Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Хантулга: Вэбийн мэдээлэл нь дизайнаасаа илүү байх ёстой

Дэлгүүрт, интернэт кафед, эсвэл хаа нэгтээ хөгжим тоглуулагчаараа дуу сонсож байхад “Хантулга дот ком” гэж тамгалсан байх ямар онцгүй сонсогдоно гээч. Заримдаа бүр олон дахин сонссон дуугаа “Хантулга дот ком”-той нь хамт цээжилчихдэг. Заавал Hi-Fi орж дуртай дуучин, хамтлагийнхаа цомгийг худалдаж авалгүйгээр интернэтээс үнэгүй татаад авчихаж болох энэхүү боломжийг Г.Хантулга гэгч залуу бидэнд олгодог. Түүнтэй танилцаж, компьютер хэмээх шилэн дэлгэцийн цаанаас харилцсаар дөрвөн жил өнгөрчээ. Харин www.voodoo.mn нэртэй шинэхэн сайтыг үзмэгцээ түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсэв. Энэ хүсэл минь түүнтэй нүүр тулах боломжийг олгосон юм шүү.
-Компьютерийн ард хэдэн цаг суухад толгой өвдөөд эхэлдэг. Тэгэхэд чи хэдэн өдрөөр сууж л байдаг. Ядардаггүй юм уу? -Залуу насны эрч хүчээр л бүгдийг нь амжуулж байна даа. Ядрах үедээ ядарна шүү. 24 цаг багадаж байгаа юм шиг санагдах үе тохиолддог л юм. Ядаж 24 цаг 1 минуттай байсан бол ч…
-Анх веб хийж эхэлсэн талаараа яриач…
-2000 оны сүүлчээр вэб хийх санаа төрөөд яаж хийхээ нэлээн удаан бодсон доо. Өмнө нь www. monstudnet.com-д их чааталдаг байлаа. Харин mIRC гэдэг программаар тэр чатад холбогдох талаар мэддэг хүн цөөхөн байсан тул тэрний тухай хичээл бичвэл олон хүн орох байх гэж бодож анх сайтаа хийж байсан. Угаасаа компьютер миний сонирхлыг татдаг байсан. Харин вэб хэрхэн хийх тухай www.Аsuult.net-ийн Хундага админий бичсэн хичээлийг олж уншаад вэб хийж эхэлсэн дээ. Тэр үед би 16 настай байлаа.
-Тэр үед хэчнээн монгол сайт байсан бэ?
-Олон байгаагүй ээ. Гарын 10 хуруунд багтаж байлаа. Харин одоо бол өөр. Тухайн үед Орост байсан болохоор Монголд байгаа найзуудаас маш олон цомог ирдэг байлаа. Ганцаараа сонсож байхаар бусадтай хуваалцъя гэж бодоод сайт дээрээ байрлуулсан юм. Хүмүүс ч маш ихээр сайтад зочилж, шинэ цомгийн дууг татаж авдаг болсон. Энэ бол миний дууны сайтын эхлэл. Варэз сайттай ингэж танилцаж байсан гэх үү дээ. 2001 оноос 2003 он хуртэл homepage маягаар ажиллаж байгаад 2003-2004 оны завсар сайт маань хийгдэлгүй завсарласан даа.
-Чамайг Монголын вэб сайтын анхдагч гэж хэлж болох нь байна ш дээ. Яагаад завсарласан юм?
-Homepage маань хуучирсныг мэдрээд, хүмүүс ч нэг их орохоо больсон үе. Сайтаа шинэ түвшинд гаргах хэрэгтэй байсан юм. Шинэ санаа олох л гэж түр завсарлага авсан. Найзуудтайгаа хамтарч варэз сайт хийж үзэх талаар ярилцаж байсан ч техникийн асуудлаас болоод чадаагүй. Тэгээд л би өөрөө бие дааж анхны варэз сайтаа хийсэн.
-Манай сонины www.mongolnews.mn сайт ямар санагдаж байна?
-www.mongolnews.mn-ийг Синглтон компанийн залуус хийсэн байсан. Навигац нь илүү хялбар болсон нь давуу тал. Хүн бүхэнд хүртээмжтэй, хурдтай байж чадна. Гэхдээ share хийх боломжуудыг оруулаагүй байгаа нь дутагдалтай санагдсан. Жишээ нь би нэг мэдээ уншаад, түүнийгээ өөрийнхөө twitter дээр хүмүүстэй хуваалцмаар бол яах вэ гээд л.
-Твиттер сүүлийн үед их эрэлттэй байгаа талаар сонссон. Сайт гэх үү, юу гэж нэрлэх вэ?
-Микро блогсайт гэж нэрлэж байгаа. Твиттер хэрэглэгч монгол залуусын тоо 2000 давсан гэж сонссон. Ер нь хамгийн шуурхай гэдэг утгаараа өргөн хүрээг хамарч чадаж байгаа юм. УИХ-ын гишүүд хүртэл үүнийг иргэдтэйгээ харилцах нэгэн хэрэгсэл болгож ашиглаж байгаа. Монголд яг ийм төрлийн сайт байдаггүй. Тэглээ гээд нэгэнт хийчихсэн зүйлийг дахин давтаж хийх шаардлага байхгүй л дээ. Би удахгүй үүнтэй төстэй нэгэн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж байгаа. Ямар ч байсан хүмүүсийн сонирхлыг татах байх гэдэгт итгэж байгаа шүү.

-Ямар. Сонирхуулаач дээ.
-www.voodoo.mn сайтыг хөгжүүлж байгаа гэж хэлсэн шүү дээ.
-Хөгжүүлнэ гэхээр яадаг юм?
-Хөгжүүлнэ гэдэг нь хүмүүст таниулж, түүгээрээ мөнгө олно гээд хар ухаанаар ойлгочих…
-Дэлхийн вебийн чиг хандлагатай нэгдэж байж л мөнгө олох юм биш үү. Би л гэхэд монгол сайтаас илүү гадаад сайт руу орох дуртай.
-Дэлхийн чиг хандлага ерөнхийдөө вэб 2.0 руу явах нь тодорхой болсон, хүмүүс нэг хэсэг блогийг эрхэмлэдэг байсан бол өдгөө олон нийтийн сүлжээ сайтууд хамгийн ихээр хүмүүсийн хандалтыг татаж байгаа. Тэр утгаараа Монголд анхны гэж болох мультимедиа олон нийтийн сүлжээ сайтыг бий болгон ажиллаж байна даа. Үнэгүй шууд телевиз үзэх, гар утсан дээрээ кабелийн сувгуудыг үзэх гээд л… Вэбийг гар утастай холбож ажиллаж байгаа гэхэд болно. Вебийг зөвхөн компьютер дээрээс бус, гар утаснаас хандах хандлага маш их байгаа л даа, тэр туршлага боломжийг л хэрэглэгчдэдээ бий болгохоор зорьж байгаа юм.
-Одоо веб бүтээдэг залуус олширсон. Тэд юуг голчлон үзэж, анxаарах хэрэгтэй вэ? -Вэб хийдэг авьяаслаг залуус их олширсон. 90-ээд оны сүүл буюу 2000 оны эхээр явагдсан дот комын тэсрэлтийг Америк улс туулсан л даа. Түүнээс хойш вэбийг зөвхөн хийх бус, хөгжүүлэх нь хамгийн эцсийн үр өгөөжтэй зүйлд хүргэдэг гэдэгтэй хүмүүс санал нэгдсэн. Би л гэхэд анх вэб хийхэд дизайн чухал гэж боддог байлаа. Одоо бол вэб 2.0 гэдэг цоо шинэ хандлага гарч ирж байна. Контэнт бол хаан гэдэг үгтэй санал нийлж, вэбийн мэдээлэл нь дизайнаасаа илүү байх ёстойг ойлгосон. Мэдээ мэдээллийг боловсруулж, уншигч тархиа цэнэглэдэг учраас хүн болгонд хэрэгтэй. Үгүй бол ойд төөрсөн сармагчин мэт болно доо.
-Нэгийг нь арай гэж сурч дуусахаар, дахиад л шинэ технологи гараад ирэх юм…
-Харин тийм. Хүмүүсийн амьдралыг улам л хялбар болгох технологи шилээ даган гарч ирж байгаа хурдтай ертөнцөд бид амьдарч байна даа. Хоцрохгүйн тулд нэгдэх хэрэгтэй болж байгаа юм.
-Хялбарчлах арга байхгүй юу?
-Уг нь улам хялбар болоод байгаа нь энэ. Хэтэрхий олон нэр томъёо нь хүмүүсийг төөрөлдүүлээд байгаа байх л даа. Үүнийг хүмүүст таниулахын тулд би энд ажиллаж байна. Над шиг олон залуус компьютерийнхээ араас өндийхгүй байна.
-Чи тийм тусч хүн үү? Дандаа л хүмүүст хүргэхийг хүссэн, туслах гэж гээд л байх юм…
-Ер нь сурсан мэдсэн бүхнээ бусадтайгаа хуваалцахыг байнга бодож эрхэмлэж явдаг юм. Чаддаг зүйлээ хэнд ч хэлж өгөхөөс цааргалдаггүй болохоор өөрийгөө тусч л гэж бодож байна даа. Буруу гэж үү?
-Үгүй л дээ. Хашир зан хөдлөөд асуучихлаа. Чи аль сургуулийг төгссөн юм бэ?
-Компьютерийн чиглэлээр сураагүй ээ. Бие дааж сурсан, дуртай зүйл минь энэ. Яг сургууль гэж ярих юм бол банкны эдийн засагч чиглэлээр сураад, өнгөрсөн жил төгссөн дөө.
-Чамайг компьютер программын чиглэлээр ажилладаг болохоор чинь…
-Уг нь компьютер программистын чиглэлээр Канад улсад хоёр жил сурсан. Гэхдээ программист хүн хайрцагнаас гадуур сэтгэх боломжоор бага байдаг юм шиг ээ. Тэгээд л энэ чиглэлээ сонирхол гэж нэрлээд, мэргэжлээ эдийн засагч болгосон юм даа. -Яагаад заавал эдийн засаг гэж?
-Эдийн засагч хүн алсыг харж, улс орноо хөгжүүлж чадах хамгийн их боломжтой байдаг учраас сонгосон доо. Санхүүгийн зах зээл, тэр дундаа банкны үйл ажиллагаа илүү өргөжнө гэж бодсон учраас энэ мэргэжил надад цаашдаа хэрэгтэй гэдгийг ойлгосон.
-Тэгвэл эдийн засгийг комьютертэй холиод баллаж өгөх нь ээ?
-Бизнесийн салбарт бодит ертөнц бодит бус ертөнц рүү маш хурдацтай шилжиж байна. Тэгэхээр би ч гэсэн ирээдүйд энэхүү виртуал бизнесээс ашиг олохын тулд өнөөдрийг хүртэл өөрийн вэбээ буяны ажил маягаар ажиллуулж ирсэн. Тэр зуураа өөрийгөө дадлагажуулаад л…
-Тэгээд ашиг олж чадав уу?
-Энэ сайтыг хийснийхээ төлөө орлого олдоггүй болохоор хүмүүс л мэдэж байвал тэр маань надад мөнгөн орлогоос ч илүү чухал гэсэн үг. Вэб хийх нь чухал бус ямар вэбийг яаж хийж, юунаасаа, яаж мөнгө олох вэ гэдгийг өөр өнцгөөс нь харах зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл вэбийнхээ мөнгө олох бизнес загварыг урьдаас сайтар төлөвлөсөн байж ашигтай ажиллана гэсэн үг.
-Хантулга дот комын талаар яръя. Сүүлийн үед блог маягийн бичлэг давамгайлах болсон байна лээ.
-Харин тийм. Шинэ киноны шүүмж, сэтгэгдэл зэрэг бичиж эхэлсэн. Хүн бүрт сонирхолтой санаа, шийдэл, бодлууд байнга л орж, гарч байдаг. Тэдгээрийгээ бусадтай хуваалцах хамгийн хялбар боломж нь блог болж өгдгөөрөө онцлогтой л доо. Тэгэхээр би ч бас нэгдсэн.
-Сайт гэдэг чинь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл мөн үү?
-Дэлхийн хөгжлийн хурд, бидний хэрэглээнээс харахад яах аргагүй л интернэт нь мэдээллийн хамгийн үр дүнтэй хэрэгсэл буюу суваг болж таарах гээд байна л даа.
-Тэгвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо тулгахыг хориглодог.
-Интернэт ертөнц хяналт султай гэдэг утгаараа бусад хэрэгслүүдээс ялгарах давуу тал нь болж байгаа шигээ бус сул тал нь болох боломжтой. Гэхдээ Хятадад маш олон гаднын сайтуудад орохыг нь хязгаарласан байгаа. Хамгийн сүүлд Гүүглтэй харилцаагаа тасалчихлаа. Бид аль нэг зүйлийг олон талаас нь унших хэрэгтэй. Энэ боломжийг блог болон интернэт олгож байгаа. Тэгэхээр хамгийн ардчилсан суваг гэж хэлж болно. Хэн дуртай нь хүссэнээ хийж, хүссэнээ бичнэ гэсэн үг. Энэ бол эрх чөлөө байх. Гэхдээ түүнийгээ буруу талаас нь ашиглахгүй байх ухамсрыг хүмүүс өөрсдөө бий болгоно гэсэн үг дээ.
-Хамтлаг, дуучнаас зөвшөөрөл авалгүйгээр дуу, клипийг нь тарааж болохгүй хуультай биз дээ. Энэ чинь буруу талаас нь ашигласан, ухамсаргүй үйлдэл үү, тэгээд?
-Минийхээс өөр иймэрхүү сайт зөндөө бий. Тэр болгоныг хаагаад эхэлнэ гэж худлаа биз. Өөрт байгаа юмаа, мэддэг юмаа ашиглаад бусадтай хуваалцахад юу нь буруу байхав.

-Вэбээ өөрийнхөө нэрээр нэрлэсэн байдаг тийм ээ?
-Тийм, Хантулга гэж өөрийнхөө нэрээр домайн авсан. Анх домайн үнэгүй байсан л даа. Тэгээд дан homepage хийнэ гэж төлөвлөж байсан учраас өөрийнхөө нэрээр авсан юм. Харин өнөөдөр бол миний сайт миний сурталчилгааны хэрэгсэл болсон. Нэрийг минь хүмүүс мэдэж байвал өөр зүйл хийхэд дөхөм болно шүү дээ.
-Тэгээд нэрээ танил болгож чадсан уу?
-Мэдэх нэг нь мэддэг л юм. Дээхнэ үед нэг охинтой танилцаад нэрээ хэлтэл намайг таньж байсан. “Худлаа яриад л, тийм нэртэй вэб сайт байдаг ш дээ” гээд л…
-Нээрэн чи гурван жилийн өмнө ганц бие гэж ярьж байсан. Одоо…

-Гон бие гозон толгой хэвээрээ гэж бодоо юу. Эхнэртэй болсон. Хүн бид чинь дэлхий дээр долоон тэрбумаараа гээд л мөн ч их хэлсэн дээ, чамд.
-Чи өөрийгөө муухай ааштай, зөрүүд гээд байдаг биз дээ.
-Тэр нь ч тийм л дээ. Одоо засарч байгаа. Долоон тэрбум хүнээс таарч тохирох хүнээ олдог л юм байна.
-Хантулга гэснээс, Монголын хамгийн олон гишүүний бүртгэлтэй Асуулт.нэт форумын нэг админыг Хантулга гэдэг юм билээ.
-2003 оны эхээр Асуулт форумын админ болж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Монголын хамгийн том форум гэдгээр нь маш их бахархаж явдаг. Асуулт.нет маань одоо давхардсан тоогоор 70000 гаруй гишүүнтэй.
-Их л олон зүйл хийж яваа хүн байна. Хэдэн настай билээ?
-25 хүрч байна даа. Залуудаа л бүгдийг амжуулахгүй бол хүний амьдрал богинохон. Зүтгээд л байна, зүтгээд л байна…
-Ойрын хугацаанд юу амжуулъя гэж бодож байна даа?
-“Өнөөдөр бол чиний амьдралд үлдсэн хамгийн сүүлчийн өдөр” гэж бодож ажиллаж амьдрах хэрэгтэй гэж боддог. Одоогоор бол вэб 2.0-ийг Монголд хөгжүүлэх, мөн интернэттэй холбогдолтойгоор бий болж буй шинэ мэргэжил, төрөл урсгалуудыг судалж байгаа. Заримыг нь хэрэгжүүлж байна.
-Маргааш үхэх гэж байгаа юм шиг амьдрах сайхан гэж үү. Хятадууд маргааш үхчих ч юм бил үү гээд аяга будаагаа xоослоод унтдаг юм билээ.
-Яг ч тэр утгаар нь хэлээгүй л дээ. Зүгээр өнөөдөр хийх ёстой ажлуудаа маргааш гэж хойш тавилгүй хөдөлмөрлөж байя л гэсэн утгатай.
-Би чамайг гэрээслэл бичсэн болов уу гэж асуух гэж байлаа.

-Амжаагүй л байна.
-Хэрэв бичвэл юу гэж бичих бол. Жишээ нь вэб сайтаа өвлүүлнэ ч гэх юм уу…
-Энэ талаар огт бодож байгаагүй юм байна. Хүнийг амьд байхад нь хайрладаггүй хэрнээ нас барсных нь дараа тэнгэрт тултал магтдаг сонин үзэгдэлд би дургуй. Тэгэхээр вэб сайт маань ч гэсэн надтай цуг явсан нь дээр гэж бодож байгаа. Тиймээс хэнд ч гэрээслэхгүй ээ.
-Зарим хүмүүс бидний араас дурсах хүн байхгүй бол яана гэж айдаг…
-Гэрээслэл үлдээх шаардлагагүй том зүйл хийчихсэн байхад хүссэн хүсээгүй дурсагдах болно гэж итгэж байна. Би өөртөө итгэлтэй. Энэ итгэл намайг улам зоригжуулдаг.
Монголын варез сайт бүтээгчдийн анхдагчийн тоонд зүй ёсоор багтах энэ залуу кэйбордоор хурдан бичиж, сагс тоглохдоо бөмбөг оруулдаг гартаа хайртай. Залхмаар ч юм шиг, сонирхмоор ч юм шиг интернэт, компьютер, программ хангамж болоод өөр олон техникийн талаар ярилцаж дуусаад түүний хайртай гараас нь атгалаа. Баяртай гэж хэлэх гэж л тэр…Энэ үед тэрбээр миний мэдэхгүй энэ олон нэр томьёо, техник технологи амьдралд голлох үүрэгтэй болсон тухай дахин сануулсан юм. Үүнийгээ батлахдаа эдийн засаг судалж, сургуулийг нь дүүргэсэн хэдий ч компьютер программ хангамжийн чиглэлээр ажилладаг тухайгаа жишээ болгож байлаа.

Т.Ням

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.