгдэл дуулиан тарьж байсан. Та Дорнод аймгийг болдогсон бол хууль хяналтын байгууллагагүй болгочих юмсан гэж байсан. Одоо таныг тэгж бухимдуулж буй хууль, хяналтын байгууллага байна уу?

-Зөвхөн Дорнодыг ч хэлээгүй юм. Ийм шүүхтэй байвал татан буулгачихвал яасан юм бэ гэж жишээ татсан нийтлэл тэр үед бичсэн юм. Бүр тэвчээр алдраад байсан хэрэг. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг шүү дээ. Юу болсон гэхээр гаалийнхан тарваганы 10000 арьс хураадаг байхгүй юу. Түүнийг ийш тийш нь болгочих гээд байхаар нь “Наад тарваганы арьсыг чинь ийш тийш нь болгочих гээд байна шүү. Чи чиглэлээрээ хяналт тавь.

Би өөрийнхөө хүмүүстэй ярья. Хаашаа ч хөдөлгөж болохгүй шүү гэж Улсын ерөнхий прокурортой яриад тохирчихсон байв. Тэгээд долоохон хоног гадаадад яваад ирсэн чинь хилээр гаргаж худалдаад найр хийчихсэн байсан. Тийм заваан юмаа Дээд шүүх хамгаалаад байгаа юм чинь. Ойлгомжтой асуудлаар гурван удаа гурван өөр шийдвэр гаргаад байхаар нь би тэгж хэлж байсан. Манайд хууль хангалттай байгаа.

Хуульчдын сэтгэлийн ариусал гэж нэг юм байдаг. Тэр нь байхгүй болсон учраас л асуудал үүсэх гээд байгаа байхгүй юу. Түүнээс бус өнөөдрийн мөрдөж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хуулиар асуудлыг шударгаар шийдэх боломжтой. Хууль хяналтын байгууллагын албан хаагчдын цалинг сайн болгочихвол шударга болно гэж зарим нь ярьдаг юм. Ерөнхийлөгчийн санаачлаад буй Шүүхийн тогтолцооны хууль гэж байгаа.

Түүнд иймэрхүү санаанууд бий. Шуналд хязгаар байдаггүй л байхгүй юу. Цалинг нь нэг, хоёр сая болгоод өгчихвөл 10 сая төгрөг л бодно шүү дээ, шуналтай хүн бол. Тэгэхээр хамгийн гол зүйл бол ерөөсөө л сэтгэлийн ариусал юм.

-Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах төсөл өргөн барьсан. Түүгээр ямар өөрчлөлт гарах вэ?

Д.Сандаг-Очир:

-Цагдаагийн байгууллагын тухай хуульд шинэчилсэн найруулга хийж УИХ-д өргөн барьсан. Хэлэлцэх асуудал нь хүлээгдэж байна. Манай байгууллагаас санал авсан. Хуулийн төсөлд Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар болон ажилтан, алба хаагчдын ахуйн нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах тухай тусгагдсан. Энэ хууль батлагдсанаар одоогийн нөхцөл байдал нэг алхмаар дээшилнэ гэж үзэж байна.

-Мөрдөн байцаах албыг цагдаагийн байгууллагаас салгах гэсэн яриа сүүлийн үед гарах боллоо. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Д.Сандаг-Очир: -Цагдаагийн байгууллагын бүтцэд байгаа Мөрдөн байцаах албыг тусгаарлах нь энэ албаны ажлын эцсийн үр дүнд муу нөлөөтэй. Мөрдөн байцаах албаны үйл ажиллагаа нь цагдаагийн байгууллагын бусад албадын болон алба хаагчдын харилцан хамтын ажиллагаа, нягт уялдаа холбоо, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байдаг.

Ц.Нямдорж: -Одоогийн цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж болохгүй. Өөрчлөх юм бол монгол амьдрал хөрсгүй болж эргэж нурж унах болно. Тэр үед цагдаагийн байгууллагын ажил 100 хувь задгайрна. Цагдаагаас Мөрдөн байцаах албыг нь авчих улс төрийн сонирхол байгааг үгүйсгэхгүй.

Тийм учраас л миний санаачилсан хууль гацчихаад байгаа юм. Асуудал үүнд байгаа. Манай улсын 330 гаруй суманд ганц хэсгийн төлөөлөгч, цагдаа байгаа. Энийг хоёр салгавал юу болох вэ. Хачин юм болно биз дээ. 1958 онд байна уу даа, Мөрдөн байцаах албыг Прокурорын мэдэлд өгөөд ямар ч үр дүн гараагүй учраас 1962 онд буцаагаад байранд оруулсан гашуун түүх байдаг юм. Монголын хөрсөнд асуудал тохирох ёстой гэсэн миний барьдаг ганцхан том зарчим байдаг. Таарахгүй юмны төлөө би хөдөлдөггүй.

-2008 оны долдугаар сарын 1-нд Монголын цагдаа хүчнийхэн барьц алдсан байх. Өнөөдөр хүн хүч, зэвсэглэлийн хувьд хэр бэхжиж чадсан бэ?

Д.Сандаг-Очир: -Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гараад хоёр жил гаруй болж байна. Төр түмэн хийгээд цагдаагийн байгууллагад ихээхэн сургамжтай үйл явдал болсон. Одоо ч үр дагавар нь дуусаагүй.

Цаашид ийм болзошгүй зүйл гарахаас сэргийлэх бүхий л талын арга хэмжээг авч байна. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон тохиолдолд нийгмийн хэв журам сахиулах зорилготой Шуурхай удирдлагын штаб бий болгосон.

Штаб дотроо тодорхой чиглэлээр бүлэг байгуулсан. Аймаг орон нутгийн цагдаагийн байгууллагад ч тусгай бүлэг байгуулж, сургалт дадлага хийж байна. Сүхбаатарын талбайд шөнө бэлтгэл хийгээд хэл аманд ч орж байлаа. Яах вэ. Цагдаагийн байгууллагыг юу гэж хэлэх нь хамаагүй. Ямар ч байсан төр аливаа асуудалд бэлэн байх ёстой учраас хүнээ бид бэлтгэж, сургаж байна.

Техник, тусгай хэрэгслийн асуудал бий. Гадаад улс орнуудаас тусгай техник хэрэгсэл авсан. Төрөөс өгсөн төсвийн хүрээнд нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед ашиглах зориулалттай машин, усан хөөрөг бүхий машинтай болсон. Хувь хүн нэг бүрийн тусгай хэрэгслээр хангах арга хэмжээ авсан. Мууг зөгнөж байгаа юм биш.

Иргэд олон түмнийхээ аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага бэлэн байдалд байх л ёстой. Ц.Нямдорж: -Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын шалтгаан нь сонгуулийн үр дүн байсан гэж зарим хүн ярьдаг. Худлаа шүү дээ.

Цаанаас нь зохион байгуулаад чулууг нь хүртэл “Портер” машинаар зөөж, бензинийг нь хүртэл савлаад авчирсан. Цөөн хүмүүсийн зохион байгуулсан л ажил. Түүнээс биш хаа байсан Баянхошуунаас чулуу бариад хүүхэд гүйж ирсэн бодож байна уу. Тийм биш шүү дээ. Долдугаар сарын 1-нийг дахиж гаргуулахгүйн төлөө намайг энэ албанд тавьсан гэж ойлгож байгаа. Одоо янз бүрийн юм ярьж эхэлсэн байна. Тэр явдлыг дахиж гаргуулахгүй.

Хэнбугай ч оролдсон, ёстой санасны гарз. 2.7 сая ард түмнийг амар амгалан байлгах гэж төр, цагдаа байдаг. Тэр үүргээ гүйцэтгэх болно. Янз бүрийн юм ярьж эхэлж байна шүү. Ойрын хэдэн жил амар тайван амьдарчих юм бол 2014 оноос Монголын хөгжлийн цоо шинэ нөхцөл үүснэ.

Одоогийн хүндрэл гэж яриад байгаа зүйлүүд аажмаар алга болно. Эдийн засгийн хөшүүрэг хөдөлж эхэлж байна. Ийм үед нь төрийг ард түмнээс нь салгаад хаячихаж болохгүй. Тэр тусмаа энэ төрд хамгийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ийм юм хийлгэхийн төлөө явбал төрийн бүх илд, бамбай хөдөлнө шүү гэдгийг хэлэх цаг нь болсон гэж үзэж байна. Тийм юм гаргуулахгүй.

-ХЗХ-ны хохирогчдын хохирлын мөнгийг барагдуулах ажил 98 хувьтай байгаа юм байна. Гэтэл ХЗХ-ны зээлдэгч, хариуцагч нараас эргэн төвлөрүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа ердөө 38 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт биш үү?

М.Ганхүү (ШШГЕГ-ын дарга): -38 гэдэг бага хувь. 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгө борлуулснаар буцаан төлөх боломж одоогоор байна. 29 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн хөрөнгийн байдалтай газар дээр нь танилцахад борлуулах боломжгүй нь харагдсан.

Хэд хэдэн шалтгаан бий. Машин, түүний эд анги, тавилга, цахилгаан хэрэгсэл байна. Ерэн хэдэн оны “Ланд круйзер-80” машиныг 80 мянган доллараар, хаана ч ашиглахаа больсон “Пентиум-1” компьютерийг 500 мянган төгрөгөөр, цаасны тавиурыг 150 мянган төгрөгөөр үнэлсэн байх жишээтэй. Түүнийг 500 төгрөгөөр ч авахгүй.

Үнэлгээг цагдаагийн байгууллага тогтоодог юм шиг зарим хүн ойлгодог. Хөндлөнгийн үнэлгээний байгууллага хийдэг. Хэтэрхий бодит биш тогтоосон. Эдгээрийг хараад төрийн албанд ямар үнэнч бус, шударга биш хүмүүс ажилладаг юм бэ гэж хүртэл бодогдсон. Харамсмаар. Өнөөдөр Улаан баатарт явж байгаа “Эксел” машиныг тоолбол маш бага тоо гарна.

Гэтэл “Эксел”-ийн копут, хаалга зэрэг эд анги хэдэн зуугаараа бий. Түүнийг яаж борлуулах юм. Шаварт унасан шарын эзэн гэгчээр бид аль болох борлуулахыг хичээж байна. Хуулиар дуудлага худалдаанд хоёр удаа оруулах ёстой.

Гэтэл бид 7-8 удаа оруулаад үр дүнд хүрэхгүй байна. Албадлагын янз бүрийн арга хэмжээ авсны үр дүнд хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол барагдуулсан. Хураагдсан эд хөрөнгийг борлуулаад ч 36 тэрбум төгрөгийг барагдуулж чадахгүй.

Ц.Нямдорж: -36 тэрбум төгрөгөөс 11 гаруй тэрбумыг л төлүүлсэн. Үлдсэн 20 гаруй тэрбум төгрөгийг төлж барахааргүй байгаа.

М.Ганхүү: -Хураагдсан эд хөрөнгийг хадгалах агуулах, түүний цахилгаан, дулааны зардал мэтээр төлөвл өгдөөгүй зардал маш их гарч байгаа.

-Улс олон нийтэд их хэмжээний хохирол учруулсан хүмүүст ямар арга хэмжээ авч байна вэ. Хохирол барагдуулах болохоороо цалингаас өөр орлогогүй гэдэг. Тухайлбал, Ц.Чимэдцэрэнгийн асуудал байна.

М.Ганхүү:– “Хадгаламж” банкинд 14 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Чимэд цэрэн таван сая төгрөг л төлсөн. Түүний нуусан эд зүйл, эхнэр, хүүхдийнх нь нэр дээр байгаа хөрөнгийг илрүүлэхээр ажиллаж байгаа. Гэм хорын хохирлоо төлөөгүй тохиолдолд дэглэм бууруулах асуудал байхгүй.

Гэтэл түүний дэглэмийг шүүгчид бууруулсан байсныг бид сайдад танилцуулаад буруу шийдвэр гаргасан шүүгч, прокурор, хорих ангийн дарга нар хариуцлагаа хүлээсэн. Бусад хүмүүсийн төлбөрийг төлүүлэх талаар янз янзын арга хэмжээ авч байгаа.

Ц.Нямдорж:– Хамгийн түвэгтэй асуудлын нэг нь энэ. Гэмт хэргийн замаар мөнгө, хөрөнгөтэй болдог, түүгээрээ тоглодог, наргидаг асуудал бий. Ял асуух болохоор ажилгүй, мөнгөгүй, орон гэргүй гэдэг. Тэгээд ял эдэлдэг. Шүүхийн шийдвэрийн 50 хувь хэрэгждэггүй.

Манайхны зарим нь чихгүй болтлоо хулгай хийж байгаа юм чинь. Хоёр чихийг нь авах гэхээр чих байдаггүй. Жирийн дэглэмтэй хоригдлуудаар л ажил хийлгэдэг. Чанга дэглэмд ял эдэлж буй хоригдлуудаар ажил хийлгэдэггүй юм. Би ер нь юмнаас айж үзээгүй хүн. Харин Өршөөлийн хуулиар хоригдол суллах үйл ажиллагаатай танилцаж байхдаа үнэхээр айсан.

Чанга дэглэмтэй ангид ял эдэлж байгаа хүмүүс хэд хэдэн удаа туйлын хүнд гэмт хэрэг үйлдсэн байдаг. Тэднийг өршөөлд хамруулах хэцүү. Тийм хүмүүсээр ажил хийлгэдэггүй учраас хохирол барагдуулна гэж бараг байхгүй. Хохирогч хохироод л дуусаж байна.

-Шүүх эмнэлгийн шинжилгээ, дүгнэлт хэр бодитой гардаг юм бол. Зарим хүн шударга бус зүйл тэнд байдаг гэх юм. Онц ноцтой хэргийг нотолж чадаж байгаа юу. Б.Баярбат, Н.Мөнх-Оргил нар гэмт хэрэг үйлдээгүй гэсээр байгаа?

Ч.Алтанхишиг (Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дарга):

-Сүүлийн жилүүдэд 2.4 тэрбум төг рөгөөр техникийн шинэчлэл хийсэн. 1980-аад онтой харьцуулахад Шүүхийн шинжилгээний байгууллагын лабо раторийн чадавх 85 хувьтай байгаа. ДНХ-ийн шинжилгээг 2004 оноос хийж эхэлсэн. Энэ шинжилгээний 99.9 хувь нь үнэн байдаг. Дэлхийн хэмжээний шинжилгээг улсын хэмжээнд хийдэг, баталгаатай.

-Гэхдээ техникийг хүн ажиллуулдаг. Үнэн зөв гэх баталгаа байна уу. Доод тушаалынхаа офицерыг зодож хөнөөсөн Б.Батболдын асуудал байна. “Зодоод хөнөөжээ” гэсэн дүгнэлт гараад байхад өвч нөөр нас барсан гээд танайх өөр зүйл яриад байгаа. Ажилтнуудынхаа шударга байдал, ёс зүйг хангах тал дээр хэрхэн анхаардаг юм бэ?

-Б.Батболдын асуудлаар нэлээд шуугисан. Бид олон удаа шалгасан. Шалтгаан нөхцөл олон байдаг. Зодсон нь үнэн. Хохирогч өвчтэй байсан юм билээ. Гурав дөрвөн удаа хагалгаанд ороод биеийн эсэргүүцэл нь их муудсан байж.

Үхлийн үндсэн шалтгаан нь гарцаа байхгүй сүрьеэ байсан. Нуугдмал өвчин нь зодуулснаас болж сэдэрсэн. Энэ талаар Сүрьеэгийн эмнэлгийн дүгнэлт гарсан. БНСУ, Турк, Украин, Беларусийн талаас ч зөвлөгөө авсан. Бидний хувьд нэлээд маргасан. Өвчнийг сэдрээх шалтгаан нь зодсон явдал байсан.

Ц.Нямдорж: -100 хувийн баталгаатай гардаг шинжилгээний дүн гэж дэлхийн хаана ч байхгүй. Манайд сайжирсан гэдэг ч миний санаанд хүрэхгүй байгаа. Гурав, дөрвөн жилийн өмнөхийг бодвол илт дэвшил гарсан. Гэхдээ олон улсын жишигт хүрсэн гэвэл худлаа. Эднийхийг байгуулах гээд явж байсан үед би БНСУ-д айлчилж байхдаа шинжилгээний нэг байгууллагаар орсон юм. Бидний ярилцаад сууж байгаа энэ хэмжээний өрөөнд үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Үнийг нь дийлэхээр бол авчихъя гэж бодсон чинь нэг сая доллар гэж байгаа юм.

-Шинээр Парламентын ордон барих асуудалтай зэрэгцээд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг хэрхэх вэ гэсэн яриа гарч эхэлсэн. Одоо байгаа газар нь ордон барихаа больсон ч гэсэн эмнэлгийн барилгыг нураагаад эхэлчихсэн. Өнөөдөр ямар байдалтай үйл ажиллагаа явуулж байна вэ?

Т.Нарантуяа: -Эмнэлгийн хойд талын хэсгийг нураагаад байгаа. Урд талын дөрвөн давхар хэсэгтээ үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзээд 60 ортойгоор дотор, мэдрэлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Гурван давхартаа хоёр ээлжээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй.

-Тоног төхөөрөмжийн хувьд шинэчилж, сайжруулсан зүйл байна уу?

-Сүүлийн таван жилд хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулс наар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Шинэ эмнэлэгтэй болох үедээ тоног төхөөрөмжийн томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа.

Ц.Нямдорж: -Би хоёр жилийн өмнө Японд эмчилгээ хийлгэхээр очлоо. Орчин үеийн эмнэлэг гэдэг чинь манайхаас шал өөр юм байна. Яг ийм өрөөнд 10 төрлийн шинжилгээ хийгээд гаргаж байна. Нэг өрөөнд ороод л бүх шинжилгээгээ өгчихөж байгаа юм. Эмнэлгийнхээ дарга нарыг тэнд очоод үзээд ир гэсэн. ТТАХНЭ-ийн дарга сая Япон явсан байх.

Шинэ эмнэлгийнхээ зураг төслийг өөрчил. Хүн бага гүйлгэдэг орчин үеийн тийм эмнэлэгтэй бол гэж би эд нарыг шахаад байгаа. Манай II эмнэлэг яадаг гээч. Нэг шинжилгээ өгөхөд хамгийн хойд захын нэг хэсэгт очно.

Дахиад өөрийг өгөхөөр бол дээшээ дөрвөн давхар руу мацаж байгаа юм. Бас нэг шинжилгээ өгөхөөр бол тээр хойноос тойроод урд хэсэгт нь очно. Ядарсан хүн бол бараг турж үхэж байгаа байхгүй юу. Эмнэлгийнх нь зардлын ихэнхийг байшин нь залгичихдаг.

Монголын боловсролын салбарын таван төгрөгийн нэгийг нүсэр байшингийн дулаан, цахилгаанд зарцуулдаг. Японд миний үйлчлүүлсэн эмнэлгийн эмч нь 1.5х2.5 метрийн өрөөнд сууж байна лээ. Би төөлж үзсэн юм. Гэтэл манай эмнэлгийн дарга нар минийхээс 3-4 дахин том өрөөнд суудаг. Та аймаг, нийслэлийн томоохон эмнэлгийн эмч нараа дагуулаад соёлтой орны эмнэлэг очоод үзчих гэж би С.Ламбаа сайдад хэлээд байгаа.

Шинээр эмнэлэг барина гэж байхынхаа оронд одоо байгаа эмнэлгийн нүсэр барилгуудынхаа ханыг нураагаад шинээр зохион байгуулаач гэж хэлдэг. Бас л явж өгөхгүй байна. ТТАХНЭ шинээр тоног төхөөрөмж авсан гээд байгаа ч эднийх муу. Орчин үеийн эмнэлгийн шаардлага хангадаггүй. Төрийн тусгай албан хаагчдыг нэг гайгүй эмнэлэгтэй болгочих юмсан гэж бид мөрөөддөг. Тэр нь шинээр байгуулах эмнэлэг.

Надад улс төрийн жаахан нөлөө гэж байдаг бол түүнийгээ загвар эмнэлэгтэй болгохын төлөө ашиглана гэж бодож байгаа.

-Өршөөлийн хууль, цаазаар авах ялын талаар ХЗДХЯ ямар саналтай байдаг вэ. Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүсээс хэд нь гэмт хэрэг дахин үйлдсэн байдаг бол. Цаазаар авах ялаас татгалзах тухайд ямар байр суурьтай байна вэ?

Д.Сандаг-Очир: -Өршөөлийн хуулиар хорих ангиас 2240 хүн суллагдсан. Үүнээс 43 нь дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

Ц.Нямдорж: -Өршөөгдсөн хүмүүс хэрэг үйлдэх нь суллагдсан хүмүүсийнхээс харьцангуй бага л даа. Өршөөгдсөн учраас түүндээ урамшиж, сургамж авдаг шиг байгаа юм. Би 1981 оноос хойших Өршөөлийн бүх үйл ажиллагаанд оролцсон. Арван хэдэн Өршөөлийн хуулийн дараах нөхцөл байдал ерөнхийдөө гайгүй.

Цаазаар авах ялын хувьд Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Энэ хүний дараачийн хүн гарч ирээд буруу байна гэвэл өөрчилж болно. Миний ойлгосноор одоогийн Ерөнхийлөгч цаазаар авах ялыг бүр мөсөн үгүй болгохын төлөө явах юм шиг байна лээ. Энэ бол хоёр талтай асуудал.

ОХУ-д дотоодын нөхцөлд байдал маш хүнд байна. Тэднийх цаазаар авах ялаас татгалзаад олон жил болсон. Олон улсын хандлага нь татгалзах тал руугаа явж байгаа. Ерөнхийлөгчийн байр суурийг барууныхан дэмжиж байгаа бололтой. Социализмын үед их хохиролтой авто осол, өмчийн хэрэгт цаазын ял оноодог байсан.

1994, 2004 оны Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөөр цаазын ялын зүйл, ангийг цөөрүүлж ирсэн. Цаазыг халах асуудлыг би эсэргүүцэхгүй байгаа нь 1930-аад оныг боддогтой холбоотой. Энэ ял байсан ч эрүүгийн нөхцөл байдлыг зөөлрүүлж чаддаггүй. Ер нь ял чангаруулаад эрүүгийн нөхцөл байдал сулардаггүй юм. 1960, 1985 оны Эрүүгийн хуулийн хорих ялын дээд хэмжээ 15 жил байсан. 1994 онд 25 жил болгож чангалсан ч эрүүгийн нөхцөл байдал сайжраагүй.

-Хил хамгаалах байгууллагыг ХЗДХЯ-ны бүтцээс салгаж БХЯ-нд өгөх тухай ярьж байгаа. Ингэснээр юу өөрчлөгдөх вэ. Хилийн цэрэгт биенээ буудаж хөнөөдөг онц ноцтой хэрэг байнга гарах болжээ. Энэ юутай холбоотой вэ. Гэрээт цэргийн албан хаагчдын давуу тал юу вэ?

Ц.Сэргэлэн: -Хилийн цэргийн үүрэг Зэвсэгт хүчнийхээс тэс өөр. Үүнтэй холбоотойгоор хил хамгаалах албаны харьяаллын асуудлыг УИХ шийддэг. ХХЕГ гаргасан хууль, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй учраас харьяаллын асуудлыг яримааргүй байна. Төрийн тусгай алба хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай биелүүлэх л үүрэгтэй.

Гүйцэтгэж байгаа чиг үүрэг маань олон улсын шинж чанартай. Улсын хил хамгаалалт гэдэг өөрийн гэсэн арга, тактик, онолтой алба. Хил хамгаалах алба үндсэн үүргээ Монгол Улсын хилийн шугам дээр гүйцэтгэдэг. Байгаль, цаг агаарын ямар ч нөхцөлд үүргээ тасралтгүй биел үүлдэг учраас их эрсдэлтэй. Хилийн застав маш онцгой. 30-аас доош насны 40-50 залуу үүрэг гүйцэтгэх явцдаа албанаас шантрах, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох мэтээр янз бүрийн юм болдог.

Цөөн биш гэмт хэргийн бүртгэл бий. Гарч байгаа гэмт хэргийг сүүлийн 10 жилээр авч үзээд шалтгаан нөхцөлийг нь шинжлэх ухааны үндэслэлтэй судлахаар Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

Маш олон хүчин зүйл нөлөөлсөн гэсэн дүгнэлт гарсан. Албанаас шалтгаалсан нөхцөл байдлыг бууруулахаар ажиллаж байгаа. 2010 онд хил хамгаалах байгууллагад гарсан гэмт хэргийг судлахад өмнөх оныхоос 28.5 хувиар буурчээ.

Бусдын амь насыг хохироосон хэрэг 2010 онд гараагүй. Хүний амь нас золгүй тохиолдлоор хохирсон дөрвөн хэрэг гарсан нь өөрсдийнхөө амийг хороосон байсан. Хууль хяналтын байгууллага шалгаж байна. Урьдчилсан байдлаар гэр бүлийн таарамжгүй уур амьсгалаас болж амь насаа егүүтгэсэн гэж үзэж буй.

Ц.Нямдорж: -Хилийн цэргийг Зэвсэгт хүчинд авна, авахгүй гээд баахан юм ярьж байгаа. Хар үгээр хэлэх юм бол нэмэх, хасах хоёр цэнэг л байхгүй юу. Зэвсэгт хүчин, хил хамгаалах алба хоёр нэг дор байх нь зохимжгүй. Зэвсэгт хүчинд өгчихөөр гадаад паспорт дээр тэднийх тамга дарах нь ээ. Дэлхийн жишигт тийм байдаггүй. Гадаадад явж байгаа монголчуудын паспорт дээр дайн байлдаан хийдэг Зэвсэгт хүчнийхэн тамга дарах нь л дээ.

1930-аад оны Булан дэрсний байл даан хилийн жижиг зөрчлөөс үүдэлтэй, Зэвсэгт хүчин мөргөлдөөнд оролц соноос асуудал даамжирсан гэж цэргийн судлаачид ярьдаг юм билээ. Энэ хоёр албаны үндсэн чиг үүрэг тэс өөр.

-Зэвсэгт хүчинд гэмт хэрэг гарлаа гэж бараг дуулддаггүй. Гэтэл Хил хамгаалах албанд ноцтой хэрэг гараад байдаг нь хачирхалтай биш үү?

Ц.Нямдорж: -Хилийн цэргийнхэн байнгын буу, сумтай явдаг. Зэвсэгт хүчнийхэн бол үгүй шүү дээ. Сургуулилалт хийчихээд буу, сумаа хураалгадаг. Гар хоосон хүн хил рүү явуулдаггүй л байхгүй юу. Асуудал энд л байдаг.

Ц.Сэргэлэн: -Хил хамгаалах албаны онцлогийг ойлгоосой. Өөрсдөө яваад үзэх хэрэгтэй. Ямар хүнд хэцүү, эрсдэлтэй, бас бахархалтай алба гэдгийг тэгж байж л ойлгоно. Дашрамд сэтгүүлчдийг ирэх зун хилээр тойрох аялалд урья.

-Хууль зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөгөө, дэмж лэгийг хууль боловсруулах үйл ажил лагаанд хэрхэн ашиглаж байна вэ?

Д.Батжаргал (Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал): -Манайх сургалт, судалгаа, сурталчилгаа явуулдаг. 2003-2010 онд судалгаа 90 шахам хийсэн. 41 судалгааны үр дүн гарсан. Хуулийн төсөл боловсруулах чиглэлээр 10 гаруй судалгаа хийсэн. Ажил хэрэг болоогүй судалгаа арваад бий. ХЗДХЯны нягталж судлах, боловсруулах хуулийн төсөлд энэ оноос манай хүрээлэн оролцож эхэлж байгаа. Аливаа хууль, тогтоолын төсөл боловсруулахад шинжлэх ухааны үндэслэл зайлшгүй хэрэгтэй.

-Улсын хэмжээнд архивын үзлэг явуулсан юм байна. Архивын хадгалалт, хамгаалалт ямар байдалтай байна вэ?

Д.Өлзийбаатар (Ар хивын ерөнхий газрын дарга): -Архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлын хоёр дахь үе шат эхэлж байна. Аймаг болгонд уг хөтөлбөр хэрэгжиж байгаа. 2014 он гэхэд архивын нийт баримтын 50 хувийг электрон системд оруулна. Монголчууд нүүдэлчин амьдралтай байж ямар их архивын материалтай юм бэ гэж гадаадынхан гайхдаг юм билээ. Архивын материал бүхэн тус тусын хадгалах тусгай горимтой байдаг. Зориулалтын шинэ байр маань 2012 онд ашиглалтад орно.

-Монгол Улсын Засгийн газрыг гадаадын компаниуд хэдэн удаа олон улсын шүүхэд өгсөн бэ. Энэ заргууд ямар шатанд явна вэ?

Ц.Нямдорж: -Нээлттэй, даяаршиж байгаа дэлхий болохоор олон улсын шүүх рүү гулсаж орохоос аргагүй юм байна. Заргын тав, зургаан асуудал бий. Цахилгаан станцтай холбоотой Италийн маргаан, “Марубени”-тай хол боотой шүүхийн асуудал дууссан. Одоо С.В.Паушоктай холбоотой зарга байгаа. “Хан ресурс”, Төмөртэйн ордтой холбоотой зарга үүсээд байна.

Ж.Чайлмерстай холбоотойгоор 20 гаруй сая долларын асуудлаар Швейцарийн банк Монголбанкны талаар бас гом дол мэдүүлсэн. Монголчуудын хувьд олон улсын шүүхэд маргаан дэгдээж байгаа нь бараг анх удаагийнх байх. Шүүхийнх нь шийдвэр их удаж байж гардаг аж. Монголын шүүхийг хэрэг удаан шийдлээ л гэдэг юм.

Тэгвэл олон улсын шүүх дэндүү удаан байна шүү. С.В.Паушоктай холбоотой асуудлаар жил гаруй заргалдаж байна. Манай тал өмгөөллийн хөлсөнд их хэмжээний зардал гаргасан. Зургаан тэрбум төгрөг болчихоод байхад л шийдвэрийг нь гаргаж өгөхгүй юм.

Манай дарга нар хуулиа хэр зэрэг уншдаг юм бол, ингэхэд. Миний хувьд эргэлздэг. Тэгсэн хэрнээ намайг хууль бичээд өгөхөөр шүүмжлээд байдаг юм.

Цаашдаа ч хэрүүл зарга гарахгүй гэх баталгаа байхгүй. Олон улсын гэрээ байгуулахдаа маш болгоомжтой хандах хэрэгтэй. Сүүлийн үед олон улсын гэрээтэй холбоотой маргаан үүсвэл Английн шүүхэд очно шүү гэдэг болж дээ.

 Тэмдэглэсэн: Го.ЭНХТӨР, Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.