Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.МЕДВЕДЕВ: ЛУКАШЕНКО ИХ ЖУДАГГҮЙ ЗАГНАЖ БАЙНА

 Белорусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нэгэнтээ “дипломат дүрэм журмын төдийгүй хүний наад захын ёс зүйн хэм хэмжээнээс давж гарсан…” хэмээн хэлж байсан шиг мэдэгдлийг Дмитрий Медведев саяхан цахим илгээмждээ хийв. Орос, Белорусийн иргэдэд хандсан түүний үг бүхэлдээ Минсктэй хэрхэн харилцаж буйд зориулагдсан байв. Бүр тодруулбал хөрш улсынхаа Төрийн одоогийн тэргүүнд хандсан юм.

Дмитрий Медведевийн энэ хандлагыг Украины Ерөнхийлөгч байхад нь Виктор Ющенкод илгээсэн ил захидалтай харьцуулж бүрнээ болно. Тэгээд ч Белорус улсад сонгуулийн кампанит ажил ид идэвхтэй дээрээ байна. Энд арванхоёрдугаар сарын 19-нд Ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Оростой харилцаагаа эвийг нь олоод зохицуулж чаддаг улстөрчийн чадвар нь Лукашенкод ямагт тус болж байсан. Тэгвэл энэ хөзөр нь одоо түүний гарт үнэн хэрэг дээрээ алга болсон байна.

Медведев цахим илгээмждээ “Манай улс Белорусийн ард түмнийг хамгийн ойр дотны хөршөө гэж үзэж ирсэн. Олон зууны түүх, хамтарч бий болгосон соёл, хамтдаа баярлаж, хамтдаа гуньж явсан маань биднийг нэгтгэдэг гэдэгт би үнэхээр итгэлтэй байдаг” гэж өгүүлсэн бий. Тийм ч учраас Орос улс Белорусийн ард түмэнд ямагт тусалсаар ирснийг Медведев эргэн дурсав. Зөвхөн энэ онд л гэхэд хөнгөлөлттэй үнээр нефть нийлүүлснээр бараг хоёр тэрбум долларын тусламж Белоруст үзүүлсэн байна. Ийм байтал Белорусийн удирдлага Оросын эсрэг ажиллагаа өрнүүлээд эхэллээ.

Тэнд болж байгаа сонгуулийн өмнөх сурталчилгаа бүхэлдээ Оросын эсрэг сэдэв дээр төвлөрч, Орос улсыг белорусчууд, Белорусийн эдийн засгийг дэмжих хүсэлгүй байгаа мэтээр буруутгаж, Оросын удирдлагыг хараан зүхэж байна хэ мээн Медведев тэмдэглэв. Олон түмнийхээ ухамсарт гадны дайсныг бий болгохыг Белорусийн эрх баригчид оролдсоор ирсэн. Урьд нь бол дайсан гэж Өрнөдийг бүхэлд нь хэлдэг байсан бол одоо Оросыг дайснаа гэж үзэх болжээ. Их жудаггүй зан гаргаж, хүний эрхийн хамгийн түгээмэл ёс зүйг зөрчлөө хэмээн Лукашенког Медведев илэн далангүй буруутгав.

-Лукашенко надтай анх уулзахдаа л Орос-Белорусийн харилцаанд анхаарлаа хандуулахын оронд надаас өмнө Оросын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Борис Ельцин, Владимир Путин нарын тухай л ярих гээд байсан хэмээн Медведев дурсаад , -Белорусийн Ерөнхийлөгч маань дотоод асуудалдаа анхаараасай билээ. Тэр дундаа хүмүүс ор сураггүй болсон олон хэрэг бий, тэдгээрийн учрыг олмоор юм. Энэ бүхнийг бусад улсын нэгэн адил Орос ч тоохгүй байж чадахгүй хэмээв. Оросын Ерөнхийлөгчийн энэ хүү цахим илгээмж нь саяхан Оросын сурвалжлагчдад зориулж Лукашенкогийн хийлгэсэн хэвлэлийн бага хуралд ямар нэг байдлаар өгсөн хариу байлаа.

Тэрбээр тэр үед Оросын одоогийн удирдлагад тун итгэлгүй хандаж буйгаа илэрхийлсэн хэрнээ Москва хотын захирагч Юрий Лужковыг халсныг дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм. Гэхдээ үүнийг ухаж бодвол өөр улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал гэж үзэхээс аргагүй. Белоруст болох сонгуулийн кампанит ажлын үеэр Оросын ажиглагчид үүнтэй адил үнэлгээ өгнө гэдэгт Кремлийн эх сурвалж итгэлтэй байна. Ийм мэдэгдэл хийхэд хүрэлцэхүйц баримт цуглуулчих юм бол санал хураалт тунгалаг бус, сонгуулийн дүн будилаантай байсан гээд Орос мэдээлчихэж болох юм. Ингэвэл Лукашенкогийн хувьд тун таагүй нөхцөл байдал бий болж, дор хаяж сонгуулийг дахин явуулахад хүргэж болзошгүй.

Энэ нь Лукашенко ялагдлаа хүлээсэнтэй агаар нэгэн болох билээ. Өмнө нь болсон хоёр сонгуулийн сурталчилгааны ажлыг Европын ажиглагчид шударга бус гэж үзсэн, тэгэхэд Орос улс сонгуулийн дүнг луйвар булхайгүй хэмээн цээжээрээ хамгаалсныг сануулахад илүүдэхгүй байх. Харин Лукашенко гэгч хувь хүнтэй тогтоосон харилцаа мухардмал байдалд орлоо ч гэсэн Белорус улстай улс төрийн харилцаагаа бүхий л түвшинд үргэлжлүүлнэ гэдгээ Кремль онцоллоо.

Белорусийн Ерөнхийлөгчийн сон гуульд оролцохоор нэрийг нь дэвшүүлээд байгаа Андрей Санников “Энэ бол Белорусийн ард түмэнд хангалттай дохио өгсөн үйл явдал боллоо. Мөрдөн шалгах ажиллагааг Лукашенког огцорсноос хойш хийж магадгүй ч Белоруст хүмүүс улс төрийн шалтгаанаар алга болоод, тэднийг алаад байгааг Медведев хэлсэн нь их чухал. Оростой яаж харилцах нь бидэнд маш ач холбогдолтой. Лукашенко үнэн хэрэг дээрээ Оростой “дайн” өдөөсөн нь хэний ч санаанд нийцээгүй. Сөрөг хүчин ч, хамгийн гол нь ард түмэн дургүйцэж байна. Белорусийн хөгжилд Орос улс ямар чухал үүрэгтэйг бид ойлгодог.

Лукашенко нэрээ дэвшүүлж байгаа нь угаасаа хууль бус. Сонгуулийн дүнг луйвардсан Сонгуулийн төв комиссын дарга Лидия Ермошинагийн үйл ажиллагааг олон улсын хэмжээнд эсэргүүцэж буй гэлээ. Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын Хүрээлэнгийн орлогч захирал Владимир Жарихин “Ющенкод Медведевийн илгээсэн ил захидал чинь үнэн хэрэг дээрээ нэг хүнд биш Украины улс төр, эдийн засгийн дээд зиндааныханд зориулсан зүйл байсан юм. Оросын удирдлагатай биш Белорусийн улс төр, эдийн засгийн дээд хүрээнийхэнтэй л Лукашенко “асуудалтай”.

Тийм болохоор буруу ажиллаад байна гэж энэ дээд хүрээнийхэн нь удирдагчдаа хэлэх ёстой. Түүнд дарамт шахалт үзүүлмээр байгаа юм. Лукашенко тэндээ хаан шиг, бурхан шиг байдаг бололтой. Тэгвэл тэр үнэн хэрэг дээрээ хаан ч, бурхан ч биш. Белорусийн улс төр, эдийн засгийн дээд зиндааныхан гэж байхгүй юм шиг л байх юм. Уг нь бий шүү дээ. Харин түүнд санхүү, улс төрийн маш айхтар ашиг сонирхол бий. Тэр ашиг сонирхлыг нь Лукашенко аюулд учруулчих гээд байгаа. Үүнийгээ бид биш, тэд л шийдэх учиртай гэв.


Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.