Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГУРАВДАГЧДЫН МЕХАНИК БӨӨГНӨРӨЛ

Н.ЭНХБАЯР, М.ЭНХСАЙХАН ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ

ИЗН байж л байсан, С.Оюун байж л байсан. Гэхдээ ИЗН дангаараа сөрөг хүчний орон зайг бүрдүүлж чаддаггүй. 2005 онд АН-тай нийлж сүүдрийн Засгийн газар байгуулах гээд дийлээгүй. Аядуу байр суурьтай, парламентад бүлэггүй ИЗН сонгуулиас сонгуулийн хооронд сайн цаг ирэхийг л хүлээж сууна. АН-аас тасарч ҮШН байгуулагдсан, тэнд М.Энхсайхан байж л байсан. УИХ-д ганц ч суудалгүй ҮШН дангаараа гуравдагч хүчний нөлөөг “МАН, АН ба бусад” гэсэн цомхон ангилалтай Монголын улс төрд тогтоож чадахгүй. Улс төрийн уугуул хүчний хамгийн олон жил хэрэглэсэн МАХН хэмээх нэр эзгүйдэж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр намынхаа брэнд нэрийг ашиглах гуравдагчдын хөдөлгөөнийг ид өрнүүлж байна.

Үүгээр удаан нууцалсан Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын нөхөрлөл илчлэгдэж, өнгөрсөн жил өрнөсөн “ард түмний” жагсаал, тэмцлийн “цаад эзэд” тодров. Жагсагчид 2008 оны сонгуулиар эрх баригчдын амласныг иргэдэд өгүүлэхийг шаардаж, сөрөг хүчний байр суурийг илэрхийлсэн нь өнөөдрийн МАХН-ҮШН-АХН эвслийн эхний алхам байжээ. МАН-аас шахагдсан Н.Энхбаяр, АН-аас татгалзсан М.Энхсайхан нарын дотно харилцаа энэ хоёр хүнийг төрд данстай, өндөр эрх мэдэлтэй байх үеэс эхтэй. Тэд хоёул одоо үзэн ядаад байгаа төрөлх намынхаа лидерээс бууж “жийгдсэн” хүмүүс. Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь МАХН,АН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр, М.Энхсайхан нар байлаа. М.Энхсайхан Н.Энхбаярын эсрэг “Авлигачдыг цээрлүүлье” хэмээн уриалж, цус урсгасан лоозон барин давшилж байсан. Харин одоо тэд нэг эвслийн лидерүүд боллоо. Алсыг харж таван жилийн өмнөөс “өвөр, түрийдээ” орж гэмээр улс төрийн сонин хувь тохиол тэднийг нэг гэрт оруулав.

СӨРӨГ ХҮЧНИЙ ОРОН ЗАЙ БИЙ ЮҮ

Монголд шинэ улс төр хөгжиж байгаа 20 жилийн түүхийн бараг хагас нь сөрөг хүчнийг мартсан “стандарт бус” он жилүүд юм. Сонгогчдын санал МАХН, АН хоёрт хуваагддаг байдал үзэгдэл болж төлөвшөөд буй. Сүүлийн зургаан жилд МАХН (одоогийн МАН), АН Засгийн газарт хоршиж, сүүдрийн засгийн сүг ч үгүй амгалан амьдарсан. Улс төрийн сөргөлдөгч хоёр том хүчин хамтарч засгийн эрхийг барих нь улстөржсөн эцэс төгсгөлгүй хэрүүл намжих, хэн хэнийхээ мөрийн хөтөлбөрийг дундаа хийх, Засгийн газрын төлөвлөсөн ажил ахих эерэг хандлагыг эхлүүлж байгаа гэсэн дүгнэлт хэлэх нийгмийн хэсэг бий.

МАХН-ын хуваагдлыг гуравдагч хүчнийхэн сөрөг хүчний орон зайд тоглох боломж, өсөж өндийх ирээдүй хэмээн олзолж байгаа нь жижиг намуудын хувьд мэдээжийн хэрэг. Тэд хамтарсан Засгийн газрын ажлыг шүүмжлэх, ажилгүй, орлогогүй, ядуу тарчиг олонхийн бухимдлыг дэвэргэх, санаа бодлыг нь өөрсөд рүүгээ урвуулах замаар сонгуулийн “бие халаалтаа” базаах биз ээ. “Сант Марал”-аас хамгийн сүүлд явуул сан тандалтад итгэвэл, Монголын улс төрийн орон зайн тэн хагасаас илүү нь хоосон байна. Санал асуулгад хамрагдсан иргэдийн 50 хүрэхгүй хувь нь МАН, АН-ын төлөө сонгуульд саналаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ хоёр намын эзлэх хувийн жин нэг нь нөгөөгөөсөө хол давах хэмжээний ялгаатай биш аж.

Сөрөг хүчний орон зай цэлийж, гуравдагчдад урам зориг өгч байгаа боловч өнөөгийн улс төрд сөрөг хүчний эрэлт байгаа эсэх нь эргэлзээтэй. Уул уурхайн орлогоос иргэдийн амьдралд ирэх өгөөжийг бодитоор мэдрэх гэсэн амьсгаа дарсан хүлээлт нийгэмд давамгайлж, улстөржилтийг үл таашаах сэтгэл зүйг илүү хүчтэй төрүүлэх болсон шиг санагдана.

МАХН БОЛ АН-ЫН Л ЗОЛ

Гэвч сонгууль бол сонгууль. МАН, АН тус бүртээ сонгогчдын 10-15 хувийг гишүүнчлэлээрээ хатуу “өмчилдөг”. Мөн тус бүртээ ийм хэмжээний саналыг тохиолдлоор түүдэг гэхээр үлдсэн хувийн төлөө хамтарсан засагт хариуцлагатайгаар түншилсэн МАН, АН хоорондоо тэнхээ мэдэн өрсөлдөж л таарна. МАХН-ын хуваагдал 2012 оны сонгуулийн “урь”-ийг эрт авчирлаа. Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарын алхам гуравдагчдыг баярлуулж байгаа.

Гэхдээ АН-ын баяр хөөрийн дэргэд тэдний баяр бага юм. АН-ынхан “Бид хамтарсан засгийнхаа ажлыг хийгээд, нөхрөө шоглохгүй “мөрөөрөө” байж байтал МАХН өөрөө хуваагдчихлаа” л гэдэг байх даа. МАХН-ыг бүчсэн ҮШН-АХН-ын нэг дэл нь олны танил нэрийн дор жиж гүүдийг бөөгнүүлэх сонгуулийн бариатай ойрын зайны улс төр. БНН ч тэдэн дээр нэмэгдэх сураг бий. Гэхдээ энэ нэгдэл нь МАХН нэрэнд олзуурхаж, зөвхөн сонгууль горилсон механик бөөгнөрөл байхыг үгүйсгэхгүй. АН-аас ҮШН-ыг, МАН-аас МАХН-ыг салгаж чадсан хүмүүс эрх мэдэл, нэр нөлөөний төлөө байр сууриа хэдэнтээ өөрчилж төвдөх биз ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.