Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГУРАВДАГЧДАД ХАЛГААТАЙ ТОГТОЛЦОО

УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр жил үлдлээ. Юу байх вэ, нэг л мэдэхэд сонгууль хаалга тогшино. Сонгууль бүрийн дараа гарсаар ирсэн маргаан, луйвар, гоморхлыг багасгахын тулд УИХ одооноос хуулиа цэгцлэхээр чармайж байна. Харин энэ хүчин чармайлт үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад багтаасан. Уг төслөөр сонгуулийн одоогийн мажоритар тогтолцоог өөрчлөх юм. УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг пропорциональ хувилбарыг санал болгосон.


МАЖОРИТАР ТОГТОЛЦООНЫ “ХАРШИЛ”

Түүх сөхье. Манай улс 1992 онд анхны ардчилсан сонгуулиа пропорциональ тогтолцоогоор зохион байгуулсан. Тэр үед ардчилсан хүчний МоАН, МҮДН, НН эвсээд дөрвөн суудал авчээ. МСДН ганц суудалтай байв. Үүнээс хойш дандаа мажоритар тогтолцоогоор сонгууль явуулж буй юм. Дараагийн дөрвөн жилд МАХН 25, “Ардчилсан холбоо” эвсэл 50, МУНН нэг суудал авсан байна. 2000-2004 онд байдал эсрэгээрээ эргэж, МАХН 72, МҮАН, МШАН-ын эвсэл нэг, ИЗННН нэг, Эх орон-МАШСН нэг, бие даагч нэг суудал авч байв. Дараагийн парламентад “Эх орон-Ардчилсан холбоо” эвсэл 35, МАХН 37, БНН нэг, бие даагч нэг сонгогджээ. Хожим “Эх орон-Ардчилсан холбоо” эвсэл задарч ҮШН, АТН гэсэн намууд үүссэнийг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл одоогийн УИХ-д НН, ИЗН тус бүр нэг суудалтай. Түүхээс харахад гуравдагч хүчний намууд эвсэл байгуулаагүй л бол бүлэг байгуулах хэмжээний суудал авч байсан түүх алга. Дангаараа бол тэд ердөө нэг л төлөөлөгчтэй байжээ. Эвслийг дотор нь намаар нь задлахад нэг нь хамгийн олондоо 3-4 гишүүнтэй байв. Гуравдагч хүчний намуудын хувьд мажоритар тогтолцоо халгаатай хэмээн энэ бүхнээс дүгнэж болно. Дөрвөн удаагийн сонгуулийн дараа гуравдагчид үүнийг мэдэрчээ. Тиймээс ч сонгуулийн тогтолцоог өөрчлөх яриа гарахад тэд пропорционалийг нэгэн дуугаар дэмждэг байв. 2005 оны арванхоёрдугаар сарын 29-нд УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа томсгосон тойрогтой мажоритар тогтолцоог сонгосон. Гуравдагч хүчнийхэн, бие даагчдад халгаатай, хатуу заалт нэлээдийг АН, МАХН-ынхан нэмж. Үүгээрээ тэд дараагийн сонгуулийн замаа засчээ. 2008 он дөхөөд ирмэгц сонгуулийн тогтолцоог пропорционал болгон өөрчлөх санал дахин өндөлзөв. ҮШН, Эх орон, БНН-ууд ч гар өргөн дэмжсэн. Гэвч олонх “Одоо өөрчлөх боломжгүй. Ер нь сайн бэлтгэж, боловсруулаад 2012 оны сонгуулиас хэрэгжүүлье” гэсхийгээд орхисон. Тав дахь удаагийн сонгуулийг томсгосон тойрогтой мажоритар тогтолцоогоор явуулав. Мажоритар гуравдагчдад ээлгүйгээ дахиад л нотлов. УИХ-д гуравдагч хүчнээс зөвхөн ИЗН, НН л тус бүр нэг төлөөлөгчтэй болж үлдэв.


ЭЭЛЖИТ ОРОЛДЛОГО

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-аас 2009 онд байгуулав. Ажлын хэсгийнхэн ч пропорционал тогтолцоотой болохоор төслөө боловсруулаад буй. Мэдээж түүнийг өргөн барихаас нь өмнө УИХ дахь бүлгүүд хэлэлцэнэ. Сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтай хувилбараар өөрчилдгөөрөө гарамгай “ах” нар одоо бодлоо өөрчлөх болов уу хэмээн нийгэм ажиглаж байна. Цагаа тулахаар тэдний хэн нь ч “Пропорционал тогтолцоотой болъё” гэж зоригтой хэлж чадахгүй байна. АН-ынхан дотроо байр суурийн зөрчилтэй байна. Нам нь 100 хувь пропорциональ тогтолцоог дэмжиж байгаа бол, УИХ дахь бүлэг нь эргэлзсээр. Тэд пропорционал, холимог хоёрын дундаас оновчтой хувилбар бий болгоё гэсэн байр суурьтай байна. МАХН-ынхан ч ялгаагүй “бөөрөнхийлөв”. Тус намынхан пропорционалыг ашиггүй хэмээн үзээд дэмжихээс татгалзаж буй мэдээ бий. Пропорционал бол намыг нь сонгодог тогтолцоо. Тухайн нам нийт сонгогчийн хэдэн хувийн санал авснаас хамаарч УИХ дахь суудлыг онооно. Өөрөөр хэлбэл, жинхэнэ тэмцэл нам дотроо өрнөх учиртай. Ажлын хэсгийнхэн хуулийн төсөлд уг босгыг 6-7 хувиар тогтоохоор ярьж буй аж.

БОСГО ТОЙРСОН ЭРГЭЛЗЭЭ

Гуравдагч хүчний бүх л нам сонгуулийн пропоционал тогтолцоотой болохыг дэмжиж байна. Гэвч тэдэнд нэг асуудал байгаа нь босго. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын хэдэн хувийг авсан нам УИХ-д төлөөлөлтэй болох тухай асуудал юм. 6-7 хувийн босгыг намууд өндөр гэж үзэж байна. Тухайлбал, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам үүнийг гурван хувь болгож бууруулах саналтай байгаа аж. Хэрэв босгыг өндөр тогтоовол гуравдагч хүчний намуудын боломжийг хязгаарлана гэж тэд үзжээ. Парламентад суудалтай ИЗН, ННынхан Сонгуулийн хуулийн Ажлын хэсэгт “Босгогүй байх нь зөв” гэсэн санал хүргүүлжээ. Энэ талаар ИЗН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Ганбатаас лавлахад “Ажлын хэсэгт нь С.Оюун гишүүн орсон. Олон улсын жишгээр босгыг 1-3 хувиар тогтоодог. Гэтэл УИХ дахь хоёр бүлгийн гишүүд 5-6, зарим нь бүр есөн хувиар босго тогтоох тухай ярьж байгаа юм билээ. Ингэвэл МАХН, АН-аас өөр нам суудал авах боломжгүй болно, маш өндөр босго шүү дээ. Манай улс мажоритар тогтолцооноос пропорционалд шилжиж буй учир босго тогтоохгүй байх нь зүйтэй гэж бид үзсэн. Цаашдаа тогтворжоод ирэхээр босгыг гурав хүртэл өсгөж болох юм” гэлээ. Гуравдагч хүчний намууд энэ мэтээр байр сууриа илэрхийлж байна. Гэвч УИХ дахь олонх буюу АН, МАХНын гарт сонгуулийн тогтолцооны, улмаар гуравдагч хүчнийхний хувь заяа атгаастай байна. Олонх жижиг эрх ашгаа чухалчлах болов уу, улс оронд өөрчлөлт хийхийг илүүд үзэх болов уу гэдгийг харж л байхаас.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.