Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Бямбацогт: Их юм бодлоо гээд толгой салаад унахгүй

-Ажил ихтэй явна уу?

-Их, их. Заримдаа ч ажилгүй болчих гээд байна шүү.

-Яагаад?

-Янз бүрийн обьект хайж зургаа авч байгаа болохоор зарим нь бүтэхгүй сандаргаад л байх юм.

-Зарим хэсгийг нь шууд дамжуулна гэсэн байх аа?

-Тийм. Хорьдугаар ангиас хойш телевизийнхээ студээс явах юм.

-Киног шууд эфирээр гаргах ч амаргүй байх даа?

-Хэцүү. Эфирээс шууд явах учраас дубль гэж байхгүй. Студид хоёр, гурван камер зэрэг ажиллаад л үзнэ дээ.

-Яг ямар агуулгатай кино вэ?

-Нэг гэр бүлээр төлөөлүүлэн Монголын өнөөгийн амьдралыг харуулахыг хичээж байна.

-Гаднын зарим телевизүүд олон ангит киноныхоо төгсгөлийг үзэгчдийн санал асуулгаар зохиодог. Энэ киноны зураг авалт дуусалгүй, телевизээр гарч эхэлнэ гэлээ. Тиймэрхүү өөрчлөлт хийх үү?

-Тийм санаа байгаа. 27 дугаар ангиас кино нэлээд адармаатай болно. Өмнө нь сайн байсан дүр муу болж, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүн хувиа бодох ч юм уу, одоо яана даа гэсэн эргэлзээтэй үе бий болно. Тэгээд энэ үеэс үзэгчдэд сонголт хийх боломж гаргахыг оролдоно.

-Зураг авалт хэзээ эхэлсэн бэ?

-Хоёрдугаар сараас киноны ажил эхэлж, дүрээ сонгож, зохиолоо задлан ажилласан. Гуравдугаар сарын 4-нөөс зураг авалт эхэлсэн.

-Гол дүр нь их цөөхөн юм билээ.

-Долоон гол дүртэй. Кинонд нийтдээ 40 гаруй дүр бий.

-Телевиз бие даан кино хийнэ гэдэг санхүүгийн хувьд нэлээд бэрхшээлтэй гэж үздэг. Харин танай киноны хувьд?

-SBN телевиз эрсдэлийг өөрсдөө хариуцаж байгаа. Энэ телевиз “Наран трейд” группийнх шүү дээ. Энэ онд “Наран трейд”- ийн 20 жилийн ой болж байгаа учраас ойн баяраараа өөрсдийн кинотой болох зорилт тавиад хүч гарган ажиллаж байгаа юм билээ. Жүжигчидтэй гэрээ байгуулан ажиллахаас гадна телевизийн ажилтнууд ч кинондоо тоглож байгаа.

-Хамгийн сүүлд ямар кинонд тоглосон бэ?

-Монголд хийсэн кино болгонд сүүлийн үед орсон байна шүү. Кино ч их болжээ. Одоо хамаагүй олон кинонд орохгүй. Сая үнэхээр гэнэдчихлээ.

-Яагаад?

-Миний шавь, эсвэл уран бүтээлч дүү нар кино хийгээд “Ах ганц хоёр зурганд ороод өгөөч” гэхээр нь, нэг нь ч гэсэн юм хийж байхад, камерын өмнө гарч сураагүй биш гээд ордог буруу юм байна. Гол дүрд тоглож байвал өөр л дөө. Ганц нэг хэсэгт гарах нь дэмий санагдаад. Киноны цаана маркетингийн алба гэж байгаа. Би тэгж орсноороо тэдний гол ачааг үүрээд байна. Жишээ нь “Помогите нам” будилаад л.. Тэгэхээр үзэгчдэд одоо энэ хоёр яах нь вэ гэсэн хүлээлт үүснэ. Яг тэр хүлээлт дээр л кино үргэлжлээд явчихаж байгаа юм. Миний дүрийн тайлал тэнд байхгүй. Иймэрхүү юм их анзаарагдаж байна.

 -Гэхдээ тэр киноны сурталчилгааны хуудсанд таны зураг гол дүр юм шиг томоор тавигдсан байна лээ.

-Харин тиймэрхүү юм гараад байна. Өөрийн гэсэн менежергүй байгаатай холбоотой байх.

-Та яагаад гэнэтхэн дра маасаа хөндийрөөд кино руу орчихов оо?

-Би драмаас хөндийрөөгүй.

-Гэхдээ л жүжигт тоглохоо болиод удаж байгаа шүү дээ.

-Дэлгэцийн уран бүтээл дээр тогтож ажиллана гэдэг хэцүү ажил. Театрын ажил бол сургуулилалт дээр суурилдаг. Адил төстэй болоод ялгаатай зүйл олон байна. Яг үнэндээ жүжиг рүү орж амжихгүй юм. Гэхдээ бодож байгаа юм их байна. Театрын  урлагийг юу гэж орхих вэ. Үхэн үхтэлээ үнэнч. Ганцхан театртай учраас тэр бүр боломж олдохгүй юм. Зарим нь бие дааж уран бүтээл хийх боловч тайз түрээслээд л хэцүү л дээ.

-Драм, дэлгэцийн бүтээл, хошин шоуны аль нь Таны жанр вэ?

-Аль аль нь миний жанр. Заавал намайг театр юм уу, кинонд тогло гэж жүжигчин болгоогүй. Би бүх л хошин шогийн хамтлагтай хамтран ажилладаг. Энэ бол Монголын нөхцөл байдал. Хаа очиж хошин урлагт бол өрсөлдөөн байгаа. Аливаа юм өрсөлдөхөөрөө хөгждөг. Харин манайд тийм биш. Гэхдээ хөгжихгүй байна гэж хэлэхгүй. Харин хамтлаг бүхэн өөрийн өнгө аясаа олж байгаа нь сайшаалтай. “Маск” продакшн уянгын эмгэнэлтэй инээдийг сонгож байхад “Шинэ үе” алиаллаа дагнаад, “Х Түц” мелодрам хэв маяг сонгож уран бүтээлээ хийж байна.

-Таны аль дүр жүжигчин Д.Бямбацогтын илэрхийлэл болж чадсан бэ?

-Дэлгэцийнхээс “Ноён солиот”, театрын уран бүтээлээс “Бирд”. Одоо тэр жүжгийг хүмүүс сайн санахгүй байх. “Сонгодог инээд” гэж гарч байхад, би сургуулиа төгсөхдөө энэ дүрээр дипломоо хамгаалж байлаа. Төгсөөд Хүүхэд залуу чуудын театрт урилгаар тоглож байсан. Гэхдээ тухайн цаг үе их хэцүү байж дээ.

-“Ноён солиот”-ын дүр бүтээхэд хэр их бэрхшээлтэй байв?

-Их хүнд дүр. Хэт хөнгөн болбол худлаа харагдаад, хүнд тоглохоор сонирхолгүй болчих гээд. Энэ бол эмгэнэл, инээдэм хосолсон дүр. Киноны гол шугам биржийн сайн тоглогч Цогт гэж хүний ганцхан дүр бариад явдаг. Иймээс ачаалал ихтэй. Тухайн үед би яагаад тэгээд тоглочихсон юм бүү мэд. Бат-Өлзий найруулагч надад их итгэл өгсөн нь тэр байх. Энэ миний тоглох гэж байсан дүр биш шүү дээ. Эхлээд Эрдэнэзаан дээр товлосон юм. Би хоёрдугаар найруулагчаар ажиллах байсан. Зохиолоо задалж ажиллаад гурав буцаж байж зураг авах болтол Эрдэнэзааны ар гэрт асуудал гарч, Увс явсан. Тэгээд нэг хэсэгтээ ирэх боломжгүй болж, энд байгаа техник хэрэгслийн асуудал хэцүү байдалд орсноор, намайг “өөрөө тогло” гээд л зураг авалтаа эхлүүлсэн. Эхнээсээ өөрөө тоглоно гэж зохиолоо уншаагүй учраас хөндлөнгөөс сайн дүгнэлт хийчихсэн байсан нь дүрээ сайн бүтээхэд нөлөөлсөн. Өөрөө тоглоно гэж зохиолоо уншсан бол арай өөр талаас нь харах байсан ч юм бил үү.

-Найруулагчаар ажиллая гэж бодож байв уу?

-Би найруулагч, жүжигчин мэргэжлээр СУИСийг төгссөн ч жүжигчний мэргэжлээрээ дагнаад ажиллачихсан. Жүжигчин хүн сайн най руулагч болох магадлалтай. И.Нямгаваа най руу лагчийг одоо сайн, муу янз бүрээр хэлж байгаа ч их сайн жүжигчин байсан гэж ярьдаг. Жүжгүүд нь тухайн үедээ дуулиан тарьж байсан. Миний багш Доржсамбуу найруулагч мөн л сайн жүжигчин. Талийгаач Лхасүрэн багш, Найдандорж найруулагч, Пара бүгд л жүжигчин шүү дээ.

-Гэхдээ таны цаг болоогүй байна гэж үү?

-Би одоо 43 настай. 50 настайдаа уран бүтээлээ эхэлнэ. Тэр үед цаг үеэ мэдэрч болох байх. Одоо бол их хэцүү. Урлагийг үзэх үзэгч сэргэсэн ч үнэлэмж нь сэргээгүй. Урлаг яг одоо барладаг, хуулдаг хэлбэрээр явж байна. Бид зах зээлд нялх байна. Нялх хүүхдийн дотор агуу авьяас байлаа ч гэсэн эхлээд халбагаа барьж хоол идэх, хөтөвчиндөө суугаад бие засаж сурах хэрэгтэй шүү дээ. Хөлд ороогүй дугуй унана гээд давхиж болохгүйтэй л адил.

-Амьдрал яг ямар байна аа?

-Амбийгийн нүүр шиг байна гэж хэлэх ч хаашаа юм. Хөөрхийг гомдоочихно. Амьдрал ямар байна гэдэг их харьцангуй ойлголт. Өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад бид ядуу, өрөвдөлтэй байна. Монголчууд бол машинтай машингүй, байртай байргүй амьдарна. Бидэнд амны хишиг нь байгаа. Байгалийн эрс тэс уур амьсгалд зохицоод амьдрах чадвараа өвөг дээдсээсээ өвлөчихсөн. Одоо л бид даяарчлал гэж яриад ийм сонголт хийж байгаа. Хөдсөн дээлээ нөмрөөд амьдарч ч чадна. Азаар эрх чөлөөтэй амьдарч байгаа нь л сайхан. Энэ бол ардчиллын гавьяа. Харин одоо бид нар өөрийн гэсэн хашаа, гэртэй болчихоод гэр дотроо эвээ олох гэж хачин юм болж байна. Хэн нь галаа түлэх юм, хэн нь усанд явах юм, хаана хэн нь унтах юм, бурхнаа дээш залах уу гээд л хөгийн асуудалтай. Шинэ тогтолцоонд шилжинэ гэдэг нүүдэл хийгээд шинэ газар ирж байна гэсэн үг. Хээр талд, жалгаар нэг тарсан байсан хөдөөний нэг айл, хотод ирчихээд хөгийн юм болж байна. Би энэ талаар нэг зохиол гаргая гэж бодож байгаа. 10 жилийн өмнө гар утас хэрэглэх гэж инээдтэй л юм болж байлаа. Утасныхаа учрыг олох гэж “махаа идэж” байсан. Дөч, тавиад онд телевизээр кино үзээд хүмүүс цочирдож, гайхаж байсан шиг. Шинэ газар ирж амьдрах гэж байгаа монголчууд бид хэн нь юугаа хийхээ мэдэхгүй барьж, тавиад л явна даа.

-Ийм олон юм толгойдоо эргэцүүлж явахаар “ноён солиот” шиг болж, учраа олохгүй үе байх уу?

-Үгүй. Миний аав “Юм бодлоо гээд толгой унадаггүй” гэж хэлдэг байсан. Шинжлэх ухааны үүднээс яривал тархиныхаа хэдхэн хувийг л ашиглаж байна гэх байх. Гэхдээ би аавынхаа хэлсэн үгтэй санал нийлдэг.

-Таны бодлоор аз жаргал гэж юу вэ?

-Саяхан би энэ тухай бодож байсан. Өөрийгөө олохыг л аз жаргал гэнэ. Ямар ч цаг үед амьдарсан хөрөнгө мөнгө, алдар нэр бол юу ч биш өөрийгөө олох нь л чухал. Ядуу хүмүүс ингэж ярьдаг юм гэнэ лээ. Би ядуу болохоор тэгж бодож байж болох юм. Үүнийг тайлбарлах нь сонин ухаан. Өөрийгөө олсноор утга учиргүй амьдралыг ойлгож байгаа юм. Шашнаар бол хоосон чанарыг ойлгож, гэгээрэхтэй ижил. Яг нарийн яривал бүх зүйлийг утга учиртай гэж хэн хэлсэн юм бэ? Амьдралыг утгатай гээд хэлсэн хэн байгаа юм. Харин ч бид өөрсдөө л амьдралыг утгатай болгож байгаа. Үүний цаана үхлийн тухай асуудал байна. Олон суутнууд амиа хорлосон байдаг. Нэг зохиол дээр “Тэд яагаад амиа хорлосныг одоо хүртэл би ойлгохгүй байна” гэсэн өгүүлбэр уншиж байсан. Тэдэнд амьдрах шаардлагагүй болж, амьдрал сонин биш болсон гэж ойлгож байна. Харин 15 настай хүүхэд амиа хорлох өөр зүйл. Хайрын төлөө, агуу тэнэглэлээр амьдралаас татгалзах нь харамсалтай.

-Та өөрийгөө олсон уу?

-Олж л явна. Заримдаа олсон санагддаг ч хааяа амьдралдаа автчихдаг. Хэрэв би ямар нэгэн юманд сэтгэл хөдлөлгүй болж, хэт оюунлиг хийсвэрээр амьдарвал бясалгагч болоод номлол айлтгаад явна шүү дээ.

-Хүн амьдралыг утга учиртай болгодог гэж ярилаа. Таны амьдралын утга учир юу вэ?

-Хүнтэй өөрийн сэтгэл зүрх, бодол санаа, мэдрэмжээ хуваалцах нь миний амьдралын утга учир. Зөвхөн уран бүтээл гэж явцуурхалгүй амьдралын мөн чанарыг өөрийнхөөрөө тайлж, мэдэх гэсэн эрмэлзэлтэй, би.

-Зарим хүн үр хүүхэд, гэр бүлээ амьдралын утга учир гэж үздэг шүү дээ.

-Энэ бол заяагдмал зүйл. Үхсэний дараа миний сүнс эргээд үр хүүхдээ харна гэдэг худлаа. Сүнс гэж байж болох ч надаас хойш миний үр хүүхэд яаж амьдрахыг би мэдэхгүй. Хүүхдээ цуг аваад үхэхгүй нь лав. Монголчуудын эхийгээ шүтэх ёс гэж нэг зүйл нь гэр бүлээ утга учир болгож ойлгоход хүргэж байгаа.

-Танд гэр бүл чухал биш гэж үү?

-Гэр бүл гэдгийг надад байх ёстой зүйл гэж бодож байна. Намайг төрөхөд ээж аав, гэр бүл байсан. Миний эх орон байсан. Би сонголт хийгээгүй. Миний хүүхэд ч тэгж төрсөн, өөр хүүхэд төрөөгүй л байхгүй юу? Ойлгож байна уу?

-Гэхдээ Та эхнэрээ сонгосон биз дээ?

-Сонгосон, гэхдээ өөр хэн нэгнийг сонгож болох л байсан шүү дээ. Тийм юм байдаг л биз дээ. Албан ёсны биш, өөр эхнэртэй хүн алийг тэр гэх вэ? Энэ бол амьдралын мөн чанар. Миний хүүхэд намайг өтөлсөн хойно хайрлаж, халамжлахгүй асрамжийн газар өгвөл энэ заяа төөргийн асуудал, зөв амьдарч чадаагүй бол миний хохь. Миний ээж төрөлтөөс болж нас бараад, аав хэн нь мэдэгдэхгүй байсаар ганцаараа өссөн нь миний л заяа.

-Та их шүтлэгтэй юмаа даа.

-Хүн бүр л шүтлэгтэй шүү дээ. Өөр өөрөөр л тайлбарладаг болохоос биш. Адгуус ч шүтлэгтэй. Адгуус ус, нар салхинд шүтэн амьдарч байгаа. Бид адгуус болбол тэгж л амьдарна. Хэрэв Робинзон Крузо шиг байдалд орвол бүгд л ямар нэгэн юманд шүтэж амьдарна шүү дээ.

-Танд хүн бүхний дээгүүр харж, өөрийгөө хамгийн шилдэг нь гэж бодож явсан үе бий юү?

-Би өөртөө л тийм. Багадаа зүрх муутай, аймхай, итгэл муутай хүүхэд байлаа. Нэг удаа цэцэрлэгийн хашаагаар яваад ортол хураалттай модны араас гөлөгтэй жингэр гарч ирээд дайрсан. Би айснаасаа болоод долоовор хуруугаа тас хазах шахаж, ээж нохойтой цүнхээрээ байлдаж билээ. Тэгэхдээ уруулааг үй л дээ. Тэрнээс их айж, сонин болчихсон. Одоо ч үүнийг ярихаар миний зүрх чичирдэг. Хүн чанга дуугарахад айдаг, шалгалт болоход сандардаг, эмзэг хүүхэд байсан. Л.И.Брежневийг оршуулж байхыг зурагтаар үзээд уйлаад сууж байхыг хараад ээж аав гайхаж байсан. Найзыгаа оршуулж байна гэж тоглоод аав нь уурлаад чанга дуугаар загнахад өмдөндөө шээчихдэг тийм л хачин хүүхэд байсан. Нэг ийм түүх байдаг. Жаахан хүү өвөөгөөсөө хэрхэн баатар болохыг асуутал өвөө нь хүнд тустай баатарлаг үйлс хийж байж баатар болдог гэж хэлсэн байна. Хүү нэг өдөр л баатар болох гээд гэрээсээ явсан. Олон жилийн дараа эргээд ирэхдээ хүү уйлан “Өвөө би баатар болж чадсангүй, юу ч ялаагүй, өлсөж цангаж зовж ирлээ” гэтэл өвөө нь “Миний хүү баатар болсон байна” гэж хэлсэн гэдэг. Ганцаараа өөрийгөө ялаад ирсэн байна шүү дээ. Энэ л миний философи. Эр хүн зорьсондоо эмээлт морь харайсандаа гэдэг дээ.

-Бүх дэг журмыг баримталж амьдрах нь заримдаа танд түвэгтэй санагддаг уу?

-Хүн бүрт хааяа нэг ийм бодол төрдөг байх. Дэг журам, бидний оюун санаан дахь мэдлэг гэдэг бол олон зуун жилийн өмнөөс уламжлагдан ирсэн хог, хаягдал. Аливаа хотжилт, хөгжил өөрөө хог. Хэзээ нэгэн цагт хог болоод л дуусна.

-Та өөртөө л ингээд бодоод байдаг юм уу, энд тэнд бясалгал хийдэг юм уу?

-Энэ уран бүтээлч хүний онцлог. Ямар нэгэн кино бүтээл үзээд ямар нэгэн сэдэл аваад л ургуулаад боддог. Уран бүтээл бүхэнд амь байдаг. Бид киног сэтгэлийнхээ хэрэгцээг хангах гэж үздэг. Гэтэл тэр кинонд нэг юм надтай яриад байдаг. Амьд зүйл надад ирдэг. Хэн нэгэнд сайхан санагдаж байгаа зүйл надад сонирхолгүй байж болно. Би аливаа уран бүтээлийг нялх хүүхэд гэж боддог. Хөөрхий надтай учрах гэж ирсэн гэж хүлээж авдаг. Нэг талаар амьдчилж үзэж байна. Энэ л намайг бодохгүй байхын аргагүй болгож байгаа юм. Яривал их зүйл бий. Бидний яриа энэ хүрээд өндөр лөсөн ч түүний оюун ухаан даа бясалгаж бүтээсэн олон олон дүрүүдтэй нь эргэж уулзах болзоо тавиад салсан. “Бодлоо гээд толгой унахгүй” гэж хэлсэн түүний үг яагаад ч юм бодлоос салах гүй хоногшин үлдлээ. “Ойл гож байна уу?” хэмээн лавлан асууж, нухац тай харах бүртээ тэрбээр нэг хүнд ч гэсэн өөрийгөө гүйцэд ойл гуулахсан гэж бодоо биз ээ.

Ж.Солонго  "Өнөөдөр" сонин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.