Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэр сахисан гурав

Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газарт энхийг сахиулж буй ахлагч, офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлсэн билээ. Цуврал сурвалжилгынхаа долоо дахийг хүргэж байна.

 2017.05.28-ны ням гариг.

“Ээж, Анхаа аниа хоёрын царайг харалгүй дөрөв хоносны эцэст өчигдөр нэг уулзлаа. Ойрд тэр хоёр маш их ажилтай, биднийг унтсан хойно ирээд, өглөө эрт гараад явчихдаг болсон” хэмээн М.Номин-Эрдэнэ ярив.

Түүний хагалгааны зардлыг иргэд, аж ахуйн нэгж, хамт олны хандив тусламжаар бүрдүүлэх зорилготой аян ид өрнөж буй эдгээр өдрүүдэд ээж, эгч хоёр нь “гэрийн бараа харахгүй” байгаа тул Номио ар талыг хариуцан, дүү нараа харж хандах үүрэг хүлээсэн юм.

Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Ч.Мөнхжанцанг Афганистанд энхийг дэмжих ажиллагаанд оролцож байх зуур охин М.Номин-Эрдэнийг нь БНСУ-д эмчилгээнд явуулах олон нийтийг хамарсан томоохон хандивын хөдөлгөөн өрнөөд буйг манай уншигчид юу андах вэ.

Номиогийн ээж Д.Мөнхчимэг, эгч М.Анхцэцэг нар хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчидтай хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр 19.00-00.00 цагийн хооронд фэйсбүүкээр шууд бичлэг (лайв) хийж, хандивын хайрцаг аялуулж байгаа билээ.

20.30 цагт Нисэхэд байх гэрт нь биднийг очиход эгч дүү хоёр гуляш хийчихээд, эрэгтэй дүүгээ хүлээж байв. М.Оюу-Эрдэнэ “Аниагийн хийсэн хоолны давс багадаад, бас баахан амтлагчтай болчихсон” гээд эгчийгээ “цаашлуулан”, инээдэм наргиа болсоор биднийг угтлаа. Дунд эгчийнхээ гаргасан ажил үүргийн хуваарийн дагуу тэрбээр гэрийнхнийхээ хувцсыг угааж байлаа.

Харин М.Эрдэнэбат “Нарантуул” захаас ганц нэг солих хувцас олж авахаар хамаатны ахтайгаа хамт аль өдөр гарсан боловч замаараа эмээгийнхээрээ “зочлоод”, хараахан гэртээ ирээгүй байв. Хүү ойрд сав л хийвэл эмээгийнх рүүгээ гүйдэг болсон гэнэ. “Ойрд та гурав тэгээд өдрийг хэрхэн өнгөрүүлж байна даа” гэсэн асуултад Номио “Энэ хоёрыг хичээл, бэлтгэлдээ явчихаар би гэртээ ганцаараа байхаар их эвгүй юм билээ. Үдээс хойш дүү нар ирэхээр ханьтай, сайхан байдаг. Даанч Эрдэнэбат гэрт тогтохгүй, сав л хийвэл гадаа тоглочихно. Оройтохоор нь өөрөө гарч л оруулж ирэхгүй бол цонхоор хэчнээн дуудаад нэмэргүй, нуугдчихдаг юм” хэмээн сонин хачнаасаа хуваалцсан.

Афганистан улсад энхийг сахиулж буй аавынх нь эзгүйд гадаа гарч эр, гэрт орж эм болж яваа ээжээрээ бахархах, өрөвдөх зэрэгцэн буйг охин үрийнх нь ярианы өнгөнөөс түвэггүй мэдэрч болохоор байв.

ГЭРЭЭ МАРТСАН ГЭСЭР

Энэ үед хонх дуугарч, М.Эрдэнэбат хамаатны ахтайгаа орж ирлээ. Эгч нарынх нь хэлсэн ортой байж. Хүү энэ хэд хоногийн дотор нэлээд борлосон харагдав. Хэрэгт дурлан түүнээс ямар хувцас авсныг нь асуутал өмссөн богино өмд рүүгээ заан “Энэ шортыг авсан. Тэр торонд бас нэг байгаа. Тэгээд хоёр футболка авсан” гэв.

Хүүхдийн баяраар өмсөх гангараагаа зэхсэн юм байх гэж бодтол үгүй гэнэ. М.Эрдэнэбатын зуны амралт удахгүй эхлэх бөгөөд амрангуутаа Сэлэнгийн Ерөө рүү нагац өвөө, эмээ дээрээ очих гэж байгаа тул хөдөө өмсөх “гоёлоо” зэхсэн нь энэ юм байна.

Хүүхдийн баяраар юу хийхийг нь лавлахад “Сүхбаатарын талбай руу явна. “Айс марк”-ийн зайрмагны сугалаанд оролцоно. Надад тэр зайрмагны 43 ширхэг уут байгаа” хэмээгээд гоо сайхны бүтээгдэхүүний хайрцганд тэвхийтэл эвхэж хийсэн зайрмагны уутнуудаа авчирч үзүүллээ. Олон эмэгтэй хүнтэй айлд өсөж буй хүүгийн бяцхан “зовлон” эндээс хүртэл мэдрэгдэх шиг.

“Аавыгаа санаж байна уу” хэмээн очих тоолондоо асуудаг ээлжит асуултаа тавихад хүү “Үгүй ээ” гэсхийгээд дуугаа хураачихав. Гэтэл хоёр эгч нь “Худлаа даа, наадах чинь аавыг их санаж байгаа. Гаднаа л нуугаад байгаа юм” хэмээн өдөж орхилоо. Энэ үед хүү цонх руу ухасхийн гүйснээ “Гадаа манай найз байна. Би гарч хэдхэн минут тоглочихоод ирье” гэж шалсаар тэднийг дийлэн, гадагшаа гарах нь тэр ээ.

Хан-Уул дүүргийн Усан спорт сургалтын төвд найман сар шахам хичээллэж буй, саяхан Орхон аймагт зохиогдсон улсын аварга шалгаруулах тэмцээнд хүртэл ороод амжсан ирээдүйн тамирчин маань ээжийнхээ эзгүйд бэлтгэлээ үе үе тасалдуулсан тухай эгч нар нь “алтан хошуу” өргөлөө. Урин дулаан цаг ирж байгаа болоод ч тэр үү, яг одоогоор хүүгийн хувьд дөрвөн хананы дунд хавчигдахаас илүүтэй гадаа тоглох, хөдөө өвөө, эмээ рүүгээ явахыг маш ихээр хүсэж буй.

“50 САЯ ТӨГРӨГ ЦУГЛАСАН ГЭХЭЭР ИТГЭМЭЭРГҮЙ САНАГДСАН”

Хандивын дансанд нь 50 сая төгрөг цуглаад байгаа талаар М.Номин-Эрдэнээс сэтгэгдлийг нь асуухад “Хандивын аян эхлүүлж байгаа гэж дуулаад эхэндээ мөнгө нь мөд бүтэхгүй биз дээ гэж бодож байсан. Гэтэл арваадхан хоногийн дотор 50-иад сая төгрөг цугласан гэж ээжээс сонсоод итгэмээргүй санагдсан. 50 сая төгрөг гэдэг чинь маш их мөнгө шүү дээ. Бидэнд сэтгэлийн хандив өгсөн бүх хүнд баярлалаа” хэмээн ярилаа.

БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт гүн түлэгдлийн дараах шатны хагалгаанд ороход шаардлагатай 65 сая төгрөгийн 80 шахам хувь нь бүрдсэн тул ээж, охин хоёр зургадугаар сарын 16-нд нисэхээр тийзээ хүртэл захиалчихсан аж.

М.Оюу-Эрдэнэ “Ойрд ээжийн утасны хонх шөнө хүртэл дуугараастай байдаг болсон. Хандивын дансанд нь мөнгө орж байгааг илтгэх мессэжүүд ирдэг бололтой юм билээ. Би нойр сэргэг болохоор дуунаар нь сэрчихдэг. Номио аниа юу ч мэддэггүй” гээд инээмсэглэв.

М.Номин-Эрдэнэ дүүдээ “Би явлаа шүү дээ. Гоё байгаа биз” хэмээн “гайхуулдаг” ч үнэндээ цаанаа эмээж буйгаа нуусангүй. Солонгост очоод хагалгаанд орж, өвдөх зовиургүй болчихвол түүн шиг баяртай зүйл гэж хаана байх билээ. Гэхдээ л хүний газарт, танихгүй, хэлийг нь ч мэдэхгүй эмч, сувилагч нараар хагалгаа хийлгээд, шарх сорвио эдгэтэл гадаадын эмнэлэгт олон хононо гэхээр амаргүй санагдаад байгаа аж.

21.35 цагт М.Эрдэнэбат гаднаас орж ирснээ “Та хоёрыг байгаа дээр тавуулаа ганцхан удаа хөзөр тоглочихъё, тэгэх үү” гээд хоргоочих нь тэр. Уйдсандаа байж ядаж буй хүүгийн уйдааг гаргахын тулд бид түр саатах хэрэгтэй болов…

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.