Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гурван хуушуурын үнэтэй Монголын үрс гудамжинд золбиров

Ганган зангиа, гялгар гутал, үнэтэй цагаар гоёсон шинэ Монголын төрийн түшээд гадаад ертөнцийн өмнө хөгийн новш болж хувирав. Учир нь дэлхий дахин балчир үрсээ хайхардаггүй баячуудад дургүй. Ардчилал, хүний эрх гэсэн нэгэн дээвэр дор үзэл бодлоо нэгтгэдэг бүх дэлхийн ичих булчирхайг Азийн Монгол “өвчлүүлж”, булайгаа дэлгэв. Ард түмэн нь гудамжинд төрж, өсөж, үхэж байхад алтаар гоёж, үнэт чулуугаар өөрсдийгөө чимэглэдэг Энэтхэгийн баячууд, төрийн томчуудыг хямсгар Европ, ихэмсэг Америк буландан харж, буруушаан жигшдэгийн шалтгаан энэ юм. Харин өнөөдөр хүний эрх, ардчиллыг дээдэлж ирснийх нь төлөө цэнхэр гариг даяараа үнэлэн хүндэтгэж байсан нүүдэлчин Монгол арчаагүй байдлаараа гайхуулан, нэр хүндээрээ шал арчихдаа тулаад байна. Парламентын 14 давхар ордон, МАХН-ын 17 давхар шинэхэн байр, АН-ын 20 давхар орд харш сүндэрлэж буй чимээтэй зэрэгцэн Монголын үрс эмнэлгийн хонгилд халуундаа дэмийрэн эмчилгээ горьдон хэвтэж, нялх биетэй эхчүүд бие засах газрын үүдэнд хөнжил гудсаа дэлгэн тухалсан дүр зураг хөх Монголыг бүх дэлхийн шившиг болголоо.

 

I АМАРЖИХ ГАЗРЫН ЗАСВАР ЯАСАН БЭ, ЗАСАГ ДАРГА АА!

Шинэ оны эхний сарын улс төрийн шоу I амаржих газрыг чиглэснийг бид мэднэ. Тухайн үед бохирын хоолой зад тавьж, бодлого тодорхойлсны буянд тус Амаржих газар улс төрийн шоу тоглолтын ээлжит тайз болон хувирсан билээ. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, түүний орлогч Ц.Цогзолмаа нар хэрхэн жүжиг тавьж, УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Оюунхорол нар дуу дуугаа авалцан асуудал дэгдээж, эмч нараас ял асууж байсныг цэнхэр дэлгэцээр хараагүй, үзээгүй хүн ховор биз. Амаржих газрын засварт 2.1 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөж, хатагтай Ц.Цогзолмаа “Би өөрөө харж зогсож байгаад засуулна” хэмээн олон нийтийн өмнө ам өгсөн билээ. Харамсалтай нь нэгдүгээр сарын 14-нд гарсан халдвараас хойш бараг хоёр сар өнгөрчихөөд байхад тус Амаржих газар эзгүй, хоосон хэвээр.

Аль хэдийнэ засаж дуусаад ашиглалтад өгчих хугацаа өнгөрсөн атал будаг багс, шавар шохойны үнэр ч үгүй. Өнөөх гайтай хальсан бохирын хахуун үнэр угтах нь хачин. Сураг тавибал Амаржих газрын засварыг хийхээр 30-аад компани саналаа ирүүлсэн гэх. Гэвч “Тендер зарлавал хугацаа алдана, маш яаралтай засвараа эхлэхийн тулд боломжийн сайн компанид хандана” хэмээн ам, шүд алдаж байсан нийслэлийн Засаг дарга, түүний орлогч нар шийдвэрээ гаргалгүй луу унжсаар өнөөг хүрчээ. Луу унжих ч юу байхав, золгож цагаалж, бууз банш эргүүлдсээр өнөөдөртэй золгосон гэвэл үнэнд илүүтэй дөхөх биз.

I амаржих газрын дарга болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг албанаас нь халснаар тэдний сэтгэл ханаж, туйлын зорилго биелсэн юм биш үү.

 

ХОВДЫНХОН ХОВДОГЛОЖ БАЙНА ГЭВ ҮҮ?

Энэ хугацаанд тус Амаржих газарт төрөх эхчүүдийг “Ачтан”, II амаржих газар, “Таны төлөө бид”, “Хатагтай” эмнэлгүүдэд хуваарилсан. Харамсалтай нь II амаржих газрын дээврээс ус гоожиж луйврын компанийн хийсэн хулхи засвар булхайгаа дэлгэснээр нийслэл даяар хүүхдийн болон төрөх эмнэлгийн ачаалал хэрээс хэтрээд байна. I амаржих газрын төсвөөс өнгөрсөн хугацааны түрээсийн төлбөрт 469 сая төгрөг “Ачтан” эмнэлэгт шилжүүлсэн аж.

Уугуул эмнэлгийнх нь засварыг эхлүүлэлгүй удааж, үүд хаалгыг нь цоожлоод мартаж орхисон нийслэлийн удирдлагуудад эмч нар ам муутай байна. Г.Мөнхбаяр Ховдынх, Ц.Цогзолмаа ч бас Ховдынх, зочид буудлын зориулалтаар барьсан “Ачтан” эмнэлгийн захирал Ц.Мухар мөн л Ховдынх. Ховдынхны сонирхол үйлчлээд байгаа юм биш үү гэсэн хардлага эмч, сувилагч нарын дунд хүчтэй яригдаж эхэлжээ. Алдсан хүн арван тамтай гэгчээр дуусах нь байтугай эхэлдэггүй засварын шалтгааныг өөр өөрийнхөөрөө таамаглан тайлбарлаж буй нь энэ.

 

ТОМУУ ТОМЧУУДЫГ ЯЛЛАВ

Баянзүрх дүүргийн эмнэлгээс харьяаллын дагуу гэх шалтгаанаар Сүхбаатар дүүрэг рүү явж байгаад таксинд нас барсан балчир хүүгийн талаар хэвлэлүүд шуугисан нь саяхан.

Таксинд ч юу байхав дээ, гудамжинд амь тавьсан хэрэг шүү дээ. Томуугийн “В” хүрээний вирусийн өвчлөл нялхсыг ээрүүлдэж, хүүхдийн эмнэлгүүдийн үнэн дүр төрхийг илчилж байна. Эрүүл мэндийн салбарын уналт, бодлогын хоцрогдол, үр хүүхдэдээ хөхөө мэт хандаж ирсэн Монголын төрийг томуу ийнхүү яллаж байгаа хэрэг. Өнөөдрийн байдлаар эмнэлгүүд ердийн үеийнхээс 10 дахин ачаалалтай ажиллаж, үүдний хонгил, эмч, сувилагчийн өрөө гээд жорлонгийн суултуураас бусад бүх талбайд эмнэлгийн тусламж хүлээсэн хүүхдүүд хэвтэж буй дүр зурагт нийгэм дасаж амжив.

Хүүхдийн эмнэлэг хаанаа ч хүрэлцэхгүй хэцүүдэж, дүүргийн эмнэлгүүд болон ЭНЭШТ зэрэг тоотой хэдхэн байгууллагад “цунами” дэгдэх хэмжээнд зуд болж байна. Өндөр халуунтай, хоолой боогдож ирсэн хүүхдүүд эмнэлэг бараадаж л байвал босгоны шороо, үүдний үнс болохоос ч буцахгүй итгэл тээн хэвтсээр хагас сарыг үдэв.

Тэдний итгэл найдвар өвөрлөсөн гэнэн, өхөөрдөм, гэсэн атлаа нулимс, зовлон өгүүлэх нүд Монголын төрийг харааж байгаа болов уу? “Хүүхдийн нүд хараадаг юм, ширхэг ёотон, атга чихэр ч болов алган дээр нь тавьж бай” гэж ээж нар сургадагсан. Гэтэл томчууд намын байр, төрийн ордны шав тавих ёслол гэхчлэн алга ташилт, алаг цэцэгсээр хүрээлүүлэн балчир үрсээ эргэх завгүй хаврын эхэн сарыг хагаслав.

1.3 сая хүн амтай нийслэлд хүүхдийн эмнэлэг байхгүйтэй адил хүрэлцээгүй, тэр тусмаа бага насныханд зориулан тоноглосон эрүүл мэндийн төв бараг л ЭНЭШТ-өөс өөр байхгүй байгааг Монголын төр мэддэг болов уу. Эмч, сувилагч нарын ачаалал хэрээс хэтэрснийг мэдэж байгаа гэж найдах уу? Эрүүл мэндийн салбар доройтлоо доройтлоо гэхэд ингэтлээ дордсоныг холбогдох яамныхан нь ил тод зарлахаас ичихийн учир юу вэ?

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР “ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕД” ҮЛДЖЭЭ

Монголын төр шинэ иргэнийхээ төрөх зардалд 2400 төгрөг буюу гурван хуушуурын үнэ төсөвлөдөг. Эхчүүдийн төрж амаржих эмнэлэг хүрэлцээгүйг мэдсээр байж энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж, шинээр үүд хаалга нээсэн “Таны төлөө бид” зэрэг байгууллагуудыг тусгай зөвшөөрөл гэгчээр хяссаар уджээ.

Үүнийгээ хуулийн зүйл заалтаар тайлбарлан “хүндрэхийг” яана. Үүрч барахгүй байгаа ачаагаа хувийн хэвшлийнхэнд хагаслан өгөхийн буруу гэж юу байхав. Төрөх эм нэл гүүд ор чин үеийн шаардлага хангахгүй бай гаагаас бэлтэй зарим монголчууд Хятад, Америк, Солонгосыг бараадан амаржих болсон. Жилдээ дунджаар 130 сая ам.долларыг хилийн чанад руу төрөх зардалд тавиад туучихдаг гэсэн тооцоо гарчээ.

Чулуун зэвсгийн үед үлдсэн Монголын эмнэлгүүд төдий хэмжээний хөрөнгө оруулалтыг алдаж байна гэсэн үг. Гурван хуушуурын үнэтэй Монголын үрсэд өвдөх эрх алга. Өвдлөө гэхэд хэвтэж эмчлүүлэх эмнэлэг алга. Байгаа хэд нь аль хэдийнэ хагас зууны настай хагархай хана, халцархай хаалга, будаггүй шал, дусаал гоождог дээвэртэй балгас. Монголын эрүүл мэндийн салбар бодлогын хувьд төдийгүй бодит байдлаараа хямрал, сүйрэл зарлаж байна. Гамшгийн төвшинд гай даллаж байна. Эмчлүүлж байгаа хүүхдийн толгой дээр тоосго нурвал, шалан дээр тариа хийлгэж хэвтээ нялх үрсийн гар хөл дээр алмай нэг нь гишгэчихвэл, аяга тавагт нь халдвар үүсгэх нян үүрлэвэл хариуцлагыг нь С.Ламбаатай тооцох уу? Ингэхгүй гэх баталгаа алга. Өнөөдөр II эмнэлгийн дээврээс ус гоожлоо. Маргааш толгой дээрээс нурна.

 

БУСДЫН ҮҮРЭНД ӨНДГӨӨ ОРХИДОГ ХӨХӨӨ ЮМ УУ, МОНГОЛ!

Монголын үрс ямархан эмгэнэлтэй байдалд байгааг бүх дэлхий мэдвэл хүн төрөлхтний түүхэн дэх томоохон шившгийн тоо нэгээр нэмэгдэнэ. Тэгвэл бусдын үүрэнд өндгөө орхиж, үр зулзагаа гээдэг хөхөөнөөс ялгаа юу билээ. Монголын балчир үрсийн төлөө олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд чих тавин, сэтгэл чилээж суухад Эрүүл мэндийн салбар толгойлсон эрхмүүдийн ичих булчирхай хаачаа вэ?

Тэд тэжээдэг нохой, эрхлүүлдэг муурандаа арай л илүү анхаарал тавьдаг байж таарна. Тэгсэн атлаа дөрвөн ч Амаржих газар барих мөнгө буюу 76 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүд хуваан хүртэж, эрх баригч намууд орд харшийнхаа гоё сайхнаар өрсөлдөж байна. Ганган зангиа, гялгар гутал, үнэтэй цагтай төрийн томчууд үр хүүхдээ үүдний шороо, хотны мануухай мэт үзэж байгаагийнхаа хэрээр олон улсын төвшинд хөгийн новш хэмээн цоллуулдаг бичигдээгүй дүрэм бий.

Энэ ангилалд нэг л багтаж орхивол хэчнээн сайхан инээж, хэчнээн удаа ардчилсан хувьсгал хийж, хэчнээн том хөрөнгө оруулалт яриад ч нэмэргүй. Эгэл түмний хүүхэд гудамжинд төрж, өсөж, үхэж байна. Үндсэн хуульд заасан эрх чөлөө, хүний эрх, ардчилал гэдэг нь энэ үү. Эсвэл төрийн бодлогод хүүхэд багтах зай алга уу? Өвөртөө тээж, энгэртээ тэвэрч өсгөсөн атлаа сэтгэлдээ багтаагаагүйнх нь төлөө хүүхдийн нүд хараавал яана!

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.