Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Эрдэнэбилэг: Баавраас болж “Дижитал” тарсан

“Дижитал”-ын Эрка хэмээх нэрээр олны танил болсон Г.Эрдэнэбилэг сүүлийн үед телевизийн дэлгэцнээс “салах”-аа болилоо. “Дуэт-дуэль” нэвтрүүлэгт оролцож ялагч болоод удаагүй байгаа тэрбээр “Мөрөөдлийн цирк” хэмээх дараагийн шоундаа оролцоод, бэлтгэлээ хийгээд явж байна. Түүнийг Монголын үндэсний цирк дээр жонглёрын төрлөөр бэлтгэл хийж байхад нь уулзсан юм.

-Циркийн жүжигчин Эркагийн бэлтгэл хэр ханаж байна даа?

-Өөртөө сэтгэл хангалуун байгаа. Багшийнхаа заасныг гүйцэд сурахыг хичээж байна. Жонглёр хийхийн тулд олон удаа бэлтгэл хийж, гартаа дасгах хэрэгтэй. Гартаа сайн оруулахгүй бол алдах магадлалтай төрөл. Эхэлж байснаа бодоход одоо амьсгаа задраад, жигдэрч л байна. Циркийн аль ч төрөл хурд хүч, авхаалж самбаа шаарддаг юм байна. Хоёр долоон хоногийн бэлтгэлээр саваатай болон тэнцвэртэй жонглёр хийж сурсан. Тэнцвэртэй жонглёрыг хамгаалалтгүйгээр, өндөрлөг дээр хийж байгаа

-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?

-Дугуйлан хэссэн хүү байлаа. Сагсан бөмбөг, гар бөмбөг, айкидо гээд л янз бүрийн дугуйланд хичээллэж, тамирчин болно гэж мөрөөддөг байсан. Багын хөдөлгөөн маань одоо дасгал хийгээд эхлэхээр сэргэж байна. Хүн хөгширч биш, хөдөлгөөн дутагдаж, хөшиж үхдэг гэдгийг мэдэрлээ. Энэ бэлтгэлээс өмнө өөрийн хөө биеийн харьцаа, жиндээ сэтгэл дундуур байсан. Бэлтгэл хийгээд 14 хоногт дөрвөн килограмм жин хасчихсан. Би өмнө нь ч жин хасаж л байсан. Гэхдээ циркийн дасгалууд биеийн зөв хэлбэр гаргадаг давуу талтай юм билээ.

-Тамирчин болох гэж байсан хүү хэрхэн урлагийн замд хөл тавив аа?

-Аз л юм. Наймдугаар анги төгсөөд хийх юмгүй сууж байсан намайг эгч маань Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангид шалгалт авч байна, чи их эвлэгхэн дуулдаг юм байна лээ гэж ятгаснаар шалгалт өгч тэнцсэн. Хүсэж, зорьж дуучин болоогүй ч ХБК-д сурснаар дуучин байхын жаргалын зах зухаас мэдэрч, ая эгшигт нь умбах болсон. Тухайн үед жаахан дэггүй байсан болоод ч тэр үү аав ээжийнхээ санааг зовоож байсан юм шиг. Нэг удаа тэд нар миний хувь заяаг бөөд мэргэлүүлтэл “Энэ хүүхдэд санаа зоволтгүй. Өөрийгөө аваад явчих хүн юм байна. Олон хүнээр өөрийгөө хүрээлүүлж амьдарна” гэсэн нь одоо бодоход их онож хэлсэн юм шиг ээ.

 -Дуурийн дуулаачийн мэргэжлээр сургууль төгссөн юм уу?

-Дуурийн дуулаачаар сурч байхад 1996 онд “Нисванис” хамтлаг байгуулагдаж, охидын, хөвгүүдийн, рок гэсэн гурван өөр хамтлагтай болсон. Би хөвгүүдийн хамтлагт нь дуулдаг байсан юм. Багш нар их дургүйцэж “Дуурийн дуулаачийн ангид сурч байж, ийм шалдар булдар зүйлд битгий анхаарал тавь” гэж сануулдаг байсан. Залуу хүний хүсэл зоригоор хамтлагаа нэгдүгээрт тавьсан. Гэхдээ үүндээ харамсдаггүй. Нэгдүгээр дамжаанд сурч байхад “Мюзик холл” дээд сургууль байгуулагдаж элсэлт авахаар нь тус сургуулийг сонгон суралцаж, төгссөн.

-Тэгвэл жүжигчин мэргэжилтэй байх нь ээ?

-Жүжигчин, найруулагч. Жүжиглэдэг, дуулдаг, бүжиглэдэг тал талын авьяастай уран бүтээлч бэлтгэхийг манай сургууль зорьсон. Сонгодог болон ардын бүжиг заалгаад, сунгалт хийж л явлаа. Энэ сургуульд сурснаар өөрийгөө нээж, урлагийн хүнд байх ёстой олон зүйлийг мэдэж, сурсан.

-Өөрийнхөө имижийг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Наймдугаар ангид байхдаа толинд харж байгаад чихээ цоолсон. Тухайн үед тийм ч олон хүн чихээ цоолдоггүй байсан. Багш нар “Чи чихээ цооллоо, үсээ ургууллаа” гээд л загнаад байдаг нь буруу санагддаг. Хүн өөрийнхөө дүр төрхийг тодорхойлж, яг тэр сэтгэлгээгээрээ ирээдүйгээ босгох ч юм бил үү.

-Их олон янзын нүдний шил байнга зүүх юм. Бас нэг имиж үү?

-Би хараа муутай. Харааны шил зүүхээр хийж байгаа ажилд маань тохирдоггүй. Тэгэхээр харааны шилний хэлбэр загварыг өөрчлөөд зүүж байгаа юм. Шилээ авчихвал амьдралыг нэлээд бүрсгэр харна шүү дээ.

-“Дижитал” хамтлагт байхад таныг хип хоп дуучин гэж боддог байлаа. Харин бие даагаад дуулснаасаа хойш поп хэлбэрийг сонгоод байх шиг. Та яг ямар жанрын дуучин бэ?

-Тэрийгээ өөрөө ч сайн мэд дэггүй. Хип хоп үнэхээр “тасарсан” урлаг. Өмсөж байгаа зүйл, урсгал, илэрхийлэл, хэмнэлээрээ дахин давтагдашгүй. Би их дөлгөөн зантай, тиймээс унтахаасаа өмнө төгөлдөр хуурын аялгуу сонсох дуртай. Надаас олон янзын хэв шинж ажиглагддаг. Тэгэхээр өөрийгөө тэдгээрийн аль нэгнийх нь илэрхийлэл гэж хэлж чадахгүй. Анх рок хамтлагтай өдрийн турш хамт бэлтгэл хийж өөрийгөө рокер гэж боддог л байлаа.

-Сүүлийн үед уран бүтээл хийхээсээ илүүтэй телевизийн нэвтрүүлэгт оролцдог болоо юу даа?

-Найз нар “Чи реалитичин болчихсон юм уу” гээд шоолоод байгаа шүү. Анхны бие даасан цомгоо өнгөрсөн жил бэлэн болгочихсон. Худалдаанд гаргах гэхээр ямар нэгэн ажил гараад байх юм. Олны нүдэнд би зөвхөн дуучин юм шиг харагддаг ч ар гэрийн ажил их байх юм. Мөн зах зээлийн нийгэм дэх урлагийнхны эрх зүйн асуудал их хүнд. Цомгоо өр зээл тавьж бие даан хийсэн. Гэтэл асар их үнээр бүтсэн цомог худалдаанд гарахаараа үнэ цэнэгүй болчихдог. Дэлгүүрт заруулахаар таван хувийн шимтгэл аваад, интернэтээр дууг маань хууль бусаар худалдаалж үнэ цэнэгүй болгоод байх юм. Цомгоороо хэн нэгний халаасыг түнтийлгэлгүй, үнэ цэнэтэй байлгахыг хүсэж байгаа учраас худалдахгүй хүлээгээд байгаа. Цаг үеийн тохироог хүлээж байна. Таван сараас хэд хэдэн дуугаа дүрсж үүлнэ. Зургадугаар сард амьд хөгжимтэй тоглолт хийхээр төлөвлөөд байна. Тэр тоглолтын үеэр ганцаараа дуулалгүй, өөрийнхөө зохиосон дуу нуудыг шилдэг хамтлагуудын дуулснаар хүргэнэ.

-“Дижитал” хамтлаг яагаад тарчихсан юм бэ?

-Хүмүүс хамтлагуудыг мөнгөний асуудлаас болж тардаг гэдэг ч бидний хооронд үзэл бодлын зөрчилдөөн гарсан учраас цаашид хамт байх боломжгүй болсон юм. Энэ зөрчил нь Баавар бид хоёрын дунд гарсан. Би уран бүтээлч байхыг хүсэж байхад, Баавар маань бизнес тал руугаа ажиллахыг хүсэж шударга бус зүйл нэг бус удаа хийснийг нь би хүлээн зөвшөөрч чадаагүй.

-Хип хоп хамтлагуудын нэр аливаа муу юм бүхэнтэй холбогдож, алдаршаад байдаг юм шиг санагдах юм.

-Хэн тэднийг тийм болгож харагдуулж байна вэ гэдэг нь сонин шүү. Анх ерээд оны дундуур хип хоп гарч ирэхэд “Энэ одоо яагаад байгаа юм бол. Дуулаад байгаа юм уу, шүлэг уншаад байгаа юм уу” гэж дарах гэж оролддог хүмүүс олон байсан. Өнөөдрийн рок, попынхон хэмээн хэлэгдэж байгаа хүмүүс үүнд нь голлох үүрэгтэй оролцсон. МҮОНТ-ээр шууд нэвтрүүлэгт орохдоо ч тэд иймэрхүү өнгө аястай зүйл ярьж байсан. Гэсэн ч өнөөдөр хип хопчид тэдэнтэй нэг тавцан дээр өрсөлдөж байгаа нь бахархмаар. Тэр их дарамт шахалтыг даваад гарч ирж чадсан. “Дараад” байсан хүмүүстэйгээ зэрэгцээд, заримыг нь “дараад” явж байгаа дайчин залуус. Хип хоп зөвийг зөвөөр нь, бурууг буруугаар нь толины тусгал шиг шударга хэлдэг. Өөрсдийгөө ч гүйцэд ойлгоогүй, “Хошногоо гүйцэд арчиж сураагүй” байхдаа л энэ том урлагийг Монголд оруулж ирсэн найзуудаараа бахархдаг. Түүх үүнийг улам үнэ цэнэтэй болгоно. Урлагийн хүмүүс олны нүдэнд ил байдаг учраас алдаа нь томорч харагддаг байх. Түүнээс биш хүн бүхэн л алдаж онодог шүү дээ. Хип хоп зогсолтгүй хөгжсөөр байгаа. Хоёр жилийн өмнө би та нарын анхаарлыг татаж, надаас ярилцлага авахгүй л байсан байх. Яагаад өнөөдөр намайг сонгож байна гэхээр би хөгжсөн байна гэж дүгнэж болно.

-“Дуэт-дуэль” нэвтрүүлгийн ялагчаар тодроод жүжигчин Гэрэлцэцэг та хоёр Тайваньд амрах эрхээр шагнуулсан. Явсан уу?

-Дөнгөж сая Гэрлээтэй ярьсан. Бидний ажлын зав зай таарахгүй л байна.

-Тэр нэвтрүүлгийн үеэр Б.Бадрууган агсны нэгэн сайхан дууг үзэгчдэд хүргэж байсан. Багадаа хэний дууг сонсох дуртай байв аа?

-Бадрууган агсны дуулж байгаа манер, чимхлүүр нугалаа гээд тэр бүхнийг би шүтэн биширдэг. Тэр дууг дуулахдаа их айж, сайхан хүрсэн дууг муутгалгүй дуулахсан гэж бодож байлаа.

-Тэр үеэр гитар тоглоод байсан. Ямар ямар хөгжмийн зэмсгээр тоглодог вэ?

-Тэр тал дээр дутагдалтай. Дуучин хүн байж хөгжмийн зэмсгийн талаар “А” ч үгүй. Гэхдээ өмнөө нэг зорилго тавьсан байгаа, зорилгоо биелүүлээд үзэгчдэдээ харуулна.

-Дууны шүлэг хэзээнээс зохиож эхэлсэн бэ?

-Хоёрдугаар ангид байхдаа анхны шүлгээ зохиож байлаа. Их зөнөг шүлэг. “Өчигдөрхөн ногоон байсан тал Өнөөдөр яагаад шарлав Маргааш аягүй бол цагаарна Малын тэжээлээ бэлдсэн үү” гэсэн дөрвөн мөрт. Эндээс яг тэр үеийн нийгэм харагддаг. Хоёрдугаар ангийн жаахан хүүгийн сэтгэлд хүртэл социалист хөдөлмөрийн уриа багтаж явжээ. Манай ээжийн дүү шүлэг бичихийг минь их дэмждэг байсан. Энэ шүлгээр бахархаж, орж гарсан хүн бүхэнд уншиж өгдөг байлаа. Зургадугаар ангид байхаасаа анхны шохоорхлыг мэдэрч, шүлэг бичиж, ангийнхаа хөвгүүдийн захиаг найруулан, бичиж өгдөг байсан.

-Олон охинд захиа өгч байв уу?

-Би захиа өгч үзээгүй ч ангийнхаа хөвгүүдийн захиаг бичиж өгөөд онигоонд орж явлаа. Ангийн охин бүрт нэг бичгийн хэвтэй захиа оччихсон, охидууд бичгийн хэвээр нь тулгаж хайгаад намайг мэдээд, ганцаараа захиа өгсөн болж, ахиж захиа бичихээргүй болж хаширсан.

-Захиаг нь бичиж өгч байсныг бодоход, цэвэрхэн бичгийн хэвтэй байж дээ?

-Тухайн үед дармалдаж бичих моодонд орж байсан учраас надаар бичүүлдэг байсан. Захиагаа нэрнийхээ үсэгний тоогоор арваас тавд гэх мэтээр хаяглан бичдэг байлаа.

-Энэ жил гучин нас хүрсэн байх аа, гэр бүлийн амьдрал хэр төвхнөж байна даа?

-Арван долоон настайдаа аав болж байлаа. Манайх их өнөр бүл. Гэхдээ гэр бүлийнхээ тухай дэлгэрэнгүй ярьж, танилцуулах дургүй. Заримдаа олны танил байх нь надад бэрхшээлтэй байдаг. Миний энэ бэрхшээлийг гэр бүлийнхэн маань амсах хэрэггүй. Гэр бүл минь надад хамгийн амар амгалан орчинг бүрдүүлдэг учраас түүнийг эвдэхийг хүсэхгүй байна.


Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.