Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ГАРГАСАН ЖИМ

Монгол Улсын Гэгээрлийн яамны сайд Эрдэнэбатхаан 1925 онд Герман улсын Бад Бланкенбург хотноо энэ зургийг авахуулжээ. Түүний дэргэд зогсож байгаа хүн бол Герман улсын иргэн судлаач, жуулчин Г.Констен. Хоёр эрхмийн уулзалтын талаар 1925 оны хоёрдугаар сарын 3-нд “Ройтерс” агентлаг, Хамбург-Өмнөд Америкийн “Bord” сонинд нийтэлж байжээ. Уг уулзалтаар “Монгол орон дахь соёл, боловсролын тухай чухалчилж ярилцсан” гэж мэдээлээд, Монгол орны газрын зургийн дэргэд зогсож авахуулсан тэдний зургийг тавьсан нь энэ билээ. Одоо энэ зураг Берлин хотын номын санд үлдээсэн судлаач Г.Констены өвд хадгалагддаг байна.

Эрдэнэбатхаан 1924 оны арванхоёрдугаар сараас 1928 оны арваннэгдүгээр сар хүртэл Гэгээрлийн яамны сайдын алба хашиж, баруунд суралцах анхны 35 хүүхдийг Герман, Франц улсад явуулах тушаал гарган биечлэн хүргэж өгсөн хүн. Тэрбээр Герман, Франц улсад айлчлахдаа хүүхдүүдийг хаана, ямар чиглэлээр сургах талаар судлан сонгож, захирал, багш нартай нь уулзан, сургах талаар ярилцаж байжээ. Мөн тэдгээр хүүхдээс 10-ыг нь гимназид сургах талаар ч санал тавьж байв. Түүнчлэн газрын зургийн атлас, глобусыг монгол бичгээр хэвлэх, монгол бичгийн машин захиалах зэрэг ажлыг тэрбээр давхар хариуцан хөөцөлдөж байв.

Барууны өндөр хөгжилтэй оронд монгол хүүхэд, залуусыг сургах анхны жим гаргасан Гэгээрлийн яамны сайд Эрдэнэбатхаан “Баруунтан” хэмээгдэн буруутаж, 1930 онд Ленинград хотноо цөлөгдсөн байдаг. 1937 онд Орост баригдан хорих лагерь, шоронд ороод сураг тасарсан бөгөөд 1948 онд нас барсан гэх бүдэг бадаг мэдээнээс өөр ямар ч мэдээлэл байдаггүй билээ.

Шинэ Монголын соёл, боловсролын түүхэнд тодоос тод мөр үлдээсэн сайд Эрдэнэбатхаан монгол судлаач Г.Констенийг нутагтаа урьж, шинжлэх ухааны байгууллагад зөвлөхөөр ажиллах санал тавьж байсан гэдэг. Монгол Улсын Гэгээрлийн сайдын итгэлийг хүлээж, уригдан залагдаж байсан Г.Констен гэх энэ эрхэм хэн байв.

Тэрбээр 1907-1913 онд Монгол нутгаар хөндлөн гулд аялж, олон зуун гар болон гэрэл зураг, газар зүйн нарийвчилсан зураглал, археологийн олдвор зэрэг маш их мэдээлэл цуглуулсан гэдэг. Түүнчлэн Ховдын хязгаарыг чөлөөлөх тэмцэлд оролцсоны учир 1911 онд Богд хааны Засгийн газраас гүн цолоор шагнуулж байжээ. Тэрбээр Ховдын хязгаарыг чөлөөлөх тэмцлийг удирдсан Жалханз хутагт, Манлай баатар Дамдинсүрэн болон цэрэг эрс, Буянт голын хөвөөнд болсон тулалдааны дараах байдал зэргийн гэрэл зургийг анх авч баримтжуулсан хүн юм билээ.

Түүнчлэн Хүрээний ихэс дээдсийн гэрэл зургийг Г.Констен авсан тухай Оросын дипломатч И.Я.Коростовец 1912 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэлдээ дурдсан байдаг. Монгол орны тухай ховор нандин, үнэ цэнэтэй хэдэн мянган гэрэл зураг, түүхийн баримт авч, хадгалж чадсан гавьяатай эл эрхэм цуглуулсан материалдаа түшиглэн 1920 онд Берлин хотноо “Монголын тал нутаг” нэртэй хоёр боть ном хэвлүүлжээ. Мөн “Буддын ширээний төлөөх тэмцэл”, “Улааны лам” зэрэг ном бичиж хэвлүүлсэн байна. Баруун Европт монгол хүүхдүүдийг сургахаар зорин очсон Эрдэнэбатхаан сайдад сэтгэл гарган тусалж байсан Г.Констен тухайн үед Германд суралцаж байсан их зохиолч Д.Нацагдоржийн “Алс газар сурахаар явагч” шүлгийг герман хэлээр анх орчуулсан гэдэг. Мөн монгол сурагчдад зориулан герман хэлний сурах бичиг зохиосон тухай мэдээ бий.

Тэрбээр Эрдэнэбатхаан сайдын урилгаар 1928- 1929 онд хоёр дахь удаагаа Улаанбаатарт ирсэн боловч цаг төрийн байдлаас болоод нэг их удалгүй буцсан байна. Г.Констен амьдралынхаа сүүлийн жилүүдэд Монголын тухай нэвтэрхий толь бичиг хийхээр ажиллаж байгаад 1957 онд нас баржээ. ХХ зууны эхэн үед Монгол нутагт авсан 3000 гаруй ховор нандин гэрэл зургаар нь 2005 онд Кёльн хотноо үзэсгэлэн гаргаснаар мартагдахын мананд далдлагдсан эл судлаачийн нэр дахин нийтийн танил болж, түүний тухай судлан бичиж, нийтлэх болжээ.

Г.Констений авсан Монгол орны тухай ховор нандин гэрэл зургийн дээжийг 2007 онд Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс Үндэсний төв музейд хүлээлгэн өгсөн түүхтэй. Г.Констений судалгаа шинжилгээний ажил, үнэт өвд Монгол орны тухай нийт 55.000 бичмэл мэдээ, хэдэн мянган гар болон гэрэл зураг, газрын зураг бий гэдэг бөгөөд өнөө болтол судлах эзнээ хүлээн хадгалагдаж байна. Монгол Улсын хүүхэд залуучуудыг Баруун Европын тэргүүний хөгжилтэй улс гүрэнд сургах зам нээх зорилготой Гэгээрлийн сайд Эрдэнэбатхааны гаргасан жим хожим цагийн өнгө, улс төрийн нөхцөл байдлаас болоод 70 шахам жилийн турш тасалдсан нь гашуун үнэн билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.