Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал




МОНГОЛ УЛСЫН

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Хэвлэл, мэдээллийн хэлтэс

Аdd: Peace Ave. 7A,

Ulaanbaatar MONGOLIA 210648

Tel: 976-11-262788

Fax: 976-11-262235

E-mail: press@mfat.gov.mn

Website: www.mfat.gov.mn

 

 

Монгол Улс ба БНПольш Улс, БНБолгар Улс, БНЧех Улс, БНСловак Улс, БНУнгар Улс, Румын Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал дээр Монгол Улсын ГХЯ-ны ТНБД Д.Цогтбаатарын хэлсэн үг

(Улаанбаатар хот, 2010 оны 4 дүгээр сар 23)

 

Эрхэмсэг ноён элчин сайд, хэргийг түр хамаарагч, дипломат ажилтнуудаа,

Эрхэм хүндэт хатагтай, ноёдоо,

Монгол Улс ба БНПольш Улс, БНБолгар Улс, БНЧех Улс, БНСловак Улс, БНУнгар Улс, Румын Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ өдрүүдэд  тохиож байна. Хүн төрөлхтөн дайн дажны аюулаас ангижирч, энх амгалан амьдрал эхэлж байсан тэр урин цаг үед Монгол Улс Зүүн Европын дээр дурьдсан улсуудтай дипломат харилцаа тогтоосон нь манай гадаад бодлогын том ололт амжилт болсон юм. Мөн энэ нь тэдгээр улсын ч бодлогын үр өгөөж байсан гэдэг нь дамжиггүй. Өнгөрсөн нэг жаранд манай улсуудын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг олон салбарт эрчимтэй өргөжин хөгжиж ирснийг өнөөдөр онцлон тэмдэглэхэд таатай байна. Зүйрлэн хэлбэл, хаврын тэртээх сайхан өдрүүдэд бидний хамтран тарьсан найрамдал, хамтын ажиллагааны тэр мод олон салаалж урган, улам өндөр, өргөн болж бэхжиж, үр шимээ өгсөөр байна.

Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжих нэг гол үндэс бол ард иргэд, хүмүүс хоорондын шууд харилцаа, нөхөрлөл, харилцан туслах явдал билээ. Өнгөрсөн хугацаанд манай улсын олон зуун иргэд Зүүн Европын улсуудад суралцаж, дээд, тусгай дунд мэргэжил боловсрол эзэмшиж, олон мянган ажилтан, ажилчид мэргэжил дээшлүүлжээ. Зарим баримтыг хэлэхэд Чех, Польш Улсад манай улсын тус бүр 300 орчим иргэд, Унгарт 400 гаруй, Болгарт 500 орчим, Румынд 200 гаруй хүн тус тус дээд боловсрол эзэмшсэн бөгөөд тэд манай орны улс төр, эдийн засаг, нийгмийн салбарууд, хувийн хэвшилд үр бүтээлтэй ажиллаж байна.

Эдүгээ ч гэсэн манай олон оюутан залуус эдгээр улсад суралцаж байна. Өндөр боловсрол, соёл эзэмшсэн энэ хүмүүс манай орнуудын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжил, өрнөлийн гол хүч болж, их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Мөн дээрх иргэд манай ард түмнүүдийг бодитоор холбож, Евразийн өргөн уудам нутгийг зөвхөн газар нутгийн хувьд бус бас оюун санааны нэгэн цул үл тасарсан орон зай болгож байдгийг онцлууштай.

Манай улс болон Зүүн Европын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжиж ирснийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Зүүн Европын орнуудын санхүү, техник, мэргэжилтний туслалцаатайгаар манай оронд олон арван үйлдвэр, аж ахуйн газар, нийгэм, соёлын барилга, байгууламж баригдаж өнөөдрийг хүртэл үр ашигтай ажиллаж байна. Тухайлбал, Сонгино дахь биокомбинат, Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр, цемент, силикат, тоосгоны үйлдвэр, улсын клиникийн төв эмнэлэг, улсын цирк зэрэг манай эдийн засаг, нийгмийн амьдралд чухал ач холбогдолтой үйлдвэр, газруудыг монголчууд сайн мэддэг. Хуучин Зөвлөлт Холбоот Улс болон Зүүн Европын Улсуудын тусламжтайгаар найрамдлын Дархан хэмээх бүхэл бүтэн хот байгуулж босгосон түүхийг бид мартах учиргүй.

Манай улсуудын хооронд худалдаа өргөжин хөгжиж, монголчууд бид Европын бараа, бүтээгдэхүүнийг байнга авч, хэрэглэж дасчээ. Манай уламжлалт бараа, бүтээгдэхүүн ч Европын зах зээлд борлогдож ирсэн, цаашид тоо хэмжээ, нэр төрлийг нь нэмэгдүүлэхийг эрмэлзэх болно.

Манай Улс Зүүн Европын улсуудтай соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт харилцаагаа амжилттай хөгжүүлж ирсэн нь тус улсын хөгжил, дэвшилд сайн нөлөө үзүүлсэн гэж бид дүгнэдэг. Геологи, хайгуул, хими технологи, геофизик, математик, анагаах ухаан, мал эмнэлэг, байгаль хамгаалал, түүх, монгол судлал зэрэг шинжлэх ухааны олон салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж, үр дүнг нь үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн билээ. Урлаг, соёл, спорт, биеийн тамирын харилцаа ч өргөжин тэлсээр байна.

Товчоор хэлэхэд, Зүүн Европын орнуудтай хамтран ажилласнаар манай оронд Европын соёл дэлгэрч, уламжлалт нүүдлийн соёл иргэншилтэй хослон хөгжсөн юм. Энэ бол манай орнуудын харилцаа, хамтын ажиллагааны нэг том бодит үр дүн мөн.

Зүүн Европын орнуудад 1980-аад оны сүүлчээс өрнөж эхэлсэн ардчилал, шинэчлэлийн  төлөөх хөдөлгөөн алс холын Монгол оронд ч нөлөөлсөн юм. Энэ нь дээр дурдсан Евразийн оюун санааны орон зай бидний хувьд нэгдмэл бөгөөд цул гэдгийг илэрхийлж буй мэт. Бид өөрчлөх ёстой гэсэн сэдлийг хойд хөршөөсөө авч, хэрхэн өөрчлөх хувилбараа торгон  хувьсгал хийсэн орнуудаас авсан. Ийм ч учраас манай ард түмэн одоогоос 20 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг тайван замаар өрнүүлж, улмаар улс төрийн тоталитар дэглэмээс олон нам бүхий ардчилсан тогтолцоонд, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг  тууштай хийж ирлээ.

Ардчилсан хувьсгалаас хойших хугацаанд манай орнуудын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа түүхэн шинэ нөхцөлд амжилттай сэргэн хөгжиж байгаад баяртай байна. Зүүн Европын орнуудаас манай улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ болон хоёр талын худалдааны эргэлт нэмэгдсээр байна. Манай улсаас Зүүн Европын улсуудад төлөх шилжих рублийн өрийн асуудлыг амжилттай шийдвэрлэж дууссан ба эдүгээ эдгээр улсаас манайд хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх боллоо. Өнөөдөр манай улс орнууд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг гэсэн нийтлэг үнэт зүйлүүд дээрээ тулгуурлан харилцаа, хамтын ажиллагаагаа улам баяжуулан гүнзгийрүүлэх боломж байна гэж үзэж байна.

Бидний анд нөхөд Болгар, Польш, Румын, Словак, Унгар, Чех улсууд ардчилал, шинэчлэлийг эрчимтэй өрнүүлж, Европын Холбооны өндөр нөхцөл, шаардлага, стандартыг түүхийн богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, тус холбооны бүрэн эрхт гишүүд болсонд бид баяртай байна.

Манай улс уул уурхайн томоохон орд газруудыг эзэмших, дэд бүтцийг өргөтгөн тэлэх, гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийг татах, барилга, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, энэ үндсэн дээр ажил эрхлэлтийг үлэмж нэмэгдүүлж, ард түмнийхээ амьжиргааны түвшинг дорвитой дээшлүүлэх эрчимтэй хөгжлийн замд тулж ирээд байна.

Ийм өндөр хариуцлагатай цаг үе, нөхцөлд манай улс Европын Холбооны нөхцөл, шалгуур, стандартыг эх орондоо үр дүнтэй нутагшуулан хэрэгжүүлж байгаа Зүүн Европын улсуудын туршлагыг судлан, өөрийн оронд нэвтрүүлэх, энэ үндсэн дээр орчин үеийн хүн төрөлхтөний хамгийн дэвшилтэт арга, ухаанаас суралцах, хөгжлийн үр ашигтай замаар замнах сонирхол, эрмэлзэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд өнгөрсөн 3 дугаар сард БНАвстри, БНУнгар Улсад айлчлахдаа энэхүү зорилгоо тодорхой илэрхийлсэн бөгөөд Европын Холбоо болон түүний гишүүн орнууд манай саналыг дэмжин хүлээн авч байгаад бид баяртай байна. Хэдхэн өдрийн дараа манай улсад айлчлан ирэх БНЧех Улсын Ерөнхий Сайд Ян Фишертэй хийх яриа, хэлэлцээний үеэр уг асуудлыг бас хөндөн ярина.

Манай Улс Европын Хамтын нийгэмлэг болон түүний гишүүн орнуудтай Түншлэл, хамтын ажиллагааны гэрээ байгуулах хэлэлцээрийн эхний 2 шатыг амжилттай хийгээд байгаа бөгөөд уг гэрээнд Европын Холбооны зарчим, норм, хэм хэмжээ, стандартыг Монгол оронд хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах тухай тусгай зүйл оруулахаар тохиролцоод байна.

Энэ гэрээг хэрэгжүүлж эхэлснээр, мөн Европын Холбоонд элсэх нөхцөл, шаардлага, стандартыг амжилттай хэрэгжүүлсэн Зүүн Европын орнуудын арга, туршлагыг судлан нэвтрүүлж эхэлснээр манай орнуудын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрэх болно гэдэгт итгэлтэй байна.

Манай орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Засгийн Газар хоорондын комиссууд, Элчин сайдын яамд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд цаашид ч тэдгээрийн үйл ажиллагааг улам эрчимжүүлэхийг чармайх болно.

Монголчууд цаг тооллоо жаран жарнаар хэмжиж, дүгнэж ирсэн. Бидний харилцаа, хамтын ажиллагааны нэгэн жаран жаргаж, шинэ жарантай золгож байна. Бид хамтран тарьсан найрамдал, хамтын ажиллагааны модоо шинэ жаранд шинэ шим тэжээлээр тэтгэн бордож, улам өндөр, өргөн саглагар  болгохыг чармайх учиртай.

Харилцаа, хамтын ажиллагааныхаа нэг жарны ололт, амжилтыг дүгнэж, шинэ жарны зорилтыг тодорхойлох энэ түүхэн ойн баярыг бид хамтран тэмдэглэж байгаадаа баяртай байна. Энэ ойн арга хэмжээг улам утга агуулга дүүрэн болгохын төлөө чармайн ажилласан БНПольш Улс, БНБолгар Улс, БНЧех Улс, БНСловак Улс, БНУнгар Улс, Румын Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, хэргийг түр хамаарагч нар болон ЭСЯ-дын хамт олон, манай Гадаад харилцааны яамны холбогдох газар, ДТГ-ын ажилтнуудад чин сэтгэлийн талархал илэхийлье.

Анхааран соёрхсонд баярлалаа.

 

 

 

2010 оны 4 дүгээр сарын 23

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.