Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэхийг хориглоно

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг гаднаас, тэр дундаа урд хөршөөс импортолдог. Тэгсэн атлаа хил, гаалийн хяналт шалгалт хангалтгүй, нэг ёсондоо хүнсний аюулгүй байдал тулгамдаад буй. Тиймээс ч хуулийн төслийг шинэчлэн найруулах шаардлагатай болжээ. Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үүний дараа ярих учир хоёр төслийн Ажлын хэсгийг нэгтгэж хэлэлцэх горимын саналыг Д.Тэрбишдагва гаргасан ч дэмжлэг авсангүй.

Төсөлд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаандаа дотоод хяналтын дэвшилт тогтолцоог нэвтрүүлж, түүний үр дүнгээр бүтээгдэхүүнээ баталгаажуулах үүрэг, хариуцлагыг шинээр хуульчилж байгаа аж. Мөн төрөөс хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тодорхой дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан “Дэлхийн өлсгөлөнгийн атлас”-т Монгол Улсын хүн амын 36 хувь нь ядуу, хоол, хүнсний асуудалтай хэмээн дурдсан байдаг гэнэ. Хүнсний болон Хүнсний аюулгүй байдлын тухай хоёр хуулийн төслийг нэгтгэхгүй бол ялгаа алга гэсэн байр суурьтай гишүүн олон байв. Мөн хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувийг гаднаас авч байгаад анхаарч, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зохицуулалт дутуу байна гэлээ.

Гишүүн Н.Ганбямба “Гаднаас оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд гарал үүсэл, хугацаа огт байдаггүй. Хүнсний аюулгүй байдал хутганы ирмэг дээр ирчихсэн байна. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнд дэлхийн стандартыг мөрдүүлэх ёстой” гэлээ. Гишүүн Г.Баярсайхан “Дэлхий химийн болон генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж байна. Гэтэл хуулийн төсөлд генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэх заалт оруулжээ. Энэ хэр оновчтой юм бэ. Нано технологийн хүнсний хэрэглээг дэлхий нийтэд дөнгөж таньж эхэлж байхад бид хэрэглэх гээд явж байгаа нь зөв үү” хэмээн асуув. Түүнд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Х.Золжаргал “Генийн өөрчлөлттэй хүнс үйлдвэрлэх, худалдах, импортлох, түүгээр үйлчлэхийг хориглох заалт төсөлд оруулсан. Харин нано технологиор үйлдвэрлэсэн хүнсийг урьдчилсан лабораторид оруулж аюулгүй байдлыг хангасны дараа хэрэглэж болохоор төсөлд тусгасан” гэсэн тайлбарыг өглөө.

Д.Балдан-Очир “Бид сүүлийн 20 жил Орос, Хятадын агуулахад хадгалж, чанараа алдсан хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ тэжээж ирсэн. Захын монгол хүний элэг дотрыг ЭХО-гоор үзэхэд асуудал гарна. Хүнсний зохицуулалт, хяналтын асуудлыг төсөлд тусгах хэрэгтэй” гэлээ. Төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив.

С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.