Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэсэр сүмд жил бүр ший янгуу үзүүлдэг байжээ

Нийслэл хотынхоо түүхэн дурсгалт барилга байшин, хөшөө баримлуудыг бид уншигчдадаа цувралаар танилцуулж байгаа билээ. Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран бэлтгэдэг “Нийслэлийн нэрийн хуудас” буланд энэ удаа Гэсэр сүмийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Хятад маягийн хийцтэй эл сүм Чингэлтэй дүүргийн II дугаар хороо, Эрх чөлөөний гудамжинд байдаг. Хятадын хөхийн шашныг шүтэгч Гүвэ овогт Захар гэдэг хүн 1919-1920 оны үед шашны номлолыг Монголд дэлгэрүүлэх зорилгоор Их хүрээний баян чинээлэг пүүсүүдийн эзэн хятад иргэд, хятад лам нарын сүсэг бишрэлээр хуримтлагдсан мөнгөөр Гуанди шүтээн буюу Гэсэр сүмийг Тасганы овооны өвөрт байгуулжээ. Гуанди гэдэг нь Хятадын цэргийн нэгэн том эрхтэн Гуан Юүйн өргөмжилсөн нэр бөгөөд түүнийг тахин шүтсэн сүмийг “Гуан дийно” гэдэг байна. Манж чин улсыг байгуулах үед манж нар Гуан Юүй жанжны сүнс залран ирж түүний ивээлээр дайснаа сөнөөн их гүрнийг байгуулсан гэж үзэн түүнийг ихэд бишрэн сүслэх болж олон сүм хийд байгуулан түүний дүрийг залан шүтэх болжээ. Хятадын хөхийн шашин нь V зууны үед Буддын шашныг Хятадад дэлгэрүүлсэн нэгэн урсгал юм. Тус сүмээс ший янгууны тоглолтыг жил бүрийн Цагаан сарын шинийн 1-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал хийдэг байв. Энэ тоглолтыг Гуан ди шүтлэгтэй бүх хот суурин зохиодог байжээ. Гэсэр сүмийг 1933 онд улсын мэдэлд авсан бөгөөд өдгөө тусгай хамгаалалтад байдаг юм байна.

Гэсэр сүм нь гол хаалганы зүүн, баруун талд жин хэнгэрэг, жин хонхны хоёр сүүдрэвчтэй. Гол сүм болон Дарь эхийн сүмээс гадна өргөл мөргөлчдийн байшин, хөлгийн сүм бий. Гол сүмд сүмийн шүтээн Гуанди болон түүний туслах баатруудын дүр бүхий баримлаас гадна Тансан ламын үлгэрчилсэн зураг, баримал дүрс байдаг байж. Мөн сүмийг барих үед мөнгө өргөсөн хүмүүсийн нэрийг бичсэн чулуун самбар өргөл мөргөлчдийн байшинд байсан бөгөөд хятад лам нар тэнд суудаг байжээ. Хөлгийн сүмийн баруун тасалгаанд Гуан ди хааны улаан дэлт хүлэг морь, зүүн тасалгаанд цагаан хүлэг морины баримал байсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.