Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гордон Браун огцорно

ЛОНДОН. /СИНЬХУА/. Өнгөрсөн пүрэв гарагт болсон Британийн парламентын сонгуульд тус улсын Ерөнхий сайд Гордон Брауны тэргүүлдэг Лейборист нам парламентад олонх болох боломжгүй болсон бөгөөд намаа ялалтад хүргэж чадаагүй тэрбээр намын даргын албан тушаалаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгджээ.
Түүнчлэн улс төрийн гуравдагч нам Либерал-Ардчилсан намтай эвсэл байгуулах хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа Гордон Браун мэдэгдсэн байна. Намын даргын албан тушаалаа хүлээлгэн өгөх тодорхой товоо мэдэгдээгүй ч энэ оны есдүгээр сар гэхэд Лейборист намын шинэ даргыг сонгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Харин Либерал Ардчилсан нам Лейборист намтай эвсэл байгуулах талаар албан ёсны хэлэлцээгээ эхэлсэн гэж даваа гарагт мэдэгджээ. Түүнчлэн Гордон Браун албан тушаалаа хүлээлгэн өгч байгааг Либерал Ардчилсан намын дарга Ник Клегг зөв шийдвэр хэмээн үзэж, “Браун өнөөдөр маш чухал мэдэгдэл хийсэн. Энэ нь хувь хүнийх нь хувьд түүнд хэцүү байсан ч улс орны ашиг сонирхлоо бодвол ийм шийдвэр гаргах нь зүйтэй гэж би бодож байна. Түүний мэдэгдэл нь Засгийн газрыг тогтворжуулахад чиглэсэн чухал мэдэгдэл гэж би үзэж байна” хэмээн Клегг хэлжээ.
Даваа гарагийн мэдэгдлүүд нь Либерал Ардчилсан намтай хэлэлцээр байгуулж, эрх баригч нам болно гэсэн консервативчуудын итгэл найдварыг хойш чангаасан байна. Өнгөрсөн баасан гарагт сонгуулийн урьдчилсан дүн гарснаас хойш Консерватив нам Либерал Ардчилсан намтай хамтран эвслийн Засгийн газар байгуулах талаар ярьж эхэлсэн билээ.
Консерватив, Либерал Ардчилсан намын удирдлагууд өнгөрсөн бямба, ням гарагт хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн байна. Тавдугаар сарын 6-нд болсон парламентын сонгуулийн дүнгээр, парламентын 650 суудлаас Консерватив нам 307, Гордон Брауны Лейборист нам 258, Либерал Ардчилсан нам 57 суудал авчээ. Үлдсэн суудлыг бусад жижиг нам авсан байна. Лейборист нам өмнөх парламентад байсан суудлаасаа 91-ийг нь алдсан бөгөөд парламентад олонх болоход тэргүүлэгч хоёр намын аль алинд нь 326 суудал авсан байх шаардлагатай юм. Тиймээс Британийн хоёр гол нам Засгийн газар байгуулахад 57 суудал авсан Либерал Ардчилсан намын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Либерал Ардчилсан намын дарга баасан гарагийн орой хамгийн эхэнд олон суудал авсан Консерватив намтай зөвшилцөх талаар ярилцаж эхэлсэн билээ. Харин даваа гарагт Лейборист намыг сонирхон тэдний саналыг сонсоно гэдгээ мэдэгдсэнээр хамтран ажиллана гээ найдаж байсан Консерватив намыг эргэлзээнд оруулсан байна.
Гордон Браун ням гарагт Ник Клеггтэй хувийн уулзалт хийснээрБританийн Ерөнхий сайдын албан тушаалдаа үлдэх найдвар бага зэргийн бий болжээ. Браун улс төрийн гуравдагч намыг бусад жижиг намын хамт нэгтгэж чадвал Ерөнхий сайд хэвээр үлдэх боломжтой юм. Гэвч Британийн зарим хэвлэлээр Лейборист намын хэсэг гишүүн Брауныг намын даргаас огцруулж, Ерөнхий сайдын албан тушаалаас нь унагахаар төлөвлөж байгаа гэж бичжээ. Түүнчлэн Ник Клегг Ерөнхий сайдтай уулзахдаа түүнийг ажлаа хүлээлгэн өгөх хэрэгтэй гэж хэлсэн учир тэдний хэлэлцээ найрсаг бус орчинд болсон гэж Либерал Ардчилсан намын нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгдсэн байна. Харин Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн алба, Либерал Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч нар энэ мэдэгдлийг няцаан уулзалт богино хугацаанд үргэлжилсэн ч нөхөрсөг яриа өрнүүлсэн гэж мэдэгджээ.
Үзэл суртлын хувьд төвийн зүүний үзэлт Либерал Ардчилсан нам нь төвч барууны үзэлт Консерватив намаас илүү зүүний төвийн үзэлт Лейборист намтай илүү ойр улс төрийн бодлоготой юм. Лейборист, Либерал Ардчилсан намын аль аль нь сонгуулийн үйл ажиллагаанд шинэчлэлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа бол Консерватив нам үүнийг эрс эсэргүүцдэг байна.


С.Отгонбаяр"Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.