Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дипломат шахаа

Гадаад харилцааны алба гангараа төдий болж хувирав. Хилийн чанадад Монголын нэрийн хуудас болох учиртай дипломат ажилтнуудын эгнээнд үе үеийн сайд, дэд сайд тэргүүтэй эрх мэдэлтнүүдийн хувийн шахаа, хөнжлийн тохироо болох инженер, бөмбөрчин, багш, жолооч нар өнгө нэмэх болсон нь ингэж хэлэхэд хүргэж буй хэрэг. Ажилгүй, эзэмшсэн мэргэжил гээд байх юмгүй, Монголд амьдрах аргагүй болж тулгамдсан хадам, хүргэн, бэр, ах дүү нараа дипломат албанд шургуулан, гадаадад суугаа Элчин сайдын яамдад “үүрлүүлдэг” эл үзэгдэл эдүгээ заншил болжээ.
Чухамдаа эрх мэдэлтнүүдийн ах дүүсийн сүүлчийн хоргодох байр нь дипломат алба болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Шахааны хүмүүс чих халууцуулах нь олонтаа. Орост суугаа Монголын Элчин сайдын яамны машиныг халамцуу монгол оюутан жолоодож яваад Москвагийн төвд томоохон осол гаргасан хэрэг хуучраагүй байна.
Монголын дипломат ажилтан тамхины наймаанд оролцсон, татваргүй, хориотой бараа хил давуулах гэж оролдсон гэхчлэн нүүр улайлгаж, нүд бүлтийлгэх шалтаг мундахгүй. Тухай бүр тусгаар Монгол Улсын нэр хүнд сэвтэж, дэлхийн хэвлэл, мэдээллийнхний шуугианы сэдэв болдог. Үүний цаана дипломат харилцааны талаар дулимагхан мэдлэгтэй, дундуур сэтгэлтэй шахааны нөхдийн сахилга батын асуудал нуугдаж байдаг аж.
Өндөр мэргэжил, мэдрэмж, хувийн сахилга бат шаарддаг энэ албанд зам зуурын залуургүй, даруулгагүй, ардаа том татаастай давилуун залуус ийнхүү төрийн ШАХАА энэ чухал албанд “дайран орж ирэх” явдал эцэстээ хавтгайрах хандлагатай болсон гэх. Улмаар гадаад харилцааны салбар даацын хувьд даржин, чанарын хувьд “чалхгүй” болсон талаар учир мэдэх мэргэжлийнхэн шүүмжилж байна. Шахааны “шаврын хаалтуудтай” холбоотой хэлц үг хүртэл бий болсон нь нэгийг хэлнэ. Тэднийг шахсан сайдаар нь овоглож, тэрний хүн, энэний бараа гэлцэх нь ч бий. Уг нь гадаад харилцааны салбар бол төрийн тусгай буюу онцгой алба хэмээн тодорхойлогддог. Улс орон бүрийн хувьд төрийн бодлоготойгоо хамт авч явдаг амин цэг, тулгуур баганын нэг. Гэтэл гадаад харилцааны салбарт мэргэжил, мэдлэг, төрийн шалгуураас илүүтэй танил тал, мөнгө хүчтэй үйлчлэх болжээ. Ялангуяа МАХН-аас төрсөн сайд нарын шахааны хүмүүс Европ, Америк, Канад зэрэг амьдрахад аятай, тухлахад таатай орнуудын Элчин сайдын яамдыг “эзлэн авчээ”. Арын хаалга муутай нь Египет, Польш, Унгар зэрэг орон руу шахагдана. Энэ мэтийн зэрэг дэвийн ялгаа төрийн албыг наймаалцах хэмжээнд хүчээ авсан талаар эх сурвалж ам алдаж байна. ГХЯнд энгийн ажилтан, мэргэжилтнээр ажилд ороход 5000 доллар, хэлтэс ахлахад 10 мянган доллараар наймаалцдаг албан тушаалын сүлжээ бизнес бий болсон бөгөөд баячуудын эрх хүүхдүүд, дипломат албаны талаар дэгс ч болов мэдлэггүй нууц амрагууд ялаа мэт шавах болсон чимээтэй.
Монголын төр, Засгийн газар ч гадаад харилцаа, дипломат алба хэмээх энгэрийн товч шиг эмзэг салбараа хайхарсан нь үгүй. Улс төрийн албан тушаал нэрээр мэргэжилтэй, мэргэжилгүй, хэлтэй хэлгүй эрхмүүдийг сайд, дэд сайдаар томилон, дэг журмаа зөрчсөөр ирсэн нь үнэн юм. Хамгийн эмзэглүүштэй нь хилийн чанадад Монголыг төлөөлж суугаа шахааны “шаврын хаалтууд” цаг барихгүй байх, албаны уулзалтыг таслах зэрэг харилцааны ёс зүйгүй байдлаараа гаднынхны дургүйг хүргэж “Монголчууд бүдүүлэг, хэнэггүй” гэсэн шошгонд өөр өөрийн өнгийг нэмэх болсон байна. Энэ ч бага хэрэг.
Албан харилцаатай гадаадын дипломат ажилтныг хувийн гуйлтаараа дардаг явдал моод болжээ. Ямартаа л “Монголын дипломат ажилтнууд уулзалтын ихэнх хугацаанд хувийн бизнес, авгай хүүхдийн асуудлаа ярьж, үлдсэн арван хоромд нь төрөө төлөөлөх цөөн үгийг хэлэлцдэг” гэсэн “онигоо” гарч байхав. Дипломат алба гэдэг цөөн хормын уулзалт байтугай мэнд мэдээд зөрөхдөө хоёр улсын хоорондын хандлага, бодлогоо мэдрэлцэж байх учиртай мэдрэмж, мэдлэгийн харилцаа.
Сумын төвийн авгай нар хүүхдүүдийнхээ хэнийг нь гүйлгэвэл хөршийн эзэгтэй боовны хэв, атга давс зэргээ найр тавин өгөхийг мэдэхийн сайнаар мэднэ. Халтар жаалынхаа нүүрийг цэмцийтэл угааж, нөхөөстэй өмдийг нь солиод айл руу явуулахаа андахгүй. Гэтэл Монголын төрд ядаж төдийхөн мэдрэмж, өдийхөн бодлого алга гэхэд гайхмаар. Монголын дипломат алба үе үеийн сайд нарын өчүүхэн шахаанд “даруулсаар” тэдний ах дүүсийн сүүлчийн хоргодох байр болсоор удлаа. Чулуун чинээ шахаа олшрохоороо уулын чинээ болж хүндрэв. Уулын чинээ шахаанд улс Монгол бүдрэх үү.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.