Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гишүүд тэрбум төгрөгөө хаана, ямар зорилгоор байршуулж байгааг мэднэ

ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригттой ярилцлаа.

-Ногоон намтай нэгдэх тухай яриа ямар төвшинд яваа вэ. Тус намтай нэгдэхийн ач тус юу юм бэ?

-Дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлттэй холбоо тойгоор но гоон үзэл санаа бүгдийн анхаарлын төв байх болсон. Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа үед ногоон үзэл санааны асуудал ихэд чухал асуудал юм. Энэ тухай ярьдаггүй, анхаардаггүй улстөрч, иргэний хөдөлгөөн ч олон болж. ИЗНын хувьд ногоон үзэл санааг идэвхтэй дэмжиж, 2004-2008 оны УИХ-д С.Оюун гишүүн бид хоёр санаачлаад ногоон бүлэг байгуулж ажилласан. Төрийн ордны арын цэцэрлэгийг устгахын эсрэг НН-ын адил нэг байр суурьтай байгаа. Бид хамтран ажиллаж ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд АН, ИЗН, НН нэг эвсэл болон оролцож ялалт байгууллаа. Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд ч хамтарсан. Хоёр нам нэгдэх ёстой гэсэн бодолтой гишүүн НН, ИЗН-д ч цөөнгүй байдаг.

 -Ногоон үзэл санаагаараа ижил байж. Тэгвэл улс төрийн үзэл баримтлал гэж бас бий. Үүгээрээ хоёр нам хэр ялгаатай вэ?

-ИЗН барууны, либерал үзэл баримтлалтай бол НН зүүний чиг баримжаатай. Энэ хоёр үзэл баримтлалын аль нэгийг сонгох учраас зөвшилцөлд хүрэх хэрэгтэй болно.
-Тэгвэл хоёр нам алиндаа нэгдэх боломжтой гэсэн үг вэ?
-Нэгдэх тухай асуудлаар манай намын дүрэмд хатуу заасан байдаг. Тухай нь нам татан буугдаад нэгдэхийг зөвшөөрдөг бол ИЗН татан буугдаад өөр намд нэгдэхийг хориглосон дүрмийн заалттай. Хоёр нам дүрэмдээ өөрчлөлт оруулаад нийлж болох байх. Тийм тохиолдолд Их хурлаа зарлах шаардлагатай. Манай намын Улс төрийн зөвлөл ННын тавьсан саналын талаар хэлэлцээд, тэдний нөхцөлөөр хоёр нам нийлэх асуудлыг ярих боломжгүй гэж үзсэн.
-Нэгдэж, нийлэх асуудлаар ИЗН-ын дүрэм хатуу заалттай гэлээ. Энэ нь юутай холбоотой вэ. БНН-тай намтай нийлээд салсан нь нөлөөлсөн үү?
-Жаргалсайхан тэргүүтэй нөхөд нэгдсэн намаасаа гарч шинэ нам байгуулсанаас биш БНН, ИЗН хоёр салаагүй. МУНН татан буугдаад манайд нийлж л байсан. Намаа татан буулгах нь НН-ын шийдэх асуудал. Бид ногоон үзэл санаагаараа нэг байр суурьтай ч ИЗН-ын улс төрийн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрнө гэдэгт найдаж байна.
-НН-ынхан танай “болзлыг” хэрхэн хүлээж авсан бэ?
-Нэгдэе, тэгсэн тохиолдолд бид амжилтад хүрэх бололцоотой гэх мэт давуу талаар бид ярилцдаг. Нэр тогтох тухай ч санал солилцож байсан юм бий. Нам намынхаа төвшинд цаашдаа ярилцаж эцсийн шийдвэр Их хурлаас гарна.
-Улсын дээд шүүхэд НН гуравдугаарт бүртгэлтэй.Энэ нь тэдний давуу тал болох уу. Танайх НН-д нэгдчихвэл жагсаалтын гуравт хадгалагдана.

Нэрийн дараалал сонгуулиар санал авахад нэмэр болдог шүү дээ?

-Нэрийн дараалал гэхээсээ намын нэр хүнд, Парламентад төлөөлөлтэй байсан туршлага, үзэл санаа, бодлого нь чухал шүү дээ.
-Нэгдлээ гэхэд нэрийн тухай заавал ч үгүй ярих болдог. Нам бүр л өөрийн нэрээ ямар нэгэн байдлаар хадгалж үлдэхийг хүсдэг шүү дээ. Танай нам нэг хэсэг ИЗБНН гэж байсан …

-Нэр чухал. Тухайн намын үзэл санаа, бодлогыг хамгийн товч, тодорхойгоор илэрхийлдэг зүйл нь нэр л дээ. Хоёр нам нэгдэхдээ ямар үзэл баримтлал дагах вэ гэдгээс хамаарч нэрээ тогтох ёстой.
-МАХН, АН зүүний болон барууны үзэл баримтлалтай нам. ИЗН барууных гэж байна. Үзэл санааны хувьд АН-тай танайх адилхан юм биш үү. Тэдэнтэй нэгдэж болохгүй юү?
-Энэ хоёр нам зүүнийх болчихлоо. Хоёулаа мөнгөний том амлалт өгч, нийгмийн халамжийн арга хэмжээг тууштай хэрэгжүүлж байгаагаас нь үүнийг харж болно. Барууны нам эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж, иргэдээ ажилтай, орлоготой байлгах бодлого түл хүү баримталдаг. Гэтэл МАХН, АН хоёр улсынхаа эдийн засгийнхаа хүчин чадлаас хэд дахин давсан мөнгө амлаж гарч ирсэн. Бэлэн мөнгө тараах үзэл санааг зүүнийхэн л хэрэгжүүлдэг. ИЗН-ын хувьд загас барьж өгөх биш уурга барих аргыг нь зааж өгдөг үзэл баримтлалтай нам.

Мөнгө тараах бодлогуудаас зөвхөн хүүхдийн мөнгийг бид дэмжиж байсан. Одоо ч хэвээрээ. Энэ бол мөнгөний хамгийн шударга хуваарилалт. МАХН, АН-ын амласан 2.5 сая төгрөгөөр үйлдвэр байгуулж, иргэд ажил, орлоготой байх ёстой биз дээ. Төрийн хөрөнгөөр барьж, байгуулсан үйлдвэрүүдийн хувьцааг иргэддээ өгсөн бол эдийн засаг, хүн амын амжиргаанд илүү их үр дүнтэй тусах байсан юм. Юун нэг удаа авах 70 мянга, 2.5 сая төгрөг. Өнөөдөр хүн бүр орон сууцны асуудалтай байна. Хувьцаа эзэмшээд, ажил, орлоготой байх юм бол ямар ч асуудалгүй шүү дээ.

Мөнгөний хэрэгцээ гарсан иргэн хувьцаагаа зарчихна. Буцаагаад худалдаад авчихаж ч болдог. Ингэх юм бол үнийн хөөрөгдөл болохгүй. Эдийн засгийн ийм зөв аргаар явах байсан юм. Нэг удаа тараасан 70 мянган төгрөг үнийг яаж хөөрөгдөж байгааг хүн бүр харж, мэдэрч байна. Улс төрийн намын харьяалалгүй эдийн засагч, зах зээл судлаач бүр төр, засгийн энэ бодлого, түүний үр дагаварыг хараад толгой сэгсэрч байна. Одоо амлалтын 2.5 сая төгрөгөө өгнө гэж байна. Энэ бол Монголыг мөхөөх бодлого. Үйлдвэржүүлэлтийн бодлогын тухай АН мөн ч сайхан зүйл ярьж байсан даа. Энэ тарааж байгаа, тараах олон зуун тэрбум төгрөгөөрөө тэр үйлдвэрүүдээ байгуулах хэрэгтэй юм, уг нь.

-АН-тай нэгдэх эсэх тухайд хариулсангүй…
-Энэ тухай байнга л ярьж ирсэн. Хамтрахдаа ялдаг. Тусдаа сонгуульд орохоороо ялагддаг түүхтэй юм, бид. Нэгдээсэй гэсэн хүсэлтэй гишүүд аль аль намд бий. ИЗН зөв бодлого, сайн засаглалын төлөө байдаг. Бай гуу лаг дахаасаа эхлээд л авли гын эсрэг тэмцсэн. АТГ байгуулагдсан. Атрын аяныг ИЗН дэмжсэн. ИЗН-ын санаачилж үр дүнд хүрсэн, шинэ санаа дэвшүүлж түүнээ засгийн эрх баригч бусад намд алдсан нь ч бий.
-Цагаа болохоор сонгогчид нэг, 1.5 сая төгрөгийн амлалт сонсоод эргэчихдэг юм билээ гэж Та хэлсэн. Тийм гэнэн зүйлд хууртдаг ард түмэн гэнэн үү. Улсынхаа эдийн засгийн чадавхийг мэдсээр байж дааж давшгүй, түүндээ ороогдох амлалт өгсөн МАХН, АН-ынхан бодлогогүйнх үү.
-Монгол Улс зах зээлийн эдийн засагт цочмог шилжиж, ЗХУ тэргүүтэй “СЭВ”-ийн орнуудын тусламж гэнэт зогссон. Тийм хүнд үед мал, орон сууц, үйлдвэр зэрэг эдийн засгийн эргэлтэд оруулж болох бүхнээ хувьчилсан. Хүмүүс үүргийн наймаанд мордож, гаалийн татвараа тэглэж байж хүнд байдлаас арай чүү гарсан. Зах зээлийн эдийн засгийн талаар иргэддээ системтэй ойлголт өгч, тийм орчинд амьдрах ухамсар төлөвшүүлж чадаагүй нь харин том алдаа болсон гэж үздэг. Улсынх нь эдийн засаг сайжирч, орлого нэмэгдсэн ч бэлэнчлэх урьдын сэтгэлгээ өнөөдрийг хүртэл арилсангүй. Төр, засаг нь зах зээлийн харилцаанд иргэдээ сургах байтал бэлэнчлэх сэт гэл гээг улам өөгшүүлсээр ир лээ. Үүнийг нь далимдуулж бизнесийн бүлэглэл, улс төр-эдийн засгийн олигархууд эрх мэдэл олж авсан. Цөөнхийн бүлэглэл шударга бусаар хэт баяжиж, ядарсан иргэдээ бэлэн мөнгөөр хуурдаг тогтолцоог бий болгочихсон. Ийм нөхцөлд ард түмэн мөнгө ний төлөө л санал өгдөг. Арван гишүүнтэй нэг өрх дор хаяж 10 сая төгрөгтэй болох юм байна гэж 2008 оны сонгуулиар итгэсэн. Одоо тэр мөнгийг нь Амлалт нэхэх ард түмний холбоо олны өмнөөс нэхэж байна. Батцогт, Уянга нараар би бахархаж байгаа. Хүн бүрт өгөхөөр амласан 2.5 сая төгрөг нийт дүнгээрээ маш их мөнгө. Түүнийг өгч чадахгүй л болов уу. Тийм учраас МАХН, АН уучлал гуйх ёстой. Ард түмэн ч амласан мөнгөнөөс нь татгалзчих хэрэгтэй юм. Харин дараагийн сонгуулиар нэг мөр хариуцлага тооцох нь хамгийн зөв арга. Үйлдвэрүүд олноор байгуулж, иргэн нь дор хаяж нэг сая төгрөгийн цалин авдаг болчихвол манай улс хөгжиж, улс төр, ард түмэн амар амгалан болох учиртай. ИЗН үүнийг л хүсдэг. Тийм зорилгын төлөө 10 жил үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг хэлэхийг хүсэж байна.
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар намууд хэлэлцэж байгаа ч энэ санаачилга унах магадлал ажиглагдаж буй.

-Манай нийгмийн хийгээд хүний хөгжил ийм л үедээ байгаа юм байлгүй. Намууд нь хуурдаг, иргэд нь хууртдаг. МАХН, АН үзэл баримтлалаараа биш бэлэн мөнгө тараадгаараа өрсөлддөг ядруухан улс төрийн хүчин болжээ гэж боддог. Улсаа хөгжүүлье гэвэл хэзээ ч хэрэгжих боломжгүй амлалт өгөхгүй шүү дээ. Үүнээсээ болж МАХН, АН-ын нэр хүнд маш их унаж байна. 2012 оны сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах тухайд итгэхгүй байгаа. Намынх нь нэр хүнд ингэж уначихаад байхад тэд зориглохгүй байх л даа. Энэ УИХ-ын гишүүд иргэний зориг гаргана гэдэгт найдахгүй байна. Сурсан аргаараа, ард түмнээ тэнэг гэж үзээд мөнгө тараана биз. Тэгэхийн тулд тэдэнд жижиг мажоритар нь ашигтай. УИХ-ын гишүүд 76 тэрбум төгрөгөө хаана байршуулж байгааг би гадарлана. Дараагийн сонгуулийг жижиг мажоритар тойргоор явуулж болзошгүй учраас нэр дэвшинэ гэж үзсэн тэр тойрогтоо тэрбум төгрөгөө байршуулаад эхэлчихсэн. Төсв өөс “хулгайлсан” мөнгөө зөвхөн тэндээ л хийж байгаа.
-МАХН-ынхан жижиг мажо ритар тогтолцооны төлөө байх юм шиг байна лээ. АНынхан пропорционалийн тө лөө санал өгнө гэдгээ мэдэгдсэн. Дараагийн сонгуулийг шинэ, шударга, сонгогчдын санал гээгдэхгүй байх нөхцөлөөр явуулна гэдэгт Та итгэхгүй байгаа бололтой юм аа.
-Пропорциональ тогтолцоотой болох юмсан гэж би хүсдэг. Гэхдээ энэ нь мөрөөдөл байх. АН-ын бүлгийн гишүүд наанаа ингэж ярьж байгаа ч цаанаа жижиг мажоритарын төлөө байгаа. МАХН угаас ойлгомжтой шүү дээ. Ядарсан ард иргэддээ гэр, мөнгө тарааж, байшин барилгын дээвэр засчихаад ирлээ гэж гишүүд нь ярьж байна. Энэ нь жижиг мажоритараар сонгууль явуулах гэсэн хэрэг. Тогтолцоогоо өөрчлөхгүй бол нэг тэрбум төгрөг өссөөр байгаад таван тэрбумд хүрнэ. Ийм энэ бүхний эсрэг хувьсгал хийх хэрэгтэй. Цаг нь ч болсон. Эмх замбараагүй асуудал үүсгэхгүйгээр тайван замаар хувьсгал хийх ёстой. Монголчууд 1945 онд эх орныхоо тусгаар тогтнолыг үл зөвшөөрөгч гадаадынхны эсрэг хувьсгал хийж чадсан.

Тайван замын хувьсгал амжилтад хүр дэгийн жишээ энэ. Бүх нийтийн санал асуулгаар хийж чадсан хувьсгал үр дүнтэй, урт настай байдаг. 20 жилийн өмнө ардчиллыг эхлүүлэхэд том хувь нэмрээ оруулсан Оюутны холбооны гишүүн бид саяхан уулзаж санал солилцлоо. Тогтолцооны гажуудал нүүрлэжээ гэж ярьцгаасан. АИХ шиг буюу үндэстний төлөөллөөс бүрдсэн, хууль тогтоох доод танхимаа дэргэдээс нь хянадаг дээд танхим хэрэгтэй.
-Бат-Үүл, Энхсайхан нар хувьсгал хийхийг уриалж байна. Түүнийг дэмжиж байгаа юу?

-Бат-Үүл гишүүний хувьсгал хийх, Парламентын хоёр танхимтай байх санаачилгыг дэмжиж буй. М.Энхсайхан дарга, ҮШН-ынхан ч хувьсгалд уриалж, хоёр танхимтай байхын төлөө юм билээ. Түүнийг нь дэмжиж байгаа. Харин Ерөнхийлөгчийн засаглалтай байхыг дэмжихгүй. ИЗН ардчилсан Парламентын засаглалыг дэмждэг.
-ИЗН-д Оюун, Зоригт хоёроос өөр олонд танигдсан лидер байна уу. Оюун гишүүнээс өөр хүнгүйдээ л түүнийг 10 жил даргаараа сонголоо гэж өөлөх хэсэг байдаг.

-Оюун дарга лидер учраас л гишүүдийнхээ итгэлийг даагаад өнөөдрийг хүртэл ИЗН-ын даргаар ажиллаж байна. Рейтингээрээ Монголын тэргүүлэх 10 улстөрчийн нэгээр байнга нэрлэгддэг. Дөрвөн жил дараалан дэлхийн шилдэг улстөрч эмэгтэйгээр шалгарсан. Сонгуульд манай намаас олон хүн нэр дэвшдэг. Тэр бүхэн удирдагч шүү дээ. Манай намд нэг дутагдал бий. Буруу амбицтай хүн бараг байдаггүй нь бидний сул тал байж болох юм.

-Зүүн хойд Азийн нийгэмлэг гэж байдаг. Заримдаа улстөрч, бизнесийн бүлэглэл юм шиг харагддаг. УИХ-д Л.Болд, Э.Бат-Үүл, Б.Батбаяр нарын гишүүн нь байдаг. Та ч бас нэг нь байх.
-Монгол Улс зүүн бүс нутагтаа түшиглэж Зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд өөрийн үүрэг, хариуцлагыг хүлээх ёстой гэсэн үзэл санааг С.Зориг агсан анх дэвшүүлсэн. 20 жи лийн өмнө би туслах нь байв. 2000 онд ЗХАН байгуулагдсан. Энэ чиглэлээрээ одоо ч би ажиллаж байна. Зүүн хойд Азийн бүс нутагт Монголын нөлөөг нэмэгдүүлэхэд Дорнод аймаг гол гарц болох юм. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ бүс нутагт үйл ажиллагаагаа идэвжүүлэх нь Монголын хөгжлийн нэг чиглэл болох ёстой. Цаашдаа төрийн том бодлого хэрэгжүүлэхийн тулд зарим улстөрч манай нийгэмлэгийн гишүүнээр элссэн. Би УИХ-ын гишүүн биш хэрнээ Дорнод аймаг руу гүйдэлтэй болсон нь ийм учиртай юм. Түүнээс бус ЗХАН ямар нэгэн улс төр, бизнесийн бүлэглэл биш. Манай гишүүдийн дунд ямар ч бизнес хийдэггүй, мөнгөгүй олон хүн бий.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.