Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Лүндээжанцан: УИХ, Засгийн газартай байж л 1.5 саяын амлалтаа хэрэгжүүлнэ шүү дээ

УИХ дахь бүлгүүд өнөөдөр үдээс хойш хуралдаж, түүнд Ерөнхий сайд зарим “цэргийнхээ” хамт оролцов. Тэд Тавантолгой, Оюутолгой, эдгээртэй холбогдуулан төмөр зам тавих, иргэн бүрт өгөх 1.5 сая төгрөгийн амлалт зэргээр мэдээлэл хийж, хэрхэн хэрэгжүүлэх үндэслэл, үзэл баримтлалаа танилцуулаад  гишүүдийн асуултад хариулсан байна. Засгийн газрын хуралдаанаар хоёр ч өдөр дараалан хэлэлцсэн эдгээр асуудлаар өнөөдөр Ерөнхий сайд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.
МАХН-ын Бүлгийн дарга Д.Лүндээжанцан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дээрх гурван асуудлаас гадна “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Засгийн газар үзсэн байна. Эдгээр нь 1.5 сая төгрөгийг иргэдэд олгохтой уялдаатай асуудал аж.

-1.5 сая төгрөгийг иргэн бүрт өгөх эх үүсвэр байхгүй гэж байсан. Амлалтыг хэрхэн хэрэгжүүлэх, эх үүсвэр яаж олох талаар Засгийн газар ямар санал дэвшүүлсэн бол?
-Иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгийн улс төрийн амлалтыг хэрэгжүүлэх арга замыг Дэлхийн банк болон бусад олон улсын баримт, судалгаанд үндэслэж боловсруулжээ. Тооцоо,  судалгаа хийжээ, эх үүсвэр бий юм байна. Энэ арга зам нь  Оюутолгой, Тавантолгойн орд, төмөр замын хөгжил, орон сууцжуулах хөтөлбөртэй уялдаатай.
Бид ч өгөх боломжгүй гэж үгүйсгэж байгаагүй шүү дээ. Сонгуулийн дараа мөнгөгүй гэж хэсэг ярьсан ч ухрах газар үгүй, аргыг нь олох ёстой гэж байсан.
-Уг амлалтаа хэрэгжүүлэхэд идэвхтэй санаа тавьж, олгох боломжтойг  сануулж эхэлсэн нь энэ сарын 5-нд болох УИХ-ыг тараах жагсаалыг намжаах гэсэн алхам юм биш үү?
-Энэ чинь үргэлж л ярьж байсан сэдэв шүү дээ. Бид хугацаа алдаж байгаа нь үнэн. Ямар арга хэлбэрээр, хэрхэн хэрэгжүүлэхийг ярьж л байгаа. Хүний хөгжил сангийн тухай хууль баталсан. 70.000 төгрөг олгож байгаа, удахгүй үлдсэн хүмүүстээ өгч, дараагийн 50.000 төгрөгийг нь ч олгоно. Төсвийн тодотголоор энэ хэмжээг нэмэх, ялангуяа 2011 онд хэрэгжүүлэх боломж байна уу гэдгийг л ярьж буй. Иргэдийхээ хүлээлтийг ойлгож байна. УИХ, Засгийн газартай байж л уг амлалтыг хэрэгжүүлнэ шүү дээ.
-Тавантолгойн ордтой холбоотой ямар мэдээлэл байна вэ. Төмөр замын маршрутыг хэрхэн шийдсэн бол?
-Тавантолгойн ордын лиценз 100 хувь төрийн мэдэлд байна. Эхний ээлжинд Цанхийн хэсгийг хоёр хувааж ашиглахаар төлөвлөжээ. Тодорхой хэсэгт нь хайгуул хийвэл нөөц нэмэгдэх магадлалтай байгаа. Тиймээс эхний ээлжинд дээрх хэсгийг ашиглалтад оруулахаар үндэслэлүүдээ танилцуулсан. Нэлээд дэлгэрэнгүй үзэл баримтлал байна. “Хоёр толгой”-г ашиглахад төмөр зам тавих нь зайлшгүй. Энэ талаар Засгийн газар байр сууриа хэлсэн. Гэхдээ үүнийгээ ҮАБЗ-д танилцуулсны дараа илүү тодорхой болно. Маршрут, цариг, үндэсний эрх ашиг, геополитик, төмөр зам тавих, уул уурхайн баялгийг ашиглахтай холбоотой нэмүү өртөг шингээсэн үйлдвэр байгуулах, хоёр хөрштэй хамтарч ажиллах, ингэхдээ тарифын хөнгөлөлт, хийн хоолой тавих гэх мэт олон жил ярьж буй асуудлаа давхар шийдэх юм.
Мөн “Оюутолгой” ХХК-ийнхан маргааш /өнөөдөр/  хотын удирдлагуудтай уулзаж, 4000 ажлын байрны гэрээнд гарын үсэг зурах юм билээ. Үүнд 36 тэрбум төгрөг зарцуулна. Цалин, сургалт, ажлын байрыг цогцоор хэрэгжүүлнэ. ҮАБЗ-д Засгийн газар асуудлаа танилцуулсны дараа УИХ-аас ажлын хэсэг гарна.
-Уг ордод хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн ямар ямар компани байна вэ?
– Өнөөдөр үзэл баримтлалаа шийдэх гэж байгаа учраас яг тодорхой юм яриагүй. Ямар консерциум, компанитай гэрээгээ хэрхэн байгуулах вэ гэдгийг уг үзэл баримтлалыг баталсны дараа УИХ шийднэ. Бидэнд хүлээх хугацаа байхгүй. Засгийн газар асуудлаа багцлаад оруулж ирсэн нь дэвшил. Цаг хугацааны хүчин зүйл байсан байх. Энэ хаврын чуулган Монгол Улсын хөгжил, ард түмний амьдралд их өгөөжтэй байх болно.
-Танай Зарим гишүүн Оюутолгойн гэрээг эсэргүүцсэн. Үүнийг хэрхэн шийдсэн бэ?
-Гишүүд гэрээг  сайн болгоё, эргэлзээтэй асуудлаа тайлъя л гэж асуудал тавьсан гэж ойлгож байна. Тэдэнтэйгээ ойлголцсон.




0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.